| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2019/0247/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/264 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 2019/ШЦТ/264
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Гантулга,
Улсын яллагч: Э.Гантулга,
Шүүгдэгч: Э.С, түүний өмгөөлөгч Б.Бурмаа,
Шүүгдэгч: О.Б түүний өмгөөлөгч Л.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурор В.Дэлгэрмаагаас Э.Сод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2, мөн О.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914000000070 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 02-ний өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, Э.С.
2. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, О.Б.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч: Э.С нь авто тээврийн хэрэгсэл болох мотоцикл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Хараатын өвөр гэх газраас Н.Бийн эзэмшлийн 26 тооны адуу буюу бусдын олон тооны малыг хулгайлж 16 200 000 төгрөгийн хохирол учруулсан,
Шүүгдэгч О.Б нь авто тээврийн хэрэгсэл болох мотоцикл ашиглан 2019 оны 01 дүгээр сарын 15-наас 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдрүүдийн хооронд Баянхонгор аймгийн Заг сумын нутаг Сэвхтийн ам гэх газраас Н.Бийн эзэмшлийн 2 тооны адууг хулгайлж 1 000 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талууд хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
1. Шүүгдэгч Э.Сын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... 2019 оны 01 дүгээр сарын 18-ний өдөр би Заг сумаас адуугаа хайгаад Заг сумын 5 дугаар багийн нутаг Залаа овоо гэх газарт очсон чинь тэнд адуунууд байж байхаар нь би харчхаад явсан, тэгээд нөгөөдөр нь тэр хавиар явж байсан чинь Заг сумын 4 дүгээр багийн нутаг Сэвхтийн ам гэх газарт тэр адуунууд ирчихсэн байсан, тэр адуунуудаас би 3 тооны адууг нь салгаж тууж яваад Заг сумын Цагаан чулуутын ам гэх газарт байх өөрийнхөө хаваржаан дээр аваачаад тэнд гурвууланг нь нядлаад У гэж дууддаг У.Ц гэдэг хүнд мөнгөний өрөндөө өгсөн. Арьсыг нь Заг сумын хогийн цэг дээр аваачаад шатааж устгасан. 3 адууны махыг нь Ц гэдэг хүнд мөнгөний өртэй байсан ба тэр өрөндөө өгсөн, 3 адууны махны үнэн нь гурвуулаа нийлээд нэг сая тавин мянган төгрөг болсон. Би Цаас 2018 оны 3 дугаар сараас хойш цувруулж зээлсээр байгаад 5,000,000 төгрөгийн бэлэн мөнгөний зээл авсан байсан, тэгээд би 4,000,000 төгрөгт нь би өөрөөсөө 5 гаруй бог малыг өгсөн, тэгээд 1,000,000 төгрөг үлдсэн байсан нь би тэр хулгайлсан 3 адууны махаа өгөөд тэгээд өрөө төлөөд дуусаж байгаа юм. Ц эхлээд тэр 3 адууг манай адуунд байхад нь би үзүүлээд энэ гурван адууг нядалж өгөх гэж байгаа юм гэж үзүүлсэн, тэгээд маргааш нь ирж махаа аваад явсан юм. Тэр үедээ Ц надаас өөрөөсөө адуу нядлах гэж байгаа юм уу гэхээр нь би тиймээ гэж хэлсэн юм...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 120-123/
...Би тэр 3 адууг тастаж уж явахдаа би ганцаараа, би өөрийнхөө эзэмшлийн цэнхэр өнгийн мустанг-5 маркийн мотоциклоор явж байсан, энэ мотоцикл Заг сумын 1 дүгээр багт манай гэрт байгаа, энэ мотоциклийг би 2018 онд би улсын дугааргүй, хуучин мотоциклийг 200,000 төгрөгөөр худалдан авч байсан, одоо би энэ мотоциклоо би 50,000 төгрөгөөр үнэлнэ...2019 оны 01 дүгээр сарын 24, 25-ны өдрийн аль нэгэнд нь ******* өөрийнхөө эзэмшлийн ******* дугаарын утсанаас миний эзэмшлийн ******* дугаарын утас руу ярьсан. Ярихдаа надаас адуу байна уу гэхээр нь би би яах гэж байгаа юм гэсэн чинь тэр би *******д адууны өртэй юм аа гэж хэлсэн, тэгэхээр нь би Заг сумын 1 дүгээр багийн нутаг Сэвхтийн аманд хэдэн адуу байна лээ, би наад адуунуудтай чинь хамаагүй шүү л гэж хэлсэн, тэрнээс ******* нь адуу авсан эсэхийг би мэдээгүй ээ... Би анх 2019 оны 01 дүгээр сарын 18, 19-ны өдрүүдийн үед Заг сумын 4 дүгээр багийн нутаг Баянцагааны ам гэх газарт байхад нь 20 гаруй тооны адуу байхаар нь би тууж яваад Заг сумын төвийн хажуу талд тууж ирээд тэндээ орхичихсон. Тэгсэн чинь тэр адуунууд 4-5 хоногийн дараа тэр адуунууд Сэвхтийн аманд оччихсон байсан гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 229-231/
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.С мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
3. Шүүгдэгч О.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би 2018 оны 12 дугаар сард С руу утсаар яриад адуу байна уу гэж асуусан чинь тэр үед С нь байхгүй ээ гэсэн, тэгээд он гаргаад 2019 оны 01 дүгээр сарын сүүлээр С над руу утсаар яриад Заг сумын 1 дүгээр багийн нутаг Сэвхтийн аманд хэдэн адуу байгаа тэр адуунуудаас 2 адуу ав гэхээр нь би тэнд нь очсон чинь тэнд нь нэлээд олон адуу байсан, тэгээд би тэр адуунуудаас хээр, хүрэн зүсмийн хоёр байдас насны адууг тууж ирээд Заг сумын төв дээр авчраад мал мах авдаг ченж ******* гэж дууддаг Цт би 500,000 төгрөгийн өрөндөө нэг адууг нь өгөөд, нэг адууг нь хамаатны ах Пнэг адууны өрөнд нь Цт өгсөн юм... С надад хэлэхдээ тэр Сэвхтийн аманд Хул алаг гүү, хул алаг даагатай адуу байгаа шүү гэж хэлсэн, тэгээд би тэр газарт нь очиход хул алаг гүү, хул алаг даагатай нэг азарга орчим адуу байсан, тэгээд би тэндээс нь хээр, хүрэн зүсмийн 2 байдсыг нь тууж яваад ******* гэх хүнд өрөндөө өгсөн... Би *******д тэр 2 тооны адууг 2019 оны 01 дүгээр сарын 20-дийн үеэр л хүргэж өгсөн, би яг аваачиж өгсөн өдрөө санахгүй байна...Би *******гаас 2018 оны хавар 500,000 төгрөг зээлж авсан байсан юм, тэгээд би тэр Сын хэлсэн адуунаас нь 2 адуу аваад нэг адууг нь тэр авсан мөнгөнийхөө өрөнд нэг адууг нь өгсөн, харин Пнэг адуу нь манай адуунд байсан бөгөөд тэр адуугаа *******д хүргээд өгчхөөрэй гэхээр нь би тэр адууг нь *******д аваачиж өгөлгүй Сын хэлж зааж өгсөн адуунаас нь 2 адуу аваад нэг адууг нь Пөгөх ёстой адуу шүү гэж хэлээд өгсөн юм. П нь *******д адуу өгөх өртэй байсан гэсэн... Би тэр үед Соос адуу байна уу л гэж асуусан, тэрнээс биш би өөрийнхөө адууг сураглаж яриагүй ээ. С өөрөө нэг азарга адуутай, тэр хул алагтай адуу нь хэний адуу болохыг нь би мэдээгүй ээ... С надад хэлэхдээ Сэвхтийн аманд хул алаг гүүтэй, хул алаг сарваатай адуу байгаа гэж хэлж зааж өгсөн, тэгээд би тэр газарт нь очсон чинь хул алаг гүү, хул алаг сарваатай тэр адуу нь зүсээрээ байж байсан, тэгээд би тэндээс 2 гүүг нь тастаж туугаад явсан юм...гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 102-107/
4. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б мэдүүлэхдээ: Өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.
5. Хохирогч Н.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... энэ 2019 оны өвөл манайх Гурванбулаг сумын 4 дүгээр багийн нутаг Хараатын өвөр гэдэг газарт би адуугаа маллаж байгаа юм. Манайх тэр үед адуугаа Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Хараатын өвөр гэдэг газарт бэлчээгээд эргэж тойрч харж байсан юм, тэгээд 2019 оны 01 дүгээр сарын 15-ний өдөр би тэр Хараатын өвөр гэх газарт байгаа адуун дээрээ очиж тоолж бүртгэчхээд тэр өдөртөө аймаг руу явчхаад эргэж сум руу яваад 2019 оны 01 дүгээр сарын 17-ний өдөр Хараатын өвөр гэх газарт очиж үзэхэд манай адуу байхгүй байсан, тэгээд тэр хавиараа хайгаад ерөөсөө олоогүй. Тэгээд адуугаа хайж явсаар байгаад Заг сумын 1 дүгээр багийн нутаг Булагт гэх газраас 19 тооны адууг аа олсон, тэгээд бусад адуу болох 7 тооны адуугаа ерөөсөө олохгүй байгаа юм... Би Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутаг Хараатын өвөр гэх газраас 2019 оны 01 дүгээр сарын 15-ний өдрөөс 17-ний өдрийн хооронд би өөрийнхөө эзэмшлийн 26 тооны адуугаа хулгайд алдсан юм... Би нийт 26 тооны адуу хулгайд алдсан, үүнээс 19 тооны адууг нь олж авсан, одоо миний адуунаас хонгор зүстэй шүдлэн насны хоёр байдас, хонгор зүстэй хязаарлан насны гүү, 4 хөл нь цагаан, нас гүйцсэн хар гүү, нас гүйцсэн 2 тооны хүрэн гүү, хээр зүстэй, нас гүйцсэн гүү зэргийг ерөөсөө олоогүй ээ... Надад одоо энэ 7 адууны хохирлоос нэг ч төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байгаа, би одоо 7 адууны төлбөрт 5,000,000 төгрөг нэхэмжилж байна, би адуугаа хайсны зардалд 250,000 төгрөг нэхэмжилж байна. Одоогоор надад нэг ч төгрөгийн хохирлыг төлж барагдуулаагүй байгаа... гэх мэдүүлэг. / 1 дүгээр хх-ийн 59-62/
6. Гэрч Б.Цын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Заг суманд мал маллахынхаа хажуугаар иргэдээс мал худалдан авдаг юм. 2018 оны 03 дугаар сард С надаас 12.800.000 төгрөг зээлж авсан, тэгээд 2019 оны 01 дүгээр сард өөрөөсөө 4,140,000 төгрөгт нь өөрөөсөө бог мал өгсөн, тэгээд тэр өдрийнхөө орой нь над руу С утсаар яриад ирээд 3 адууны мах аваадхаач би 3 адуу нядалчихлаа гэсэн, тэгээд би хаана очиж авах юм бэ гэсэн чинь хаваржаан дээр хүрээд ир гэхээр нь би Лексус 470 маркийн машинтайгаа тэр Сын хаваржаан дээр очсон чинь тэр хаваржаан дээрээ С ганцаараа байж байсан ба 3 тооны адууг нядалчихсан байж байсан, тэгээд би очоод тэр махнуудыг нь машиндаа ачаад авсан. Манай сумын ******* гэдэг хүн надад 500.000 төгрөгийн өгөлтэй, *******ийн ах ******* нь 3 адууны өртэй байсан ба Сыг 3 тооны адууны махыг надад өгснөөс хойш 2 хоногийн дараа нь надад ******* нь надад өгөлтэй 2 адуугаа аваад ирлээ шүү гээд надад хээр, хүрэн зүстэй 2 тооны адууг авч ирж өгсөн өөр зүйл болоогүй ээ...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 75-78/
7. Гэрч Ц.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...С бид хоёр 2009-2010 онд нэг жил цэргийн алба хаасан юм. Энгийн төлөв даруу зантай янз бүрийн муухай ааш байхгүй, ажилсаг, хар бор ажил их сайн хүн байгаа юм. Цэргийн алба хаах үедээ ямар нэгэн зөрчил дутагдал гаргаагүй. Би хэргийнхэн талаар сайн мэдэхгүй... гэх мэдүүлэг. / хх-ийн 70-71 /
8. Гэрч Т.П мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
... Би Боос миний өгөх ёстой адууны оронд өөр адууг аваачаад өгчихсөн юм уу гэсэн чинь тэгсэн юм аа л гэж хэлсэн... гэх мэдүүлэг. / хх-ийн 79-82 /
9. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шинжээчийн 85 дугаар
1. Нас гүйцсэн бүдүүн гүү 14 толгой нэг бүр нь 800.000 төгрөг нийт 11200.00 төгрөг
2. Хонгор зүсмийн тамгагүй бүдүүн азарга 1200.000 төгрөг
3. Шүдлэн гүү цагаан хонгор зүсмийн бүгд 2 тооны нэг бүрийн үнэ 500.000 төгрөг нийт 1000.00 төгрөг
4. Унага хул, халиун, алга, хээр зүсмийн 4 толгой нэг бүр нь 200.000 төгрөг нийт 800.000 төгрөг
5. Даага хээр алга, хүрэн халиун, хонгор, хүрэн, алга зүсмийн даага 5 тооны нэг бүрийн үнэ 400.000 төгрөг нийт 2000.000 төгрөг нийт арван зургаан сая хоёр зуун мянган 16200000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 86-87/
10. Баянхонгор аймгийн Энх-Нахиа ХХК-ний 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн 258 дугаар
1. Э.Сын Мустанг-5 маркийн мотоцикл 150.000 төгрөг
2. О.Бийн Мустанг-5 маркийн мотоцикл 1000.000 төгрөг нийт нэг сая нэг зуун тавин мянган 1150.000 төгрөг гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 94-95/ болон, хавтаст хэргийн 129-147 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч Э.Сын урьд шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа, хавтаст хэргийн 232 дугаар хуудсанд авагдсан шүүгдэгч О.Бийн урьд шийтгэгдсэн эсэх талаарх лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батбаяр гаргасан дүгнэлтдээ: Анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг нөхөн төлснийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх,
Өмгөөлөгч Б.Бурмаа гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан хорих ялын доод хэмжээг тус тус оногдуулж өгөх дүгнэлтийг гаргаж байна гэв.
Шүүхээс шүүгдэгч Э.С нь 2019 оны 01 дүгээр сарын 15-аас 17-ний өдрүүдэд Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Хараатын өвөр” гэх газраас Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн малчин Н.Бийн 26 тооны адуу буюу олон тооны малыг хулгайлж 16.200.000 төгрөгийн,
шүүгдэгч О.Б нь шүүгдэгч Э.Сын хулгайлж авчирсан адуунаас 2 тооны адууг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус болсон нь хохирогч Н.Б, гэрч Б.Ц,Т.П нарын мэдүүлэг болон Энх-Нахиа ХХК-ийн шинжээчийн 130 дугаартай дүгнэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч О.Сыг бусдын олон тооны малыг хулгайлсан, шүүгдэгч О.Бийг бусдын малыг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.
Дээрх үйл баримт нь шүүгдэгч Э.Сын хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д заасан гэмт хэргийн шинжийг , шүүгдэгч О.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн шинжийг агуулж байх тул тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Сын үйлдэл нь хохирогч Н.Бийн 26 тооны адууг хулгайлан авчирснаар төгссөн бөгөөд шүүгдэгч О.Бийн үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн бие даасан шинжийг агуулж байх тул шүүгдэгч нарыг гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж үзэхгүй боловч нэг зүйлд халдаж байгаагаар нь хэргийг тусгаарлахгүйгээр шийдвэрлэхэд шүүгдэгч нарын эрх зүйн байдал дордохгүй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч О.******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, түүний гэмт хэрэг шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Харин шүүгдэгч Э.С нь эрүүгийн хуульд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулах ялыг биечлэн эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Н.Б нь шүүгдэгч Э.Соос 1,6 сая төгрөг, эрж хайсны зардал 125.000 төгрөг, шүүгдэгч Э.Боос эрж хайсны зардал 125000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлж байх тул шүүгдэгч Э.Соос 1.725.000 төгрөг, шүүгдэгч О.Боос 125.000 төгрөг гаргуулж хохирогч Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын 1 дүгээр багийн малчин ******* ******* / ******* / олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Хохирогч Н.Б нь эрж хайсны зардал 250.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг зардлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу 125.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэв.
Уг хэрэгт шүүгдэгч Э.С, О.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Харин шүүгдэгч Э.Соос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл буюу түүний үнэ нэг зуун тавин мянган / 150.000 / төгрөгийг, шүүгдэгч О.Боос мотоцикл буюу түүний үнэ нэг зуун мянган / 100.000 / төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Сын эзэмшлийн таван ханатай монгол гэрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.Сод буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.С нь урьд Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 146 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 540 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэгдэж байсан боловч уг ялыг 2018 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хийж дуусан талаар Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тогтоол гарсан байх тул түүнийг ялыг нэмж нэгтгэх шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Сод авсан хувийн баталгаа гаргасан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, шүүгдэгч О.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож шийдвэрлэв.
Шүүгдэгч Э.С нь урьд ял шийтгэгдэж байсан талаар ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдсэн тул түүнийг урьд нь гэмт хэрэг үйлдэж байсан гэж, шүүгдэгч О.Б нь ЦЕГ-ын мэдээллийн санд бүртгэгдээгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт О.Бийг бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд, Шүүгдэгч Э.Сыг бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт О.Бийг хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч Э.Сыг хоёр / 02 / жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар шүүгдэгч Э.С-д оногдуулсан хоёр жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар ялтан О.******* хоёр зуун дөчин / 240 / цагийн хугацаагаар оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар ажил хийлгэж байхыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4, зааснаар ялтан О.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж, хяналт тавьж хэрэгжүүлж ажиллахыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар шүүгдэгч Э.Соос нэг сая долоон зуун хорин таван мянган / 1.725.000 / төгрөгийг, шүүгдэгч О.Боос нэг зуун хорин таван мянган / 125.000 / төгрөгийг тус тус гаргуулж хохирогч Н.******* олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч О.Б, Э.С нар нь уг хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Э.Соос гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикл буюу түүний үнэ нэг зуун тавин мянган / 150.000 / төгрөгийг, шүүгдэгч О.Боос мотоцикл буюу түүний үнэ нэг зуун мянган / 100.000 / төгрөгийг тус тус гаргуулж улсын төсөвт шилжүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шүүгдэгч Э.Сын эзэмшлийн таван ханатай монгол гэрийг битүүмжилсэн Баянхонгор аймгийн Прокурорын газрын прокурорын 2019 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож уг гэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигч Э.Сод буцаан олгосугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Сод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2019 оны 10 дугаар сарын 16-ний өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгч О.******* авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Сод авсан цагдан хорих, шүүгдэгч О.******* авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ