| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2403004990629 |
| Дугаар | 2025/ХШТ/72 |
| Огноо | 2025-05-21 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 05 сарын 21 өдөр
Дугаар 2025/ХШТ/72
А.Б-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Батбаатар, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр, нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1125 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 306 дугаар магадлалтай, А.Б-т холбогдох 2403004990629 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, ..., ... боловсролтой, овогт Б.
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч А.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-т шүүхээс оногдуулсан байнга оршин суух Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, шүүгдэгч зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол уг ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
Шүүгдэгч А.Б-т оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг ял оногдуулсан үеэс эхлэн тоолж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч А.Б-аас 10,928,131 төгрөгийг хохирол, сэтгэцэд учирсан хор уршигт тооцон гаргуулж хохирогч Э.Б-од олгож,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Э.Б- нь цаашид гарах эмчилгээний зардал, олох байсан цалин хөлс, эмчилгээ үйлчилгээ авсан зардал эд зүйлийн үнэ зэргийн нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч А.Б-аас жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... А.Б- нь ... хүүхэдтэй ... эцэг бөгөөд эмнэлгийн байнгын хяналтад байдаг, эмнэлэг рүү зөөх шаардлагатай, ... хүүхдээ ганцаараа өсгөдөг иргэний эр зоригтой залуу юм. Хоёр шатны шүүхийг үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байна. Шүүх бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах ёстой. Өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагын төрлийг өөрчилж өгнө үү гэж хүсэж байна. Өөрөөр хэлбэл, зорчих эрхийг хязгаарлах ялыг хүчингүй болгож, торгох ял шийтгэж өгнө үү гэж хүсэж байна” гэв.
Прокурор Н.Гэрэлмаа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч А.Б- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хохирогч Э.Б-ыг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон, анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруу, эрүүгийн хариуцлагын талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгчид оногдуулсан ялын төрөл, хэр хэмжээ тохирсон байна. Хэрэгт шүүгдэгч А.Б-ийн хүүхэд нь ... талаар баримт байх боловч шүүгдэгч ... эцэг гэдэг нь, байнгын орлоготой болох нь нотлох баримтуудаар тогтоогдоогүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд “шүүгдэгч нь өвчтэй хүүхдээ нааш, цааш нь зөөх шаардлагатай болдог” гэж дурдагдсан байна. Гэвч шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан учраас хүүхдээ зөөвөрлөх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна. Харин Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасны дагуу хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага тогтоохоор хуульчилсан атал анхан болон давж заалдах шатны шүүх хохирогчийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарах тухай тогтоосон шинжээчийн дүгнэлтгүйгээр хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 9,900,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг хуульд заасны дагуу гүйцэтгэсний эцэст хохирлыг гаргуулах үндэслэлтэй тул шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, иргэний журмаар нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээх өөрчлөлт оруулан шийдвэрлэх боломжтой” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрх зүйн шинэ ойлголтын хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой хэмээн шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаярын гаргасан гомдлыг үндэслэн А.Б-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Анхан болон давж заалдах шүүх А.Б-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Б- нь 2024 оны 6 дугаар сарын 29-ний өдөр 21 цаг 48 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, Нарны замын “Шинэ тэрэг” төвийн хойд замд “...” маркийн ... УНУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон, “...” маркийн ... УАУ улсын дугаартай тээврийн хэрэгслийг чирч замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган хүний зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарч байсан зорчигч Э.Б-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүхэд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах учиртай бөгөөд гагцхүү нотлох баримтад тулгуурласан шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гэж үздэг болно.
Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд эрүүгийн эрх зүйн нотлох ажиллагааны зарчим, нотолгооны стандартын дагуу тусгай мэдлэгийн хүрээнд шүүх өөрийн санаачилга, үзэмжээр бус харин шинжилгээний байгууллагын мэргэшсэн шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан шийдвэрээ гаргах учиртай.
Анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилтын хүрээнд 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн шинэ зохицуулалтын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний дараах алдааг гаргажээ.
Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан болно.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан байна.
Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл (Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих) ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д заасны дагуу “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ гэж тодотгон тусгасан болно.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заасан байна.
Гэтэл дээр дурдсан хууль болон журамд заасан зохицуулалтын дагуу бус хохирогч Э.Б-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй ба давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Иймд талуудын хүсэл зоригийг бүрэн дүүрэн илэрхийлээгүй, шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй, тусгай мэдлэгээр тогтоохуйц зэрэглэлийн үнэлгээг мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн хор уршгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах замаар зөвтгөн засаж эрх зүйн шинэ ойлголтын хууль хэрэглээг нэг мөр тогтоож шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Харин гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгч А.Б-аас хохирогч Э.Б-од эмчилгээ хийлгэсэн зардал болох 1,028,131 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна.
Мөн санамсар, болгоомжгүй үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хор уршиг, хувийн байдал зэргийг (сэтгэцийн өвчтэй хүүхэдтэй хавтаст хэргийн 142, 143 дахь тал) харгалзан анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгдэгч А.Б-т 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өөрчлөх нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Хохирогч Э.Б- нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэсэгчлэн хангаж шийдвэрлэхээр тогтлоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1125 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “... 01 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.” гэснийг “... 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй” гэж,
7 дахь заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэг, Улсын Дээд Шүүхийн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолыг тус тус баримтлан шүүгдэгч А.Б-аас 10,928,131 төгрөгийг хохирол, сэтгэцэд учирсан хор уршигт тооцон гаргуулж хохирогч Э.Б-од олгосугай” гэснийг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А.Б-аас 1,028,131 төгрөгийг хохирол, хор уршигт тооцон гаргуулж хохирогч Э.Б-од олгож, хохирогч Э.Б- нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай” гэж тус тус өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Ононбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ