Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 2019/ШЦТ/954

 

2019         11          08                                          2019/ШЦТ/954                            

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                          Хэргийн индекс: 185/2019/0946/Э

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Болдбаатар даргалж

Нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Б-д холбогдох эрүүгийн 1903009450412 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол улсын иргэн, 1980 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Нарийнтээл суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, байгаль орчны байцаагч мэргэжилтэй, одоо 100 айлын барилгын материалын зах дээр Агуйт ХХК-д гэрээгээр ачаа тээврийн үйл ажиллагаа эрхэлдэг гэх, ам бүл 4, эхнэр  2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 3-271 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, П.Б /РД:/

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч П.Б нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний 12 цаг 38 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, “Сансар 32” худалдааны төвийн урд замд “Тоёота Приус” маркийн 60-44 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөний улмаас Ч.Дэлгэрмаагийн жолоодон явсан “Мазда СХ-5” маркийн 65-79 УНД улсын дугаартай автомашиныг мөргөж, зорчигч Б.Чимэдлхамын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.Б мэдүүлэхдээ: “...Би өөрийн гэм буруугаа хүлээж, ойлгож байгаа. Хохирол төлбөрийг хохирогчид төлж барагдуулсан. Иргэний нэхэмжлэлийн талаар өчигдөр мэдсэн, гэхдээ төлж барагдуулна. Миний бие “Агуйт” ХХК-д гэрээт ажилтнаар ажилладаг. Нэг сард 1.500.000-2.000.000 төгрөгийн цалин авдаг...” гэх мэдүүлэг;

Мөрдөн байцаалтын шатанд өгсөн яллагдагч П.Бын өгсөн мэдүүлэг, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зураг, хэмжилтийн бүдүүвч, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Б.Чимэдлхамын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ч.Дэлгэрмаагийн мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №9962 дугаартай дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн магадлагаа, автомашины үнэлгээний тайлан зэргийг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд

                                                                                              ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч П.Б нь 2019.08.14-ний өдрийн 12 цаг 40 минутын орчимд Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Сансар 32 худалдааны төвийн урд замд өөрийн эзэмшлийн Тоёота приус маркийн 60-44 УБӨ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-т заасан: “уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэний нэхэмжлэгч Чимэдлхамын Дэлгэрмаагийн жолоодож явсан Мазда СХ-5 маркийн 65-79 УНД улсын дугаартай автомашиныг мөргөж 4 185 000 төгрөгийн шууд хохирол, уг автомашинд зорчиж явсан хохирогч Батхүүгийн Чимэдлхамын эрүүл мэндэд өвчүү ясны далд хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:    

Хохирогч Б.Чимэдлхамын: “...2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өөрийн охин Дэлгэрмаагийн хамт түүний машинтай зуслангаас хот руу орохоор явж байтал зүүн талаас 1 цагаан өнгийн жижиг машин зам руу орж ирээд мөргөлдсөн. Үүний улмаас миний өвчүү хугарсан, хавирга гэмтэлтэй гэсэн. Одоо амьсгал авахад хүндрэлтэй байна. Ханиаж найтаахад өвдөж байна. Нэхэмжлэх зүйлийн хувьд эмнэлгийн төлбөр төлүүлээд  болно гэж бодож байна....гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/,

Иргэний нэхэмжлэгч Ч.Дэлгэрмаагийн: “...2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр өөрийн эзэмшлийн “Мазда СХ-5” маркийн 65-79 УНД улсын дугаартай автомашиныг жолоодон ээж Чимэдлхамыг суулган явж байтал “Тоёота приус” маркийн авто машин урдаас зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байхад бид хоёр мөргөлдсөн. Автомашины хохирол 4.185.000 төгрөг гарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 21 тал/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн №9962 дугаартай “...Б.Чимэдлхамын биед өвчүү ясны далд хугарал, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 28 тал/,

Тээрийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахмад Ү.Оюун-Эрдэнийн 2019 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн №313 дугаартай “...жолооч П.Б нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.9-д заасан ...уулзвараас бусад газарт жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байна. ...жолооч Ч.Дэлгэрмаа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна” гэх магадлагаа /хх-ийн 31 тал/,

“Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн 14691638 дугаартай “...Мазда СХ-5” маркийн 65-79 УНД улсын дугаартай автомашинд 4.185.000 төгрөгийн хохирол учирсан...” гэх автомашины техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 37 тал/ зэрэг  болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл хангалттай нотлогдож тогтоогдсон байна гэж дүгнэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзнэ.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч П.Б, түүний өмгөөлөгч Ж.Гантулга нар нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгч П.Бын хувьд авто машин жолоодож явах үедээ Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж хөдөлгөөнд анхаарал болгоомжгүй оролцож, хайнга хандсан зан байдал шууд       нөлөөлжээ.

Иймд шүүгдэгч П.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Б.Чимэдлхамын хувьд эмчилгээний төлбөрт 1.681.355 төгрөг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч П.Б нь 1.681.400 төгрөгийг хохирогчид төлсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн баримтаар нотлогдож байх тул түүнийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Гэсэн хэдий ч хохирогч Б.Чимэдлхамын хувьд шүүгдэгч П.Баас эрүүл мэндэд нь учирсан гэм хор, хохиролтой холбоотой асуудлаар нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Мөн энэ гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Ч.Дэлгэрмаад Гэрэгэ Эстимэйт ХХК-ийн хийсэн хөрөнгийн үнэлгээгээр 4.185.000 төгрөгийн шууд хохирол учирсан бөгөөд үүнээс Монре даатгал ХХК-иас Ч.Дэлгэрмаад олгосон даатгалын нөхөн төлбөр 3 835 000 төгрөгийн зөрүү мөнгө болох 465.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгч П.Б-с нэхэмжилсэн байх бөгөөд уг хохирлыг шүүгдэгчээс гаргуулж иргэний нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Шүүх хуралдаанд шүүгдэгч П.Б-д улсын яллагчийн зүгээс 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналыг гаргажээ. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Гантулга нь шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч П.Б нь гэм буруугийн хувьд маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогч иргэний нэхэмжлэгчид хохирол нөхөн төлсөн болон нөхөн төлөхөө илэрхийлсэн зэрэг байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт оногдуулахаар заасан ялын төрлөөс торгох ялыг сонгон оногдуулах боломжтой гэж үзэж уг ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хэргийн газрын үзлэг хийсэн явц байдлыг харуулсан 1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч П.Б нь энэ гэмт хэргийн улмаас урьдчилан цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч П.Б-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч П.Б-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу       15 000 /арван таван мянга/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд анхааруулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч П.Б-с 465.000 /дөрвөн зуун жаран таван мянга/ төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ч.Дэлгэрмаа /РД: /-д олгосугай.

6. Хохирогч Б.Чимэдлхам нь шүүгдэгч П.Б-с эрүүл мэндэд нь учирсан гэм хор, хохиролтой холбоотой асуудлаар нэхэмжлэх зүйл байгаа тохиолдолд нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн  1 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хадгалж, шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт уоьдчилан цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хуулийн хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар,  улсын яллагч нь энэ шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан  давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелэгдэх хүртэл шүүгдэгч П.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.     

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Ж.БОЛДБААТАР