| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2209022520697 |
| Дугаар | 2025/ХШТ/73 |
| Огноо | 2025-05-28 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 2025/ХШТ/73
Ч.Х-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Батбаатар, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, шүүгдэгч Ч.Х, түүний өмгөөлөгч Ч.Загдсүрэн, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2025/ШЦТ/244 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ДШМ/351 дүгээр магадлалтай, Ч.Х-д холбогдох 2209022520697 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэнгийн гаргасан гомдлоор 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч.Х, 1963 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 62 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, өндөр насны тэтгэвэрт, ам бүл 2, эхийн хамт **** дүүргийн **** дугаар хороо, **** тоотод оршин суудаг, /РД: **** /,
урьд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 2024/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 614 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулахаар өөрчлөлт оруулж, 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 5 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан.
Шүүгдэгч Ч.Х нь 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Д.Э-ыг **** дүүргийн **** дугаар хороо, **** гудамжны **** тоот гэртээ байхад нь “Дархан цаазат газар нутагт газар ашиглах эрхийн гэрчилгээ гаргуулж өгнө, тушаал гарсан” хэмээн хуурч, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хуурамч тушаалын зураг чатаар явуулан Д.Э-ы шилжүүлсэн 2,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн ХААН банкны **** тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч Ч.Х-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 8 /найм/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Х-д оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлэх бүсийг Улаанбаатар хотын Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр хязгаарлалт тогтоож, тогтоосон бүсээс эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ авахаас бусад тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр гарахыг хязгаарлаж, зөрчвөл эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон солихыг шүүгдэгч Ч.Х-д мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Х нь хохирогч Д.Э-д 2,000,000 төгрөгийг нөхөн төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Ч.Х-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд танилцуулсан саналдаа: “...Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн үүрэг болгосон заалтыг буюу 6.9 дүгээр зүйлд заасан зохицуулалтыг заавал хэрэглэнэ, хууль хэрэглээний алдаатай гэж дүгнээд ял нэмж нэгтгүүлэхээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон шийдвэрлэсэн.
…Хэрвээ ял нэмж нэгтгэх нь зайлшгүй хууль хэрэглээний үүрэг болгосон хэм хэмжээ гэж үзвэл шүүгдэгч Ч.Х-ын 5 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө суллаж, хяналт тогтоосон хугацааг хэдийгээр зогсоож ялыг нэгтгэх нь ойлгомжгүй байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тухай 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаар тогтоолоор Ч.Х-ын хугацаанаас өмнө суллагдсан 5 сар 10 хоног дуусгавар болсон байдаг. Мөн шүүхээс “хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан байхдаа 2022 оны үйлдэлдээ дахин шийтгүүлсэн нөхцөл байдал үүссэн” гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг өөрөөр тайлбарлаж, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн гэж үзэж байна. Түүнчлэн “...шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол...” гэх заалт нь шүүгдэгч Ч.Х-ын холбогдсон хэргийн нөхцөл байдалд тохирохгүй байна. 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдөр хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол гарчихсан байсан ба шийтгэх тогтоол гарахаас өмнө тогтоогдчихсон хэрэг нь баримтаар нотлогддог.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт болох гэмт хэргийг шуурхай илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүргээ хэрэгжүүлээгүй эрх бүхий субъектүүдийн эс үйлдэхүйн улмаас шүүгдэгч Ч.Х нь үргэлжилсэн үйлдэлтэй нэг төрлийн гэмт хэрэгт 2 удаа шүүхээс ял шийтгэгдэж, хохирч байна.
…Мөн мөрдөн шалгах ажиллагаа хийж буй мөрдөгч нь хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай санал гаргаж, Ч.Х-д энэ хэргийг дуусгавар болсон мэтээр ойлголт төрүүлсэн хэдий ч яллах дүгнэлт гардуулсан прокурор нь ялаас чөлөөлөх саналтай байгаа зэргээр түүний эрх ашиг, сэтгэл санаагаар тоглон, эрх зүйн байдлыг дордуулсан. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, түүнд оногдуулсан 8 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү.” гэв.
Прокурор А.Золзаяа шүүх хуралдаанд танилцуулсан хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Ч.Х-д холбогдох хэргийн үйл баримтад хийсэн шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг зөв тодорхойлон шийдвэрлэжээ. Харин түүнд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа өмнөх шийтгэх тогтоолоос үлдсэн ялыг нэмж нэгтгэлгүй шийдвэрлэсэн нь буруу болжээ. Шүүгдэгч Ч.Х нь өмнөх шийтгэх тогтоолоор 1 жил 6 сар хорих ял авч, Эрүүгийн хуулийн 6.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар эдлээгүй үлдсэн 5 сар 10 хоногийн ялыг шүүх хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоосон байдаг. Улсын дээд шүүхийн 1989 оны 11 дүгээр тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн 37, 38 дугаар зүйлийг хэрхэн ойлгож хэрэглэх талаар тайлбарласан бөгөөд тогтоолын ж, з-д хорих ялыг тэнсэж, сулласан хугацааг хэрхэн тооцож нэмж нэгтгэх талаар тодорхой тайлбарласан байна. Нийгмийн хөгжил, цаг үеэ дагаад Эрүүгийн хуулийг шинэчлэн найруулж, 2002, 2015 онд шинээр батлагдан мөрдөгдөж байгаа хэдий ч Эрүүгийн хуулийн үзэл баримтлал, суурь зарчим уламжлагдан ирсэн. Энэ ч үүднээсээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд гэмт этгээд үйлдсэн гэмт хэргийнхээ заримд нь шийтгүүлсэн эсэхээс үл хамааран шинээр илэрсэн болон өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүгдийг нэмж нэгтгэж байхаар заасан. Ийнхүү шийдвэрлэснийг шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан зохицуулалтыг хэрэглэсэн гэж үзэх үндэслэлгүй юм.
Учир нь шүүгдэгч Ч.Х-ыг 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдөр прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд тус тогтоолтой 2024 оны 05 дугаар сарын 20-ны өдөр танилцсан нь өмнөх хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнөх цаг хугацаанд шүүгдэгч мэдсэн үйл баримт авагдсан байна. Прокурорын байгууллагын хувьд хэрэг бүртгэлтийн хэрэгт ажиллагаа хийгдэж байх үед яллагдагчаар татагдвал зохих этгээдийг мэдэх боломжгүй, харин цахим системд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан цагаас бүртгэгдэх боломжтой бөгөөд энэ нь хуулийн байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй юм. Анхан шатны шүүхийн шийдвэр 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр гарсан бөгөөд шүүгдэгч Ч.Х-ын хувьд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас 14 хоногийг эдэлж дуусаагүй үлдсэн байхад шүүхээс “...нэгтгэх ялгүй” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл хорих ялыг тэнсэж, хянан харгалзсан хугацаа нь шүүгдэгчийн хувьд эдлээгүй үлдсэн ял тул нэмж, нэгтгэн шийдвэрлэх ёстой байсан.
Иймд хууль зөрчиж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолыг давж заалдах шатны шүүхээс зөвтгүүлэхээр хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Загдсүрэнгийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн 2025 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 363 дугаар тогтоолоор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан үндэслэлээр хүлээн авсан тул мөн хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу Ч.Х-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянав.
2.Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Х-ыг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан өмчлөлийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнийг 8 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, хязгаарлалтын бүсийг Улаанбаатар хотын Сүхбаатар болон Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоосон байна.
Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад дүгнэлт хийлгүй зөвхөн өмнөх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр захирамжаар 5 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан ялыг нэмж нэгтгээгүй буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах зохицуулалтыг хэрэглээгүй гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгожээ.
Шүүгдэгч Ч.Х нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 015 2024/ШЦТ/203 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 614 дугаар магадлалаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлэхээс өмнө буюу 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн хооронд хохирогч Д.Э-ыг хуурч, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын хуурамч тушаалын зураг чатаар явуулан 2,000,000 төгрөгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэгт холбогдсон үйл баримт тогтоогдсон байна.
3.Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй орхигдуулсан анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх илрүүлсэн хэдий ч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зохицуулагдсан хуулийн зохицуулалт, мөн чанар, үзэл санаа, илэрхийлэгдэж буй утга санаа, түүний холбоос болон хэм хэмжээний логик зүй тогтол, хугацаатай зөрчилдөхүйц, шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр дүгнэлт хийсэн нь хяналтын шатны шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцэх үндэслэл болжээ.
Хяналтын шатны шүүх Эрүүгийн хуулийн эрх зүйн хэм хэмжээний бүтэц дэх урьдчилсан нөхцөл буюу бүрэлдэхүүн хэсгүүдийг задлан шинжилж, түүнийг зөв тайлбарлан хэрэглэсэн эсэхийг магадлан судлах замаар хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах хүрээнд хянадаг.
Эрүүгийн хууль нь нийтлэг үндэслэл, зарчмуудыг тусгасан ерөнхий анги, тодорхой гэмт хэргийн бүрэлдэхүүн, ялын төрөл, хэмжээг тогтоосон тусгай анги гэсэн хоёр хэсгээс бүрддэг нэгдмэл, төрөлжсөн хууль юм.
Уг хуулийн тусгай анги нь бүлэг, зүйл, хэсэг, заалтаас бүрддэг бөгөөд тухайн гэмт хэргийн үндсэн буюу ердийн бүрэлдэхүүн, хүндрүүлэх ба онц хүндрүүлэх шинж, оногдуулах ялын төрөл, хэмжээг хуульчлан тогтоосон байдаг.
Хуулийг тайлбарлан хэрэглэх арга зүй нь Эрүүгийн хуулийн заалт, хэм хэмжээг тодорхой хэргийг хянан шийдвэрлэхэд иш үндэс болгон хэрэгжүүлж буй процесс ажиллагаа тул шийдвэрийг гаргах үндэслэлээ бусад эрх зүйн хэм хэмжээний утга, агуулгад нийцүүлэн ашиглаж, түүнээс ишлэн эрх зүйн гипотез, диспозици, санкцийн агуулгыг нээн илрүүлэхэд чиглэгдэх хэдий ч хууль тогтоогчийн үзэл баримтлал, хуулийн зорилго, агуулгад нийцүүлж үндэслэлтэйгээр танин мэдэж, нэг мөр ойлгосноор хууль ёсны зарчим хангагдах билээ.
4.Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан хууль үйлчлэх цаг хугацаа болон мөн хуулийн 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч тогтоогдоогүй тохиолдолд хууль сахиулагч, прокурорын хувьд хязгаарлагдмал байдаг.
Шүүгдэгч хэдийгээр хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж нэг яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлж эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамаардаг болно.
Хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялуудыг нэгтгэж, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заажээ.
Оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө гэдэгт ялтны биечлэн эдэлж байгаа ялын үлдсэн хэсэг, хорих ялаас хугацаанаас өмнө суллаж хяналт тогтоосон хугацаа хамаарах бөгөөд энэ нь эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт тогтсон ойлголт юм.
6.Монгол Улсын соёрхон баталсан Олон улсын эрүүгийн шүүхийн Ромын дүрмийн 29 дүгээр зүйлд “Шүүхээс хэрэг шүүн шийдвэрлэхэд хамаарах гэмт хэргийн хувьд ямар ч хөөн хэлэлцэх хугацаа тогтоохгүй” гэж заасан байна.
Эрүүгийн эрх зүйд хуулийн үйлчлэх, гэмт хэрэг үйлдсэн цаг, хөөн хэлэлцэх болон ялын хугацаа зэрэг хугацааны ойлголт байдаг бөгөөд үүнээс гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацааг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй хугацаа, шүүхийн шийтгэх тогтоолыг биелүүлж болохгүй хугацаа гэсэн хоёр төрөлд хуваан үздэг төдийгүй энэ хугацаа нь гэмт хэрэг, эрүүгийн хариуцлага, ялтай холбогддог.
Тэгвэл ялын хугацаа нь зөвхөн эрүүгийн ялтай холбоотой яригдах бөгөөд гэмт хэрэг үйлдсэн этгээдэд оногдуулсан ялыг ямар хугацаанд эдлүүлэхийг илэрхийлдэг.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Хугацааг хоногоор тоолоход уг хугацаа нь сүүлийн хоногийн 24 цагт дуусна” гэж хуульчилжээ.
Шүүгдэгч Ч.Х-д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэх үед Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 124 дүгээр захирамжаар 5 сар 10 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоосон хугацаа дууссан байна.
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Х-д шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон талаар дүгнэлт хийхдээ өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллаж, хяналт тогтоосон хугацаа дууссаныг хэрхэн тоолох, уг хугацаа тасарсан эсхүл зогссон, ялын нийт хугацаа нэгтгэгдэн шийдвэрлэгдэх, түүнчлэн уг хугацаа үргэлжлэн тоологдох эсэхийг орхигдуулсан нь учир дутагдалтай болжээ.
8.Хяналтын шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болно.
Иймд шүүгдэгч Ч.Х-д холбогдох хэргийн үйл баримт, зүйлчлэл болон энэхүү тогтоолд дурдсан нөхцөл байдалд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагатай байх тул магадлалыг хүчингүй болгохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ДШМ/351 дүгээр магадлалыг хүчингүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 4-т зааснаар хяналтын шатны шүүхийн тогтоол эцсийн шийдвэр байх ба уг тогтоолд гомдол гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Ч.ХОСБАЯР
ШҮҮГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Д.БАТБААТАР
С.СОЁМБО-ЭРДЭНЭ