Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2019/ШЦТ/949

 

  2019      11           07                                     2019/ШЦТ/949                                   

                                     

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС       

Хэргийн индекс: 185/2019/0945/Э

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж,

 

Улсын яллагч: П.Эрдэнэбаатар,

Нарийн бичгийн дарга: Д.Амуундарь,

Шүүгдэгч Ж.Г /өөрийгөө өмгөөлж оролцсон/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ж.Г-д холбогдох эрүүгийн 1909034681127 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1982 оны 6 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 37 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, одоо Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комисст референт ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг 10 дугаар хороо, 36-16 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Ж.Г, /РД: / гэв.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Ж.Г нь 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 36 дугаар байр 16 тоотод өөрийн гэртээ эхнэр И.Ц-тэй гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан, улмаар түүний биед халдаж, баруун тархи доргилт, баруун гарын эрхий хуруу, зүүн тавхайн нэгдүгээр хуруу, зүүн чихний арын төвгөр, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун дал нуруунд цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хуагцаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт  холбогджээ.

Шүүгдэгч Ж.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр болсон маргааны шалтгаан нь өмнөх өдрийн хэрүүл маргаанаас болсон. Манай найз ломбарданд миний бичиг баримтаар эд зүйлээ тавьсан байсан. Гэтэл 400.000 төгрөгөөр та нар юу хийсэн бэ? Хүүхэндэж явсан юм уу? гээд маргаж, хутга хүртэл барьж дайрсан. Манай эхнэр ер нь байнга хардаж маргаан үүсгэж байдаг. Байнга ажил руу залгаж, оройтож ирэхээр уурлаж хэрүүл хийж, байнга нүүр рүү нулимж хэрцгий зан гаргадаг. Би хоёр хүүхдээ бодож тэвчиж амьдарч байгаа. Эхнэрийн биед би гэмтэл учруулсан, үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа. Би гэр бүлдээ ганцаараа ажил хийдэг. Энэ байдлыг минь харгалзан хуульд заасан торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч И.Ц-н өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн №10632 дугаартай дүгнэлтүүд зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ж.Г нь согтуугаар 2019.08.31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 36 дугаар байрны 16 тоотод байх гэртээ хохирогч өөрийн эхнэр Ичинноровын Цасанцэцэгтэй гэр бүлийн хэрүүл маргаан үүсгэж, хардалт, амьдралын бэрхшээлт байдлууд, хоорондын үл ойлголцлоос шалтгаалж хурц  маргалдан улмаар түүний бие, эрх чөлөөнд халдан зодож баруун тархи доргилт, баруун гарын эрхий хуруу, зүүн тавхайн нэгдүгээр хуруу, зүүн чихний арын төвгөр, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун дал нуруунд цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт гэмтэл бүхий эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

И.Ц-н хохирогчоор болон гэрчээр өгсөн: “...Ж.Г гэгчтэй 2012 онд танилцаад 2013 онд би жирэмсэн болж 2014 онд нэг гэр бүл болсон юм. Энэ хугацаанд Ж.Г байнга намайг хэл амаар доромжлон хүч хэрэглэж зодож байсан ба би гэр бүлээ бодон хүүхдүүдээ өнчрүүлээд яахав гэж Ж.Гийг тэсэж тэвчин амьдарч байсан юм. Сүүлд Ж.Г 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэртээ согтуу ирж намайг хэл амаар доромжлон зодож цохьсон. .........Болор-Эрдэнэ нь амьдрал үр хүүхдээ бод гэж хэлээд нөгөө өрөөнд орж буйдан дээр суугаад зурагт үзэж байхад нөхөр унтлагын өрөөнд намайг оруулаад нүүрэн тус газарт цохиход нээх аймар зодоогүй байсан. Тэгээд Болор-Эрдэнийн найз охин нь түүнийг ирээд аваад явсан. Тэгсэн чинь манай нөхөр дахин хэрүүл хийж байснаа намайг зодоод эхэлсэн. ...” гэх мэдүүлэг  /хх-ийн 17-19, 20-22 тал/,

Ж.Г-н яллагдагчаар өгсөн: “...өмнөх өдөр нь эхнэр И.Ц-тэй гэр бүлийн маргаанаас болж маргалдаад эхнэр маань намайг ална гэж хэлээд заазуур бариад над руу шидэх үйлдэл гаргасан, гал тогооны аяга тавга хагалсан юм. Тэгээд би архи уусан үедээ эхнэр И.Ц-д “чи намайг өчигдөр заазуур бариад ална гэж хэлээд дайрсан биз дээ гэж хэлсэн чинь манай эхнэр чи битгий худлаа яриад бай, хүн гүтгээд байна гэж хэлээд над руу уурлаж хэрүүл хийсэн. ...тэгэхээр нь би чамайг зодоогүй байхад чи яагаад намайг гүтгээд байгаа юм бэ гэж хэлээд эхнэрийн баруун зүүн гарынх нь бугуй хэсгээс гараараа бариад ор руу түлсэн... эхнэр миний өмсөж байсан фудволкийг урсан, дээрээс нь миний биеийн цээж хэсгийг маажаад надаас салахгүй зууралдаад байхаар нь эхнэрийн толгойн тус газарт нэг удаа гараараа цохиод эхнэрийг өөрөөсөө салгасан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 3-5 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 9 дүгээр сарын 04- ний өдрийн №10632 дугаартай: “...И.Ц-н биед баруун тархи доргилт, баруун гарын эрхийн хуруу, зүүн тавхайн нэгдүгээр хуруу, зүүн чихний арын төвгөр, зүүн чамархайн зөөлөн эдийн няцрал, баруун дал нуруунд цус хуралт, зүүн нүдний алимны цус харвалт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 28 тал/  зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.

Шүүгдэгч Ж.Г-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хувьд архи согтууруулах ундааг тогтмол хэрэглэж, зан авир нь догшрон гэр бүлийн хүчирхийлэл, дарамт үүсгэх болсноор гэр бүлийн доторх эхнэр, нөхрийн хоорондын харилцаанд үл ойлголцол үүсгэсэн, хохирогчийн хувьд амьдралын бэрхшээлт байдлууд, хардалт зэрэг асуудлуудаас болж нөхөртэйгөө үе үе хурц ширүүн маргаан үүсгэх болсон зэрэг нөхцөл байдлууд  нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн байна.

Хохирогч И.Ц нь “...миний бие нөхөр Ж.Г-тэй эвлэрсэн, хохирогчийн хувьд санал гомдол байхгүй, бтд эвлэрсэн тул хэргийг хөнгөн шийдэж өгнө үү...” гэсэн хүсэлтийг хавтаст хэргийн 49 дүгээр талд гаргасан байх тул шүүгдэгч Ж.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Г-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүгдэгчийн хувийн байдал, анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, энэ хэргийн нийгмийн аюулын шинж, бусдад төлөх төлбөргүй, эрхэлсэн тодорхой ажилтай зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч Ж.Г нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдсон хоног байхгүй, түүний биеийн байцаалттай холбоотой бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй болно.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г-г 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Ж.Г-д оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг ялын хэрэгжиж эхлэх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолсугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт урьдчилан цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш       14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч Ж.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

  ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Ж.БОЛДБААТАР