| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0275/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/282 |
| Огноо | 2019-11-08 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/282
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Л.Батбаяр, Л.Золжаргал,
Нарийн бичгийн дарга Н.Гантулга,
Шүүгдэгч Д.Х, насанд хүрээгүй шүүгдэгч О.С түүний хууль ёсны төлөөлөгч Д.Энхээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар, О.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1814005910330 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 09 сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол улсын иргэн, Д.Х,
2. Монгол улсын иргэн, О.С,
Холбогдсон хэргийн талаар:
Өсвөр насны шүүгдэгч О.С нь 2018 оны 10 сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 4 дүгээр гудамжний 7 тоотод насанд хүрээгүй З.Тгийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Д.Х нь 2018 оны 10 сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 4 дүгээр гудамжний 7 тоотод насанд хүрээгүй З.Тгийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Насанд хүрээгүй хохирогч З.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр би ганцаар гэрээсээ гараад 18 цагийн орчимд дэлгүүр рүү явж байсан чинь гудамжинд *******, Мэ нар таараад намайг хоргоогоод явуулахгүй. Чаддаг юм бол хүрээд ир гээд байсан. Тэгээд байж байтал ээж хашаанаасаа гарч ирээд намайг дуудаад нөгөө 2 хүүхдийг загнасан. Би тэгээд дэлгүүр оролгүй гэртээ ортол нөгөө хүүхдүүд намайг О гэдэг хүүхдээр гаднаас дуудуулсан. Би гэрээс гартал О надад “Мөнх-Оргил, Мэ нар чамайг чаддаг юм бол гараад ир гээд байна” гэсэн. Тэгээд Отай уулзаад гудамжны үзуүр рүү гархад хүүхдүүд байхгүй болохоор нь “Хангай” дэлгүүрийн арын гудамжаар явж байтал нөгөө 2 дуудсан ба Мийн аав нь хашаанаасаа гарч ирсэн ба очих гэхэд урдаас чулуу шидэхээр нь бид 2 зугтаагаад үзүүрийн онгорхой хашаатай ******* гэдэг эгчийнд ороход ******* ах араас орж ирээд намайг гараараа нүүр рүү 2 удаа цохисон. Тэгээд миний гарнаас хөтлөөд гэрээс гарахад өндөр ах хүрч ирээд миний нүүр рүү 1 удаа цохиод би газар унасан. Тэгээд нэг мэдэхэд гэртээ ирсэн байсан. Тэр өндөр хүнийг би одоо танихгүй. Тэр өндөр эрэгтэй хүнийг Мөнх- Оргил, Х.Мэ нар дуудсан гэж О, Ц нар надад хэлсэн. Ц тэгхэд О бид 2-той хамт явж байсан юм ... Би Х ахад ******* эгчийнд байхад нүүрэндээ цохиулсан. Дараа нь нэг ах намайг цохиж унагаасан ... Намайг эхлээд Х ах ******* эгчийнд байхад миний нүүр рүү гараараа цохисон. Тэгээд тэр айлаас бид нар гархад ******* эгчийн гадаа нэг танихгүй ах хүрч ирээд намайг нүүр рүү цохисон тэгэхэд би газар унасан. Тэгээд босоод бүгдээрээ гудамжны үзүүр дээр очсон. Гудамжны үзүүр дээрх дэлгүүрийн үүдэнд очиход Х.Мэ байсан, О, Х ах, танихгүй 18 орчим насны эгч байсан. Тэгээд гудамжны үзүүр дээр очиход цагдаа ирж байсан ба биднийг тараасан. Би тэр зодуулахаас өмнө Отгонбат ахтай барилдаж байгаад зүүн мөрөндөө юм оруулж байсан. Тэрнээс хугалаагүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 81-82/,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Тэр өдөр буюу 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орой 18 цагийн орчимд хүү Тгийг би хөөлгөгч аваад ир гээд дэлгүүр рүү явуулсан. Тэгээд араас нь гарсан чинь гудамжинд 2 хашааны цаана манай хүүг хүүхдүүд хоргоогоод зогсоосон байхаар нь би явж очоод яагаад хүүхэд явуулахгүй байгаа юм гээд хүүгээ аваад гэртээ орсон. Тэгтэл О гэдэг Тгийн найз нь гаднаас дуудаад Тг гараад явсан. Би Тгийг хажуу гэрт орсон юм байх гэж бодсон. Нэлээн удаад ирэхгүй байсан ба би гарах гэж байтал удалгүй Тг орж ирсэн. Би нэг их анзаараагүй байсан ба Тг орон дээр эвхрээд суусан. Тэгээд харсан чинь шанаа нь хавдсан байсан. Тэгээд Тг орон дээрээ хэвтсэн. Би тэгээд түргэн дуудаад эмнэлэгт үзүүлсэн. Шөнө нь хүүхэд ёолоод болохгүй байсан ба маргааш нь эмнэлэгт үзүүлж рентген зураг авхуулахад зүүн эгэм нь хугарсан байсан. Өмнө нь Тг 10 орчим хоногийн өмнө байх барилдаж байгаад зүүн эгмээ дараад ёо ёо гээд байхаар нь үзэхэд жаахан овгор юм шиг байсан ба нэг их өвдөөгүй болохоор нь мултарсан байх гэж бодсон. Тэрнээс хойш зүв зүгээр хичээл сургуульдаа яваад байсан. Харин зодуулсаны дараа эгэм нь хугарсан байсан. Би тэр зодуулсан гэх айл болох *******, ******* нарынд ороод юу болов гэхэд “******* гэдэг хүн танай хүүхдийг зодсон” гэсэн. Наад өндөр хүн гэдгийг нь хэн гэдгийг нь мэдэхгүй ... Миний хүү 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс өмнө ах Отгонбаттай хашаандаа барилдаж байгаад зүүн мөр хэсэгтээ өвдөөд байна гэсэн. Тэгээд үзэхэд ямар нэгэн гэмтлийн болон өвчтэй зүйл байгаагүй. Тэрнээс хойш зүв зүгээр ногоо хураалтад ******* бид 2-той хамт яваад зүгээр байсан. Тухайн үед зүгээр байсан учир эмнэлэгт үзүүлж яваагүй. Тэрнээс хойш 10 дугаар сарын 08-нд зодуулчихаад ирэхдээ л гараа даахгүй гар өвдөөд байна гээд ирсэн. Шөнө гар нь дээшээ болохгүй өвдөөд өвчин намдаах эм өгч хоносон. Тэгээд маргааш нь гэмтлийн эмчид үзүүлж рентген зураг авхуулсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-21, 82-83/,
Гэрч Б.Эгийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 10 сарын эхээр орой 18-19 цагийн орчимд гаднаас Тг, Ц, О нар орж ирсэн. Тэгэхэд эгч А бид 2 бага насны 2 хүүхэдтэй байсан. Тэр 3 орж ирээд ******* ах зодох гээд байна гэж орж ирсэн. Тэгсэн араас нь ******* орж ирээд Тгийг барьж аваад зодсон. Тэр чи манай хүүхдийг дандаа дээрэлхдэг гээд алгаад нүүр рүү нь шанаа хэсэгт гараараа цохиж авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-24/,
Гэрч *******ийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны 10-р сарын 08-нд байх орой гэртээ байж байсан Тг, Ц, О нь гүйж орж ирсэн. Тэгээд удалгүй ******* нь хүү болон Хангай дэлгүүрийн охинтои 4-үүлээ орж ирсэн. Тэгээд Тгийг орны урд байхад нь гараараа ******* цохиж авсан. Тэгэхээр нь би болиоч хүний хүүхэд аллаа гэхэд ******* намайг багалзуурдаж авсан ... ******* л шанаадаж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 24-25/,
Насанд хүрээгүй гэрч Ч.Цийн мөрдөн байцаалтад өгсөн ... Одоогоос 1 сар гарангийн өмнө байх нэлээн удаж байна. Би О ах болон Тг нартай орой гэгээ тасарч байхад гудамжинд явж байхад Х.Мэ бид нарыг зодолдъё гээд Мөнх-Оргил гэдэг бандитай зогсож байсан. Тэгээд бид нар уулзаад зодолдохгүй гээд буцаад явж байсан чинь ******* ах бид нарыг “яагаад хүүхэд дээрэлхээд байна” гээд зодох гээд хөөсөн. Тэгэхээр нь бид нар салаад гүйсэн. Би О ахтай хамт гүйгээд Тг гүйгээд явсан. Бид нар гүйгээд ******* эгчийн гэрийн ойролцоо тааралдаад Тг, О ах бид 3 ******* эгчийнд орсон. Тэгтэл араас ******* ах орж ирээд Тгийг заамдаж аваад шанаанд нь 2 удаа хүчтэй цохисон. Тэгээд чирээд гарсан. Би айгаад гаралгүй байж байтал тайрмал үстэй эгч намайг орж ирээд “зодохгүй ээ” гээд авч гарсан. Тэгээд гудамжны үзүүр дээр дэлгүүрийн үүдэн дээр авч ирсэн. Тэнд Тг О ах нар байсан ба том ангийн ах нар байсан. Тэгсэн чинь малгайтай хар цамцтай хавтгай шар нүүртэй ах Тгийг нүүр шанаа орчимд нь цохиод газар унагаасан. Тг хагас дутуу босож ирээд гуйваад байсан. Тэгтэл намайг айлаас авч гарсан эгч Тгийг өшиглөх гэсэн чинь Тгийг цохисон ах боль боль гээд болиулсан. ******* ах тэгэхэд ирчихсэн байсан. Тгийг тэр өндөр ах цохиж унагаахад ээж гудамжинд явж байгаад Тгийг босож ирсний дараа ирсэн ... З.Тгийг манай арын гудамжны үзүүрийн дэлгүүрийн дэргэд Мий хамаатны эгчийн найз гэх ах гараараа цохиод З.Тг газар ойчсон. Тэгээд сүүлд нь буцаад явахдаа зүүн хэсэгтээ гараа бариад жаахан өвдөөд байна гээд эвгүй болчихлоо гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-27, 93/,
Насанд хүрээгүй гэрч Х.Мий мөрдөн байцаалтад өгсөн ... гэнэт аав хаана гарч ирсэн нь мэдэхгүй яагаад манай хүүхдүүдтэй уулзах гээд байгаа юм зодоон хийх гээд байгаа юм уу гээд гарч ирсэн чинь нөгөө Тг, Одка нар зугтаасан. Тэгээд араас нь хөөж гүйгээд ******* буюу Э эгчийнд орсон ... Гудамжны үзүүр дээр Хангай дэлгүүрийн үүдэнд ирэхэд манай эгчийн найз ******* ах байсан. ******* ах намайг өмөөрөөд Тгийг хавирч унагаагаад 1 удаа хөл рүү нь өшиглөсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30/,
Насанд хүрээгүй гэрч *******ын мөрдөн байцаалтад өгсөн ... Би сар өдрийг нь мэдэхгүй байна. 2018 оны намар хичээл цугласан байсан. С, У, бид нар байж байгаад Уийн дүү нь утсаар залгаад дүүг нь хүүхдүүд дээрэлхээд байна гэсэн. Тэгээд бид нар амчуулын эцэст очсон. Тэгэхэд гэгээ тасарч байсан байх. Очиход дэлгүүрййн хажууд хэсэг хүүхдүүд байсан. Нэг хүүхэд нь Уийн хамаатны дүүг нь доромжилсон. Тэгэхээр нь С уурлаад 1 алгадсан чинь тэр хүүхэд газар унасан. Хажуу хэсгээрээ мөр орчмоороо унасан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/,
Насанд хүрээгүй гэрч Р.Бын мөрдөн байцаалтад өгсөн ... Би тэр талаар мэдэхгүй. Өнгөрсөн жилийн намар 10 сард байсан байх өдрийг санахгүй байна. Би тэгэхэд хамт яваагүй. Харин бид нар кино үзнэ гэж байсан ба намайг очих хооронд С хүүхэд алгадсан гэж байсан. Өөрөөс нь 1-2 нас дүү хүүхэд байсан гэсэн. Би ямар хүүхэд алгадсан талаар асуухад Сийн найз охин Уийн дүүг нь зодох гэж байхаар нь С тараах гээд алгадсан гэж байсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 34/,
Гэрч Д.Уийн мөрдөн байцаалтад өгсөн ... Тэр өдөр орой 19 цаг өнгөрч байхад С, , , Бат-Оргил гэх мэт хүүхдүүдтэй явсан. Тэгээд ын дүү нь утсаар бид нарыг хүүхдүүд зодох гээд байна гэхээр нь бид нар бүгдээрээ малчны хорооллын орчимд ын дэлгүүрийн үүдэнд очсон. Тэгэхэд Х.Мэ “аниа сая хүүхдүүд ирсэн байсан чинь аав гарч ирээд нэг хүүхдийг нь цохисон чинь тэд нар тал тал тийшээ гүйчихлээ” гэсэн. Мэ бол Х ахын хүүхэд байгаа юм. бид 2 түрүүлээд нөгөө хүүхдүүдийг нь хайгаад гүйсэн тэр нөгөө хүүхдүүдийг нь хайгаад ******* гэдэг эгчийнд орсон. Тэгэхэд би гудамжинд *******ийн хашааны ард зогсож байсан. Тэгээд ******* эгчийнхээс хүүхдүүд гаргаж ирсэн. Тэгэхэд Х ах цуг гэрээс нь гарч ирсэн. Тэгээд Х ах миний нүдэнд дээр нэг жаахан бандийг заамдахаар нь би болиулсан. Тэгэхдээ тэр жаахан бандийг бол цохиогүй. Харин Х ах нэг бандийг нь гэрт цохисон гэж хэлсэн гэхдээ би тэрийг нь хараагүй. Тэгээд тэр банди нарыг нь аваад бид нар гудамжны үзүүр дээрх дэлгүүрийн үүдэн ирсэн. Тэгээд тэнд нэг өндөр арзайсан үстэй банди нь Сийн урдаас янз бүрийн юм яриад хэг ёг хийгээд хэгжүүрхээд байсан. mэгэхээр нь С тэр бандийг алгадсан чинь газар тулж ойчоод дайваад босоод ирсэн. Дахиж С тэр хүүхдийг цохиогүй. Тухайн үед гадаа бүрэнхий болчихсон гэхдээ аймаар харанхуй бол биш байсан. Цагдаа ирэхээс өмнө С яваад өгсөн би үлдсэн юм ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 94/,
Өсвөр насны яллагдагч О.Сийн мөрдөн байцаалтад өгсөн ... 2018 оны намар яг хэдэн сарын хэдэнд гэдгийг нь мэдэхгүй байна. Багцаагаар 10 сарын үед байх би орой найзууд болох , *******, нарын хамт гадуур РС дээр тоглож байсан. Тэгсэн чинь Мөнх-Оргил гэдэг хүүхэд залгаад “том ах нар ирчихээд гудамжны үзүүр дээр зодох гээд байна” гэхээр нь би утсаар нь яриулаадах гэхэд ******* “тэр хүүхдүүд өөрөө ирээд уулзчих гээд байна” гэсэн. Тэгээд , *******, , У бид нар очсон чинь гудамжны үзүүр дээр хэдэн жаахан хүүхдүүд байсан. Тэгээд би очоод яагаад байгаа юм тарцгаа гэсэн чинь нэг өндөр банди над руу пээдийгээд байхаар нь би алгадсан. Тэр өндөр банди газар унасан. Тэр банди жаахан байж байгаад босоод яваад өгсөн. Тэгээд л бид нар яваад өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 68/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 623 тоот шинжээчийн ... З.Тгийн биед зүүн эгэм ясны далд хугарал, тархи доргилт, зүүн хацарт, цээжинд зөөлөн дэийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 38/,
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 15-ны өдрийн 696 тоот шинжээчийн нэмэлт ... З.Тгийн биед зүүн эгэм ясны далд хугарал, тархи доргилт, зүүн хацарт зулгаралт, хацар, цээжинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон ба зүүн эгэмний хугарал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт, тархи доргилт гэмтэл нь дангаараа шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт харин хацрын зулгаралт, хацар, цээжний зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй болно ... 2018 оны 10 сарын 10-ны өдөр авхуулсан З.Тгийн гэх зүүн эгэмний эгц урдаас авсан рентген зурагт зүүн эгэм дунд 1/3-р хөндлөн ташуу (S хэлбэрийн) хугаралтай байна гэж дүрс оношилгооны нарийн мэргэжлийн эмч Д.Ганзориг оношилсон. Рентген зурагт ясны хуучин ба шинэ хугарал ялган танигдах боломжтой бөгөөд хуучин хугаралтай тохиолдолд зурагны тайлбарт бичиж тэмдэглэдэг уг зурагны тайлбараас хархад хуучин хугаралтай байсан гэх шинж тэмдэг үгүй байна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 43-44/,
Эмчийн тодорхойлолт /хх-ийн 39-41/,
Хохирогчийн насыг тоолсон мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 48-49/,
О.Сийн насыг тоолсон тэмдэглэл /хх-ийн 50/,
Таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт /хх-ийн 78-80/,
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 99-100/
Шүүгдэгч нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 112, 114/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд дүгнэхэд шүүгдэгч Д.Х нь 2018 оны 10 сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 4 дүгээр гудамжний 7 тоотод насанд хүрээгүй З.Тгийн толгойн тус газар нь гараараа цохиж тархи доргилт буюу хөнгөн гэмтэл учруулсан, өсвөр насны шүүгдэгч О.С нь 2018 оны 10 сарын 08-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Гэгээн шавь 6 дугаар багийн 4 дүгээр гудамжний 7 тоотод насанд хүрээгүй З.Тгийн нүүрэн тус газар нь гараараа цохиж унагаасны улмаас түүний зүүн эгэм ясны далд хугарал буюу хүндэвтэр гэмтэл тус тус учруулсан болох нь насанд хүрээгүй хохирогч З.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, гэрч Б.Э, *******, Ч.Ц, Х.Мэ, *******, Р.Б, Д.У нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 10 сарын 15-ны өдрийн 623 тоот шинжээчийн дүгнэлт, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 11 сарын 15-ны өдрийн 696 тоот шинжээчийн нэмэлт дүгнэлт, эмчийн тодорхойлолт, таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургын үзүүлэлт зэрэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байх тул шүүгдэгч Д.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч О.Сийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.
Шүүгдэгч Д.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг, өсвөр насны шүүгдэгч О.С нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг тус тус 2018 оны 10 дугаар сарын 08-ны өдөр үйлдсэн бөгөөд гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жил 1 сарын хугацаа өнгөрсөн байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар шүүгдэгч Д.Х, өсвөр насны шүүгдэгч О.С нарт холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.
Иймд шүүгдэгч Д.Х, өсвөр насны шүүгдэгч О.С нарт холбогдох 1814005910330 дугаартай эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Насанд хүрээгүй хохирогч З.Тг түүний хууль ёсны төлөөлөгч ******* нар нь шүүгдэгч нарын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй байх тул шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болно.
Шүүгдэгч Д.Х, өсвөр насны шүүгдэгч О.С нар нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Хын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Д.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, өсвөр насны шүүгдэгч О.Сийг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар, өсвөр насны шүүгдэгч О.Сид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч Д.Хын эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
4. Шүүгдэгч Д.Х, өсвөр насны шүүгдэгч О.С нар нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Х, өсвөр насны шүүгдэгч О.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА