| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06615/И |
| Дугаар | 101/ШШ2016/05756 |
| Огноо | 2016-09-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 09 өдөр
Дугаар 101/ШШ2016/05756
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, 73 дугаар байр, 14 тоотод оршин суух, Алаг хүзүүн овогт Ширнэнгийн Нямдорж /РД:ОМ74032519/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Эрдэнэ толгой 29 гудамж, 755 тоотод оршин суух, Ганга-Одсүрэн овогт Хүүхнээгийн Бат-Өлзий /ЕЦ86081477/-д холбогдох,
“Зээлийн гэрээний үүрэгт 52,570,700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Банзрагч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагч Х.Бат-Өлзий, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Нямдоржийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч Л.Банзрагч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Ш.Нямдорж нь Х.Бат-Өлзийтэй 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 2 сарын хугацаатай зээлийн гэрээг сарын 3 хувийн хүүтэй харилцан тохиролцож мөн үүргийн гүйцэтгэлийг хангуулах барьцааны гэрээг байгуулсан.
Тус гэрээний дагуу 35,000,000 төгрөгийг Х.Бат-Өлзийд бэлнээр олгосон. Үлдэгдэл 15,000,000 төгрөгийг авах шаардлагагүй боллоо гээд аваагүй болно.
Зээлийн гэрээний хугацаа аль хэдийн дууссан боловч Х.Бат-Өлзий нь өгнө төлнө гэсээр өнөөдрийг хүрсэн. Гэвч бодит үр дүн гараагүй л байна.
Иймд зээлийн гэрээнд заасан хүү, алдангийн хамт гэрээний төлбөрөө барьцаа хөрөнгөөр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Зээлийн гэрээний 1 дэх хэсэгт гэрээг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүртлэх 2 сарын хугацаатай, сарын 3 хувийн хүүтэй байгуулсан бөгөөд нэг сарын хүүгийн хэмжээ 1,050,000 төгрөг бөгөөд 2 сарын хүү 2,100,000 төгрөг, алдангийг 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүртэл 417 хоногоор тооцож 15,470,000 төгрөг, нийт 52,570,700 төгрөгийг Х.Бат-Өлзийгөөс гаргуулж барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Х.Бат-Өлзий шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би энэ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн Зээлийн гэрээг байгуулах болсон шалтгаан нь надад Пагмадулам гэж хүн 5 тэрбум төгрөгийн зээлийг гаргаж өгнө гэж хэлсэн байсан. Энэ зээлийг гаргаж өгөхийн тулд урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэж байсныг би Ш.Нямдоржийн эгч Ш.Оюунбилэгт хэлсэн. Тэр энэ тухай мэдээд дүү Ш.Нямдоржоос 35,000,000 төгрөгийг надаар зээлийн гэрээ хийлгүүлж авхуулсан. Энэ мөнгийг зээл бүтээхээр амласан Пагмадуламд өгснийг дээрх хүмүүс мэдэж байсан.
Хэрэв зээл бүтсэн бол Ш.Нямдорж, Ш.Оюунбилэг нар надаас өөрсдийн бизнест ашиглахаар мөнгө зээлж авахаар ярилцсан байсан. Гэвч бидний авахаар хөөцөлдөж байсан зээл надаас хамааралгүй бүтээгүй болохыг бүгд мэдэж байсан. Иймд тохиолдолд би ганцаар энэ эрсдлийг үүрч бусдад өгсөн 35,000,000 төгрөгийг хүү алдангийн хамт төлөх болж байна. Зээл бүтээж өгөхөөр амласан Пагмадулам нь намайг залилсан болохыг би саяхан мэдсэн. Одоо цагдаагийн байгууллагад хандаж шалгуулах гэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Нямдорж нь хариуцагч Ш.Бат-Өлзийд холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 52,570,700 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт авагдсан, 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Ш.Нямдорж, Х.Бат-Өлзий нарын хооронд хийгдсэн Зээлийн болон барьцааны гэрээнээс үзэхэд, зээлдүүлэгч Ш.Нямдорж нь зээлдэгч Х.Бат-Өлзийд 50,000,000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2015 оны 4 дүгээр сарын 04-ний өдрийг хүртэл хугацаатай, сард 3 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь зээл төлөх хугацаа хэтрүүлсэн хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож зээлдүүлэгчид алданги төлөхөөр талууд тохиролцож, зээлийн барьцаанд Б.Буянжаргалын эзэмшлийн, үйлчилгээний орон сууцны зориулалттай, нэгж талбарын 168010/0083 дугаар бүхий 360 м.кв газрыг эзэмших эрхийг барьцаалжээ.
Талууд 50,000,000 төгрөгийн зээлийн гэрээ хийсэн боловч зээлдэгч нь 35,000,000 төгрөгийг бодитоор авсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул зээлдэгч нь 35,000,000 төгрөгт ногдох хүү, алдангийг дээр дурдсан зээлийн гэрээнд заасны дагуу төлөх үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасны дагуу зээлдүүлэгч Ш.Нямдорж нь нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй.
Зээлийн гэрээний дагуу авсан 35,000,000 төгрөг, 2 сарын хүү 2,100,000 төргөг, зээл төлөх хугацаа хэтрүүлсэн 417 хоногийн алданги, нийт 52,570,000 төгрөг гаргуулах тухай шаардлага үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нөгөөтэйгүүр, хариуцагч Х.Бат-Өлзий нь Жинст боржигон овогт Баасанжавын Буянжаргал /РД:ЧМ71072008/-аас 1 жилийн хугацаатай олгогдсон 2015 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн итгэмжлэлийг үндэслэн, Б.Буянжаргалын эзэмшлийн, үйлчилгээний орон сууцны зориулалттай, нэгж талбарын 168010/0083 дугаар бүхий 360 м.кв газрыг эзэмших эрхийг зээлийн барьцаанд барьцаалсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Х.Бат-Өлзийгөөс 52,570,700 /тавин хоёр сая таван зуун далан мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Нямдоржид олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 420,810 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.Бат-Өлзийгөөс улсын тэмдэгтийн хураамжид 420,810 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.Нямдоржид олгосугай.
3. Хариуцагч Х.Бат-Өлзий төлбөрийн үүргээ сайн дураар гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, Жинст боржигон овогт Баасанжавын Буянжаргал /РД:ЧМ71072008/-ын эзэмшлийн, үйлчилгээний орон сууцны зориулалттай, нэгж талбарын 168010/0083 дугаар бүхий 360 м.кв газрыг эзэмших эрхийг албадан дуудлага худалдаанд оруулж, төлбөр барагдуулахыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА