Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 26

 

Сэлэнгэ аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч

Ерөнхий шүүгч                    Б.Батзориг

Шүүгчид                                Я.Туул

Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор                              А.Золзаяа

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч П.Буманзаяа

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг нар оролцож,

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 07 дугаар цагаатгах тогтоолтой, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын прокурорын газраас Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бадамын Доржданд холбогдох эрүүгийн 201618010050 хэргийн дугаартай, 150/2017/0003/Э индекстэй, 1 хавтастай  хэргийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Сэлэнгэ аймгийн Орхон суманд 1982 оны 08 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт амьдардаг, Сэлэнгэ аймгийн Сайхан сум гавшгай 2 дугаар баг, овоот хорооллын задгайд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-2007 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 56 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1 дэх хэсэгт зааснаар 150 цаг албадан ажил хийлгэх ял шийтгүүлсэн, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Боржигон овогт Бадамын Дорждан /РД:МЙ 82082417/.   

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Яллагдагч Б.Дорждан нь 2016 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Хөтөл зах” хүнсний дэлгүүрийн байранд нэвтэрч Асер загварын зөөврийн компьютер, бэлэн 500.000 /таван зуу/ төгрөг, камерын бичлэг хийдэг төхөөрөмж зэрэг эд зүйлийг хулгайлсан хэрэг гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх Б.Доржданд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 07 дугаартай цагаатгах тогтоолоор:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бадамын Доржданд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Б.Дорждан цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,

-Цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Доржданд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэжээ.

 

Улсын яллагч давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ:

…Цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан “тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлага хангаагүй, шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн бодитой шинжлээгүй, үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн гэж үзэж байна. Үүнд:

1.Хохирогч Ц.Оюунжаргал нь мөрдөн байцаалтын шатанд “...2016 оны 04 дүгээр сарын 12 ний өглөө 09 цагт ажилдаа ирээд дэлгүүрийн хаалгыг онгойлгож дотогш явж орсон ба ширээн тавьсан нөүтбүүкээ авах гэтэл байхгүй байсан. тэр хавиар нь хайсан чинь байхгүй байсан. Тэгтэл камерийн бичлэг хийдэг  төхөөрөмж тавьдаг хананд тогтоодог тавиураас утаснууд унжсан байхаар нь хартал байхгүй болсон байсан. Бас кассын мөнгө хийдэг шургуулгаа татаж үзэхэд тэнд байсан дэвсгэртүүдээр нь  ялгаж хийсэн мөнгөгүүд байхгүй байсан. Тэгээд цагдаад дуудлага өгсөн. Хулгайч манай арын хаалгыг эвдэж дамжиж ороод кассын ард талд байх тамхины тавиур дээрээс тамхинууд авсан байсан...” гэж, Шүүхийн хэлэлцүүлгийн шатанд мэдүүлэхдээ “...бид нар ажиллахдаа байнгын бээлий өмсөж ажилладаг, Б.Дорждан нь тухайн өдөрт дэлгүүрт бараа зөөж байсан...” талаар мэдүүлсэн байдаг. Өөрөөр хэлбэл дэлгүүрт ажиллаж байгаа хүмүүс бүгд бээлий өмсөж ажилладаг, бээлий өмсөөгүй бол хамгийн сүүлд гарсан н.Цэнд, н.Отгонзул болон өглөө хамгийн эхэнд ирсэн Ц.Отгонжаргал нарын гарын хээний мөр унраалганаас илрэх байсан.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 34 дүгээр бүлэгт зааснаар шүүхийн хэлэлцүүлэг нь эрүүгийн байцаан шийтгэх ажиллагааны төрөл бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт заасан нотлох баримт юм. Түүнчлэн мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгийн шатанд гэрч З.Цэнд “...2016 оны 04 дүгээр сарын 10 наас 11-нд шилжих шөнө хулгай орсон байсан. Урьд орой нь ажиллаж байгаад 22 цаг өнгөрч байхад хаасан ба хамгийн сүүлд Хөтөл захаас уг захыг ажиллуулж байгаа Ц.Оюунжаргал эгч бид 2 хаалгаа цоожлоод гарсан...З.Цэнд, Б.Дорждан нар агуулах /склад/ дотор архи пиво  зөөж янзалж байсан,... манай хүргэн ахыг захирал эхнэртэй нь дуудсан бөгөөд хүргэн ах Б.Дорждан, эхнэр н.Амартуяагийн хамт ирээд буусан барааг складны арын хаалгаар зөөж оруулсан. Туслах ажилтан н.Отгонзул нь бараа хамт зөөсөн... гэж, гэрч Б.Отгонзул “... тэгэхэд захирал Б.Дорждан, н.Амартуяа нарыг дуудаж туслуулсан. Бид нар цэвэрлэгээ хийж дуусаад нэлээн орой гарсан. Хамгийн сүүлд дэлгүүрээс захирал Ц.Оюунжаргал, З.Цэнд бид 3 дэлгүүрээ хаагаад гарсан...” гэж мэдүүлсэн мэдүүлгээр хэрэг болохын өмнөх өдөр болон урьд өмнө нь Б.Дорждан нь тухайн газарт ажилладаг, складны хойд хаалга болон склад доторх хяналтын камер зэргийг мэддэг байсан нь нотлогддог. Гэтэл шүүх дээрх баримтуудыг үнэлээгүй нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 95 дугаар зүйлийн 95.2 дахь хэсэгт заасан “шүүх нь нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд хянаж үзсэний үндсэн дээр үнэлнэ” гэсэн заалтыг зөрчсөн байна.

2. 2016 оны 04 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Хөтөл зах гэх иргэн Ц.Оюунжаргалын эзэмшлийн хүнсний дэлгүүр агуулахаас эд зүйл алдагдаж 1.634.500 төгрөгний хохирол учирсан бодит гэмт хэрэг үйлдэгдсэн байхад шүүгч хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хууль зүйн үндэслэлгүй юм.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг бусад нотлох баримтуудаар гэмт хэрэг гарсан болох нь нотлогдсон байхад шүүх тогтоолын тодорхойлох хэсэгтээ цугларсан нотлох баримтад үндэслэн Б.Доржданг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болох нь нотогдохгүй байна гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн  208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр үнэлэлт хийсэн атлаа тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан

“...үндэслэлээр Б.Доржданд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж, иргэн Ц.Оюунжаргалын эд зүйл алдагдсан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 230 дугаар зүйлийн 230.1.2 дахь “... зааснаар нэмэлт мөрдөн байцаалтад буцаах”  байсан.

3. Цагаатгах тогтоолын 3 дугаар заалтад “...шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Доржданд батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үлдээх”  гэж заасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2 дахь хэсэгт заасан таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байсан бол хүчингүй болгосон тухай заалтыг цагаатгах тогтоолд бичихээр заасан бөгөөд нь үндэслэлгүй байна.

Мөн цагаатгах тогтоолд “”Г.Мөнхтөрд авагдсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурьдсугай” гэж өөр хүний нэр бичсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 294 дүгээр зүйлд заасан “тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх” гэсэн заалтыг зөрчсөн байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 7 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичив...” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор А.Золзаяа тайлбар, дүгнэлтэндээ:

Өнөөдрийн шүүх хуралдаанд улсын яллагч Н.Бадамын бичсэн эсэргүүцлийг дэмжиж оролцоно.

Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Б.Дорждан хулгайн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлтийг хийсэн хэрнээ тогтоолын тогтоох хэсэгт гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй буюу Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн  24.1.1 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Б.Дорждан тухайн гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдохгүй байгаа нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох байсан гэж байна. Харин Б.Дорждангийн үйлдлийг хэрэгсэхгүй болголоо гэхэд хохирогч н.Отгонжаргалын дэлгүүрт эд зүйл хулгайлж эд зүйл алдагдсан хохирол учирсан хулгайн гэмт хэрэг маань хаачих вэ? гэдэг асуулт гарч ирнэ. Иймд хэргийг буруу дүгнэж хэрэгсэхгүй болгосон байна гэж үзэж байна.

Түүнчлэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолд бичилт хийхдээ алдаа гарсан байдаг. Учир нь цагаатгах тогтоолын 4 дэх заалтад н.Мөнхтөрд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай буюу Б.Дорждангийн нэр буруу бичигдсэн. Цагаатгах тогтоолын 3 дахь заалтад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.6.2 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол хүчин төгөлдөр болмогц таслан сэргийлэх арга хэмжээ мөн адил хүчингүй болгож шийдвэрлэх ёстой тухай яригддаг. Гэтэл таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсэн эдгээр зөрчлүүд байсан учраас анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Цагаатгагдсан этгээдийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа:

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн процессын алдаанууд байсан. Гэхдээ анхан шатны шүүхээс засаж ирүүлсэн цагаатгах тогтоолын хувийг илтгэгч шүүгч Д.Буянжаргал уншиж танилцууллаа. Энэ процесс алдаа гарсан байсан ч Б.Дорждангийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэсэн баттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байдаг. Ганцхан хуурууны хээ унтраалганд илэрсэн гэдгээр Б.Доржданг Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах үндэслэл болохгүй. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй байх тул цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.  

Тодорхойлох нь:

Б.Дорждан нь 2016 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Хөтөл зах” хүнсний дэлгүүрийн байранд нэвтэрч Асер загварын зөөврийн компьютер, бэлэн 500.000 /таван зуун мянга/ төгрөг, камерын бичлэг хийдэг төхөөрөмж зэрэг эд зүйлийг хулгайлсан  гэмт хэрэгт Сэлэнгэ аймгийн  Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Б.Доржданд холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцээд 07 дугаартай цагаатгах тогтоолоор:

-Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгаар зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бадамын Доржданд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж шийдвэрлэсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан  байна.

Улсын яллагчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/03 тоот эсэргүүцлийн дагуу Б.Доржданд холбогдох эрүүгийн хэргийг бүрэн хэмжэээнд шинжлэн судлахад зөвхөн Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 38 тоот “…Шинжилгээнд ирүүлсэн хэргийн газраас бэхжүүлж авсан гэх 1 ш гарын мөр нь Папилон санд хадгалагдаж байгаа 1982 онд төрсөн, эрэгтэй, МЙ 82082417 регистрийн дугаартай, Сэлэнгэ аймгийн Сайхан сум    2-р баг 4-15 тоотод оршин суух Бадам овогтой Дорждангийн баруун гарын дунд хуруугаар үүсгэгдсэн байна..” гэсэн дүгнэлтийг /хх-ийн 23-24-р ху/ үндэслэн өөр нотлох баримтгүйгээр Б.Доржданг 2016 оны 04 дүгээр сарын 10-наас 11-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1 дүгээр багийн нутагт байрлах “Хөтөл зах” хүнсний дэлгүүрийн байранд нэвтэрч Асер загварын зөөврийн компьютер, бэлэн 500.000 /таван зуун мянга/ төгрөг, камерын бичлэг хийдэг төхөөрөмж зэрэг эд зүйлийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэн,  ял шийтгэл оногдуулах боломжгүй байх тул энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин анхан шатны шүүх Б.Доржданд холбогдох хэргийг  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан …гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй…гэсэн заалтыг үндэслэн  хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд дээрх гэмт хэрэгт Б.Доржданг холбогдуулан нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдэхэд оролцсон болох нь нотлогдоогүй тул  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт …энэ хуулийн 208.1.2, 208.1.3-т заасан үндэслэл байвал… гэж заасны дагуу хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах нь зүйтэй бөгөөд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нөхцөлд тухайн хэргийг мөрдөн байцаалтанд буцаах боломжгүй гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.  

Түүнчлэн анхан шатны шүүх цагаатгах тогтоолын “Тогтоох” хэсгийн 6 дугаар заалтыг Б.Дорждан гэхийг Г.Мөнхтөр гэж алдаатай бичиж, алдаатай хэвлэгдсэн хувийг Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын Прокурорын газарт тараасан зөрчил гаргасныг цаашид анхаарах шаардлагатай байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар  сарын 13-ны өдрийн хянан  7 дугаартай цагаатгах тогтоолын “Тогтоох” хэсгийн  1 дүгээр заалтыг өөрчлөн найруулж,  бусад заалтуудыг хэвээр үлдээж, улсын яллагчийн 2017 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 5/03 тоот эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4,   325 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 7 дугаартай цагаатгах тогтоолын “Тогтоох”  хэсгийн 1 дүгээр заалтыг:

“1.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Бадамын Доржданд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасугай” гэж өөрчлөн найруулж, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Б.Доржданд  урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг  хүчингүй болгосугай.

3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                                         ДАРГАЛАГЧ                 Б.БАТЗОРИГ

                                           ШҮҮГЧИД                          Я.ТУУЛ

                                                                                  Д.БУЯНЖАРГАЛ