Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 06 өдөр

Дугаар 2019/ШЦТ/947

 

 

 

 

 

 

 

 

2019          11           06                                     2019/ШЦТ/947                           

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                          Хэргийн индекс: 185/2019/0891/Э

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                        Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч                                         Н.Түвшинбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                        Э.Түвшинбаяр

       Шүүгдэгч                                                  Б.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-д холбогдох эрүүгийн 1909029850977 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсолтой, цахилгаанчин мэргэжилтэй, одоо Улаанбаатар секьюрити ХХК-д жолооч, хамгаалагчаар ажилладаг, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамтаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 127 дугаар гудамжны 42 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй Б.М /РД:/

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.М нь 2019 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 03 цагийн орчим “Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 1000 дугаар гудамжны гадна орчим хохирогч Ц.Баярсайханы 465000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Галакси Эс-8” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.М мэдүүлэхдээ: “...Тухайн үед надад мөнгө хэрэгтэй болсон. Тэгээд хохирогч хэтэрхий согтуу байсан болохоор нь утсыг нь авсан... Тухайн үед манай найз охин жирэмсэн яахаа мэдэхгүй миний цалин буух болоогүй байсан. Найз охин маань хүүхдээ авахуулна гээд байсан. Аав, ээж хоёроос айгаад орой таксинд явж байгаад согтуу хүн суухаар утсыг нь авсан. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж өөрөөсөө ичиж байна...” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагч Б.М мэдүүлэг, хохирогч Ц.Баярсайханы мэдүүлэг, гэрч Б.Алтангэрэлийн мэдүүлэг, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ зэргийг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Б.М нь 2019.08.10-наас 11-нд шилжих шөнийн 03 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Хонхорын 1000 дугаар гудамжны орчим хохирогч Цэцэгдэлгэрийн Баярсайханыг согтуу, биеэ авч явах чадваргүй байгааг нь далимдуулан түүний 465.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Галакси Эс-8 загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар дээрэмдэн авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:    

Б.М яллагдагчаар өгсөн: “...тэр ах “ах нь мобайл банкаар мөнгийг нь шилжүүлнэ, бэлэн мөнгө алга аа” гэж хэлээд машин дотор сууж байхдаа мөнгөө Алтангэрэлийн данс руу шилжүүлсэн. Тэгээд тэр ах бид 2 машинаас бууж дахиад тамхи татсан. ...би тэр ахтай хоёулахнаа үлдээд гудамжинд цуг тамхи татаад зогсож байхад тэр ах гар утсан дээрээ миний утасны дугаарыг тэмдэглэж авна гээд байсан. Тэгээд гар утсаа гаргаж ирээд миний дугаарыг тэмдэглэж байх үед нь би тэр ахын гараас нь гар утсыг нь аваад шууд гүйчихсэн. Тэгээд Алтангэрэлд болохоор юу ч хэлээгүй. Тэгээд манайх руу цуг яваад манай гэрийн гадаа очоод би гэртээ орно гээд үлдсэн. ...Алтангэрэл юу ч мэдээгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-37 тал/,

Хохирогч Ц.Баярсайханы: “...Тэгээд тэндээсээ 32-ын зам дагуу гэр рүүгээ явах санаатай такси барих гэж гар өргөөд ганцаараа зогссон. Тэгтэл цагаан өнгийн Тоёота приус-20 маркийн машин хойноос уруудаж ирж зогссон. Тэгсэн намайг ороод машинд нь суухад өндөр залуу нь миний хажууд ирж суугаад, намхан залуу нь жолоогоо бариад явсан. Тэгээд Хороолол, Гандангаар цаашаа яваад шинэ замд байдаг Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны Хонхорын 1000-н 1-8 тоот манай гэрийн гадаа ирж зогссон. Тэгээд жолооч нь 3000 төгрөг гарсан байна гэж хэлэхээр нь би машинаас нь буугаад галаа нь зогсож байгаад өөрийн Самсунг галакси Эс-8 маркийн 94645656 дугаартай утаснаасаа мөнгийг нь интернэт банкаар шилжүүлсэн юм. Намайг мөнгө шилжүүлэх гээд тонгойж байх хооронд нь жолоо барьж байсан залуу нь машинаа хөдөлгөөд цаашаад яваад өгсөн. Би тэр жолоочийнх нь данс руу мөнгө шилжүүлж байх хооронд нь нөгөө залуу нь миний хажууд зогсож байсан. Тэгээд би мөнгөө шилжүүлчихээд уг өндөр залууд гар утсаа харуулаад “за шилжүүлчилсэн шүү” гэж хэлсэн чинь миний гараас миний утсыг аваад зугтаачихсан. Тэгэхээр нь би араас нь “Данс чинь байгаа ш дээ, буцаагаад миний утсыг өгчих өө” гэж хэлээд гүйж байхдаа би өөрөө бүдэрч унаад зүүн хөлийнхөө эрхий хурууг гэмтээчихсэн юм. Тэгээд яг аль чиглэл рүү зугтаасныг харж чадаагүй, гудамжаар эргээд л зугтаад яваад өгсөн. ...би ажлын газрынхантайгаа салхинд гарсан учраас нилээн их архи дарс уучихсан, нилээн согтуу явж байсан... ер нь тэр өндөр залуугийн буруутай үйлдэл байгаа юм... намайг зодож цохиогүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

Гэрч Б.Алтангэрэлийн: “...замдаа явж байхад Мөнх-Эрдэнэ хойшоо давж суугаад тэр хүнтэй хамт тамхи татаж байсан. Тэгээд гэрийнх нь үүдэнд очоод 3000 төгрөг гарсан байна гэж хэлтэл нөгөө эрэгтэй миний данс руу 3000 төгрөг шилжүүлээд машинаас буухад нь Мөнх-Эрдэнэ тэр хүнтэй хамт буусан. Тэгээд намайг хашааны буланд очоод бие засчихаад машиндаа сууж байтал Мөнх-Эрдэнэ буцаад машинд орж ирж суусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 38 тал/,

Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 28-29 тал/ зэрэг  болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны байх бөгөөд шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй, мөн хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.М үйлдэл хангалттай тогтоогдсон тул гэм буруугийн талаар няцаах, үгүйсгэх дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.М бусдын эд хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр  хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Дээрэмдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж, ял оногдуулах үндэслэлтэй байх бөгөөд түүнд ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.М хувьд хоромхон зуурын сэтгэл хөдлөлдөө автан амар хялбар аргаар мөнгө, ашиг хонжоо олох гэсэн шунахайн сэтгэлээр, хохирогчийг архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ авч явах чадвар сул байгааг далимдуулдан дээрэмдэх гэсэн гэмт зан  байдал шууд нөлөөлжээ.

 

Хохирол төлбөрийн хувьд хавтаст хэргийн 38 дугаар талд хохирогч Ц.Баярсайхан нь дээрэмдүүлсэн эд зүйл буюу “Самсунг галакси Эс-8” маркийн гар утсаа хүлээн авсан, эд зүйлээ хүлээн авсан тул шүүх хуралдаанд оролцохгүй, шүүгдэгчид гомдолгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.Мөнх-Эрдэнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч Б.Мд улсын яллагчийн зүгээс 02 жил 01 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг гаргажээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Түвшинбаяр нь Б.М-ийн хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэжээ.

 

Шүүгдэгч Б.М нь гэм буруугийн хувьд маргаагүй, анх удаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, түүний хувийн байдал, хохирогчийн гомдолгүй гэх байр суурь, түүний үйлдсэн хэргийн шинж байдал зэргийг харгалзан түүнд хорих ял оногдуулж, биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэж шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч Б.М нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч Б.М-г дээрэмдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д хорих ял оногдуулахгүйгээр 02 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Б.М-д тэнсэгдсэн 2 жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, уг хязгаарлалтыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгч Б.М-д анхааруулсугай.

5. Тэнсэгдсэн ялтан Б.М-д хяналт тавихыг Нийслэлийн цагдаагийн удирдах газрын харъяа Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газарт даалгасугай.

6. Шүүгдэгч Б.М нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар,  улсын яллагч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР