Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 2019/ШЦТ/250

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч Э.Гантулга,

Шүүгдэгч: Н.Б

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Н.Бод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914004380297 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, Н.Б,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч Н.Б нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн нутаг 2-7-24 тоотод 2019 оны 06 сарын 01-ний өдөр Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.8 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч П.Оийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч П.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 06 дугаар 01-ний өдөр манай нөхөр Н.Б архи уусан байхдаа өглөө 11 цагийн орчимд надаас хэрүүл гуйгаад байхаар нь би “зайл” гээд хэлчихсэн. Тэгэхэд Б “чи намайг зайл гэлээ би гэртээ байна” гээд хуванцар цэнхэр сандлаар миний дух руу цохисон. Тэгэхээр нь би ээжийг нь дуудаад хадам ээж ирээд Быг загнаад миний цусыг арчиж өгөөд яваад өгсөн. Б тэгж байж байгаад унтсан. Тэр өдрөө намайг зодож цохиогүй. Тэгээд 6 дугаар 04-ний орой би ажлаасаа гэртээ ирэхэд Н.Б согтуу хэрүүл гуйгаад байсан. Тэгээд маргааш өглөө нь дахиад хэрүүл гуйгаад байхаар нь би цагдаа дуудаж өгсөн юм. Тэгээд цагдаа ирээд Быг эрүүлжүүлсэн. 2019 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс хойш Б намайг дахин зодоогүй. Н.Б шоронгоос гарч ирснээсээ хойш сая л анх удаа зодож байна. Тэрнээс өмнө 5-6 жилийн өмнө 2014-2015 оны орчимд байх 1 удаа зодож байсан. Он сарыг нь санахгүй байна. Тэгж зодуулахад гэртээ зодуулсан ба дэргэд хүн байгаагүй. Манай 2 хүүхдийн бага нь л байсан. Тухайн үед цагдаад дуудлага өгөөгүй. Эмчид үзүүлээгүй зүүн гарын булчин хэсэгт хөхөрч байсан тэгээд зүгээр болсон. Би өмнө нь зодуулсанаа хэн нэгэнд хэлж байгаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17, 71- 72/,

Гэрч Д.Нын мөрдөн байцаалтанд өгсөн ... 2019 оны 06 дугаар сарын 01-ний өглөө би гэртээ байхад Оь над руу утсаар яриад “ээжээ Б миний толгойг хагалчихлаа” гэсэн. Би гэрт нь ороход Оь нь орон дээрээ сууж байсан ба дух хэсгээс нь цус гарсан байсан. Б сандал дээрээ “уучлаарай” гээд сууж байсан. Б бага зэрэг уучихсан байсан. 2 хүүхэд нь зүгээр орон дээрээ сууж байсан. Манайх Бынхоос урагшаа ойрхон байдаг. Тэгээд би бэрээ өмөөрөөд Быг загнасан чинь Б эхнэрээсээ уучлалт гуйж гар хөлөөс нь бариад байсан. О уйлчихсан сууж байсан. Б эхнэр рүүгээ сандал шидсэн л гэж байсан. Намайг орсноос хойш зодоон болоогүй. Ирэхээс өмнө Оийг цохисон байсан байна лээ. Хүүхдүүдээ зодоогүй байсан. Ер нь хүүхдүүддээ гар хүрдэггүй. Өмнө нь Б эхнэр хүүхдээ зодож байсныг би мэдэхгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18-19/,

Насанд хүрээгүй гэрч О.Бын мөрдөн байцаалтанд өгсөн ... Хүүхдийн баярын өдрөөр аав ээжтэй хэрэлдэж байгаад ээжийг орон дээр сууж байхад нь ногоон сандлаар ээжийн толгой руу цохисон чинь ээжийн толгойноос цус гарсан. Тэгээд эмээ ирээд ээжийн цусыг арчиж өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 сарын 06-ны өдрийн 367 дугаартай шинжээчийн ... П.Оийн биед тархи доргилт, 2 нүдний дээд, доод зовхи, хамарт цус хуралт, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 30-31/,

Шүүгдэгч Н.Бын мөрдөн байцаалтанд өгсөн ... Би он сарыг нь санахгүй байна. Өглөө нь би унтаад босоод ирхэд эхнэр хэрүүл хийгээд байхаар нь сандал аваад шидсэн чинь эхнэрийн толгой руу нь цохиод цус гарсан. Эхнэр өөрөө манай ээжийг дуудсан. Ээж ирээд эхнэр Оийн толгойг нь боож цэвэрлэж өгсөн. 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эхнэр П.Оийг зодоогүй. Би 04-ний өдөр айлд гэр буулгаж барьчихаад тэр айлдаа 2 пиво 1 шил архи уучихаад гэртээ ирсэн. Тэгээд ирээд унтсан. 05-ны өглөө босоод ирсэн чинь эхнэр цагдаа дуудаж өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-62/,

Эд мөрийн баримтыг хураан авсан тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9-12/,

Хүүхдийн эрсдлийн нөхцөл байдлын үнэлгээ, Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-ийн 35-48/,

Н.Бын иргэний үнэмлэхний лавлагаа, багийн засаг даргын тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81-83/

Шүүгдэгч Н.Б хохирогч П.Оь нарын байгуулсан эвлэрлийн гэрээ /хх-ийн 66/,

Шүүгдэгч Н.Бын урьд ял шийтгэгдэж байсан тухай шийтгэх тогтоолуудын хуулбар болон хорих ялаас хугацаанаас өмнө суллаж, хяналт тогтоосон тухай шүүгчийн захирамжийн хуулбар / хх-ийн 88-121/ зэрэг болно.

Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэхэд;

Шүүгдэгч Н.Б нь 2019 оны 06 сарын 01-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-7-24 тоотод гэр бүлийн хамаарал бүхий хүн болох хамтран амьдрагч П.Оийг зодож түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрхи бичгийн нотлох баримтууд болон шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдож тогтоогдсон, мөрдөн байцаалтын ажиллагаанд шалгавал зохих ажиллагааг бүрэн шалгасан, хэргийн зүйлчлэл тохирсон, Баянхонгор аймгийн прокурорын газраас шүүгдэгч Н.Бод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч П.О шүүгдэгч Н.Б нар нь эвлэрч, эвлэрлийн гэрээг хавтаст хэргийн 66 дугаар хуудсанд хавсаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцож, хохирогчид учирсан гэм хор арилсан байна гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Б нь урьд нийт 8 удаа ял шийтгэгдэж байсан ба хамгийн сүүлд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 1 сар 20 хоногийн хугацаагаар хорих ялыг эдэлж байгаад Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 05 сарын 02-ны өдрийн 68 дугаар шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 07 сар 25 хоногийн хорих ялаас хугацаанаас өмнө суллагдаж, мөн хугацаагаар хяналт тогтоож шийдвэрлэжээ.

Гэтэл шүүгдэгч Н.Б нь хорих ялаас хугацаанаас өмнө суллагдсан хяналтын хугацаанд буюу 2019 оны 06 сарын 01-ний өдөр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-т зааснаар эдлээгүй үлдсэн 07 сар 25 хоногийн хорих ял дээр шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялыг мөн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэмж нэгтгэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Н.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар сольж тооцон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ялыг нэмж нэгтгэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Бын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар сандалыг устгаж, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч Н.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Н.Бод 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.12 дугаар зүйлийн 4-т заасныг үндэслэн мөн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1-д зааснаар Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 сарын 09-ний өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор шүүгдэгч Н.Бод оногдуулсан 2 жил 1 сар 20 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 07 сар 25 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногийн хорих ялаар сольж тооцон 02 сар 15 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 10 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Бод оногдуулсан 10 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Н.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 09 сарын 25-ны өдрөөс эхлэн тооцсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Бын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хуванцар сандалыг устгасугай.

8. Шүүгдэгч Н.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.          

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Бод авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА