Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 251

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,

Улсын яллагч В.Дэлгэрмаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Золжаргал,

Шүүгдэгч С.Б,

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Бт холбогдох 1914005530328 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

Монгол Улсын иргэн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 167 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлж уг ялыг Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 07 сарын 23-ны өдрийн 49 дүгээр магадлалаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял болгож өөрчилсөн, хэрэг хариуцах чадвартай, С.Б,

Холбогдсон хэргийн талаар :

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Эг гэр бүлгүйн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь :

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч С.Б нь 2019 оны 08 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 6-1-10 тоотод гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Д.Эг гэр бүлгүйн хүчирхийлэл үйлдэн зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...

Хохирогч Д.Эгийн ... 2019 оны 08 дугаар сарын 03-ны өдөр манай нөхөр С.Б архи уучихаад намайг хэл амаад дайраад “гэрээс зайл” гээд байхаар нь би уурлаад Дэмбэрэл гэдэг айлд хүүхдүүдийнхээ хамт орж хоносон. Тэгээд маргааш нь буюу 04-ний өглөө би гэртээ буцаж очсон. Тэгээд цай чанаад гамбир хайрч байсан чинь Б хоол хийгээд өг гэсэн юм. Тэгэхээр нь чадахгүй гэсэн чинь над руу тамхины шилэн сав аваад шидсэн чинь миний нүүр хэсэгт цохисон. Тэгээд би цагдаа дуудсан чинь цагдаа ирээд Быг аваад явсан. Тухайн үед Бын архи нь гарсан юм шиг байсан. Б намайг тамхины шилэн саваар 1 удаа цохисон өөрөөр цохиж зодоогүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 10/,

Насанд хүрээгүй гэрч Б.Аы ... Маргааш нь өглөө ээж бид нар гэртээ орход аав сэрчихсэн байсан ба архи нь гарсан байсан. Тэгээд гамбир хайрч байхад аав ээжийг “хоол хийгээд өг” гэсэн. Тэгтэл ээж “чадахгүй” гэсэн чинь аав тамхины үнсний шилэн сав аваад ээж рүү шидсэн чинь ээжийн нүүр рүү нь цохисон. Тэгээд ээжийн нүүр помбойж хөхөрсөн. Тэгээд цагдаа дуудсан юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 11/,

Шүүгдэгч С.Бын ... Би 2019 оны 08 дугаар сард байх өдрийг нь санахгүй байна архи уучхаад эхнэр Д.Этай маргасан. Тэгээд маргааш өглөө нь сэрхэд гэрт эхнэр хүүхэд байсан. Айлд хоносон эсэхийг мэдэхгүй. Би архи уугаад тасарсан байсан. Маргааш өглөө нь би эхнэрийг бантан хийгээд өгчих гэхэд эхнэр Э дургүй хүргээд янз бүрийн юм яриад байхаар нь тамхины шилэн үнсний сав шидсэн чинь Эгийн нүүр рүү нь цохисон. Тэгээд Э цагдаа дуудсан байх цагдаа ирээд намайг авч явсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/,

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 сарын 07-ны өдрийн 486 тоот шинжээчийн ... Д.Эгийн биед 2 нүдний дээд, доод зовхи, дух, хацарт цус хуралт, дух хамар, хацарт зулгаралт, зовхи, дух хацарт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой ... Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 13/, эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын тогтоол, эд мөрийн баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 30-32/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Хохирогч Д.Э нь шүүгдэгч С.Бт гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Шүүгдэгч С.Бын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр болон хувийн байдал зэргийг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан тамхины шилэн үнсний савыг устгаж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч С.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Бт 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч С.Б нь 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шилэн үнсний савыг устгасугай.

6. Шүүгдэгч С.Б нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.       

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА