Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 101/ШШ2016/05758

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 01 дүгээр хороо, Алтай хотхон 22 дугаар байр, 36 тоотод оршин суух, Зааныхан овогт Цэдэн-Ишийн Мандахнар /РД:ИЙ74052405/-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, Дамдинсүрэнгийн гудамж, өөрийн байранд байрлах, Шинэ Монгол сургууль /хуулийн этгээдийн регистрийн дугаар:8186855/-д холбогдох 

 

Ээлжийн амралтын мөнгө болох 1,431,263 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн Ц.Мандахнар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

 

   ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Мандахнар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Миний бие 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын15-ны өдрийг дуустал Шинэ Монгол бүрэн дунд сургуульд англи хэлний багшаар ажилласан.

Миний бие 2016 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ажил олгогчид өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг бичгээр гаргасан.

Захирлын зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцлахыг хүлээн зөвшөөрсөн хэдий ч намайг 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажлаа хийж байгаач гэж хүссэний дагуу би 4 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл ажлаа үргэлжлүүлэн хийж байсан. Ингээд 2016 оны 4 дүгээр сарын16-ны өдөр Шинэ Монгол дунд сургууль болон бидний хооронд хийгдсэн хөдөлмөрийн гэрээ цуцлагдаж би ажлаа хүлээлгэж өгсөн.

Гэтэл захирлын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 тоот тушаалын 3 дахь хэсэгт намайг ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ 30 хоногийн өмнө буюу 1 сарын өмнө мэдэгдээгүй гэдэг үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д зааснаар миний амралтыг олгохгүй гэж шийдвэрлэснийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаж байна.

Учир нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд зааснаар иргэд чөлөөтэйгөөр хөдөлмөрлөх эрхтэй. Монгол Улсын Хөдөлмөрийн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-д гэрээний талууд харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажилтан ажил албанаас чөлөөлөгдөж болохоор заасны дагуу миний бие ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ хуулиар тогтоосон журмын дагуу гаргасан. Ажил олгогчийн зүгээс миний хүсэлтийг хүлээн авч тохиролцсоноор хөдөлмөрийн гэрээг цуцалсан. Гэтэл миний Үндсэн хуулиар олгогдсон эрхийг маань зөрчиж ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө 30 хоногийн өмнө өгөөгүйгээр шалтаглан, ээлжийн амралт эдлүүлэхгүй, амралтын мөнгийг саатуулан барьж байгааг хууль бус үйлдэл гэж үзэж байна.

Нөгөөтэйгүүр, Хөдөлмөрийн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан 30 хоног нь ажил олгогчид биш ажилтанд хамааралтай, ажилтанд эрх олгосон заалт гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгснөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй. Энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно. Хүндэтгэн үзэх шалтгаантай эсхүл ажлаас чөлөөлөгдөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно гэж зохицуулсан байна.

Иймд П.Наранбаяр захирлын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 тоот тушаалын 3 дугаар заалтыг хүчингүй болгож, надад 2016 оны амралтын мөнгө болох 1,431,263 төгрөгийг Шинэ Монгол сургуулиас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь тухайн үед төгсөх ангид хичээл заадаг байсан бөгөөд улирлын хугацаа дуусаагүй байсан. Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгчийн шинээр очиж ажиллах гэж байгаа байгууллагад хүсэлт явуулж, ажилд авахаа 14 хоногоор хойшлуулж өгөхийг хүссэн. Багшлах эрхээ аваагүй ба дадлагын хугацаанд ажиллаж байсан гэж үзэж ээлжийн амралтыг 45 хоногоор бодох боломжгүй гэж үзнэ. Багшлах эрхийн үнэмлэх хүчингүй болсон гэдэг нь багшлах эрх байгаагүй гэдгийг нотолж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгч нь багшлах эрхтэй эсэхээ нотолж чадахгүй байна. Нэхэмжлэгч нь ирэх оны 8 дугаар сард багшлах эрхээ сэргээлгэх гэж байсан гэдгийг анхаарч үзээсэй гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ц.Мандахнар нь хариуцагч Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуульд холбогдуулан, ээлжийн амралтын олговор 1,431,263 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

 

Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулийн англи хэлний багшаар ажиллаж байсан Ц.Мандахнар нь ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаснаар тус сургуулийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар түүнийг ажлаас чөлөөлсөн байна.

 

Ц.Мандахнарыг ажлаас чөлөөлөх тухай Банзүрх дүүргийн ерөнхий боловсролын Шинэ Монгорл сургулуийн захирлын 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б/18 дугаар тушаалын 3 дугаар заалтад “Ц.Мандах нар нь Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д заасны дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах өргөдлөө 30 хоногийн өмнө өгөөгүй...” хэмээн холбогдох ээлжийн амралтын олговрыг олгохгүй байхаар шийдвэрлэсэн байв.

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.-д “Хууль болон хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол ажилтан хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай өргөдлөө ажил олгогчид өгсөн өдрөөс хойш 30 хоног өнгөрмөгц ажлын байраа орхих эрхтэй, энэ тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцно.”, 39.2.-т “Хүндэтгэн үзэх шалтгаантай, эсхүл ажлаас чөлөөлөх хугацааг ажил олгогчтой тохиролцсон бол хөдөлмөрийн гэрээг энэ хуулийн 39.1-д заасан хугацаанаас өмнө цуцалж болно.” гэж тус тус заасан бөгөөд хуулийн дээрх заалтаар ажилтан ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснөөс хойш 30 хоногийн хугацаа өнгөрөхөд хүсэлтийг ажил олгогч шийдвэрлээгүй тохиолдолд хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанд тооцох талаар зохицуулжээ. Мөн түүнчлэн, хүндэтгэн үзэх шалтгаантай эсхүл ажилтан, ажил олгогч нар тохиролцож дээрх 30 хоногоос өмнө хөдөлмөрийн гэрээг цуцалж болох талаар зохицуулсан.

 

Ажилтан Ц.Мандахнар ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгөхөд хариуцагч нь нэхэмжлэгчийн шинээр очиж ажиллах байгууллагад хүсэлт явуулж, ажилд авахаа 14 хоногоор хойшлуулж өгөхийг хүссэн талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.2-т заасан тохиролцоо талуудын хооронд хийгдсэн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

 

Өөрөөр хэлбэл хариуцагч байгууллагын захирлын дээрх тушаалд “...өргөдлөө 30 хоногийн өмнө өгөөгүй...” гэсэн нь ойлгомжгүй, 30 хоногийг чухам ямар өдрөөс тооцхоор тушаал гаргасан нь үндэслэл муутай болсноос үүдэн Ц.Мандахнар нь шүүхэд нэхэмжлэл гаргахад хүрсэн гэж үзэхээр байна.

Гэвч дээрх тушаалын 3 дугаар заалт хууль зүйн үндэслэлгүй гарсан хэдий ч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байна.

 

Учир нь Хөдөлмөрийн 79 дүгээр зүйлийн 79.1.-д “Ажилтанд жил бүр ээлжийн амралт олгож биеэр эдлүүлнэ. Ажлын зайлшгүй шаардлагаар ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй ажилтанд мөнгөн урамшуулал олгож болно. Мөнгөн урамшуулал олгох журмыг хамтын гэрээгээр, хамтын гэрээгүй бол ажилтантай тохиролцсоны үндсэн дээр ажил олгогчийн шийдвэрээр зохицуулна.”, мөн х уулийн 55 дугаар зүйлийн 55.1.-д “Ажилтанд ээлжийн амралтын хугацаанд ээлжийн амралтын олговор олгоно.” гэж тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Ц.Мандахнарын тухайд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д заасны дагуу ажлын зайлшгүй шалтгааны улмаас ээлжийн амралтаа биеэр эдэлж чадаагүй гэх үндэслэл байхгүй, харин өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн тул түүнд ээлжийн амралтын олговор олгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д тус тус заасантай нийцэхгүй юм.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 79 дүгээр зүйлийн 79.1-д зааснаар хариуцагч Ерөнхий боловсролын Шинэ Монгол сургуулиас ээлжийн амралтын олговор 1,431,263 төгрөг  гаргуулах тухай нэхэмжлэгч Ц.Мандахнарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 37,350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА