Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 115/ШШ2017/0020

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Сийлэгмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Дорноговь аймгийн Айраг сумын төвд орших, дугаартай  “ДЖЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/35 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Ч, хариуцагч Л.М, гэрч Э.З, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “ДЖЭЭ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Л.М-ын 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А/35 дугаар хууль бус захирамжийг хүчингүй болгуулж өгнө үү гэж аймгийн Засаг даргад 2017 оны 04 сарын 23-ны өдөр гомдол гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй учраас Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. 

Ч.Б нь “ДЖЭЭ” ХХК-ийн захирлаар томилогдон 2011 оны 09 сарын 23-ны өдөр компаниа улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг. Тус компани нь Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дэвсгэрт байршилтай “МЦ” ХХК  нь харъяа БӨ УБҮ-ийн Айраг цехийн авто гражийн барилга байгууламж болох 8 объктыг ВИ-14-АГ-279 тоот Худалдах, худалдан авах гэрээний дагуу авсан бөгөөд газар эзэмшигч нэхэмжлэгч компанийн хооронд газар шилжүүлэх гэрээ байгуулж холбогдох хүсэлтүүдээ сумын Засаг даргад  гаргасан тул Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2016 оны 11 сарын 21-ний өдрийн А/180 дугаартай захирамжаар, БӨ УБҮ-ийн Айраг цехийн 1001030084 нэгж талбарын дугаартай, №0208313 тоот газар эзэмших гэрчилгээтэй, 30316м2 талбайгаас “ДЖЭЭ” ХХК-нд 19033,2 м2 талбайг шилжүүлэн зохих хууль тогтоомжид заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон байна. Энэ нь газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасны дагуу хуулийн хүрээнд хийгдсэн байдаг. “ДЖЭЭ” ХХК нь 19033,2 м2 талбайг шилжүүлэн аваад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бий болоогүй байхад Айраг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Л.М  “Захирамж хүчингүй болгох тухай” 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А/35 дугаар захирамж гаргаж газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон нь хууль бус бөгөөд энэ нь нэхэмжлэгч компанийн худалдан авсан объектуудыг сэргээн засварлах цаашид үйл ажиллагаа явуулах, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших хууль ёсны эрх, ашгийг зөрчиж байна гэж үзэж байна.

“МЦ” ХХК нь Монгол-Оросын хамтарсан үйлдвэр байдаг. Дээрх барилгыг 3 удаа дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан авах хүн гарч ирээгүй зарах нь зүйтэй гээд шийдвэр гаргаад хүн аваагүй. Дараа нь “ДЖЭЭ” ХХК-д өртэй байсан учраас тэр өрөндөө ав гээд тохиролцож худалдан авах гэрээгээр 8 объектыг зарсан нь Иргэний хуулийн 84 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх хөрөнгө юм. Энэ нь газраас салгаж үл болох хөрөнгө учраас газрын хамт шилжих ёстой. 

Уг барилга байгууламж нь 1975-1995 онд ашиглалтад орсон бөгөөд хэрэгцээ хангах гражууд байхгүй байсан учраас заримыг нураагаад шинээр гражийг барих зорилготой байсан. Гэтэл барих боломж олгохгүйгээр захирамжийг хүчингүй болгосон байдаг. 

Засгийн газрын тогтоолыг үндэслээгүй шилжүүлсэн байсан гэж байна. Тэр нь Айраг сумын Засаг даргын захирамжаар олгогдсон байдаг учраас сумын Засаг дарга гэсэн үг, үсэг тэр тогтоолд байдаггүй юм. 

Иймд “Захирамж хүчингүй болгох тухай” 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А/35 дугаар захирамж нь “ДЖЭЭ” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгч /Л.М/-ын 2017 оны 04 сарын 03-ны өдрийн А/35 тоот хууль бус захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбар болон түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Аймгийн Засаг даргын 2017 оны А/60 тоот захирамжаар томилогдсон ажлын хэсэг 2017 оны 1-р сарын 30-ны өдрөөс 3 хоногийн хугацаатай тус сумын Засаг даргын тамгын газар, уул уурхайн аж ахуйн нэгж байгууллагын үйл ажиллагаанд Байгаль орчин, Ашигт малтмал, Газрын харилцааны тухай хууль тогтоомжуудын хэрэгжилтийн байдалд хяналт шалгалт хийж гарсан зөрчил дутагдлыг арилгах талаар аймгийн Засаг даргын орлогчийн 2017 оны 3-р сарын 20-ны өдрийн 2/528, аймгийн Засаг даргын 2017 оны 04 сарын 07-ны өдрийн 1/730 тоот албан бичгүүд тус тус ирсэн.  Уг албан бичгүүдэд дурдсаны дагуу судлан үзэхэд “МЦ” ХХК нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд тул Монгол Улсын Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу эзэмшил газраа бусдад ашиглуулах, шилжүүлэх эрх эдлэхгүй байна. 

Мөн Шаардлагатай тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6 дахь заалт /Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга, хот байгуулалтын яам, Сангийн яамтай урьдчилан зөвшилцөж, орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулахдаа аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийг үндэслэж байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай/-ын дагуу зөвшөөрөл авна гэж үзэж байна. “МЦ” ХХК-ийн “ДЖЭЭ” ХХК руу газраа шилжүүлсэн анхны баримт бичгүүдэд дээрх тогтоолын дагуу холбогдох газраас зөвшөөрөл аваагүй болох  нь харагдаж байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тухайн гражуудыг газраас салгаж болохгүй үл хөдлөх хөрөнгө гэж ярьж байна. Газар дээр байсан үл хөдлөх хөрөнгийг хэн ч ашиглах боломжгүй болгосон байгаа. Хэрвээ үл хөдлөх хөрөнгийг авах байсан бол үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулж болох байсан. Тэнд байсан граж, барилгыг нураасан байдаг. 

МЦ компанийн ерөнхий захирал нь тухайн 8 объектыг зарж борлуул гэсэн чиглэл өгсөн байсан. Газрыг сум, орон нутгийн мэдэлд байлгаж байгаад дээрх объектыг нь худалд гэсэн байх гэж ойлгож байна,  газрыг өгье  гэж хэлээгүй байх.

МЦ 8 барилгыг худалдаж авсан бол тухайн барилгаа авах ёстой гэж үзэж байна. Суманд Засаг дарга төрийг төлөөлөөд сууж байгаа эрх бүхий албан тушаалтан учраас тухайн газрыг сум орон нутгийнхаа ирээдүйд хэрэгтэй зүйлд зарцуулж сум орон нутгийнхаа сайн сайхны төлөө зориулах ёстой гэж үзэж шийдвэр гаргасан гэж үзэж байна. 

Иймд холбогдох материалыг судлан үзэж “ДЖЭЭ” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Гэрч, Дорноговь аймгийн Айраг сумын газрын даамал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Айргийн уулын үйлдвэр бүтцийн өөрчлөлтөнд ороод БӨийн харьяанд шилжсэнтэй холбогдуулан зарим хөрөнгө нь орон нутгийн өмчид буюу “ЦИ” ХХК-д   шилжсэн. Үүнтэй холбогдуулаад 2008 онд  Айраг сумын Засаг даргын 40 тоот шийдвэр гарсан юм билээ. Уг захирамжаар орон нутгийн өмчид шилжсэн зарим өмчийн доорх газрыг мөн шилжүүлсэн тул  газар эзэмших эрх шилжүүлэх тухай гээд гарчиг нь байсан. 

“ДЖЭЭ” ХХК-д тухайн газрыг шилжүүлэхдээ  Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолд заасны дагуу зөвшилцөөгүй. Уг тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан аймгийн Засаг даргаас сумын Засаг даргад үүрэг чиглэл  өгсөн зүйл байхгүй. Тэр тогтоолыг үзээгүй. “ДЖЭЭ” ХХК-д худалдан авсан гражуудынх нь доорх газрыг шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасныг бариад л шилжүүлсэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн А/35 дугаар захирамжаар, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус үндэслэн “МЦ” ХХК-ийн харьяа, БӨийн УБҮ-ийн Айраг цехийн автогражийн зориулалттай 30316 м2 газраас, 19033 м2 газрыг “ДЖЭЭ” ХХК-д шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож /2 дахь заалтаар мөн уг шийдвэрийг буюу сумын Засаг даргын 2016 оны А/180 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон/ шийдвэрлэжээ .

Нэхэмжлэгч хуулийн этгээдээс, дээрх захиргааны актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар маргаж буй нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “үл хөдлөх хөрөнгө худалдан авсантай холбоотойгоор доорх газрыг нь шилжүүлэн авсан, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон нь нэхэмжлэгч компанийн худалдан авсан объектуудыг сэргээн засварлах, цаашид үйл ажиллагаа явуулах, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна” гэж , хариуцагч сумын Засаг даргаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй татгалзлын үндэслэлээ “...МЦ ХХК нь төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд тул Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасны дагуу эзэмшил газраа бусдад шилжүүлэх эрх эдлэхгүй, мөн Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын 6-д “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд   газар эзэмшүүлэх талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай урьдчилан зөвшилцөж...” гэсний дагуу зөвшөөрөл авахаар байтал үүнийг зөрчиж “ДЖЭЭ” ХХК-д газар шилжүүлсэн тул уг шийдвэрийг хүчингүй болгосон”   гэх агуулгаар маргаж байна.

 Монгол-Оросын хамтарсан “МЦ” нэгдлийн харьяа Айрагийн уулын үйлдвэр бүтцийн өөрчлөлтөнд орж /”МЦ” ХХК-ийн харьяа “БӨ” уулын баяжуулах үйлдвэрийн Айраг цех болсон, цаашид “БӨ”-ийн УБҮ, Айраг цех гэх/ зарим объектууд нь орон нутгийн өмчид шилжсэнтэй холбогдуулан тухайн үйлдвэрийн оршин байгаа Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 40 дугаар захирамжаар, тус үйлдвэрийн мэдэлд үлдсэн болон орон нутгийн өмчид шилжсэн объектуудын доорх газрынх нь байршил, хэмжээ, зориулалтыг хавсралтаар батлан баталгаажуулсан  байх ба уг шийдвэрийн дагуу тус Айраг цехэд 2011 оны 07 дугаар сарын 07-ны өдөр, 0208313 дугаартай “Аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ”-г олгосноор  тус “БӨ”-ийн УБҮ-ийн Айраг цех Дорноговь аймгийн Айраг сумын төвд 30316 м2 газрыг автогражийн зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхээ хууль ёсоор анхлан баталгаажуулжээ. 

 Дээрх шийдвэрийн дараа Айраг сумын Засаг дарга, тус сумын  нутаг дэвсгэрт ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр үйл ажиллага явуулж буй аж ахуйн нэгжүүдтэй газар эзэмших, ашиглах болон хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллах талаар 2009 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 05 дугаар захирамж гаргасны  дагуу сумын газрын даамал  2011 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр “БӨ”-ийн УБҮ-тэй “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж, ингэхдээ уг гэрээний нөхцөлд тус үйлдвэрийн эзэмшлийн бүхий л газрууд /конторын барилгын-3280 м2, автогражийн-30316 м2, зэвсгийн складын-20000м2, Бужгарын уурхайн-14.1га/-ыг тусгасан байна . Уг гэрээг байгуулахдаа үндэслэл болгосон сумын Засаг даргын энэхүү захирамж нь хэдийгээр тухайн этгээдэд газар эзэмшүүлсэн шийдвэр биш боловч түүнийг үндэслэн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулсныг нь буруутгах үндэслэл байхгүй байна. Мөн уг гэрээнд “БӨ”-ийн УБҮ-ийн Айраг цехийн объектуудын доорх газрыг анхлан баталгаажуулсан сумын Засаг даргын 2008 оны 40 дүгээр захирамжийг тусгаагүй боловч уг шийдвэр болон түүнийг үндэслэн олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээ нь маргаан бүхий газрыг нэхэмжлэгч хуулийн этгээдэд шилжүүлэх тухайн цаг үед хүчин төгөлдөр байсан болохыг дурдах нь зүйтэй байна. 

“МЦ” ХХК-ийн харьяа, БӨ-ийн УБҮ өөрийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй /Айраг цехийн эзэмшиж ашиглаж байсан/ 8 объект /автогражууд/-ыг 2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн  №BU-14-AT-279 тоот “Худалдах, худалдан авах гэрээ”-ний дагуу нэхэмжлэгч “ДЖЭЭ” ХХК-д шилжүүлсэнтэйгээ холбогдуулан тухайн объектуудын доорх газрыг эзэмших эрхийг шилжүүлэх тухай хүсэлтийг холбогдох баримтуудын хамт эрх бүхий этгээдэд гаргасныг  үндэслээд Айраг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/180 дугаар захирамжаар , “МЦ” ХХК-ийн харьяа БӨ-ийн УБҮ-ийн Айраг цехийн эзэмшилд байсан автогражийн зориулалттай 30316 м2 талбай бүхий газраас “ДЖЭЭ” ХХК-ийн худалдан авсан 8 объектын доорх 19033,2 м2 газрыг нэхэмжлэгч “ДЖЭЭ” ХХК-д шилжүүлэхээр шийдвэрлэсэн байх бөгөөд уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал тус хуулийн этгээдтэй 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр №14 дугаартай “Иргэн хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” байгуулж , 000318122 дугаартай “Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн  гэрчилгээ” олгосноор  нэхэмжлэгч “ДЖЭЭ” ХХК тухайн маргаан бүхий газрыг эзэмших  болсон нь  “БӨ”-ийн УБҮ,  “ДЖЭЭ” ХХК-ийн хооронд  2014 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан №BU-14AT-279  дугаартай  “Худалдах худалдан авах  гэрээ” , БӨ-ийн УБҮ-ээс Айраг сумын газрын даамалд ирүүлсэн “Эзэмшил газар шилжүүлэх тухай хүсэлт” , “ДЖЭЭ” ХХК-иас Айраг сумын Засаг даргад ирүүлсэн “Газар  шилжүүлэн авах  тухай хүсэлт” , БӨийн УБҮ, “ДЖЭЭ” ХХК-ийн хооронд байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” , Монгол-Оросын хамтарсан “МЦ” ХХК-ийн зөвлөлийн 47 дугаар хурлын протокол , “МЦ” ХХК-ийн ерөнхий захирлын 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 42 пр дугаар тушаал , “МЦ” ХХК-иас тус шүүхэд ирүүлсэн тайлбар  болон холбогдох бусад баримтуудаар тогтоогдож байна.  

Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлж ашиглуулах түүнтэй холбогдсон бусад харилцааг зохицуулсан Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд “Газар  эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх”, 38.1-д “газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж...болно”, 35 дугаар зүйлд “Газар эзэмшигчийн эрх, үүрэг”, 35.1.4-т “газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх”, 35,2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” хэмээн тус тус заажээ. Хуулийн эдгээр зохицуулалтаас үзвэл газар эзэмшигч аливаа этгээд газар эзэмших эрхийн гэрчилгээгээ эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгээр бусдад шилжүүлэх  эрхтэй  байх ба харин энэ эрх гагцхүү төрийн байгууллагын хувьд  хязгаарлагдмал байна. Өөрөөр хэлбэл газар эзэмшдэг төрийн байгууллага нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхийг эдлэхгүй гэсэн үг.  

Хуулийн дээрх зохицуулалттай холбогдуулан тухайн маргааны үндэслэл болж буй “маргаан бүхий газрыг шилжүүлсэн этгээд төрийн байгууллагад хамаарах эсэх талаарх хуулийн зохицуулалтыг авч үзвэл:

Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “төрийн өмчит хуулийн этгээд” гэдгийг төр чиг үүргээ хэрэгжүүлэх болон нийгмийн хэрэгцээг хангах зорилгоор өөрийн өмчөөр дангаараа байгуулсан хуулийн этгээд гэж тодорхойлсон  ба улмаар уг хуулийн этгээдийг эд хөрөнгийн эрхийн байдлаар нь: 1/ төрийн байгууллага, албан газар; 2/ төрийн өмчит үйлдвэрийн газар; 3/ төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг хэмээн ангилжээ. Мөн уг хуулийн 14 дүгээр зүйлийн 1-д “төрийн байгууллага, албан газар” гэдгийг төрийн өмчит үйлдвэрийн газраас бусад улсын төсвөөс санхүүждэг хуулийн этгээдийг ойлгохоор тодорхойлсон байна. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзвэл төрийн байгууллага нь төрийн өмчит хуулийн этгээдийн нэг хэлбэр аж. 

Мөн түүнчлэн тус хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д “төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” гэдгийг төрийн өмчийн хувьцаатай буюу төр хувь хөрөнгөө оруулсан  хуулийн этгээд хэмээн тодорхойлжээ.

Хэрэгт авагдсан  “МЦ” ХХК-ийн 9019029071 дугаартай улсын бүртгэлийн гэрчилгээ , Монгол-Оросын хамтарсан “МЦ” ХХК-ийн дүрэм , Монгол-Оросын “МЦ” ХХК-ийн үйл ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар, ОХУ-ын Засгийн газар хоорондын 2007 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн хэлэлцээр  зэрэг баримтуудаас үзэхэд маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэгч “МЦ” ХХК /”БӨ”-ийн УБҮ/ нь эрх зүйн байдлын хувьд Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д заасан “төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” болох нь тогтоогдож байна.

Маргааны үйл баримтыг хуулийн дээрх зохицуулалтуудтай холбон авч үзвэл Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасан “Энэ хуулийн 35.1.4...-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” талаарх хязгаарлалт нь маргаан бүхий газрыг шилжүүлсэн этгээдэд хамааралгүй байна гэж үзлээ. Учир нь энэхүү зохицуулалтаар газар эзэмшигч төрийн өмчит хуулийн этгээдийг бүхэлд нь  бус эдгээрээс зөвхөн төрийн байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэх эрхийг хязгаарласан байна.  

Нөгөөтэйгүүр маргаан бүхий газрыг шилжүүлсэн “МЦ” ХХК нь эрх зүйн байдлын хувьд төрийн байгууллага бус, мөн цаашилбал төрийн өмчит хуулийн этгээд ч  бус, харин Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1-д заасан “төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд” байх тул хариуцагчийн “МЦ” ХХК нь эзэмшил газраа бусдад шилжүүлэх эрх эдлэхгүй” гэх тайлбар мөн түүнчлэн маргаж буй захиргааны актын эрх зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийг  хэрэглэсэн нь тус тус үндэслэлгүй байна.

Мөн эрх бүхий этгээдээс, газар эзэмших эрхийн гэрчилгээ шилжүүлэгч этгээдтэй байгуулж ирсэн “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-нүүдийн  Тав-д заасан Газрын талаарх эд хөрөнгийн эрхийн зарим зохицуулалтын 5.1-д “Газар эзэмшигчийн өмчлөлд байгаа тухайн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх  өөр этгээдэд шилжвэл  газар эзэмших эрх мөн адил шилжих  болно гэж шийдвэрлэнэ” хэмээн тусгажээ.

Дээрх нөхцөл байдлуудаас үзвэл, Айраг сумын Засаг даргын 2016 оны А/180 дугаар захирамжаар газар эзэмшигч “БӨ”-ийн УБҮ-ийн Айраг цехийн автогражийн зориулалттай газраас, нэхэмжлэгч “ДЖЭЭ” ХХК-ийн худалдан авсан 8 объектынх  нь доорх газрыг эзэмших эрхийг шилжүүлсэн үйл ажиллагаа нь газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх харилцааг нарийвчлан зохицуулсан Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд нийцсэн хууль ёсны үйл ажиллагаа гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хариуцагч Айраг сумын Засаг дарга нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй нэг үндэслэлээ “маргаан бүхий газрыг шилжүүлэхдээ Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолд заасны дагуу Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай зөвшилцөөгүй” хэмээн тайлбарладаг.  Хариуцагчийн энэхүү тайлбартай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 38 дугаар тогтоолын холбогдох заалтыг авч үзвэл уг тогтоолын 6-д “Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд   газар эзэмшүүлэх талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулах тухай бүрт Барилга, хот байгуулалтын яам, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газартай урьдчилан зөвшилцөж...байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай”  гэж заасан байх ба энэ нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх талаар гарсан шийдвэрт өөрчлөлт оруулахдаа холбогдох  байгууллагуудтай зөвшилцөхийг сумын Засаг даргад бус аймгийн Засаг даргад үүрэг болгосон байна. 

Харин аймгийн Засаг даргын зүгээс энэхүү тогтоолын холбогдох заалтыг  хэрэгжүүлэхтэй холбогдуулан тус сумын Засаг даргад үүрэг чиглэл өгсөн эсэхийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодруулахад энэ талаар үүрэг чиглэлийг өгч байгаагүй нь хариуцагчийн  шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч сумын газрын даамалын шүүх хуралдаан дээр гаргасан мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Үүнээс үзвэл маргаан бүхий газрыг эзэмших эрх /эрхийн гэрчилгээ/-ийг бусдад шилжүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ дээрх тогтоолын дагуу холбогдох этгээдүүдтэй зөвшилцөөгүй   хэмээн тухайн шийдвэрийг гаргасан этгээдийг шууд буруутгах үндэслэлгүй  байна. 

Хэргийн оролцогчдын маргаж буй захиргааны актын эрх зүйн үндэслэлд Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-оос гадна мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг  үндэслэжээ. Эрх бүхий этгээдээс тухайн зохицуулалтыг хэрэглэж шийдвэр гаргах урьдчилсан нөхцөл нь “тухайн шийдвэр нь газрын тухай хууль тогтоомж зөрчсөн” байх улмаар “газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” байхыг шаарддаг. Гэтэл эдгээр нөхцөлүүд хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд /хариуцагчийн тайлбар болон гэрчийн мэдүүлэг/-аар тогтоогдоогүй болно.

“МЦ” ХХК-ийн харьяа, БӨийн УБҮ-ийн Айраг цехийн автогражийн зориулалттай 30316 м2 газраас, 19033 м2 газрыг “ДЖЭЭ” ХХК-д шилжүүлсэн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн, Айраг сумын Засаг даргын 2017 оны А/35 дугаар захирамж нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгч хуулийн этгээдийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болох нь ийнхүү дээр дурдсанаар тогтоогдож байх тул уг захирамжийг хүчингүй болгох үндэслэлтэй гэж үзэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “ДЖЭЭ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Айраг сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн “Захирамж хүчингүй болгох тухай” А/35 дугаар захирамжийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1, 114.2-т зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлээд гаргасан  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болон давж заалдах гомдлыг шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан гаргахыг дурдсугай. 

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.СИЙЛЭГМАА