Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2020/0112/З |
Дугаар | 221/МА2020/0511 |
Огноо | 2020-08-26 |
Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 221/МА2020/0511
“Н” ХХК-ийн
гомдолтой захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч Ц.Сайхантуяа, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х, Д.У, гомдол гаргагчийн өмгөөлөгч Ж.Б, хариуцагч Ц.С, Т.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 369 дүгээр шийдвэртэй, “Н” ХХК-ийн гомдолтой, Татварын ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч Ц.С, Т.Б нарт холбогдох захиргааны хэргийг гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэл илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 369 дүгээр шийдвэрээр:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасныг удирдлага болгон Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалт, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006 оны/ 14 дүгээр зүйлийн 14.7, Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 6 дугаар зүйлийн 6.3-т заасныг баримтлан Татварын Ерөнхий газрын дэргэдэх Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч нарт холбогдуулан гаргасан “Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0297799 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн дүнгээс 2014 оны үйл ажиллагаанд хамааруулан тооцсон 2,877,645,747 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” шаардлага бүхий “Н” ХХК-ийн гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Ж.Базарсад давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх Үндэслэх хэсэгтээ”... гэрээ, тооцоо, борлуулалтын журнал, өглөг, авлагын журнал, дансны хуулга, худалдан авалтын падаан зэргээр 82,301,533,639.20 төгрөгийн борлуулалтын орлого татварын хяналт, шалгалтын явцад тогтоогдсон бөгөөд 2014 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд 6,068,445,515.30 төгрөгийг тайлагнаж, 76,233,088,123.80 төгрөгийн борлуулалтын орлогыг тайлагнаагүй...” гэжээ.
Тайлбарлах нь: Монгол Улсын Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1.1-т “Энэ хуулийн зорилт нь хувь хүн, хуулийн этгээд бусдын нэр дээр бүртгүүлсэн, нуун дарагдуулсан өөрийн өмчлөлийн хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, түүнтэй адилтгах бусад хөрөнгө, олсон орлого, үзүүлсэн үйлчилгээгээ ил тод болгон үнэн зөв, шударгаар санхүү, татварын болон нийгмийн даатгалын тайланд тусгаж, шинээр тайлагнасан, гаалийн байгууллагад нөхөн мэдүүлсэн, улсын бүртгэлд шинээр бүртгүүлсэн байх ба эдгээр үйл ажиллагаа нь хувь хүн, хуулийн этгээдийн зүгээс сайн дурын үндсэн дээр хийгдсэн тохиолдолд тэдгээрийг хуульд заасан хариуцлага болон албан татвараас нэг удаа чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино" гэж дээрх хуулийн зорилтыг тодорхойлж, мөн хуулийн 4.1-т заасны дагуу 2015 оны 04 р сарын 01-ний өдрөөс өмнө бүртгүүлээгүй, тайлагнаагүй, мэдүүлээгүй татварт мэдүүлэх орлого, хөрөнгөөр сайн дурын үндсэн дээр мэдүүлж, тайлагнасан бол татвар болон хариуцлагаас нэг удаа чөлөөлөхөөр зааж өгч, дээрх тайлагнах хугацааг хуулийн 3.1-д заасны дагуу 2016 оны 02-р сарын 20-ны өдрийн дотор тайлагнахаар хуульчилж өгсний дагуу "Н” ХХК нь 2014 онд 76,233,088,123.88 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан байсныг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1.1, 3.1-д заасны дагуу 2016 оны 02-р сарын 05-ны өдөр сайн дурын үндсэн дээр тайлагнаж эрх бүхий татварын байгууллага дээрх ил тодын тайланг баталгаажуулсан байдаг.
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6-р зүйлийн 6.2-т Энэ хуулийн 6.1-д заасан хувь хүн, хуулийн этгээдэд холбогдох мэдээлэл, тэдний мэдүүлсэн санхүүгийн болон албан татварын шинээр гаргасан тайланд тусгасан албан татвар ногдох орлого , орлогоос бусад албан татвар ногдох зүйл, түүнтэй адилтгах орлого, тэдгээрийн үүсвэр, хэмжээ, үнэ, өртгийг нууцлах бөгөөд нотлох баримт болон ашиглахыг хориглоно гэж заасан байхад хариуцагч татварын байцаагч нар нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчиж гомдол гаргагч"Н” ХХК-ийн 2013 оноос 2016 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд санхүүгийн тайлан тэнцэл, нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт, албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлан мэдээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэгт иж бүрэн хяналт шалгалт хийж, "Н” ХХК-ийн сайн дурын үндсэн дээр 2014 оны дутуу тайлагнасан 76,233,088,123.8, төгрөгийн борлуулалтын орлогод холбогдох 28,776,457,471 60 төгрөгийн чөлөөлөгдөх борлуулалтад ногдох худалдан авалтад төлсөн НӨАТ-ыг төсөвт төлөх НӨАТ-аас хасч тооцсон зөрчилд 2,877,645,747.20 төгрөгийн нөхөн татвар ногдуулж байгаа нь илт хууль бус болсон байхад анхан шатны шүүх “..."Н” ХХК-ийн 76,233,088,123.80 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох 28,776,457,471.60 төгрөгийн худалдан авалтыг 2014 онд татварын албанд тайлагнасан борлуулалтын орлогод хамааралгүй, чөлөөлөгдсөн орлого гэж үзэн 2,877,645,747.20 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн гэж үзэхээр байна.
Нөгөөтээгүүр анхан шатны шүүх 76,233,088,123.80 төгрөгийн борлуулалтын орлогод ногдох 28,776,457,471.60 төгрөгийн худалдан авалтыг Татварын албанд тайлагнасан борлуулалтын орлогод хамааралгүй, чөлөөлөгдсөн орлого гэж үзэн 2.877,645,747.20 төгрөгийн Эдийн засгийн ил тод байх дэмжих тухай хуулийн 6.3-д хуулийн этгээд хууль заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно. 2006 оны НӨАТатварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7-д ...зөвхөн НӨАТ ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг нь хасч тооцно…” гэж заасантай нийцээгүй гэж хэт үндэслэлгүй дүгнэлт хийсэн.
Учир нь "Н” ХХК нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу шинээр гаргасан санхүүгийн болон нэмэгдсэн өртгийн тайлангаар илүү төлөлт, авлага үүсгээгүй үүсгээгүй болохыг анхан шатны шүүх анхаарч үзсэнгүй.
Нөгөөтээгүүр "Н” ХХК нь 2014-2019 онд НӨАТ тайлангаар чөлөөлөгдөх борлуулалт байхгүй байхад анхан шатны шүүх чөлөөлөгдөх борлуулалт олсон мэтээр дүгнэсэн байгаа хавтас хэрэгт авагдсан 2014 оны НӨАТатварын тайлан, ил тодын шинээр гаргасан тайлангуудыг анхаарч үзсэнгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт хийсэн байна.
"Н" ХХК нь 2014-2019 онд гаргасан тайланд чөлөөлөгдөх борлуулалт байхгүй зөвхөн 2016 оны 02-р сарын 20-ны өдрийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу 76,233,088,123.80 төгрөгийн тайлагнасан байхад хариуцагч татварын байцаагч нар нь Эдийн засгийг дэмжих тухай хуулийг үндэс болгон "Н” ХХК-ийн ил тодын тайлагнасан дүнгээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиар акт тавьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй болсон байхад анхан шатны шүүх НӨАТатварын тухай хуулийн 14-р зүйлийн 14.7-д заасантай нийцэхгүй байж гэж дүгнэсэн нь илт үндэслэлгүй болсон.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.6.2-т заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 369 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзээд дор дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Гомдол гаргагч “Н” ХХК-иас “Татварын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 0297799 дугаар шийтгэлийн хуудсаар оногдуулсан шийтгэлийн дүнгээс 2014 оны үйл ажиллагаанд хамааруулан тооцсон 2,877,645,747 төгрөгийн нөхөн татварыг хүчингүй болгож, шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулах” шаардлага бүхий гомдол гаргажээ.
1.Татварын хяналт шалгалт хийх 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн томилолтын[1] дагуу татварын улсын байцаагч Т.Б, Ц.С нараас “Н” ХХК-ийн 2013-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, шалгалтаар 31,353,349,135,10 төгрөгийн зөрчилд 2,916,707,190.90 төгрөгийн алданги, нийт 2,951,449,315.40 төгрөгийн төлбөр ногдуулж, маргаан бүхий шийтгэлийн хуудсыг үйлдсэн.
Гомдол гаргагчаас энэхүү шийтгэлийн хуудсаар 31,353,349,135,10 төгрөгийн зөрчилд ногдуулсан 2,951,449,315.40 төгрөгийн төлбөрөөс 28,776,457,471.60 төгрөгийн зөрчилд ногдох 2,877,645,747.20 төгрөгийн төлбөрийг үндэслэлгүй гэж маргасан, бусад төлбөрт маргаагүй.
1.Гомдол гаргагч “Н” ХХК нь 2014 онд ривер гарден 311, 316, 318, нэгдсэн граж, Эрдэнэт хотын өнөр хорооллын 101, 102 дугаар байр, бусад борлуулалт зэрэгт нийт 82,301,533,639.16 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалт хийж, орлого олсон боловч 6,068,445,515.33 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох борлуулалтыг 2014 онд тайлагнаж, харин 76,233,088,123.83 төгрөгийн борлуулалтын орлогыг дутуу тайлагнасан, эдгээр байр буюу үл хөдлөх эд хөрөнгийг нь нэхэмжлэгчийн гаргасан Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаас өмнө ашиглалтад оруулж, худалдсан гэдэг нь татварын шалгалтын явцад анхан шатны баримтууд болох борлуулалтын гэрээнүүд, борлуулалтын тооцоо, борлуулалтын журнал, өглөг авлагын журнал, дансны хуулга зэргээр тогтоогджээ.
“Н” ХХК нь Нэмэгдсэн өртгийн албан татварын 2014 оны тайландаа бус харин санхүүгийн тайландаа буюу санхүүгийн балансдаа “урьдчилан олсон орлого, дуусаагүй барилгын нэхэмжлэх хэсэгт” дээр дурдсан борлуулалтын орлогыг ил тодоор өмнө нь тайлагнасан.
Гэсэн хэдий ч гомдол гаргагч компаниас өмнө нь ийнхүү тайлагнасан орлогоо Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа шинэчлэн тусгасныг “нуун дарагдуулсан орлогоо анх удаа ил тодоор мэдүүлж байгаа болон уг шинэчлэн мэдүүлсэн нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг эхлэлтийн баланс гэж үзнэ” гэх гомдол гаргагч талын тайлбар үндэслэлгүй.
Учир нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д ““анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог, 3.1.4-д “журнал” гэж ажил, гүйлгээг ерөнхий дэвтрийн дансанд шилжүүлэхийн өмнө цаг хугацааны дарааллаар нь бүртгэх бичилт”-ийг ойлгохоор заажээ. Мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д “Санхүүгийн тайлагналын олон улсын стандартын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлангаа гаргах үүрэг бүхий аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан нь дараах бүрэлдэхүүнтэй байна: 8.1.1.санхүүгийн байдлын тайлан; 8.1.5.санхүүгийн тайлангийн тодруулга” гэж, 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно.” гэжээ.
Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.13.”"нэмэгдсэн өртгийн албан татварын падаан" гэж тухайн төлбөр тооцоо хийснийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар, албан татвар суутган төлөгчийн буюу худалдаа эрхлэгч, худалдан авагч албан татвар суутган төлөгчийн нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг; 4.1.14."төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг” хэлэхээр заажээ.
Хуулийн эдгээр заалтаас үзэхэд, санхүүгийн тайлан, балансдаа борлуулалтын орлогоо тайлагнасан, анхан шатны баримт болох төлбөрийн тооцооны баримт, падаан зэргээр гомдол гаргагч компани борлуулалтын орлого нь нотлогдож, уг анхан шатны баримтуудаар санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөвийг нотлох бөгөөд санхүүгийн тайланг татварын тайланд хамааралгүй гэж үзэх үндэслэлгүй байх тул Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу тус компани нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг гаргахаас өмнө борлуулалтын орлогоо ил тодоор тайлагнасан гэж үзнэ.
Иймд гомдол гаргагчийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу гаргасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгагдсан 76,233,088,123.83 төгрөгийн борлуулалтын орлогыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-д заасан “нуун дарагдуулсан боловч сайн дурын үндсэн дээр ил болгож байгаа орлого” гэж үзэхээргүй байх тул тус хуулийн дагуу нуун дарагдуулсны улмаас хүлээх хариуцлагаас нэг удаа чөлөөлөх, эхлэлтийн тайлан, баланс гэж үзэх үндэслэлгүй.
2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль (2006 он)-ийн 14 дүгээр зүйлийн 14.7-д “Үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар импортолсон болон худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний зарим хэсгийг нь нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох, үлдсэн хэсгийг нь уг татвараас чөлөөлөгдөх үйлдвэрлэл, үйлчилгээнд буюу албан татвар ногдуулахгүй хэрэглээнд ашигласан бол зөвхөн нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох үйлдвэрлэл, үйлчилгээнд ашигласан хэсгийг хасч тооцно.” гэжээ.
Гэтэл гомдол гаргагч компанийн тайлагнасан борлуулалтын орлогод хамааралгүй харин орон сууцны барилгыг барихтай холбоотой 2014 оны 28,776,457,471.60 төгрөгийн худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвараас хасч тооцсон[2] (хяналт шалгалтын явцад баримтаар тогтоогдсон) нь дээр дурдсан хуульд нийцэхгүй байна.
Иймээс Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу гаргасан нэмэгдсэн өртгийн албан татварын тайландаа борлуулалтын орлогоо нэмж мэдүүлсэн нь татварын илүү төлөлт тайлагнаж, улсын төсвөөс авлага үүсгэсэн нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-д “Энэ хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хувь хүн, хуулийн этгээд хуульд заасан татварын төрлөөр илүү төлөлт тайлагнах, улс, орон нутгийн төсвөөс аливаа авлага үүсгэхийг хориглоно.” гэж заасныг зөрчсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлтэй байна.
Түүнчлэн татварын хяналт шалгалтыг татварын хяналт шалгалт хийх 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн томилолт, гомдол гаргагч компанийн орон сууцны байр, граж худалдан борлуулсан гэрээ, борлуулалтын тооцоо, борлуулалтын болон өглөг, авлагын журнал, дансны хуулга, худалдан авалтын падаан, анхан шатны баримтууд зэргийг үндэслэсэн байх тул гомдол гаргагчаас “Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн дагуу гаргасан тайлангаар мэдүүлсэн дүнг үндэслэж хяналт шалгалт хийсэн” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 369 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 60 дахь тал
[2] Хэргийн 19, 51, 52-58, 77 дахь тал