| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2019/0277/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/283 |
| Огноо | 2019-11-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 2019/ШЦТ/283
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Шүүгдэгч Д.Ж,
Нарийн бичгийн дарга Н.Гантулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Д.Жд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1914005510342 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Ж,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Ж нь 2019 оны 08 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт С.Эыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Д.Ж нь 2019 оны 08 сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт С.Эыг зодож түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь ...
Хохирогч С.Эын ... 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр өглөө ажилдаа явах гэж Ж ахынд очсон төмөр ирээгүй байна үдээс хойно ирнэ тэгээд дуудъя гэж хэлсэн. Тэгээд Ж бид Амчуулд байх айлд очиж нэг шил архи уусан. Тэгтэл Ж ах эхнэртээ мөнгө өгөөд ирье гэж хэлээд тэр айлын мотоцикь унаж явсан. Тэгээд удалгүй тэр айлд ирж намайг авч Ж ахынд очих гэж бид хоёр хамт явж байхад Нэгдсэн эмнэлэгийн ард цагдаа таарч унаж явсан мотоциклио журамлуулсан. Тэгээд Ж ах цагдаа дээр үлдэж би угаасан хувцсыг нь авч гэртээ харьсан. Тэгтэл 15 цагийн үед байх Ж ах гэрт ирж угаасан хувцсаа авч би гэрт нь хүргэж өгөх гэж хамт явсан. Тэгээд Баянхонгор сумын 9 дүгээр баг 3-33 тоотод байх гэрт ирхэд хүн байхгүй байсан. Замаасаа бид хоёр нэг шил архи авч очсон байсан тэрийг хувааж уусан би нэлээд муудсан байсан гэхдээ ухаантай байсан. Тэгтэл Ж ах мотоцикль гаргаж өгөөрэй одоо зайл гэсэн би одоо явлаа гэж хэлхэд надад уурлаж намайг хоёр гурван удаа цохисон. Тэгээд миний нүүр халцарсан мөн миний өмсөж явсан сандаал өмсөх гэхэд өгөлгүй хар тавчик хашаа давуулж шидсэн тэгээд би гарч тавчик өмсөж эхнэр Оюундарьтай утсаар ярьж манай эхнэр намайг ирж авсан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26/,
Гэрч И.Огийн ... 2019 оны 08 дүгээр сарын 04-ний өдөр манай гэрээс ажилтай гэж хэлээд 07 цагт гарч явсан. Тэгээд цагийн дараа нэг хүнтэй хамт орж ирсэн. ******* гэх хүнтэй тэгээд хадам ээжийн виза карт авч явсан. Тэгээд өдөр 12 цагийн үед цагдаа дээр ******* ах мотоцикль барьж явж байгаад хураалгачихлаа гэж хэлсэн. Би цагдаа дээр очиж нөхөр Эыг авч гэртээ харьсан. Тэгээд байж байхад 15 цагийн үед ******* нь такси бариад хүрч ирсэн. Тэгээд тортой хувцасаа авч манай хүн хамт тэр хоёр явсан. Тэр үед манай нөхөр зүгээр эрүүл болчихсон байсан. Тэгтэл орой 22 цагийн үед утсаа ярьж намайг ******* зодоод байна ирж аваадах гэж хэлсэн би хаана байгаа талаар асуухад хэлээгүй. Тэгээд би такси бариад очих үед Гүнж дэлгүүрийн үүдэн дээр байсан. Манай нөхөр Э нүүр ам цус болчихсон зүүн тал нь хавдчихсан цус гоожчихсон энгэрийг нь урчихсан. Энгэр болон ар талын хэсэг мөр орчимд гутлын ор гарчихсан байсан. Би юу болсон талаар асуухад ******* ах намайг зодоод би зугтааж гарч ирсэн сандаалаа авах гэхэд надад энэ тавчигийг хашаа давуулж шидэж өгсөн гэж хэлээд зогсож байсан. Тэгээд би шууд гэртээ авч ирээд угааж цэвэрлэж цагдаад дуудлага өгсөн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 28/,
Гэрч С.Аын ... 2019 оны 08 дугаар сарын 04-ний өдөр манай дүү ******* гэх хүнтэй орой 15 цагийн үед гэрээсээ таксинд суугаад гарч явсан. Тэр үед манай дүү Э эрүүл зүгээр байсан. Тэгээд орой 21 цагийн үед эхнэр рүүгээ утсаар залгаж С ах намайг зодчихлоо гэж хэлсэн. Тэгээд эхнэр О очиж авчирсан. Манай дүү Э согтуу нүүр ам нь шарх сорви болчихсон хувцас нь урагдчихсан хүзүү цээж нь улайчихсан байдалтай байсан би юу болсон талаар асуухад мотоцикль авч өг гэсэн тэрнээс болж маргалдаж зодуулсан гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/,
Шүүгдэгч Д.Жгийн .. .Би хоёр удаа нүүрэнд нь хаана цохисон талаар сайн мэдэхгүй байна. Би архи ууж нэлээд муудсан байсан миний ухаан орж гараад байсан зарим зүйлийг тодорхой сайн санахгүй байна ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 51/
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 сарын 07-ны өдрийн 484 тоот шинжээчийн ... С.Эын биед дух, зовхи, чамархай, хацар, хамар, уруул, цээж, хүзүүнд зулгаралт, дух чамархайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо ... Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ... гэсэн дүгнэлт /хх-ийн 12-13/ зэрэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч С.Э нь гэмт хэргийн улмаас хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгчид гомдол санал байхгүй тухайгаа мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч Д.Жгийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Д.Жг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Жд 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Жгийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Жд мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Жд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА