| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06977/И |
| Дугаар | 101/ШШ2016/05821 |
| Огноо | 2016-09-15 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 15 өдөр
Дугаар 101/ШШ2016/05821
| 2016 оны 09 сарын 15 өдөр | Дугаар 101/ШШ2016/05821 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монел 26-586 тоотод оршин суух, Боржигон овогт Лантуугийн Болормаа /РД:ЛД92061902/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 19 дүгээр хороо, Цайз 38а 743 тоотод орин суух, Боржигон овогт Эрдэнэбаярын Ариунбаяр /РД:ВД92012210/-т холбогдох,
“Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Болормаа, хариуцагч Э.Ариунбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Болормаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 онд Э.Ариунбаяртай танилцаж хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд би жирэмслэж 2016 оны 3 дугаар сарын 01-нд хүү Ганбагана төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас гэрлэлтээ албан ёсоор батлуулаагүй байсан. Бид зан харилцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тусдаа амьдрах болсон. Хүүгээ ганцаараа төрүүлж, өгсөж байгаа. Одоо бид тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул хүү Ганбаганад тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид 2015 онд танилцаж хамтран амьдрах болсон. Л.Болормааг жирэмсэн байхад салсан. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Ганбагана бол миний хүүхэд мөн. Хүүхдийн тэтгэлэг төлөхөд маргах зүйл байхгүй. Би эргээд амьдрах хүсэлтэй гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Болормаа нь хариуцагч Э.Ариунбаярт холбогдуулан, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөсөн тайлбарыг шүүхэд гаргаж байна.
Л.Болормаа, Э.Ариунбаяр нар 2015 онд танилцан хамтран амьдарч, Л.Болормаа жирэмсэн байх үед тэд салсан байх бөгөөд 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүү Б.Ганбаганыг төрүүлсэн, хүү Б.Ганбагана одоо эхийн асрамжинд эрүүл өсч бойжиж байгаа болох нь зохигчийн тайлбар болон хүүхдийн төрсний 0000226255 дугаартай гэрчилгээ, хүний их эмч Баярсайханы Бат-Эрдэнийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байна.
Зохигч одоо тус тусдаа амьдарч байгаа, хүүхдийн тэтгэлэгийн талаар харилцан тохиролцоогүй тул Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т тус тус зааснаар хүүхдийн тэтгэлэгийг хариуцагч Э.Ариунбаяраас гаруулж, хүү Б.Ганбаганыг тэжээн тэтгүүлэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанд гаргасан хариуцагч Э.Ариунбаярын эргэн амьдрах тухай тайлбарыг нэхэмжлэгч Л.Болормаа үгүйсгээгүй, хамтран амьдрахад татгалзахгүй гэсэн боловч нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаагүй тул хэргийг шүүх хуралдаанаар шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.3, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан, 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр төрсөн, хүү Боржигон овогт Болормаагийн Ганбагана /регистрийн дугаар:УЛ16230176/-ыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл уг түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг Э.Ариунбаяраас тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Ариунбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Болормаад олгосугай.
3. Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн дараа зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА