Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагийн Золзаяа |
Хэргийн индекс | 183/2017/00937/и |
Дугаар | 001/ХТ2018/00130 |
Огноо | 2018-01-23 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 001/ХТ2018/00130
Я.Бгийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Ц.Амарсайхан, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01662 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2122 дугаар магадлалтай,
Я.Бгийн нэхэмжлэлтэй
Х.Ад холбогдох
Эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 11 009 403 гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунцэцэгийн гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Даваахүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунцэцэг, хариуцагчийн өмгөөлөгч Т.Урангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Шарын ам гэдэг газарт Я.Бгийн эзэмшлийн “Мерседес Бенз 350” маркийн 02-18 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг Х.А нь Приус маркийн 76-82 УБВ улсын дугаартай автомашинаар мөргөж зам тээврийн осол гаргасан. Х.Аг Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 1 дүгээр зүйлийн А,Б мөн 6 дугаар бүлгийн Е заалтуудыг зөрчсөн буруутай гэсэн дүгнэлт гарсан. Энэ ослын улмаас автомашинд 10 315 903 төгрөгийн хохирол, 2 удаагийн үнэлгээ хийхэд нийт 612 000 төгрөг, хавтаст хэргээс нотлох баримт хуулбарлан авахад 16 900 төгрөг, баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд 55 600 төгрөгийн зардал гарсан тул нийт 11 009 403 төгрөгийг Х.Агээс гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Осол гарсаны дараа 1 cap гарны дараа хэргийн газрын үзлэгийг нөхөн хийлгэж байсан. н.Хатанбаатар, н.Нямдорж гэх гэрчүүд н.Оюунбилэгийг хэргийн газраас зугтаасан гэдэг. Ослын улмаас Х.А бие эрүүл мэндээрээ хохирсон. 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдөр өөрөө гомдол гаргасан бөгөөд н.Оюунбилэг гомдол гаргаагүй байсан, рапортад бүртгэсэн өдөр буюу 08 дугаар сарын 02-ны өдөр уг авто ослын жолооч Х.А буруутай гэсэн агуулгатай өргөдлийг С.Батболд бичүүлж, 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ямар нэг техникийн шинжээчийн дүгнэлт гаргаагүй байхад хэтэрхий нэг талыг барьж эрүүгийн хэрэг үндэслэлгүйгээр үүсгэсэн. Зохицуулагч С.Батболд нь тухай осол болсон газар хэргийн газрын үзлэгийн бүдүүвч зургийг жолооч н.Оюунбилэгт ашигтай байдлаар зурж, тэмдэглэл үйлдсэн хэдий ч тэдгээрийг жолоочид танилцуулаагүй, жолооч нараар гарын үсэг зуруулаагүй, зам тээврийн ослын актыг бичсэн байсан. Түүний болон хэд хэдэн албан тушаалтан хэргийг шалгахад маш хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авагдаж байсан. 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 79 тоот техникийн шинжээчийн дүгнэлтээр замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж н.Оюунбилэг, Х.А хоёулаа сэжигтэн яллагдагчаар татагдаж, хохирогчоор мэдүүлэг өгч байсан, харин Х.А хохирогчоор мэдүүлэг өгөөгүй. 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 4942 дугаартай дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсээс гаргаж, шинжээчийн дүгнэлтээр хэрэгт авагдсан гэрэл зураг нь шаардлага хангахгүй, хэргийн газрын бүдүүвч зурган дээрх L үсгээр тэмдэглэсэн мөр нь ямар машиных гэдгийг тогтоох боломжгүй, A, A1 цэгүүд үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй, A3 гэж тэмдэглэсэн мөр нь гэрэл зургаар бэхжүүлэгдэн авагдаагүй байсан гэж хэлсээр байхад дараа дараагийн 111, 741 тоот шинжээчийн дүгнэлтүүд гарсаар байсан нь ойлгомжгүй байна. Уг хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор Д.Мөнхцэцэг, аймгийн прокурор н.Алимаа нар нь өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээж авахаас илтэд татгалзаж 2015 оны 12 сард шилжүүлэхэд 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шүүх хуралдаанаар гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэргийг хэрэг бүртгэлтэд буцаасан. Төв аймгийн Прокурорын газраас шүүгчийн захирамжид заагдсан ажиллагаанаас нэгийг нь ч хийхгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгож 119 тоот тогтоол гаргасан байсан ба энэхүү тогтоолд манай өмгөөлөгч дээд шатны прокурорт 2016 оны 05 дугаар сарын 30-нд, 07 дугаар сарын 07-нд гаргаж байсан гомдолдоо шүүгчийн 208 дугаартай захирамжид заагдсан ажиллагааг хийлгэхийг хүссэн боловч, хүсэлт, гомдлыг аль ч шатны прокуророос хүлээн аваагүй. Шат шатны байгууллагуудад хандсан боловч хөөн хэлэлцэх хугацааны асуудал яригдаад хүлээж аваагүй. Тээврийн хэрэгслийн жолооч гэх үндэслэлээр сөрөг нэхэмжлэл гаргаж байсан боловч шүүх хүлээж аваагүй. Анх акт гарахад Х.Агийн машинд 4 зорчигч явсныг 3 гэж дутуу бичсэн, бенз машинд зорчигч явсныг тэмдэглэлд тусгаагүй, 4942 дугаартай шинжээчийн дүгнэлтээр хэргийн газар дээр анх тэмдэглэл үйлдсэн, анх хэмжилт хийсэн нь хангалтгүй байна гэсэн. 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гарсан зам тээврийн ослын шинжээчийн дүгнэлтээр н.Оюунбилэг буруутай гэж тогтоогдсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй, зам тээврийн осолд гэм буруутайг нь шүүх эцэслэн шийдвэрлэж тогтоогоогүй тул гэм буруугүйд тооцож өгнө үү гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01662 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснуудыг баримтлан хариуцагч Х.Агээс 10 304 903 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Я.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 704 500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 179 828 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчийн төлсөн 191 500 төгрөгийг Улаанбаатар хотын банкны 2603030349 тоот данснаас буцаан гаргуулж, Я.Бд олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2122 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01662 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 179 830 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунцэцэг хяналтын гомдолдоо: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01662 дугаартай шийдвэр, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2122 дугаартай магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч би энэхүү гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч Х.Аг 2015.7.18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутагт гарсан зам тээврийн осолд 100% гэм буруутай нь тогтоогдсон гэж үзээд гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг түүнээс нэхэмжилсэн ба хариуцагч, түүний өмгөөлөгч бид тухайн осолд 2 жолоочийн хэн нь гэм буруутайг ямар нэгэн шатны шүүхээс эцэслэн шийдвэрлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хх-3, 7-12, 14-19, 20-26, 31, 35 талд авагдсан баримтуудаар нотлохыг оролдсон, харин хариуцагч тал эдгээр баримтуудыг Эрүүгийн хэрэг үүсгэсэн тогтоол, гэмт хэргийн шинжтэй мэдээллийн тэмдэглэл, ослын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, ослын тухай схем, Д.Оюунбилэгийн 2015.8.2-ны өдөр өгч байсан тайлбар, төрийн албан хаагч нарт арга хэмжээ авсан тушаал, 2015.9.6-нд Д.Оюунбилэгийн сэжигтэн, яллагдагчаар өгч байсан мэдүүлгүүд, 2015.11.20-нд Д.Оюунбилэгт холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож байсан тогтоол, 2015.8.22-ны өдрийн Д.Оюунбилэг хохирогчийн мэдүүлэг, Х.Адьяасүрэн, Дамбадаржаа, Буянтогтох, Х.Оюунбилэг нарын удаа, дараа өгч байсан тайлбар, хохирогч, сэжигтэн, яллагдагч, гэрчийн мэдүүлгүүд, Х.Адьяасүрэн, Буянтогтох нарын биед гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, 2015.8.31-ний өдрийн 079 тоот шинжээч Р.Мөнхбаясгалангийн шинжээчийн дүгнэлт, 2015.10.22-ны өдрийн ШШҮХ-ийн 4942 тоот шинжээчийн дүгнэлт, өмгөөлөгч Т.Урангэрэлийн байцаан шийтгэх ажиллагаатай холбогдуулан мөрдөн байцаагч, прокурорын байгууллага, шүүхэд гаргаж байсан удаа, дараагийн хүсэлт, гомдол, тэдгээрт өгч байсан хариу мэдэгдэх хуудас, ЦЕГ-ын албан тоотууд, 2016.3.25-ны өдрийн 208 тоот хэргийг хэрэг бүртгэлтийн шатанд буцааж байсан шүүгч Ю.Энхмаагийн шүүгчийн захирамж зэргээр няцааж, үгүйсгэн шүүхэд мэтгэлцсэн хэдий ч анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг дутуу, буруу үнэлж хариуцагч Х.Аг 2015.7.18-ны өдрийн зам тээврийн осолд гэм буруутай гэж үзэж түүнээс гэм хорын хохирлыг гаргуулахаар шийдвэрлэсэнд гомдолтой байгаа. Эрүүгийн хэргийг шалгах явцад Х.А нь "... Бенз маркийн машины жолооч намайг гүйцэт түрүүлэх үйлдэл хийж байхад зүүн урд талаараа миний машины баруун хойд гупер хэсэгт анх мөргөсөн. Намайг мөргүүлчихээд гүйцэж түрүүлэх үйлдлээ хийгээд өөрийн эгнээндээ орох гэж байтал Бенз дахиад баруун урд талаараа миний машины зүүн хойд крыло талд 2 дах удаагаа мөргөсний улмаас миний машины жолоо алдагдаж би замаас гарч онхолдсон гэж хэргийг шалгах явцад тогтвортой мэдүүлж маргаж ирсэн ба энэ талаарх баримтууд хэрэгт авагдсан /хх158 талд авагдсан Бензны 3-4 дэх зураг, хх-88 тал №3 фото Приусын, хх-108 талын төгсгөл хэсэгт нөхөн үзлэгээр Оюунбилэг 2 дах мөргөлтийг мэдэхгүй, зааж өгөх боломжгүй гэсэн, 198-209 талд фото зургууд аль хэсгээрээ мөргөлдснийг харуулсан./ тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж мөн өөрөө зам тээврийн осолд гэм буруугүй болохоо, хэргийг шалгах явцад иргэний нэхэмжлэл гаргаагүй, эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тухай, Үндсэн хуулинд зааснаар шүүхээс Х.Агийн гэм бурууг эцэслэн тогтоогоогүй, эрүүгийн хэргийг дутуу шалгасан, 2 жолооч би буруугүй, чи буруутай гэж маргах болсон үндэслэл зэргийг тайлбарлан холбогдох баримтуудыг хэрэгт хавсаргуулан тэдгээр баримтуудыг анхан шатны шүүхэд шинжлэн судлуулсан юм. Тухайлбал:1. Ослын газарт дуудлагаар очсон зохицуулагч С.Батболд ЭБШХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.3 дах заалтуудыг зөрчиж хэргийн ул мөрийг бэхжүүлээгүй, мөн цагдаа нь хяналт шалгалтыг дутуу хийж албан тушаалдаа хариуцлагагүй хандсан гэх үндэслэлээр сахилгын арга хэмжээ авагдаж байсан тухай 2015.8.5-ны өдрийн 148,150 дугаартай тушаал байдаг. 2. Тухайн үед хоёр жолооч 2-лаа уг зам тээврийн ослыг чиний, миний буруугаас болсон гэж маргаж байсан ба энэ нь 2015.8.31-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр нотлогддог. 3. 2015.10.22-нд 4942 тоот ШШҮХ-ийн Криминалистикийн шинжилгээний хэлтсээс Шинжээчийн дүгнэлт гаргасан ба энэхүү дүгнэлтээр ослын газарт авагдсан гэрэл зураг нь шаардлага хангахгүй, хэргийн газрын бүдүүвч зурган дээрх L үсгээр тэмдэглэсэн мөр нь ямар машиных гэдгийг тогтоох боломжгүй, А, А1 цэгүүд үндэслэлтэй эсэхийг тогтоох боломжгүй, АЗ гэж тэмдэглэгдсэн мөр нь гэрэл зургаар бэхжүүлэгдэн авагдаагүй байна гэсээр байхад дараа, дараагийн буюу 111 тоот шинжээчийн дүгнэлт 2015.11.12-нд 741 тоот шинжээчийн дүгнэлт 2015.11.19-нд гарч байсан ба хэргийн газрын үзлэгийг дахин хийх, 2 машиныг шинжилгээнд хамруулах, А цэгийг зөв тогтоосны дараа техникийн Шинжээчийн дүгнэлтийг гаргуулах, 2 жолоочийн гэм буруугийн асуудлыг ердийн журмаар шүүхээр шийдвэрлэх боломжтой байсан. 4. Бенз маркийн машин осол гаргах үедээ 83-85 км/цагийн хурдтай явсан гэдэг жолоочийн өөрийн нь тайлбар, мэдүүлэг байсан учраас түүнийг ЗХД-ийн 9.3 дах заалтыг зөрчсөн гэж үзсэн шинжээчийн дүгнэлт байхад дараа, дараагийн дүгнэлтүүдээр Бензны хурдыг тогтоох боломжгүй, Бенз замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй гэдэг байсан. 5. 4942 дугаартай шинжээчийн дүгнэлт, Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.3.25-ны өдрийн хуралдаанаас 208 дугаартай ШЗ-нд заагдсан ажиллагааг бүрэн гүйцэтгэж өгөөч гэсэн хүсэлт, гомдлыг уг хэрэгт хяналт тавьж байсан хяналтын прокурор, аймгийн прокурор, Улсын Ерөнхий прокурорт өмгөөлөгч би 2015.9.21, 2015.10.1, 2015.12.10, 2016.5.30, 2016.7.4-ний өдрүүдэд гаргаж байсан хэдий ч хүсэлтийг хүлээж авахаас татгалзаж байсан. 6. Төв аймгийн Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016.3.25-ны өдрийн хуралдаанаас 208 дугаартай Шүүгчийн захирамжаар Х.Адьяасүрэнгийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзээд хэрэгт хэд хэдэн асуудлыг шалгах зайлшгүй шаардлагатай гээд уг хэргийг нэмэлт хэрэг бүртгэлтэд буцаасан боловч ямар ч ажиллагаа хийгээгүй байсан нь Х.Аг энэ хэрэгт гэм буруутай гэж үзэх үндэслэлийг үгүйсгэж байгаа болно. Түүнчлэн энэхүү шүүгчийн захирамжинд прокурор ЭБШХ-ийн 113 дугаар зүйлийн 113.1-д зааснаар эсэргүүцэл бичээгүй нь шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагааг хийж гүйцэтгэхийг хүлээн зөвшөөрч байсныг нотолно. 7. Хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон 119 тоот Прокурорын тогтоолд 4942 тоот шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн, няцаасан баримт байгаагүй ба уг дүгнэлтийг прокурор зөвшөөрөхгүй тохиолдолд үндэслэлээ заасан байвал зохино гэж ЭБШХ-ийн 85 дугаар зүйлийн 85.4-д заасан байгаа. Прокурорын тогтоолд энэ талаар зааж өгөөгүй байдаг ба харин уг тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Х.Ад холбогдох хэргийг ЭБШХ-ийн 208 дугаар зүйлийн 208.1.1, 24 дүгээр зүйлийн 24.1.2-ыг /хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх/ үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Гэтэл ЭБШХ-ийн 24 дугээр зуйлийн 24.3-т зааснаар 24.1.2-т заасан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болгосныг яллагдагч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл гомдлоо прокурор, шүүхэд гаргах ба шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ердийн журмаар явуулж гэмт хэрэгт холбогдсон этгээд гэм буруутай эсэхийг хянан шийдвэрлэнэ гэсэн заалтыг шүүх буруу хэрэглэсэн. /2002 оны ЭБШХ/ 8. Жолооч нар хоорондоо 2 удаа мөргөлдсний улмаас осол гарсан гэдэг, Х.А болон түүний өмгөөлөгч би хоёр тээврийн хэрэгсэл 2 удаа мөргөлдөхдөө машиныхаа аль, аль хэсгээр мөргөлдсөн, 2 дах мөргөлтийг аль машины жолооч хаанаас нь хэрхэн мөргөсөн гэдгийг тогтоолгохын тулд нөхөн үзлэг хийлгэх, Приусын руль түгжигдсэн эсэх, 2 машиныг мөр судлалын шинжилгээнд хамруулах зэрэг зайлшгүй шаардлагатай байсан учраас шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагааг гүйцэт хийлгэсний дараа шүүхээр Х.Агийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх нь зөв байсан. 9. Тэр ч бүү хэл миний бие ЦЕГ-т 2015.9.24, 2015.11.09-ны өдрүүдэд уг ослын улмаас олон хүн хохирсон, хэргийн газрын үзлэгийг дутуу хийж ЭБШХ-ийн 172 дугаар зүйлийн 172.2, 172.3 дах хэсэгт заасан заалтуудыг Төв аймгийн Баянчандмань сум дах ЗЦТ-ын зохицуулагч, цагдаагийн ахмад С.Батболд зөрчсөн гэх үйлдлийн улмаас 2 жолооч энэ осолд би буруугүй чи буруутай гэж харилцан маргаж өөрсдөө болон зорчигч нар эрүүл, мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон байх тул бидэнд учирсан хохирлыг хариуцлага алдсан цагдаагийн алба хаагч С.Батболдоор өөрөөр хэлбэл Төрийн жинхэнэ албан хаагчийн буруутай үйл ажиллагааны улмаас иргэнд хохирол учирсан тохиолдолд төрийн албан хаагчийн учруулсан хохирлыг төр хариуцах ёстой гэдгийг үндэслэн төлүүлэх гэсэн агуулгатай гомдол гаргаж байсан ба хариу мэдэгдэх хуудсаараа холбогдох газарт нэхэмжлэл гаргахыг дурьдаж байсан. 10. Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх явцад Я.Б болон Оюунбилэг нь хохирол нэхэмжилж ЭБШХ-ийн 115 дугаар зүйлийн 115.1 зааснаар эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гаргаагүй. Харин хэргийг шалгах явцад тээврийн хэрэгсэл эзэмшигч Я.Б нь машин миний нэр дээр байдаг боловч охины машин, машинд учирсан хохирлыг охин шийднэ, миний зүгээс гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэж удаа, дараа мэдүүлж, тодорхойлолт бичиж өгч байсан ба охин Оюунгэрэл нь өөрөө энэ осолд буруутай байсан учраас ээж нь охиноосоо хохирол нэхэмжлээгүй байсан юм. ЭБШХ-ийн 115 дугаар зүйлийн 115.3-т зааснаар Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой нэхэмжлэлийг тухайн Эрүүгийн хэрэг шийдвэрлээгүй байхад ИХШХШ-лэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно гэсэн заалт нь ҮХ-ийн 16 дугаар зүйлийн 16.4-т гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч ГХ үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно, 13 дугаар зүйлийн 13.1-д Шүүхийн ШТ гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй гэсэн зарчмаас үүдэлтэй тул Х.Агийн гэм буруугийн асуудал эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг ИХШХШТХ-ийн 17 дугаар зүйлийн 17.3-т зааснаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байсан. Харин сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйгээс шууд шалтгаалаагүй бусад хохирлын асуудлыг шийдвэрлэхэд энэ хуулийн зохицуулалт хамаарахгүй гэж УДШ-ийн 2009.5.22-ны өдрийн 15-р тогтоолд тайлбарласан байгааг анхан болон Давж заалдах шатны шүүхэд тайлбарласаар байхад Давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг прокурорын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 119 тоот тогтоолоор дуусгавар болжээ. Иймд эрүүгийн журмаар гэм буруу тогтоогдсны дараа иргэний журмаар гэм хорын хохирлын асуудал шийдвэрлэх ёстой гэх хариуцагч талын тайлбар үндэслэлгүй байна гэсэнд гомдолтой байна. Давж заалдах шатны шүүхээс хариуцагч нь гэм буруугийн талаар маргасан боловч тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлоогүй гэсэн буруу дүгнэлтийг хийхдээ дээрх баримтуудыг огт үнэлээгүйд гомдолтой байна. Түүнчлэн 741 тоот шинжээчийн дүгнэлтийг хариуцагч тал 4942 тоот ШШҮХ-ийн шинжээчийн дүгнэлтээр няцаасаар байхад өөр бусад баримтаар няцаагаагүй гэж үзсэнд гомдолтой байна. Ийнхүү нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч Х.Аг энэ осолд гэм буруутай гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор гаргаж өгсөн баримтуудыг бид дээрх баримтуудаар болон бусад баримтуудаар няцаан үгүйсгэсэн атал анхан болон давж заалдах шатны шүүхээс хэрэгт цугларсан нотлох баримтыг дутуу үнэлж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй тул гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүх зохигчдын хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулжээ.
Нэхэмжлэгч Я.Б нь хариуцагч Х.Ад холбогдуулан эд хөрөнгөд учирсан гэм хорын хохиролд 11 009 403 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...нэхэмжлэгч буруутай тул хохирлыг бүрэн хариуцахгүй...” маргасан байна.
Анхан шатны шүүх хариуцагчаас 10 304 903 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдолдоо “...Х.Агийн гэм бурууг шүүхээс эцэслэн тогтоогоогүй, хэргийг мөрдөн байцаалтад буцаасан байхад эрүүгийн хэргийг дутуу шалгасан, осол гаргасан явдалд нэхэмжлэгчийн машиныг жолоодож явсан Оюунбилэг хурд хэтрүүлсэн буруутай болохыг анхны шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байхад шүүх уг баримтыг үнэлээгүй, ...иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.
Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Х.А нь 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын нутаг Шарын ам гэдэг газарт өөрийн эзэмшлийн автомашиныг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 1.А, 1.Б, 6.Е-д заасныг тус тус зөрчиж, нэхэмжлэгч Я.Бгийн эзэмшлийн “Бенз 350” маркийн 02-18 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийг шүргэж, эд хөрөнгөд нь хохирол учруулсан болох нь хэрэгт байгаа баримтаар тогтоогджээ. Замын цагдаагийн газрын 2015 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн акт, шинжээчийн 741, 111 тоот дүгнэлтүүд, 2015 оны 10 дүгээр сарын 13-ны өдрийн нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, Итгэлт эстимэйт ХХКомпанийн үнэлгээ зэрэг баримтаар хариуцагчийн буруутай байдал тогтоогдсон байна.
2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 79 тоот шинжээчийн дүгнэлтээр Х.А болон нэхэмжлэгчийн машиныг жолоодож явсан Д.Оюунбилэг нарыг аль алиныг Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзсэн боловч 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 111, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 741 тоот шинжээчийн дүгнэлтээр Д.Оюунбилэгийг Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчөөгүй, Х.Аг буруутай гэж дүгнэжээ. Шүүх эдгээр нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, уг дүгнэлтийг үгүйсгэх өөр баримт хэрэгт байхгүй байна.
Бусдын эд хөрөнгөд гэм буруутай үйлдлээр хохирол учруулсан этгээд уг гэм хорыг арилгах үүрэгтэй байна. Иймд Я.Бгийн машинд учруулсан гэм хорыг Х.А хариуцна.
Хоёр шатны шүүх нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан тул шийдвэр болон магадлалыг хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183/ШШ2017/01662 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 2122 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 179 830 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ П.ЗОЛЗАЯА