Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 115/ШШ2017/0022

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Иргэн И.Б-ийн нэхэмжлэлтэй 

Хариуцагч: Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдох

          Нэхэмжлэлийн шаардлага: “Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 10–ны өдрийн Б/09 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг ажилгүй байсан хугацаагаар нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгэх” тухай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

 

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У, хариуцагч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Э, гуравдагч этгээд Г.А, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч И.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “И.Б миний бие Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2004 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн захирамжаар тус сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалд томилогдон, тасралтгүй 14 дэх жилдээ ажилласан. Гэтэл сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар намайг ажлаас чөлөөлсөн бөгөөд ийнхүү чөлөөлөхдөө намайг төрийн албан хаагчид хориглох зүйлийг зөрчсөн буюу улс төрийн намд гишүүнээр элссэн гэж үзсэн боловч Төрийн албаны тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байдаг.

Мөн намайг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 15 хоног ажил үүргээ гүйцэтгээгүй ажил тасалсан зөрчил гаргасан гэх боловч, миний хувьд өөрийн ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Тодруулбал миний бие албан үүргээ гүйцэтгэж байхад 2017 оны 03 сарын 13-ны өдөр Төрийн албаны зөвлөлөөс таныг хууль зөрчсөн байна гэсэн шийдвэр гаргасан байна, ажлаас чөлөөлөх тухай захирамжийн төсөл боловсруулж байгаа талаар танилцуулж, ажлаас чөлөөлөх тухай захирамж гаргахаар мэдэгдэнэ “ирж захирамжаа аваарай” гэж хэлсэн. Ийм учраас миний бие ажлаа хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Ингээд 7 хоног хүлээсэн боловч ажлаас чөлөөлөх захирамж гаргахгүй байсан учир ажлаа хийе, тамгын дарга нарын сургалтандаа явъя гэж очтол таны оронд ажиллах хүнийг сургалтанд явуулахаар болсон гэсэн хариу өгсөн. Ийм учраас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан гэж үзэх боломжгүй юм. Иймээс  Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай захирамжийг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И.Б нь 2004 оны 01 сарын 02-ны өдрөөс Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын даргаар томилогдон ажиллаж байсан. Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 04 сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн. Түүнийг ажлаас чөлөөлөхдөө намын үйл ажиллагаанд оролцсон гэх үндэслэлийг захирамжиндаа оруулсан байдаг. Нэхэмжлэгч 2015 онд сонгуульд нэр дэвшихдээ албан тушаалаас чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг өгсөн. Тэгээд шийдвэрлэхгүй байсан учраас А намаас үнэмлэх авсан байдаг. Ажлаас чөлөөлөхгүй байсан учраас А намын гишүүнээсээ татгалзсан байдаг юм. Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзэх юм бол хуулинд зааснаар сахилгын шийтгэл оногдуулахдаа зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын хугацаанд оногдуулах ёстой. 2015 оны 05 сард болсон асуудал юм. Төрийн албаны салбар зөвлөлийн 11 дүгээр тогтоол гарсан. Үүнийг зөрчлийг илрүүлсэн гэж үзэх юм бол 03 сарын 25-ны өдөр сахилгын шийтгэл оногдуулах байсан. Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоос хойш 1 сарын дотор яригдах ёстой. Тогтоол ирснээс хойш 30 хоног тоолно гэсэн үг биш ээ. Нэгэнт хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас сахилгын шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. 

Нэхэмжлэгчийг ажлын 15 хоног ажлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан гэж ажлаас халах нэг үндэслэл болгосон. Үүнийг нэхэмжлэгч И.Б эс зөвшөөрдөг. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалсан зүйлгүй. Төрийн албан хаагч хэвийн ажлаа явуулах баталгаагаар хангуулах ёстой. Нэхэмжлэгчийн хувьд ийм баталгаагаар хангагдаж чадаагүй. Засаг даргын орлогчид захирамжийн төслийг боловсруулах үүрэг даалгаврыг өгсөн юм билээ. Б захирамж гараагүй байгаа гарахаар нь танд танилцуулна гэж хэлсэн байдаг. Өөрөөр хэлбэл намайг ажлаас халагдаж байгаа талаар надад мэдэгдсэн. Тийм учраас ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжгүй болж элдэв шахалт, дарамтанд орсны улмаас ийм байдалтай байсан гэдэг. Ямар нэгэн ажил болж комисс байгуулагдахад мэргэжилтнийхээ удирдлаганд нь явж ажилладаг байсан. Тухайн үед сонгуульд нэр дэвших гээд ажлаас чөлөөлүүлэх хүсэлтээ өгөөд байхад чөлөөлөөгүй удсан байдаг. Сонгуульд орох боломжоор хааж байгаа мэт дарамталж халсан гэж үзэж байна. Энэ нөхцөл байдлууд нь төрийн албаны ажлыг хийх боломжгүй болгосон гэдэг. Тэгээд нэхэмжлэгч ажилдаа очих хэрэггүй юм байна гэсэн ойлголтыг авсан. Цагийн тооцон дээр И.Б гарын үсэг зурдаг ч гэсэн тухайн үедээ ажлын хэд хоног бичигдсэнийг хараагүй гэдэг юм. И.Б албан тушаалаа тухайн үед өгөөгүй байсан. Цагийн тооцоо буруу гарсан гэдэг талаар захиргаанаас холбогдоогүй гэсэн. 2017 оны 03 сарын 17-ны өдрөөс ажилдаа ирээгүй гээд байна. Тэгэхээр цагийн бүртгэлд гарын үсэг зурсан байдаг, байгууллагын ажилтан гэрт нь очоод гарын үсэг зуруулж батлуулахгүй нь ойлгомжтой. 20, 21-ний өдөр цохогдсон байдал нь 20 гээд ганцхан өдөр таслаад би энэ сургалтандаа явмаар байна гэхэд нэгэнт ойлгомжтой дээрээс бичиг ирсэн учраас өөр хүнийг явуулахаар болсон гэж хариулсан байдаг. Сумын Засаг даргадаа хэлсэн чинь явуулахгүй гэдэг, аймгийн төрийн албаны салбар зөвлөлөөс асуухад Засаг даргаасаа асуу гэж хэлсэн гэдэг. Нэгэнт ойлгомжтой шүү дээ гэдэг хязгаарласан үг чинь ажил олгогчийн зүгээс гаргасан эс үйлдэл харагдаад байна. Сургалтанд явуулаагүй нь ажиллах боломжоор хангаагүй гэж үзэж байна. Өөрөө хэлэхдээ 16, 17-ны өдрүүдэд ажилдаа ирсэн, 20-ны өдрөөс хойш ажилдаа ирээгүй гэж хэлдэг.

Эрдэнэ сумын Засаг даргын Б/09 дүгээр захирамжийн хууль зүйн үндэслэл хангагдахгүй байгаа талаар, нэхэмжлэгчийн эрх, ашгийг яаж зөрчигдсөн талаар дүгнэлтээ гаргая. Захирамжийн үндэслэл хэсэг нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, 13.1.2, 13.1.4, 13.1.8 буюу төрийн албан хаагчид хориглох зүйлс, мөн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсгийг зөрчсөн гэж үзсэн байсан. И.Б бол төрийн жинхэнэ албан хаагч байдаг. Төрийн албан хаагчийг төрийн албанаас халах буюу чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан үндэслэлээр халах буюу чөлөөлөх ёстой. Төрийн албаны тухай хуулинд зааснаар төрийн жинхэнэ албан хаагчийг хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон, Монгол Улсын харьяатаас гарсан гэсэн үндэслэлээр ажлаас нь халахаар байгаа. Энэ нөхцөл байдлууд тогтоогдохгүй. Захиргаанаас халах шийдвэр аваагүй гэвэл сахилгын арга хэмжээ авахдаа энэ хуулийн 13, 15 дугаар зүйлүүдийг зөрчсөн бол түүнд сахилгын шийтгэл оногдуулна гэж байгаа. Сахилгын шийтгэл оногдуулахдаа Төрийн албаны тухай хуулинд зааснаар сонгож хэрэглэнэ. Энэ нь сануулах, албан тушаалын цалингийн хэмжээг 6 сар хүртэл хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах, төрийн албанд 1 жилийн хугацаанд орох эрхгүйгээр халах гэх мэт сахилгын арга хэмжээг аваагүйгээр шууд ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй байна. Гэтэл эдгээрээс сонгохгүйгээр чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийг барьсан юм уу гэхээр 26 дугаар зүйлийг барьсан байдаг. Сахилгын шийтгэл гэж үзэх юм бол хөөн хэлэлцэх хугацааг тооцно. И.Б-ийн намд элссэн үйл баримт нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн байна уу гэхээр зөрчсөн байна. Энэ дээр буруу зүйл хийсэн байна гэдгээ ойлгосон. Байгууллагын дотоод журмыг үндэслэсэн байдаг. Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 буюу түүнээс дээш хоногоор ажлаа тасалсан байвал захиргааны санаачлагаар ажлаас чөлөөхөөр заагдсан байна. Дотоод журмыг зөрчсөн бол сахилгын шийтгэл оногдуулна гэдгийг шалгаагүй. Тэгээд ажлаас халах үндэслэл болсон уу гэдгийг шалгаад үзэхээр хариуцагч байгууллага тухайн захиргааны актыг гаргасан үндэслэл нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт зааснаар байгаа. Энэ нь үгүйсгэгдэж байна. Ийм зөрчил байгаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэгч би хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж маргалддаг. Хүндэтгэн үзэх шалтгаангүй байлаа гэхэд аль заалтыг зөрчсөн юм бэ, мэдээж байгууллагын дотоод журмын 3.4 дэх заалтыг зөрчсөн байна. Гэтэл байгууллагын дотоод журмын 3.4 гэсэн заалтыг зөрчсөн нь Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан заалтын ямар хэсэгт хамаарч байгаа юм бэ, тэгээд үзэхээр хариуцагчийн барьсан заалт нь Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн сахин биелүүлэх гээд. Энэ нь ажлаа тасалсан, өргөсөн тангарагтаа үнэн ч байх, харъяа дээд шатны албан тушаалтны хууль бус шийдвэрийг биелүүлэх гэж байгаа. И.Б-д ямар шийдвэр өгөөд юуг нь хангаагүй юм бэ, мөн адил 13.1.1-д хамаарахгүй. Ажлаа тасалсан байлаа гэж үзэхэд 13 дугаар зүйлийн алийг нь зөрчсөн гэж үзэх юм бэ. Ажлаа хүндэтгэн үзэх шалтгаанаар тасалсан гэж үзэх юм бол 13.1.5 дахь хэсэгт зааснаар төрийн байгууллагын соёл, дэг, журмыг сахих гэсэн зүйл заалтыг И.Б зөрчсөн гэж үзсэн бол хуулийн үндэслэлтэй болох байсан гэж үзэж байна. Хэдийгээр тухайн ажилтныг халах бүрэн эрх нь байгаа боловч хуулийг зөрчсөн байна. Шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримт болон хариуцагчийн тайлбарласнаас үзэхэд нэхэмжлэгч ажилдаа ирэхгүй нь ойлгомжтой учраас тухайн хүнийг сургалтанд явуулахгүй өөр хүнийг томилж явуулж байгаа нь тодорхой харагдаж байна. Иймээс нэхэмжлэгчийн эрх, ашгийг зөрчсөн хууль бус үйлдэл байгаа учраас хууль бус захирамжийг хүчингүй болгож И.Б-г урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгож, ажлын 127 хоногийн буюу 8049144 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Э шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “И-ийн Б нь тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллах хугацаандаа доорх зөрчил, дутагдлыг гаргасан тул 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Б/09 дүгээр захирамжаар ажлаас чөлөөлсөн. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.8 “Албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ улс төрийн аливаа нөлөөлөлд автахгүй төвийг сахих, хэвлэл, мэдээллийн хэрэгслээр төр засгийн бодлоготой холбогдсон асуудлаар зөвхөн албан ёсны байр суурийг илэрхийлэх”, 15.1.1 “Албан үүрэгтээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох” Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Мэдээлэл шалгасан тухай” 11 дүгээр тогтоолд И.Б хэлэхдээ: “Миний бие нь 2016 оны 05 сарын 09-ний өдөр А намын батлахыг гардан авсан нь үнэн” гэжээ. Гэтэл А намын батлахыг 2016.05.08-ны өдөр авч, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон заалтыг зөрчсөн байдаг. Засаг даргын Тамгын газрын хамт олны 2014 оны 12 дугаар хурлаар баталсан тус сумын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.4 дэх заалт “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан” /2 ба түүнээс дээш/, И.Б-ийн нэхэмжлэлд хэн танилцуулсан, эрхийн акт гараагүй, хөдөлмөрийн харилцаа дуусгавар болоогүй байхад ажилдаа ирэхгүй байхыг ажил тасалсан гэж үзнэ. Элдэв хов, сураг нь хүндэтгэн үзэх шалтгаан биш. Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 11 дүгээр тогтоол нь 2017.03.15-ны өдөр ЗДТГ-ын бичиг хэрэгт бүртгэгдсэн байдаг. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.2, “Өргөсөн тангарагтаа үнэнч байх”, Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албанд анх орохдоо: “Эх орон ард түмнийхээ төлөө эрдэм чадлаа зориулж, төрийн хууль, ёс зүйн хэм хэмжээг чанд сахиж албан үүргээ үнэнч шударгаар биелүүлэхээ тангараглая. Тангарагаа няцвал хуулийн хариуцлага хүлээнэ” гэж байдаг. 2017 оны 03 дугаар сард ажил үүргээ гүйцэтгээгүй 10 хоногийнхоо ажлын цагийн балансыг батлаж, цалингаа бүтэн авсан нь төрийн албан хаагчийн ёс зүйгүй, үнэнч шударга байдлын зарчмыг зөрчсөн үйлдэл юм” гэжээ.

Хариуцагч Эрдэнэ сумын Засаг дарга Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И.Бг 2017 оны 04 сарын 10-ны өдрийн Б/09 дугаартай захирамжаар чөлөөлөхдөө хэд хэдэн үндэслэлийг тусгаж өгсөн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хөөн хэлэлцэх хугацаа 2015 оны 05 сард дууссан гэж хэлэх шиг боллоо. Энэ нь 2016 оны 05 сард болсон асуудал байгаа. Монгол Улсын иргэн төрийн жинхэнэ албанд орохдоо тангараг өргөдөг. Орон нутаг дахь төрийн албаны салбар зөвлөлийн төлөөлөл болж байгаа тамгын газрын дарга өөрөө илт хууль зөрчөөд байж байна гэж үзсэн. И.Бг ажлаас чөлөөлөөгүйнхээ төлөө би 2016 оны 05 сарын 17-ны өдөр Засаг даргын үүрэгт ажлаасаа халагдаж, 2017 оны 07 сарын 06-ны өдрийн 11 дүгээр шүүхийн шийдвэрээр Эийг халсан нь үндэслэлгүй байна гэж шийдэж байсан. Тиймээс үүнийг ч бас И.Б-ийн хууль зөрчсөн гэдгийг нотолж байна гэж үзэж байна. Шалгуулахаар төрийн албаны салбар зөвлөлд хандсан. Мэдээллийн дагуу төрийн албаны салбар зөвлөлийн 11 дүгээр тогтоол гаргаад И.Б Төрийн албаны тухай хуулийн 10.6 дахь хэсгийг зөрчсөн нь үндэслэлтэй гэсэн шийдвэр гарсан. Тэгэхээр хууль илт зөрчихөөд хөөн хэлэлцэх хугацаа яриад байж байгаа нь харамсалтай байна. Төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолоор Б/09 дугаартай тушаалыг үнэхээр хууль зөрчсөн гэж үзсэн бол шударгаар чөлөөлөгдөх асуудал тавих байсан. Хувь хүний хувьд ч, төрийн албан хаагчийн хувьд ч ёс зүйн зөрчил гаргаж байна гэж харж байна. Өнөөдөр төрийн албан хаагч хэн ч байсан эцсийн шийдвэр гараагүй байхад ажилдаа ирэхгүй байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаан биш гэж миний хувьд үзэж байна. Төрийн албан хаагч ажил хаяхыг хориглодог тэр утгаараа өөрөө халагдах нөхцөл байдлыг бий болгосон гэж харагдаж байна. Байгууллагын дотоод журмыг зөрчсөн нь албан хаагч энэ албан тушаалд ажиллах боломжгүй гэж үзэж байна. 

Төрийн албаны салбар зөвлөлийн 11 дүгээр тогтоол 2017 оны 03 сарын 15-ны өдөр бичиг хэргийн бүртгэлд бичигдсэн. Харин ажлаас нь 2017 оны 04 сарын 10-ны өдөр ажлаас чөлөөлсөн байдаг. Хөөн хэлэлцэх хугацаа хангалттай байсан гэж үзэж байна. И.Б өөрөө төсвийн шууд захирагч учраас цалингийн балансад гарын үсэг зурж өөртөө цалингаа бүтэн гаргасан. Ажилдаа ирэхгүй байгаа нь цагийн бүртгэлээс харагдана. Энэ нь ёс зүйгүй асуудал. Би орлогч дарга, хууль зүйн мэргэжилтэн хоёрт шийдвэрийн төсөл боловсруул гэсэн болохоос захирамж гарахаар ирж ав гэж И.Б-д хэлээгүй. Нэхэмжлэгч мэдээлэлтэй танилцлаа, шийдвэрээ хурдан гаргаж өг гэсэн байгааг харахад өөрөө саналаараа гарч байгаа юм шиг, тэгтэл өөрөө захирамж гарахаар ирээрэй гэсэн гээд ярьж байгаа нь ёс зүйн хувьд ямар байгаа нь ойлгомжтой байна. Миний хувьд шийдвэрийг гаргахдаа ёс зүйн зөрчлүүдийг нь дурдаагүй. Ажилдаа ирээгүй шалтгаан нь ерөөсөө энэ шүү. Хэн гэдэг хүн захирамж шийдвэр гарахаар ирээрэй гэж хэлснийг мэдэхгүй. Надаас өөр хүн шийдвэр гаргахгүй. Тэгэхээр энэ хүний хэлээд байгаа нь худлаа байна. Сургалтанд оролцуулаагүй гэж байна. Ажилдаа ирээгүй байхад нь сургалт зохион байгуулагдахаар байсан юм. Нэхэмжлэгч над руу ярихад нь өөр хүн явуулахаар болсон гэж хэлсэн. Төрийн захиргааны албан хаагч худлаа ярьж байгаа нь зохисгүй санагдаж байна. 

Мөн өргөдлөө өгөөд 04 сарын 04-нд өргөдлөөсөө татгалзсан нотлох баримтууд хэрэгт байгаа. Сонгуульд нэр дэвшихээр дахиад өргөдлөө өгвөл чөлөөлнө гэж аймгийн А намд хэлсэн. Өргөдлөөсөө татгалзсан байхад И.Б-г ажлаас чөлөөлөх нөхцөл бүрдээгүй байсан. А намд элссэн гэдгийг 05 сарын 08-нд фэйсбүүк дээр тавьсан үнэмлэх гардан авч байгаа зурагнаас мэдсэн. Тэгээд төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн авсанаас хойш 1 сарын дотор гэж ойлгосон. Хөөн хэлэлцэх хугацааг зохигчид гардаж авснаас хойш тоолно гэж бодож байна. Тиймээс төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолыг хүлээн аваад ажлаа төлөвлөж гаргасан. Манай байгууллага дээр ирсэн тогтоол ажилтантай хамааралтай учраас болно гэж үзсэн. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Б-г ажил тасалсан гэдэг дээр хуулийнхаа хугацаанд шийдвэр гарсан гэж үзэж байна. Төрийн захиргааны албан хаагч тангараг өргөснөөр хууль дээдлэх ёстой. Өнөөдөр хууль дээдлээгүй нь нотлогдож байна. Хөөн хэлэлцэх хугацаатай холбоотойгоор мэргэжлийн байгууллага буюу төрийн албаны салбар зөвлөлийн тогтоол шийдвэр, сумын Засаг даргад хүргэгдсэнээр зөрчил илэрсэн гэж баримтаар нотлогдож байна. Тэр утгаараа салбар зөвлөлийн шийдвэрийг үндэслэсэн. Зохигчдыг аливаа шийдвэрийг гардаж авсан өдрөөс эхэлж хөөн хэлэлцэх хугацааг тоолж эхэлнэ гэж бодож байна. Төрийн албаны тухай хуулийн заалтыг ямар үндэслэлээр хамааруулж байгаа юм бэ гэхээр төрийн захиргааны албан хаагч тангарагаасаа няцаад хуулийн хариуцлага хүлээхээр ийм нөхцөл байдал бий болсон, хууль дээдлээгүй учраас Төрийн албаны тухай хуулийн 13.1.1, 13.1.2, 13.1.4, 13.1.8 зэрэг бүгдийг авсан. Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг зөрчил илэрсэн гэдгээр үндэслэлдээ авсан байгаа. Байгууллагын дотоод журам гэж хуульд нийцсэн, байгууллага хамт олны хэвийн үйл ажиллагааг дотоод журмаараа хангах ёстой эрх зүйн орчин байдаг. Дотоод журмын заалт тэр байгууллагад ажиллаж байгаа хэн ч мөрдөж, хэрэгжүүлж, мэдэх ёстой, үүрэгтэй. Тэгэхээр нэхэмжлэгч өөрөө мэдэж байгаа. Хэрэгжилтийг хангах чиг үүргийг хүлээж байгаа албан тушаалтан мэдсээр байж зөрчсөн нь нотлогдож байна гэж ойлгож байна. Мөн үндэслэлгүй гэдэг асуудал дээр төрийн захиргааны албан хаагч ажил хаяхыг хориглоно, бусдыг ажил хаяхад уриалахыг хориглоно гэдэг заалтыг зөрчсөн гэж үзэж байна. Чөлөөлсөн үндэслэл нь сахилгын зөрчил илэрснээс хойш 1 сарын дотор авагдсан шийдвэр байсан. Энэ шийдвэрийг шүүхээс хэвээр үлдээж өгнө үү, хэрэгт авагдсан баримтуудын хүрээнд үндэслэлтэй шийдвэр гарна гэдэгт эргэлзэхгүй байна” гэв.

Гуравдагч этгээд Г.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгч И.Б-ийн оронд 5 дугаар сард удирдах ажилтны шалгалт өгөөд томилогдон ажиллаж байгаа. И.Б 03 сарын 15-нд төрийн албаны салбар зөвлөлийн тогтоолтой танилцаад 16-наас хойш ажилдаа ирээгүй. Тамгын газрын тэмдэг, түлхүүрийг ширээн дээр тавиад яваад өгсөн байсан. Байгаль орчны мэргэжилтэн гэрт нь очиж гарын үсэг зуруулсан. Нярав ч гэсэн гэрт нь очиж гарын үсэг зуруулсан. Манай сумын иргэдэд тамгын газрын дарга нотариатын үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл И.Б ажлаа тасалснаас болоод нотариатын үйлчилгээ авах боломжгүй иргэдийг чирэгдүүлсэн үйлдэл болсон” гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

  Нэхэмжлэгч И.Б нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа “Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 10–ны өдрийн Б/09 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” гэж тодорхойлж байсан ба түүний төлөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд “нийгмийн даатгалын шимтгэлийг ажилгүй байсан хугацаагаар нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгэх” гэж нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсан болно.

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/09 дүгээр захирамжаар  тус сумын Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан И-ийн Б-г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “Ажлаас чөлөөлөхдөө төрийн албан хаагчийн хориглох зүйлийг зөрчин улс төрийн намд гишүүнээр элссэн гэж үзсэн боловч сахилгын шийтгэл ногдлуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа таслаагүй ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүссэн” гэх агуулгаар тайлбарлан маргаж байгаа бол, харин хариуцагчийн зүгээс “Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн тогтоолыг хүлээн авсанаас хойш сарын дотор тушаалыг гаргасан тул улс төрийн намын гишүүнээр элссэн үйлдэлд нь сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж үзнэ, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлаа тасалсан атлаа цалингаа өөртөө бүтэн гаргуулж төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчсөн зэрэг нь ажлаас чөлөөлөх үндэслэл болсон” гэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн маргаж байна.

1. Нэхэмжлэгчийн төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчин улс төрийн намд гишүүнээр элссэн гэх зөрчлийн талаар:

Нэхэмжлэгч И.Б-ийн эрхэлж байсан Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын даргын албан тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.10, 7.3-д төрийн захиргааны албан тушаал ба төрийн жинхэнэ албан хаагч гэж, мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Төрийн жинхэнэ албан хаагч нь дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 15.1.1-д “албан үүрэгтэйгээ холбогдолгүй асуудлаар нам, төрийн бус болон шашны байгууллагын үйл ажиллагаанд төрийн албан хаагчийн хувьд оролцох” гэж тус тус заасан байна.

Нэхэмжлэгч И.Б төрийн албан хаагчийн хориглох зүйлийг зөрчиж төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байх хугацаандаа улс төрийн намд элссэн болох нь түүний орон нутгийн сонгуульд нэр дэвших болсон шалтгаанаар “Ажлаас чөлөөлөгдөх тухай” өргөдлөө 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдөр хариуцагч Эрдэнэ сумын Засаг даргад гаргаж, 13 хоногийн дараа буюу 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр өргөдлөө буцаан авсан талаар бүртгэсэн Эрдэнэ сумын ЗДТГ-ын “Ирсэн бичгийн бүртгэл”-ээр , үүний дараа 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр А намд элссэн нь Дорноговь аймгийн А намын 2017 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 3/143 дугаар албан бичиг,  Дорноговь аймгийн Эрдэнэ сумын А намын хорооны тамга бүхий “А намын гишүүний батлах” -аар /шүүх хуралдаанд эх хувиар нь шинжлэн судалсан/ тус тус тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгч И.Б-г А намд элссэнийг 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр мэдсэн гэх тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан боловч сахилгын шийтгэл ногдуулах хугацааг Төрийн албаны зөвлөлийн Дорноговь аймаг дахь салбар зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 11 дүгээр тогтоолыг  хүлээн авсан өдрөөс тооцно гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. 

Учир нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан “төрийн албан хаагчид хориглох зүйл”-ийг зөрчсөн тохиолдолд мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасан сахилгын шийтгэлийг аль нэгийг ногдуулахаар, 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргасанаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж тус тус заасан байна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн И.Б-г улс төрийн намд элссэн зөрчил гаргасныг мэдсэн гэх 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацааг тоолоход 1 сарын хугацаа нь 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдрөөр, 6 сарын хугацаа нь 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөр дуусгавар болсон байна. Иймээс нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс сахилгын шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж маргасан нь үндэслэлтэй байна.

2.Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 15 хоног ажил, үүргээ гүйцэтгээгүй тасалсан зөрчлийн талаар 

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын тамгын газрын 2017 оны “Цагийн бүртгэл”-ийн дэвтэрт  нэхэмжлэгч И.Б-г 2017 оны 3 дугаар сарын 17, 20, 21, 23, 24, 27, 28, 29, 30, 31-ний өдрүүдэд /10 хоног/, 2017 оны 4 дүгээр сарын 3, 4, 5, 6, 7-ны өдрүүдэд /5 хоног/ нийт 15 хоног ажил тасалсан гэж бүртгэгдсэн байна. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс дээрх ажил тасалсан гэх үндэслэлийн 3 дугаар сарын 20-ноос хойшхи өдрүүдийн тухайд маргаагүй бөгөөд зөвхөн 3 дугаар сарын 17-ны өдрийг ажилласан, учир нь “ажлын цагийн баланс”  дээр гарын үсэг зурсан гэж, харин хариуцагчийн зүгээс “Б 17-ны өдөр ажлаа хийгээгүй гэрт нь очиж цагийн балансад гарын үсэг зуруулсан” гэж тус тус маргаж байна.

Гэвч З дугаар сарын 17-ны өдрийн тухайд “Цагийн бүртгэл”, “ажлын цагийн баланс”-аас өөрөөр дээр дурдсан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбар, хариуцагчийн татгалзлыг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул “Цагийн бүртгэл”-ийн дэвтэрт 3 дугаар сарын 17-ны өдрийг /тасалсан гэж/ бүртгэсэн хэсгийг үнэлэлгүйгээр орхиж, бусад өдрийг тооцоход нийт ажлын 14 хоног ажил үүргээ гүйцэтгээгүй тасалсан болох нь тогтоогдож байна.

Нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн зүгээс “...2017 оны 3 дугаар сарын 13-ны өдөр төрийн албаны зөвлөлийн тогтоолыг танилцуулж, ажлаас чөлөөлөх захирамж гарахаар мэдэгдэнэ, ирж захирамжаа аваарай” гэж хэлсэнээр ажлаа хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаан болно гэх агуулгаар маргасан ба “хүндэтгэн үзэх шалтгаан” гэдгийг эрүүл мэндийн байдал, албан томилолтоор явсан, ар гэрт нь гачигдал гарсан, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан бусад гамшиг тохиолдсон зэрэг хувь хүнээс өөрөөс нь үл хамаарах нөхцөл байдлыг ойлгож хэрэгжүүлэх ба Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын  7.1.6-д “эхнэр, нөхөр, хүүхэд эцэг эх хүндээр өвчлөх, нас барсан тохиолдолд 5-7 хоног, гэр бүл болох, хүүхэд төрөх, үрчлэн авах 3 хоног, хөдөлмөрийн тухай хуулийн 66 дугаар зүйлд заасан тохиолдол, ахуйн болон гэнэтийн осол” зэрэг тохиолдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохоор заажээ.

Гэтэл нэхэмжлэгч, түүний төлөөлөгчийн зүгээс “...ямар нэг ажлын хэсэг байгуулагдахад мэргэжилтнийхээ удирдлагад явдаг байсан, сургалтад өөр хүнийг явуулахаар болсон, ажлаас чөлөөлөх тухай захирамж гарах талаар мэдсэн, гарахаар нь ирж аваарай гэж хэлсэн” зэргийг ажил хийх боломжгүй нөхцөл байдал үүссэн хүндэтгэн үзэх шалтгаан гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, эдгээр нь хүндэтгэн үзэх шалтгаан болохооргүй байх ба нэхэмжлэгчийн 14 хоног ажил тасалсаныг зөвтгөх үндэслэл тогтоогдохгүй байна. 

Нэхэмжлэгч нь “Төрийн захиргааны албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 3-ийн 3.1-д зааснаар төрийн захиргааны албан хаагч нь “шударга ёсны”, “хариуцлага хүлээх” зэрэг зарчмуудыг үйл ажиллагаандаа баримтлах бөгөөд мөн дүрмийн 5-ийн 5.1.2 дахь хэсэгт зааснаар “Хөдөлмөрийн хууль, байгууллагын хөдөлмөрийн дотоод журамд заасны дагуу ажлын цагийг бүрэн, үр бүтээлтэй ашиглах”, Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д “төрийн албан болон төрийн албан хааагчийн ёс зүйн хэм хэмжээ, төрийн байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн байгууллага, албан хаагчийн нэр хүндийг эрхэмлэн дээдлэх” гэж тус тус заасан төрийн жинхэнэ албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, хуульд заасан нийтлэг үүргийг зөрчиж хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 14 хоногийн хугацаанд ажил үүргээ гүйцэтгэлгүй тасалсан зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул хариуцагчаас Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын хөдөлмөрийн дотоод журмын  3.4-т “Дор дурдсан тохиолдолд ажилтныг захиргааны санаачлагаар ажлаас чөлөөлнө. Үүнд: Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан /2 ба түүнээс дээш/ гэж зааснаар И.Б-г ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна. 

Харин нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс ажил тасалсан зөрчлөөр нь чөлөөлөх бол Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5, 25 дугаар зүйлийг баримтлах байсан гэж маргаж байгааг хүлээн авах боломжгүй, учир нь маргаан бүхий акт болох Б/09 дүгээр захирамжийн улмаас нэхэмжлэгч И.Б-гийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байдал тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй. 

И.Б-ийн төрийн албан хаагчийн хориглох зүйлийг зөрчиж төрийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж байх хугацаандаа улс төрийн намд элссэн сахилгын зөрчилд нь сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн хэдий ч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр /ажлын/ 14 хоног ажил тасалсан нь түүнийг ажил, албан тушаалаас чөлөөлөх үндэслэл болсон нь тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбар зэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн бөгөөд хэрэгт хамааралгүй, ач холбогдолгүй, хуульд заасан нотлох баримтын шаардлагыг хангаагүй зарим баримтыг үнэлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.14 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5 дахь зүйлд заасныг баримтлан Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргад холбогдуулан гаргасан “Дорноговь аймгийн Эрдэнэ сумын Засаг даргын 2017 оны 4 дүгээр сарын 10–ны өдрийн Б/09 дүгээр “Ажлаас чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан Эрдэнэ сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалдаа эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг ажилгүй байсан хугацаагаар нөхөн төлүүлэх, зохих бичилт хийлгэх” тухай И.Б-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх зүйлд заасныг баримтлан нэхэмжлэгч И.Б-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь зүйлд заасныг баримтлан И.Б-ийн А намын гишүүний батлахыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болмогц Дорноговь аймгийн А намд буцаан хүргүүлсүгэй. 

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх зүйлд зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            С.ОТГОНТУЯА