Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 75

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Халх боржигин овогт Доржийн Ням даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Мижиддоржийн Пүрэвдорж Улсын яллагч Баяжих овогт Батжаргалын Одонтуяа Шүүгдэгч Тайжууд овогт Р-ийн Да- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р.Да-д холбогдох 1923000830060 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Яруу сумд 1980 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 39 настай, эрэгтэй, бага боловсролтой, малчин, урьд нь Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 1998 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 34 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 39 дүгээр зүйлийг журамлан тусгай ангийн 1231 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар, Завхан аймгийн сум дундын 1 дүгээр шүүхийн 2002 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 сарын баривчлах ялаар, Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 389 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2007 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар 10 жил 1 сарын хорих ялаар шийтгүүлснийг Завхан аймгийн давж заалдах шатны шүүхийн 2008 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 06 дугаартай магадлалаар 3 жилийн хорих ял болгож өөрчилсөн, Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 12 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан, хэрэг хариуцах чадвартай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух хаягтай Тайжууд овогт Р-ийн Да- /РД:ИХ********/

Шүүгдэгч Р.Да- нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг буюу иргэн Д.*******ийн 109 богийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Р.Да- нь бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд хохирогч Д.******* өөрийн 109 тооны бог малаа хэрхэн алдагдсан талаар мөрдөн байцаалтын шатанд удаа дараа тодорхой мэдүүлсэн байна. Тухайлбал Д.******* 2019 оны 5 дугаар сарын 10-ны өдөр хохирогчоор байцаах үед мэдүүлэхдээ “Алдархаан сумын Алдар багийн нутаг Хүнхэр гэх газраас 70 тооны ямаа 39 тооны хонио алдсан. 2019 оны 04 сарын 06-ны өдөр малаа тоолоход бүрэн байсан. 2019 оны 04 сарын 18-ны өдөр тоолоход дээрх бог мал дутсан. Тэгээд сумын ойр орчмоор эрээд олохоо болиод хэсгийн төлөөлөгчид мэдэгдсэн. Хонь, ямаа 2 чих шоргоолж имтэй, ямаануудын эвэр нь дотор талдаа шар будгаар будсан, хар зүсмийн, голдуу эр ямаанууд байгаа. ...хотноосоо шөнөөр алдсан. ...манай мал урьд өмнө нь бэлчээрээсээ тасарч байгаагүй. Хүн тасалж авч явсан гэж бодож байна. Манай сувай малыг ******* гэдэг хүн 2019 оны 03 сарын 18-наас 04 сарын 18 хүртэл харсан.” гэжээ. Түүнийг хохирогчоор 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр дахин байцаахад “...2019 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Хүнхэр нэртэй газар бэлчээрээсээ тасарч алдагдсан. ...тухайн цаг хугацаанд болсон үйл явдлыг эргэн санахад 2019 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр амралтын өдөр байсан. Тухайн өдөр манай сувай малыг маллаж байсан ******* амралтын өдрийг дайруулаад хувийн ажлаа хөөцөлдөх гээд аймгийн төв рүү миний мотоциклоор явсан юм. Тэр өдөр оройхон намайг сувай малаа хотлуулах үед хонин сүрэг ямар нэгэн юмнаас үргэж айсан байдалтой тогтворгүй байсан. Одоо бодоход тэр өдөр манай хонь чоно нохойд хөөгдөж тасарсан байна. Тасарсан малыг хүн тууж явсан байна. ...” гэж мэдүүлжээ. Хохирогчийн сувай малыг маллаж байсан гэх Х.******* гэрчээр мэдүүлэхдээ “...2019 оны 03 дугаар сарын 16-нд би Алдархаан сумаас гарч Аргалант багт ******* гэх айлд очиж мал харалцаж өгсөн. 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр малаа сувайлж 2 тасдаж харж гэрийнхээ 2 талд хэвтүүлэн хотлуулж эхэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр бүртгэхэд бог мал бүрэн байна гэж байсан. Эргэн бодоход 2019 оны 04 дүгээр сарын 13-нд Завхан аймаг руу ажилтай болоод орж ирсэн. Тэгээд малыг нь эзэнгүй орхисон, өөр мал эзэнгүй хариулгагүй орхиогүй. 2019 оны 04 дүгээр сарын 18-нд би Алдархаан сум руу гэр лүүгээ явах гээд малыг нь бүртгэхэд 100 гаруй ямаа голцуу дутсан байна дан сувайлсан малнаас дудсан гэсэн. Тэгээд би гэртээ ирсэн. Өглөө би сувай малыг нь дагаад гардаг байсан, байнга хажууд нь харж байсан. Би байнга дагаж мал алдчихвий гэж хяналт тавьж байсан...” гэжээ. Мөн хохирогчийн эхнэр Б.Мягмарсүрэнг гэрчээр байцаахад “2019.04.06-ны өдөр малаа сувайлж хоёр тасалсан. 4 сарын 7-ны өдөр малаа тоолоход бүрэн байсан. 2019 оны 4 сарын 18-ны өдөр малаа бүртгэхэд 100 гаруй мал дутсан.” гэж мэдүүлсэн байна. Хохирогч болон гэрчүүдийн дээрх мэдүүлгүүдээр Д.*******ийнх малаа 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр тоолоход бүрэн байсан, 2019 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр тоолоход дутсан, сувай бог малаа 2019 оны 4 сарын 13-ны өдрөөс өөр цаг хугацаанд хариулагагүй, эзэнгүй орхиж байгаагүй гэдэг нь нотлогдсон байх тул шүүгдэгчийн авсан 109 тооны бог малыг 2019 оны 4 сарын 13- ны өдөр ижил сүргээсээ тасарсан гэж үзэх үндэстэй. Түүнчлэн шүүгдэгч Р.Да- мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт “4 сарын 13-ны өдрийн 17 цагийн орчим 100 орчим тооны бог мал буюу хонь ямаа байсантай тааралдаад тухайн алдуул малыг эзэнтэй эсэхийг мэдэх санаатай харанхуй болтол алсаас харж хүлээсэн. Гэтэл харанхуй болоод тухайн малыг хэн нэгэн хүн эргэж тойрохгүй, хойноос нь эрэл сурал болохгүй болж ирэхгүй болохоор нь туугаад явсан.” гэж бусдын малыг авсан цаг хугацаагаа тодорхой мэдүүлсэнээс гадна уг малыг Хүнхэр гэдэг газраас авсан гэдгээ ч мэдүүлжээ. Шүүгдэгчийн энэ мэдүүлэг нь хохирогч *******, гэрч ******* нарын дээр дурьдсан 4 сарын 13-ны өдрөөс бусад хугацаанд малаа байнгын хариулага малалгаатай байлгасан, уг өдрөөс өөр цаг хугацаанд тасраагүй, урт удаан хугацаагаар алдагдаж алдуул болоогүй гэдгийг мэдүүлсэн мэдүүлгээр давхар нотлогдож байна. Шүүгдэгчийн мэдүүлэг бусад нотлох баримтаар давхар нотлогдож байгаа учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний мэдүүлгийг өөрийг нь яллах үндэслэл болгох боломжтой. Дээрх нотлох баримтуудаар хохирогчийн 109 тооны бог малын алдагдсан орон зай, хугацаа тодорхой тогтоогдож байх тул уг малыг ижил сүргээсээ тасарч өөр газар нутагшиж идээшсэн эзэнгүй мал буюу алдуул мал гэж үзэхгүй. Иймд шүүгдэгч Р.Да-г алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэсгүй харин хохирогч *******ийн 109 бог малыг хэн нэгнээс нууцаар, мөн бусдад хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан болох нь хөдөлбөргүй тогтоогдож байна. Ийнхүү хэрэгт авагдсан дээрх бичмэл нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд уг нотлох баримтууд хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, энэ хэрэгт хамааралтай, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, учирсан хохирлыг хангалттай нотолж байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон Р.Да-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бусдын олон тооны малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй. Хохирогч Д.******* 48 тооны бог малаа зүсээр нь буцаан авч, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр шүүгдэгчээс 40 ямаа, 21 хонь буюу 61 тооны малыг хүлээн авсан баримтыг хэрэгт хавсаргасан бөгөөд нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ мэдүүлжээ. Шүүгдэгч Р.Да- нь 2018 оны 11 дүгээр сард бусдын 7 адууг хулгайлах гэм хэрэг буюу Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлдээ тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан 1/нэг/ жилийн хугацаагаар тэнсэгдэж энэ хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байна. Р.Да- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн учир өмгөөлөгчийн Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын Р.Да-г тэнсэж, албадлагын арга хэмжээ авсан заалтыг хүчингүй болгож ял оногдуулах шаардлагатай. Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирлоо нөхөн төлсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцохоос гадна элэгний өвчний улмаас эмчийн хяналтанд байдаг, 2016 оноос хойш хөдөлмөрийн чадвар алдалт нь 70 хувиар тогтоогдсон байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах хорих ялын хугацааг өндөр тогтоохгүй байх боломжтой гэж үзлээ. Түүнд ял оногдуулахад харгалзан үзэх хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаад дурдаад

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-1.5 болон 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Тайжууд овогт Р-ийн Да-г Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг буюу бусдын олон тооны малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Да-г 3/гурван/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан тус шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолын 2, 3 дугаар заалтыг хүчингүй болгосугай.

4. Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Да-г 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Да-д Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3/гурван/ жилийн хугацаатай хорих ял дээр Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх ялыг 4/дөрвөн/ жилийн хугацаатай хорих ялаар тогтоосугай.

6. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Р.Да-д оногдуулсан 4/дөрвөн/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. 7. Шүүгдэгч Р.Да-д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шүүгдэгч Р.Да- нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирол төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримитгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

10. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч нар, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.НЯМ