| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0249/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/249 |
| Огноо | 2019-09-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 20 өдөр
Дугаар 2019/ШЦТ/249
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Доржготов,
Шүүгдэгч Б.Ч,
Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Б.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914005330344 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 сарын 18-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Б.Ч,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 6-6 тоотод Д.Рийн зүүн гарт нь сэрээгээр хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Ч нь 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Есөнбулаг 9 дүгээр багийн 6-6 тоотод Д.Рийн зүүн гарын бугалга орчимд сэрээгээр хатгаж түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч Д.Рийн ... 2019 оны 07 сарын 27-ны өдөр би хашаандаа хуушуур хийгээд байж байсан. Тэгэхэд манай худ Б болон эхнэр байсан. Тухайн үед өдөр 13 цагийн орчимд би эхнэрт хуушуур зөөж өгөөд байж байхад гэнэт нэг хүн хашаанд орж ирсэн. Гэхдээ тэр хүнийг хашаанд орж ирсэнийг би мэдээгүй. Миний араас зүүн гарын бугалга орчимд юм хатгахаар нь эргэж хархад эрэгтэй хүн сэрээ гартаа барьчихсан байхаар нь би цээжрүү нь түлхэж холдуулсан. Тэгхэд тэр хүн миний зүүн гарын бугалга орчимд сэрээгээр хатгасан байсан. Тэр хүн согтуу байсан ба хамарнаас нь цус гойжсон байсан. Тэр хүн тэгээд хүн андуурсан байна гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/,
Гэрч Г.Бгийн ... Р яаж байнаа пизда чинь гэсэн тэгэхээр нь харсан чинь танихгүй хүн хашаанд ороод ирсэн Рийн гарнаас нь цус гарчихсан нөгөө танихгүй эрэгтэй хүний 2 гарт нь төмөр хоол иддэг сэрээ байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/,
Шүүгдэгч Б.Чгийн ... Би 2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр гэртээ 13 цагийн орчимд архи уучихсан зурагт үзээд байж байсан тэгсэн чинь гадаа нохой хуцаад байхаар нь яасан юм бол гээд хойд өрөөнөөсөө гал тогооны өрөөнд орсон чинь гэрт үүдэнд танихгүй 40 орчим насны саарал цамцтай хар өмдтэй эрэгтэй хүн зогсож байсан. Тэгэхээр нь би “айл андуурав уу яав” гэхэд тэр хүн миний зүүн нүд рүү гараараа 1 удаа цохиод би газар ойчоод босоод ирэхэд тэр хүн гарч зугтаагаад баруун хашаа даваад дахиад цааш нь давж байхаар нь би гэрээс 2 сэрээ авч гараад хашааны хаалгаар гараад араас нь 2 хашаа алгасаад хашаан дотор адилхан саарал цамцтай хүн хашаан дотор байхаар нь ороод араас нь очоод зүүн гарынх нь тохой хэсэгт хатгасан чинь нөгөө хүн биш өөр хүн байсан. Тэр хашаанд бас хүмүүс байсан. Тэгтэл нөгөө хүн “яаж байна" гээд эргэж харахаар нь би “уучлаарай би хүн андуурсан байна” гэсэн. Тэгээд тэд нар цагдаа дуудаад цагдаа ирж намайг авч явсан. Одоо би хохирогчтой эвлэрсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 46-47/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 07 сарын 30-ны өдрийн 471 тоот шинжээчийн ... Д.Рийн биед зүүн бугалгад шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 12-13/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч Д.Р шүүгдэгч Б.Ч нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 82 дугаар хуудсанд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.
Шүүгдэгч Б.Чгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Шүүгдэгч Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Чгийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хоолны сэрээг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Б.Чг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Б.Чд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Б.Чгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Б.Чд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Б.Чгийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хоолны сэрээг устгаж, шүүгдэгч Б.Ч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА