| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дугарсүрэнгийн Алтантуул |
| Хэргийн индекс | 151/2016/01120/И |
| Дугаар | 151/ШШ2016/01138 |
| Огноо | 2016-11-15 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 151/ШШ2016/01138
| 2016 оны 11 сарын 15 өдөр | Дугаар 151/ШШ2016/01138 | Төв аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,
нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 2-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Баруун дөрвөн замд байрлах Монголын үйлдвэрчний соёлын төв ордон /РД:1067273/ нэхэмжлэлтэй,
хариуцагч: Төв аймаг, Борнуур сум, 4-р баг, Нартад оршин суух, Боржигон овогт Тувааны Алтантулга /РД:ЦЕ60022465/-д холбогдох,
500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Монголын үйлдвэрчний соёлын төв ордон шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Т.Алтантулга нь 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр тус ордны Их танхимыг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 16-18 цагт түрээслэн авч өөрийн дууны бүтээлийн тоглолтоо нэг удаа хоёр цагийн хугацаатай хийх тухай ТА-134 тоот гэрээг өөрийн төрсөн хүү болох иргэн Алтантулгын Ихзоригоор төлөөлүүлэн хийж тоглолтоо товлосон хугацаандаа хийсэн боловч энэ үйл ажиллагааны түрээсийн төлбөрөөс 500.000 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд Т.Алтантулгаас 500.000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Шүүх, хэрэгт цугларсан бичгийн баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Монголын үйлдвэрчний соёлын төв ордон нь хариуцагч Т.Алтантулгаас 500.000төгрөг гаргуулахыг хүсч, шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагч Т.Алтантулга нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлжээ.
Тус тайлбарт: Т.Алтантулга миний бие нь Монголын үйлдвэрчний соёлын төв ордон-д 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Ижий тэнгэртэй дуун хэлхээ уран бүтээлийн тоглолтоо хийсэн нь үнэн болно. Тоглолтын билет борлуулалтад хүндрэл гарсан учраас үлдэгдэл 500.000 төлж чадаагүй. Би 500.000 төгрөгийг тэтгэвэрийнхээ мөнгөнөөс 2016 оны 11 дүээр сарын 25-нд 250.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 250.000 төгрөгөөр тус тус бүрэн төлж, барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ. /хх 16/
Хариуцагч Т.Алтантулга нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа нь шүүхэд өгсөн түүний тайлбараар тогтоогдож байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.830 төгрөгийн 50 хувь болох 7915 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 7915 төгрөгийг, хариуцагч Т.Алтантулгаас 7915 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныгудирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Монголын үйлдвэрчний соёлын төв ордон нэхэмжилсэн 500.000 төгрөгийг хариуцагч Т.Алтантулаг нь 2016 оны 11 дүгээр сарын 25-нд 250.000 төгрөг, 2016 оны 12 дугаар сарын 15-нд 250.000 төгрөгийг тус тус бүрэн төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийгбаталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 15.830 төгрөгийн 50 хувь болох 7915 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 7915 төгрөгийг, хариуцагч Т.Алтантулгаас 7915 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Монголын үйлдвэрчний соёлын төв ордон-д буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч энэхүү захирамжийг сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Д.АЛТАНТУУЛ