Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2019/ШЦТ/174

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгч Ч.О,

Нарийн бичгийн дарга Д.Чимэддорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Ч.От Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814004800211 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ч.О,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.О нь 2018 оны 08 сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Буян караокед Ц.Ныг микрофон ашиглан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Ц.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... би зөвшөөрөөд Буян караокед ороход тэнд Баян-Овоо суманд үйл ажиллагаа явуулдаг ******* ******* ХХК-ны ажилчид мөн төрийн бус байгууллагын ажилчид сууцгааж байсан. Намайг караокед ороод сандал дээр сууж бахад миний өмнө талд нэг махлаг нуруутай залуу ирээд зогссон. Би түүнд чи холдоод зогсчих намайг юм харуулахгүй хаагаад байна гэхэд тэр залуу юу ч хэлээгүй холдоод явсан. Хэсэг хугацааны дараа буцаж ирээд дахин миний өмнө ирээд зогсохоор нь би түүний өөдөөс хартал тэр текэн дээр байсан микрофоныг шүүрч аваад миний зүүн талын нүдний орчимд цохисон, би харааны шилтэй байсан учраас шил маань хагарч миний нүдийг гэмтээсэн ... Надад одоо гомдол санал байхгүй. Ч.О надад эмчилгээний зардалыг бүгдийг даасан. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Би хохирол гомдолгүй болсон Ч.О бид 2 сайн дураараа эвлэрсэн байгаа гэхдээ албан ёсоор баталгаажуулаагүй байгаа ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 32-36/,

Гэрч    Ш.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Буян дээр ирхэд Н дарга, Б, Б, Г, М, ******* ******* ХХК-ны хуульч А нар гадаа нь зогсож байсан. Би Н даргыг явах гээд гараад ирсэн байна гэж бодоод очоод зогсож буухад Н дарга нүдээ цагаан салфитка юм уу нойлын цаасаар дараад зогсож байсан. Би Наас та яачихваа гэхэд Н Отгоо гэдэг хүн микрофоноор миний нүдрүү цохьчихлоо гэж байсан. Нүд рүү харъя гэхэд нүд нь гэмтсэн байхаар нь би эмнэлэгрүү Н даргыг авч явсан. Эмнэлэг дээр ирээд Н даргыг А гэдэг эмчид үзүүлхэд наадах чинь болохоо байсан байна яаралтай хот руу яв гэсэн. Тэгээд эмч үзлэг хийсэн. Тэгээд Н дарга цагдаад дуудлага өг гэхээр нь би дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 37-39/,

Гэрч П.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Тэгтэл 18-ны өдрийн 01 цаг 25 минутын орчимд Ц.Н хамт ажилладаг залуугийн хамт гаднаас өөрсдөө ирсэн ба нүд рүү микрофоноор цохьчихлоо нүд юм харахгүй нулимс гоожоод байна гэсэн зовиуртай ирсэн. Ц.Нын биед үзлэг хийхэд зүүн нүднээс нулимс гоожоод баруун нүднээс зүүн нүдний алим илүү хонхордуу хамраас ягаан өнгийн шингэн байнга дусалж гараад байсан. Тухайн үед нүдийг нь ариун цэврийн марлаар тусгаарлаж наасан 30 минутын дараа үзхэд 2 зовхи нь нийлээд хавдсан нүдээ нээж чадахгүй байсан. Тэгээд яаралтай Улаанбаатар явж эмчлүүл гэсэн зөвлөгөө өгсөн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 40-41/,

Гэрч Г.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Тухайн өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр манай компани манай хэлтэс Баянхонгор сумын тамгын газраас бэлэг дурсгалын зүйл гардуулаад орой түүнийг нь Б дарга бид 2 очиж авсан ... Тэгээд ороод О нь Н даргыг “наашаа суу” гээд хажуудаа суулгасан. Тэгэхээр нь би буцаж гараад тек рүү очоод эргээд орж ирэхэд О баруун гартаа микрофон барьчихсан Нын хажууд сууж байсан. О Н дарга руу хэл амаар дайрч “Чиний хурандаагийн хүүхэд чиний бөхийн удам хамаагүй” гээд чанга дуугаар хэлж байсан. Тэгж хэлээд шууд микрофоноороо гэнэт Нын нүд рүү нь 2 удаа цохисон. Н дарга нүдээ дараад тонгойнгуут толгой руу нь бас цохисон. Тэгээд Н дарга босоод ирсэн чинь Р дарга Оыг тэвэрч татаад холдуулан А хуульч Н даргыг тэвэрч холдуулсан. Дахиж цохилцоогүй. Тэгээд хориогүй бол О Н руу дайраад байсан. Тэр үед гаднаас нэг өндөрдүү эрэгтэй хүн орж ирээд Оыг аваад гарч явсан. Н даргыг бид нар аваад гарахад гадаа М ирж байсан тул М бид 2 Н даргыг аваад эмнэлэгт ирж үзүүлээд яаралтай хот руу явах болоод Н даргыг манай жолооч Ганзоригийн машиныг М жолоодоод хамт Улаанбаатар хот руу явцгаасан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 44-46/,

Гэрч О.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Тэгээд би найз Мг дуудаад удалгүй М ганцаараа ирсэн. М ирснээс хойш 5 минутын дараа Н Б гэдэг эмэгтэйн хамт орж ирсэн. ... Н орж ирээд мэндэлхээс авхуулаад Отай түр тар хийгээд маргах гээд байсан. Би Нтай гар бариад танилцахад Р хурандаагийн хамаатан гэх шиг болсон. Тэр хооронд Р 1 дуу дуулаад яриа цааш үргэлжлэхэд Н О 2 маргалдсан байсан. О нь “чи яасан том юм яагаад томроод байгаа юм” гэж байсан. Н нь “би угаасаа том” гэх зэргээр маргаж байсан. Гэтэл гэнэт О босоод ширээн дээр байсан микрофон бариад Нын нүд рүү 1 удаа цохисон. Дахиад цохиж магадгүй байсан ба Н ч босоод ирэхээр нь би дундуур нь орж салгасан. Би дундуур нь ороод Ныг холдуулаад хамраас нь цус гарч байна гэж бодсон. Ер дөө ийм зүйл болсон. Тэр 2 дахин зодолдоогүй цаашаа хэрүүл ч үргэлжлээгүй. Оыг Г авч явсан байх ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 47-48/,

Гэрч Р буюу “******* ******* *******”-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Тэр өдөр ******* төрийн бус байгууллагын захирал О болон бусад гишүүдтэй хамт манай байгууллага хоорондын зөрчилдөөнийг шийдэхээр уулзсан ... Тэгээд дараа нь Н, Б 2 орж ирсэн. Тэгээд Ц.Н Оын хажууд суусан. Тэгээд удалгүй 5-10 орчим минутын дараа хүмүүс юм яриад би нөгөө хүмүүс рүү хараад зогсож байхад ард чимээ гарахаар нь харахад О микрофоныг гартаа бариад Нын толгойн хэсэгт цохиж байсан. Тэр Ныг микрофоноор 1-2 удаа цохисон. Тэгээд би эргэж хараад Оыг тэвэрч холдуулсан. Ныг ******* холдуулсан. Тэгээд О цохихоо больсон. Н зүүн нүдээ гараараа дараа “юм харахгүй байна” гэсэн. Нын нүд орчимоос нь цус гарч байсан. О Нын нүдний шилийг нь хагалсан юм шиг харагдсан. О Н нар зодоон болохоос өмнө зүгээр сууж байсан. Тэгээд намайг эргээд харахад Ныг О цохисон. Н Оыг цохих үйлдэл гаргаагүй. Тэр 2-ыг салгасны дараа бие бие рүүгээ үгээр дайрсан. Тэгээд Н эмнэлэг явсан. О жолоочтойгоо явсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 49-51/,

Гэрч Ч.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Тухайн өдөр буюу 2018 оны 08 дугаар сарын 17- ны өдөр манай компаниас Баянхонгор сумын хурлын заалыг ашиглан ******* төрийн бус байгууллагынхантай уулзаж хуралдсан ... Бид нар караокед ороод удаагүй А өмгөөлөгчийн найз нь гэх М шүүгч ирсэн. Бид нар архи ундаа ус захиалаад сууж байсан бөгөөд Бтай би утсаар яриад дуудсан. ... намайг орсноос хойш 1-2 минут болтол О Н даргыг чиний хурандаа билүү хурандаагийн хүү байх чинь гэлүү ямар ч байсан хурандаатай холбоотой зүйл хэлээд хэнд хамаатай юм, чи яасан том юм нүд рүү нь ширээн дээр байсан микрофоноор 2 удаа нүд рүү нь цохисон. Тэгтэл Н дарга нүүрээ гараараа дараад доошоо тонгойсон чинь А өмгөөлөгч Ныг тэвэрч хамгаалаад цааш нь болгосон. Р захирал болохоор Оыг тэвэрч аваад салгасан. О тухайн үед согтуу байх гэж би бодсон. Н дарга гаднаас орж ирэхдээ баярласан байдалтай сэтгэл нь хөөрсөн согтсон байдалтай байсан. Н хүнтэй маргах зүйл юу ч болоогүй. Н О 2-ыг салгаснаас хойш дахин бие биенийгээ цохиж зодоогүй. Тэгээд О яваад Н нүдний шилээ хайж байгаад нүд болохгүй байна гээд Бтай болон гадаа байсан ажлын газрынхаа залуугийн хамт эмнэлэг явсан ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/,

Гэрч С.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... орой нь караоке хаах үед очиж авах гээд Буянгийн үүдэнд очиход О байхаар нь аваад гэрт нь хүргэж өгсөн. Тэгэхэд О надтай нэг их юм яриагүй нэлээн согтуудуу л байсан. Оыг хүргэж өгчихөөд эргээд Буянгийн үүдэнд очиход Ныг О нүд рүү нь цохичихлоо гэж А хэлсэн. Тэгээд би эмнэлэг ороод Н дээр очиход яаралтай хот явах шаардлагатай гэхээр нь би бензиний мөнгө өгчихөөд яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 56-57/,

Шинжээч эмч Г.Эын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Иргэн Ц.Нын Болор мэлмий эмнэлэгт үзүүлсэн амбулаторийн картанд бичигдсэн харааны бууралтад үндэслэн дүгнэлтийг гаргасан ... Ц.Н нь зүүн нүдэнд болор шилэнцэрийн мэс засал хийлгэсний үр дүнд нүдний харааны бууралт сайжирсан байна. Өөрөөр хэлбэл зүүн нүдний хараа 0.08 болсон байх тул энэ нь хөдөлмөрийн чадварыг алдагдуулалт 20 хувиар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байна ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 221-225/,

Шинжээч эмч М.Зын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... Иргэн Ц.Нын биед учирсан харааны бууралт гэмтэл болон зүүн нүдний хараан бууралт нь 0.08 болсон ба мэс заслын болон бусад эмчилгээний явц үр дүнгээс сайжирсан тул уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.-5-д зааснаар ерөнхий чадварыг тогтонги алдалтанд 20 хувь нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 226-229/,

Шүүгдэгч Ч.Оын мөрдөн байцаалтын шатанд өгсөн ... 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдөр би Буян караокед ******* ******* ХХК-ны хуульч *******, *******, Р, М нартай байсан. Тэгтэл гаднаас Н орж ирсэн. Бид нар караокед нь дуулж байсан. Тэгээд Н над дээр ирээд “одоо бид нар дуулаадахъя чи цаашаа байж бай” гэсэн. Тэгээд Н бид 2 маргаад би цаашаа явчихаад эргэж ирээд гарт байсан микрофоноор Нын нүд рүү нь 2 удаа цохисон. Тэнд байсан хүмүүс Н бид 2-ыг салгасан ... Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Би Нт хохирлыг бүрэн төлсөн ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 190-191/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 08 сарын 24-ний өдрийн шинжээчийн ... Ц.Нт зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, ухархайн дотор хананы хугарал, зовхины цус хуралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ухархайн дотор хананы хугарал нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нүдний алимны нэвтэрсэн шархны улмаас зүүн нүдний хараа бууралтыг одоогоор тогтоох боломжгүй, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх эсэх нь тодорхой бус тул гэмтлийн зэргийг харааны байдал тодорхой болсны дараа тогтоох болно ... гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 65-66/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 сарын 07-ны өдрийн 1212 тоот нэмэлт шинжээчийн ... Ц.Нт зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, алимны няцралт, шиллэг эдэд цус харвалт, болорын цайлт үүссэн нь нүдний харааны бууралт 0,02 буюу гарын хөдөлгөөн мэдрэх болсон нь хөдөлмөрийн ерөнхий чадварыг 65%-иар алдагдуулсан тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зовхины цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 122-124/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 428 тоот дахин шинжээчийн ... Урд гаргасан 2018.08.24-ний 10421, 2018.11.07 1212 шинжээчийн дүгнэлтүүд нь тухайн үедээ үндэслэлтэй байна. Уг дүгнэлтүүдийг тухайн үеийн үндэслэвэл зохих эмнэлэгийн баримтанд үндэслэж гаргасан байна. Ц.Нын биед учирсан зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зовхины цус хуралт, зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх, алимны няцрал, шиллэг эдэд цус харвалт, зүүн нүдний харааны бууралт 0,08 гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 4.7.34.5-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад 20% нөлөөлөх тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Урд гаргасан 2018 оны 08 сарын 24-ний өдрийн 10421 дугаартай дүгнэлтэнд зүүн нүдний алимны нэвтэрсэн шарх гэмтлийн улмаас зүүн нүдний хараа хэдэн хувиар буурсан нь тодорхойгүй байсан тул гэмтлийн зэргийг харааны байдал тодорхой болсны дараа тогтооно гэсэн нь үндэслэлтэй байна. Хохирогч Ц.Нын зүүн нүдний харааны бууралт 0,02 буюу гарын хөдөлгөөн мэдрэх болсон нь бүр мөсөн хараагүй болсон гэж үзэхгүй. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.1-д: хараагүй болох гэдэг нь хоёр нүд бүр мөсөн харахгүй буюу нүдний хараа 0,04 ба түүнээс доош буурахыг хамааруулна гэж заасан байдаг. Хохирогч Ц.Нын харааны бууралт 0,02 байсан нь мэс заслын болон бусад эмчилгээний явц, үр дүнгээс шалтгаалан сайжирч болно. Нүдний гэмтлийн үед гэмтлийн зэргийг харааны бууралтаар тогтоодог бөгөөд эмчилгээний үр дүнд харааны чадал сэргэсэн тохиолдолд хамгийн сүүлийн үзлэгээр тогтоогдсон харааны бууралтаар гэмтлийн зэргийг тодорхойлно ... гэсэн дүгнэлт /1-р хх-ийн 137-140/,

Хохирогч Ц.Нын эмчийн тодорхойлолт, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /1-р хх-ийн 70-118/,

Хохирол төлсөн тухай баримт /1-р хх-ийн 165-167/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /1-р хх-ийн 197-197/,

Эд хөрөнгө битүүмжилсэн тухай тогтоол /1-р хх-ийн 198-203/,

Шүүгдэгч Ч.Оын иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдалтай холбоотой бусад баримтууд /1-р хх-ийн 235-236, 240-241,245-247/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд ;

Шүүгдэгч Ч.О нь 2018 оны 08 сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Буян караокед Ц.Ныг микрофон ашиглан зодож түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ч.От холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй зөв байна.

Уг хэрэгт хохирогч Ц.Нын нүдэнд учирсан гэмтлийн зэргийг тогтоохоор анхан, нэмэлт, давтан гэсэн 3 шинжээчийн дүгнэлт гарсан байх бөгөөд хамгийн сүүлчийн буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 428 тоот дахин шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ц.Нын биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан гэж дүгнэжээ.

Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.5.1-д “хараагүй, сонсголгүй, хэлгүй болох Үүнд: хараагүй гэдэг нь хоёр нүд бүрмөсөн харахгүй буюу нүдний хараа 0,04 ба түүнээс доош буурах”-ыг хэлнэ гэжээ.

Үүнээс үзвэл нүдний гэмтлийн зэргийг харааны бууралтаар тогтоодог байх бөгөөд хохирогч Ц.Нт зүүн нүдний 0,08 хувийн харааны бууралттай энэ нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарч байгаа талаар гаргасан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 428 тоот дахин шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй зөв болсон байна гэж дүгнэв.

Хохирогч Ц.Нын нүдэнд учирсан гэмтлийн талаар анхан дүгнэлт нь хөнгөн, нэмэлт дүгнэлт нь хүнд гэж гарсан боловч эмчилгээний үр дүнд харааны чадал сэргэсэн тохиолдолд хамгийн сүүлийн үзлэгээр тогтоогдсон харааны бууралтаар гэмтлийн зэргийг тодорхойлно гэж Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 04 сарын 02-ны өдрийн 428 тоот дахин шинжээчийн дүгнэлтэнд дурджээ.

Иймд шүүгдэгч Ч.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэв.

Хохирогч Ц.Н нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгч Ч.Оыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч Ч.Оын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Шүүгдэгч Ч.О нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Оын эзэмшлийн 23-26 БНА улсын дугаартай ланд 100 маркийн автомашиныг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан микрофоныг хэрэгцээний дагуу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Буян караокед буцаан олгож, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Ч.Оыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ч.От 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Ч.Оын цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ч.От мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Ч.Оын эзэмшлийн 23-26 БНА улсын дугаартай ланд 100 маркийн автомашиныг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан микрофоныг хэрэгцээний дагуу Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Буян караокед буцаан олгож, шүүгдэгч Ч.О нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА