Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2016/05775

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2016/05775

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 10 дугаар хороо, 7 дугаар хороолол, 12-3 тоот хаягт байрлах “Их-Алтайн хүрд” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар:5819598/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2 дугаар хороо, Залуус хотхон 1 дүгээр байр, 22 тоотод оршин суух, Боржигин овогт Ганхуягийн Ууганбаяр /регистрийн дугаар: НЮ88012271/-д холбогдох,

 

“Зээлийн гэрээний үүрэгт 4,920,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн, хариуцагч Г.Ууганбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Их-Алтайн хүрд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тус компани нь Г.Ууганбаяртай 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 318 дугаартай зээлийн гэрээ байгуулан 3,000,000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 7 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах үүднээс мөн өдөр Г.Ууганбаярын нэр дээрх 7224 УНГ улсын дугаартай 0954117 гэрчилгээний дугаартай приус маркийн авто машиныг барьцаалан гэрээг давхар байгуулсан.

Гэвч зээлдэгч Г.Ууганбаяр нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй, янз бүрийн шалтаг шалтгаан тоочин өнөөдрийг хүргэж байгаа бөгөөд үндсэн зээлээс 3,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөхгүй нэхэмжлэгчийг чирэгдүүлсээр байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 2 дугаар зүйлд “зээлдэгч нь зээлийн хүүд 77,000 төгрөгийг сар бүр төлнө” гэж заасны дагуу 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдрөөс 2016 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл зээлийн хүүг төлж байсан бөгөөд үлдсэн хугацааны хүүг огт төлөөгүй бөгөөд энэхүү зээлийн хүүг төлж байгаа нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болно.

Мөн талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5 дугаар зүйлд “хэрэв гэрээнд заасан хугацаанд зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээл, хүү, зогсоолын төлбөрийн нийт дүнгээс 0,5 хувиар бодож зээлдүүлэгчид алданги төлөх үүүрэгтэй” гэж заасны дагуу хугацаа хэтэрсэн 343 хоногийн /3,000,000х0,5=15000х343=5,145,000/ төгрөгийг зээлдүүлэгчид төлөх үүрэгтэй байна.

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу 50 хувь буюу 1,500,000 төгрөгийг алдангид төлөх үүрэгтэй юм.

Түүнчлэн нэхэмжлэгчийн зүгээс зээлийн төлбөрөө компанийн нэр дээр шилжүүлсэн машинаас барагдуулах арга хэмжээ авах гэсэн боловч зээлдэгч унаад явсан, компанийн нэр дээр бүртгэлтэй машины хаана байгааг нь хэлэхгүй байгаа учраас энэ зээлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэх боломжгүй байгаа юм.

Иймд зээлдэгч Г.Ууганбаяраас Зээлийн гэрээний үүрэгт, үлдэгдэл төлбөр 3,000,000 төгрөг, алданги 1,500,000 төгрөг, хүү 420,000 төгрөг, нийт 4,920,000 төгрөгийг гаргуулж хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Мягмарсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Хэдийгээр миний бие өмгөөлөгчөөр оролцож байгаа боловч миний үйлчлүүлэгч нэхэмжлэлийн шаардлагаас хүүнд тооцсон 420,000 төгрөгөөс татгалзаж буйгаа надаар дамжуулан уламжилсан. Иймд 4,500,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Г.Ууганбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би, 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Приус 20 маркийн машин 7,500,000 төгрөгөөр хувь хүнтэй тохиролцсоны үндсэн дээр бэлэн мөнгө 4,500,000 төгрөг өгч үлдсэн 3,000,000 төгрөгийг авто ломбард “Их-Алтайн хүрд” ХХК-тай 3 сарын хугацаатай зээлийн гэрээ хийж авсан.

2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр машин чинь бүрэн бүтэн юм уу ярилцъя гэж дуудсан. “Их-Алтайн хүрд” ХХК-ийн оффист очтол ломбардын ажилтан болох Л.Лувсанжамц, Б.Төгсбаяр нар хүлээж байсан.

Тэр үе Төгсбаяртай чиний зээлдүүлсэн 1,000,000 төгрөг эргэн төлүүлэхээр тохирлоо. Харин чи үлдсэн 2,000,000 төгрөгийг гэрээний дагуу дуусгавар болгоход болно гэж хэлээд тэр өдрөө Приус 20 маркийн 7227 УНГ улсын дугаартай автомашины хурааж авсан. Өөрийнхөө төлөх 2,000,000 төгрөгийг хүүтэй нь барагдуулж дуусга гэсэн. 2016 оны 4 дүгээр сарын 11-нд цалингийн зээл хөөцөлдөн 3,000,000 төгрөг зээлэн авч тэр өдрөө Их-Алтайн хүрд ХХК-ийн ажилтан Л.Лувсанжамцад 2,375,000 төгрөгийг зээлийн төлбөр болон алданги мөнгийг бөөнд нь төлж барагдуулсан.

Тус өдөр мөнгөний баримт болон зээлийн гэрээгээ хаая гэвэл Балдансамбуу овогтой Төгсбаяраас авах ёстой 1,000,000 төгрөгийг авч байж зээлийн гэрээ хаагдна гэсэн. Бэлэн мөнгөний баримт авъя гэтэл манай нягтлан төрсөн ахын эхнэр гэсэн. Хэрвээ мэдэх юм бол Б.Төгсбаяр бид хоёрын тохиролцсон 1,000,000 төгрөгийн хийсэн хувь тохиролцоо мэдэгдчихнэ гэж хэлсэн. Одоо ингээд чамтай хийх төлбөр тооцоо дууссан гэрээнийхээ өөрт байгаа хувийг надад өгчих гэж хэлээд надаас авсан. Машиныг чинь гаражаас гаргаж өгье гэж хэлээд Их-Алтайн хүрд ХХК-ийн оффисын харалдаа урд байрлах айлын хашаанаас гаргаж өгсөн. Нэр дээрээ яаж авах вэ гэхэд Модны 2-т таньдаг нотариат байгаа гэж хэлээд явуулсан. Маргааш нь буюу 2016 оны 4 дүгээр сарын 12-нд Лувсанжамцын зааж өгсөн тухайн нотариат дээр очоод худалдах-худалдан авах гэрээ хийсэн.

2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Приус 20 автомашиныг эхнэрийнхээ нэр дээр шилжүүлж өгсөн бөгөөд өр зээлгүй гэж бодож байсан.

Их-Алтайн хүрд ХХК-ийн нэхэмжилж буй 4,920,000 төгрөг ямар ч үндэслэлгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Их-Алайн хүрд” ХХК нь хариуцагч Г.Ууганбаярт холбогдуулан “Барьцаат зээлийн гэрээний үүрэгт 4,920,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна. 

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 420,000 төгрөгөөс нэхэмжлэгч татгалзаж байгаа талаар шүүх хуралдаанд тайлбарласан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эрх өмгөөлөгч О.Мягмарсүрэнд олгогдоогүй тул зээлийн гэрээний үүрэгт 4,920,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

“Их-Алайн хүрд” ХХК нь Г.Ууганбаяртай 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 318 дугаартай Зээлийн болон Барьцаат зээлийн гэрээг тус тус байгуулж, 3,000,000 төгрөгийг 7 хувийн хүүтэй, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хугацаатай, зээлийг хүүгийн хамт төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд үндсэн зээл, хүү, зогсоолын төлбөрийн нийт дүнгээс 0,5 хувийн алданги тооцохоор зээлдүүлж, зээлийн барьцаанд 72-24УНГ улсын дугаартай Тоёота приус 20 маркийн автомашиныг барьцаалсан болох нь хэрэгт авагдсан Барьцаат зээлийн гэрээ, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.2.-т “Барьцаалан зээлдэх газраас олгох зээлийн хүүг талууд тохиролцон тогтооно.” гэж заасан бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээгээр тохирсон хүүг гэрээнд заасан хугацаанд төлөх, хэрэв зээл, түүний хүүг хугацаандаа төлөөгүй бол гэрээний дагуу алданги төлөх үүрэгтэй.

 

Зээлийн гэрээний хугацаа сунгагдаагүй байх тул зээлдэгч нь дээрх гэрээнд заасан хугацаанд зээлийн хүүг төлөх үүрэг хүлээнэ.

 

Зээлдэгч нь 2015 оны 6 дугаар сарын 02-ны өдөр 3,000,000 төгрөгийг Дагвадорж гэгчийн данс руу хийлгэж авсан байх бөгөөд “Их-Алайн хүрд” ХХК-ийн захирал Л.Лувсанжамцын эзэмшдэг ХААН банк дахь 5017056062 дугаар дансанд 72-24 УНГ улсын дугаартай автомашиныг барьцаалсан зээлдэгч нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 210,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 10-нд 420,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 02-ны өдөр 140,000 төгрөгийг төлсөн, мөн 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр 2,210,000 төгрөг, 2016 оны 02 дугаар сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 420,000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр 210,000 төгрөг, 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 210,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 210,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдөр 210,000 төгрөгийг бэлнээр төлсөн Орлогын баримт хэрэгт авагдсан байх тул хариуцагч Г.Ууганбаяр нийт 3,670,000 төгрөгийг нэхэмжлэгч “Их-Алтайн хүрд” ХХК-д төлсөн нь тогтоогдож байна.

 

Зээлдэгч нь дээрх байдлаар нийт 3,670,000 төгрөгийг төлсөн байх бөгөөд зээлийн гэрээнд заасан хугацаанд хүү төлөх үүрэгтэй тул зээлдүүлэгчид 460,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзэхээр байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4.-т “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.” 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан  хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги” гэж тус тус заасан тул хариуцагчаас зээлийн гэрээний дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй алдангийг гаргуулах үндэслэлтэй.

 

Гэрээний хугацаа дуусах үед буюу 2016 оны 7 дугаар сарын 02-ны өдөр зээлийн үндсэн төлбөрөөс төлөлт хийгдээгүй тул үндсэн зээл 3,000,000 төгрөгөөс алдангийг тооцох үндэслэлтэй байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссанаас хойш зээлдүүлэгч “Их-Алтайн хүрд” ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацааны алданги нь гүйцэтгэгдээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байна.

 

Хариуцагч Г.Ууганбаяр нь дээр дурдсанаар 460,000 төгрөгийг нэхэмжлэгч “Их-Алтайн хүрд” ХХК-д төлсөн нь тогтоогдож байх тул уг төлбөрийг Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгдсэнд тооцож, дээр дурдсан 3,000,000 төгрөгийн алданги 1,500,000 төгрөгөөс 460,000 төгрөгийг хасч 1,040,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч “Их-Алтайн хүрд” ХХК-д олгох үндэслэлтэй.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Г.Ууганбаяраас 1,040,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Их-Алтай хүрд” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,880,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 93,670 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Ууганбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 29,510 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “Их-Алтайн хүрд” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА