Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

          Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Иргэн Б.Г, Ж.Д нарын  нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Б  холбогдох *******  сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 17, 19 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр  хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Г, Ж.Д, хариуцагч Г.Б, гэрч Л.Э, Д.Г, А.Э, Д.Ч, Д.Х шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Т.Уугандарь нар оролцов.               

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Б.Г, Ж.Д нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2016 оны ******* сумын орон нутгийн сонгуулиар иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд төлөөлөгчөөр сонгогдсон. Анхдугаар хуралдаанаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчээр сонгогдсон. 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 3-р хуралдаанд миний бие болоод манай намын төлөөлөгчид оролцоход бэлэн байсан. Ардчилсан намын бүлгийн хурал болоод хурлын ажлын албанаас бидэнд мэдэгдэл ирүүлээгүй. Сумын Засаг даргын Тамгын газарт Г.Б даргатай таарсан та нар хуралд оролцох боломж байна уу? гэхэд та нөхдийг хүлээж байна хуралд оролцоход бэлэн байна гээд гарсан. Тухайн өдрийн хуралд 21 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч хуралдаанд оролцож 47.6 хувийн ирцтэй хуралдаж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Ж.Д бид хоёрын эрхийг зөрчиж тэргүүлэгчдээс хууль бусаар чөлөөлж Монгол улсын Үндсэн хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн шийдвэр гаргасан. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бүрэн эрхийнхээ хугацаанд хурлын дэг баталж түүнийг хэрэгжүүлж ажилладаг. Хуулинд тодорхой заагдаагүй асуудлыг дэг журмаар зохицуулах ёстой. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаартай Тогтоолын хавсралтаар хурлын дэгийг баталсан байгаа. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ердийн олонхийн ирцтэйгээр хуралдаж шийдвэр гаргана гэсэн байдаг. Ердийн олонхи 50+1 байж ирцийг бүрэн гэж үзнэ гээд заачихсан байгаа. Зөвхөн бүлгийн хуралдаан болсон. Есөнбулаг сумын иргэн Д Ч гэдэг хүн оролцсон байдаг. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал товлосон цагтаа эхэлдэггүй. Хүлээж байгаад гараад явсны дараа хуралдсан байгаа. Тэмдэглэл хөтлөгчийг яагаад сонгоогүй вэ? Гэрчийн мэдүүлэг дээр намайг орж ирэхэд 10 төлөөлөгчтэй байсан хурлын албан ёсны нээлт болоогүй гэдэг. Би захиргаагаар орж гарч тодруулж байсан. Тухайн өдрийн хуралд оролцох гээд 2-3 удаа ирсэн. Тэргүүлэгчээс чөлөөлснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг 2-оос доошгүй хоногийн өмнө мэдэгдсэн байх ёстой. Ардчилсан намынхан 10 хүний бүрэлдэхүүнтэй хурлаа үргэлжлүүлсэн. Хэлэлцэх асуудал 5 асуудал байсан. Ардчилсан намынхан хурлаа хэлэлцсэн 3 хоногийн өмнө оролцогчид мэдэгдсэн гэж байна. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудлаа тодорхойлсон хурлын тэмдэглэл хэргийн материалд хавсрагдсан байгаа. Тэгэхээр 2017 оны 06 дугаар сарын 30-ны тэргүүлэгчдийн хурлын хэлэлцэх асуудал бүрэн тараагүй намын бүлэгт өгөөгүй байгаа. 2017 оын 06 дугаар сарын 09-ний өдрийн тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэх асуудлыг баталсан байгаа. 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг өөрчлөөд 5 асуудал хэлэлцсэн. Нэгдүгээрт зохион байгуулалтын асуудал байсан тухайн өдрийн хуралдаанд ганцхан зохион байгуулалтын асуудал хэлэлцээд бусад асуудлыг хэлэлцэлгүй хурлыг хаасан байдаг Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг олон нийтийн эрх ашгийг хамгаалсан байгууллага гэж үзэж байгаа аль нэг намын эрх ашгийг хамгаалдаг байгууллага биш. Хууль бус хүчингүй хурал гэж үзэж байна. Иргэдийн сонголтонд ноцтой нөлөөлж хүч түрэмгийлсэн гэж үзэж ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 сарын 30-ны өдрийн 17, 19 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, бидний хуулиар  хамгаалагдсан эрхийг сэргээж өгнө үү гэв. 

          Хариуцагч Г.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Нутгийн өөрөө удирдах байгууллага буюу иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь хуралдаанаараа асуудлаа шийддэг. Хуульд заасан стандарт, дэг журамтай. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг 2017 оны 06 сарын 30-нд хуралдуулахаар 2017 оны 06 сарын 09-ний хуралдаанаар шийдвэрлэсэн байсан. Хуралдааны мэдэгдлийг бүх төлөөлөгчдөд хугацаанд нь мэдэгдсэн байгаа.  Хуралдаан 11 цагаас эхлэх байсан Ардын намын бүлэг ирээгүй. Б.Г таараад хуралдаа орох уу? гэхэд эргэж мэдэгдэнэ гээд явсан. 12 цаг хүртэл хүлээсэн нарийн бичгийн дарга Ардын намын төлөөлөгчдийн утас холбогдохгүй байна, нэг ч хүн ирсэнгүй гэсэн. Ийм байдал үүссэн учраас Ардчилсан намын бүлэг хуралдаад нөгөө намын бүлэг оролцохгүй тохиолдолд яах уу? гэдэг асуудал ярилцсан. Хурлыг цааш хуралдуулсан эхний ээлжинд зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн. Хурал хойшлогдсоны улмаас сумын төсөв, төлөвлөгөө, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хийгдэх ажлууд хойшлогдсон байгаа. Төрийн албаны тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд заасан байгаа төрийн албан хаагч сонгуульд нэр дэвшихээр бол тухайн албан тушаалаас чөлөөлөгдсөн байх ёстой. Ийм учраас энэ асуудлыг хэлэлцсэн.  Гуулин руу холбогдсон таван төлөөлөгч байдаг. Нэг нь ардчилсан намаас дөрөв нь ардын намаас сонгогдсон төлөөлөгчид байгаа. Монгол Ардын намынхан урьдаас хуралд оролцохгүй байхаар асуудлыг зохицуулсан. Манай ганц эмэгтэй төлөөлөгч маань унаагүй гэсэн унаа олоод ир гэхэд Чинзоригтой ирсэн. Бүлгийн хуралдааны дараа өргөтгөсөн хурлаа хийсэн байгаа. Бичлэг дээр бүх зүйл тодорхой байгаа. Аймгийн хэмжээнд гурван албан хаагчийн асуудал яригдаж байгаа. Төрийн албаны зөвлөлөөс ажлаас нь чөлөөл гэсэн шаардлага ирсэн байдаг үүнийг та бүхэн мэдэж  байгаа байх. Аль аль нь хууль зөрчсөн үйлдэл гаргасан байгаа. 06 дугаар сарын 29-нд Тэргүүлэгчдийн хурлаа зарласан энэ хоёр төлөөлөгч ирээгүй. Ж.Д ажлаар аймаг явсан, Б.Гн төлөөлөгч машинтайгаа явж байсан. Маргааш нь өргөтгөсөн хурлаа хийж, хэлэлцэх асуудлаа баталсан байгаа. Хурал процессын дагуу явагдсан зөрчил гараагүй гэж үзэж байна. 2017 оны 06 дугаар сарын 09-ний хурлаар 5 асуудал хэлэлцэх байсан. Үүний нэг нь сумын 2017 оны газар зохион байгуулалтад өөрчлөлт оруулах асуудал байсан. Хуралдаан хуралдахаас 2 хоногийн өмнө газрын даамлаас хүсэлт ирсэн. Тодорхой шалтгааны улмаас сумын газрын зохион байгуулалтад өөрчлөлт оруулах асуудлыг энэ удаагийн хурлын асуудлаар хэлэлцүүлмээргүй байна гэсэн хүсэлт ирсэн. Тухайн хүсэлт нь тэргүүлэгчдийн хуралдааны материалд хавсрагдсан байгаа. Мөн нэг гишүүн маань төрийн удирдах албан тушаалтан болсон тул тэргүүлэгчээс нь чөлөөлөх асуудал үүссэн учир бусад асуудлыг зайлшгүй хэлэлцсэн байгаа. Уламжлал болгон бусад асуудал гэж оруулаад бусад асуудлаар тухайн үед тулгамдсан асуудлыг хэлэлцдэг байхаар уламжлагдаж ирсэн байгаа. Тухайн журмын дагуу явсан гэж үзэж байна.

         Гэрч Д.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Л.Э тухайн өдөр намайг Тамгын газрын үүдээр ороход эгчтэйгээ хамт шатруу буугаад явж байсан. Би ямар нэгэн байдлаар утсаар дуудах хурал таслуулах ажил зохион байгуулаагүй. Манай гэрт ойрхон учир би гэртээ хүргүүлсэн байгаа. Намын бүлэгт албан ёсоор хуралдаа ир гэсэн тохиолдолд хурал хуралдахад бэлэн байсан.

         Гэрч А.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Хуралдааны материалыг 2 намын бүлгийн дарга нарт өгсөн байгаа. Хуралдааны материалыг намын бүлгүүдэд 3 хоногийн өмнө хүргүүлсэн төлөөлөгч нарт 2017 оны 06 дугаар сарын 9-нөөс эхэлж тараасан жагсаалт байгаа.  

 Гэрч Д.Чг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Би ******* сумаас сонгогдсон Ардчилсан намын хорооны гишүүн хурал болох өдөр би Гуулин тосгонд явж байсан. Гуулингаас ******* сумын иргэдийн хурлын тэргүүлэгчид сонгогдсон П иргэдийн хуралд явж оролцох гэсэн боловч унаа олдохгүй байна хүргээд өгөөч гэхээр нь хүргэж өгсөн. Тухайн үед хурал хуралдахаас өмнө Ардчилсан намынхан цугласан байсан. Би тухайн хуралд оролцох эрхгүй учир хуралд оролцоогүй. Намайг очиход Ардчилсан намын бүлгийнхэн ирсэн, Монгол Ардын намын бүлгийнхэн ирээгүй байсан гэв. 

          Гэрч Д.Х шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтэй: Сумын иргэдийн төлөөлөгчдийн хуралдаан болох гээд тэрнээс өмнө бид намын бүлэг хуралдуулах гээд намын гишүүд цуглуулах ёстой байсан. Баянбуурал баг руу Лашид Г бид хэд яваад Л.Э авчирсан. Хуралдаанд намын бүлэг хуралдсан. Намын бүлэг хуралдаж дуусаад тэргүүлэгчдийн өргөтгөсөн хуралдаан болсон. 2017 оны төсвийн тодотгол хэлэлцэх ёстой байсан. Хуралдаан дундуур Л.Э гарч явсан тул хуралдаан үргэлжлэх боломжгүй юм байна гээд Лашид араас нь гарсан.

         Гэрч Л.Э шүүхэд өгсөн мэдүүлэгтэй:  2017 оны 06 дугаар сарын 30-ны өглөө манай намынхан тухайн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болох газраа цугларсан. Ардчилсан намын бүлэг дотроо ойр зуурын юм яриад байж байтал манай эгч намайг дуудсан. Хурал эхлэх болоогүй албан ёсоор нээгээгүй, хурлын нарийн бичиг орж ирээгүй байсан учир би эгчийг дуудхаар гараад уулзтал би 2017 оны 06 дугаар сарын 31-ний өдөр Өвөрхангай  аймагт найр толгойлж явах ажилтай байсан юм. Тухайн найранд явах унаа явахаа больсон байна. Би очиж уулз, унаагаа ол гэсэн. Тэгээд би  явсан унаа хайж Өвөрхангай явах ажилтай байсан учир хуралд сууж амжаагүй гэв. 

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэргийн оролцогч нарын шүүхэд гаргасан тайлбар, хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

           ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдөр хуралдаж ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдааныг 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 11.00 цагаас хуралдахаар товлон зарлаж, хэлэлцэх асуудлыг 

          1.Сумын 2017 оны орон нутгийн хөгжлийн сан, төсвийн тодотгол батлах тухай,          

           2.Сумын 2017 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний тодотгол батлах тухай, 

          3.Аудитын дүнгийн тухай, 

          4.Бусад асуудал гэсэн байдлаар баталж сумын иргэдийн Хурлын Төлөөлөгч нарт хүргүүлсэн байгаа нь ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний 29 дүгээр тогтоол, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 8 дугаар хуралдааны тэмдэглэл, хурлын төлөөлөгч нарт хурлын зар тараасан жагсаалт /хүлээлгэн өгсөн огноо, гарын үсэг/, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Г.Баасанмаад хүргүүлсэн мэдэглэл зэрэг хэрэгт авагдсан нотлох  баримтаар тогтоогдож байна. 

         Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдөр буюу ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдаан эхлэхээс өмнө сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өргөтгөсөн 9 дүгээр хуралдаан хийж, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаар 

        1.Зохион байгуулалтын асуудал  а/иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай, б/Төлөөлөгчийн бүрэн эрхийн тухай

        2.Асуулгын хариу сонсох тухай

        3.Сумын 2017 оны ОНХС, төсвийн тодотгол батлах тухай

        4.Төсөвт байгууллагуудын 2016 оны Аудитын дүнгийн тухай

        5.Гуулин багийн иргэдийн хүсэлтийн тухай гэсэн байдлаар өөрчлөлт оруулан хэлэлцэх асуудлаа баталсан байгаа нь сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 29 дүгээр тогтоол, тэргүүлэгчдийн өргөтгөсөн 9 дүгээр хуралдааны тэмдэглэлээр нотлогдож байна. 

       Дараа нь буюу тухайн өдрөө ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдаанаар “тэргүүлэгчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгох тухай” асуудлыг хэлэлцээд бусад асуудлыг хойшлуулсан байна. Уг хуралдаанаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагааг хэвийн явуулахад саад учруулан тэргүүлэгчдийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд намын бүлгээ оролцуулахгүй байгаа иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч Б.Г, Ж.Д нарыг хуралд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар тэргүүлэгчээс чөлөөлсөн 17 дугаар тогтоол, Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.8, 15.1.14 дэх заалтуудыг зөрчсөн сумын бүрэн дунд сургуулийн захирал Ж.Д иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Төлөөлөгчийн бүрэн эрхийг хуралдаанд оролцсон төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хүчингүй тооцсон 19  дүгээр тогтоолыг гаргасан байгаа нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гаргах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах бөгөөд энэхүү шаардлагыг хангаагүй асуудлыг хуралдаанаар хэлэлцэхгүй” гэж заасныг зөрчсөн байна. 

         Тодруулбал: ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3 дугаар хуралдаанаар хэлэлцсэн “тэргүүлэгчийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, төлөөлөгчийн бүрэн эрхийг хүчингүй болгох тухай” асуудлыг Хуралд хэлэлцүүлэхээр оруулах бол тухайн асуудалд холбогдох тооцоо, судалгаа, хэлэлцэх асуудлыг төслийг хавсаргаж хуралдаан болохоос 1 хоногийн өмнө Хурлын төлөөлөгчдөд тараах зэрэг шийдвэр гаргах процесс ажиллагаа нь хуулийн дагуу байх ётой. Энэ тохиолдолд хэлэлцэх асуудлаа өөрчлөн батлаад шууд иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэж, шийдвэр гаргах  журмыг зөрчсөнөөс уг хурлаас гаргасан тогтоолууд хууль зүйн хувьд хүчин төгөлдөр болж чадахгүй байна.  

           Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-д “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Хурлын хуралдаанд тухайн Хурлын нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн бол хүчинтэйд тооцно” гэж зааснаар ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралдаанд 21 төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн тохиолдолд уг хурал хүчинтэйд тооцохоор байна. Гэтэл 2017 оны 06 дугаар сарын 30-ний иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдаанд нийт 21 төлөөлөгчөөс 10 төлөөлөгч хуралдаанд оролцсон байгаа нь нэхэмжлэгч нарын шүүхэд гаргасан тайлбар, гэрч ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч Л.Э “...Ардчилсан намын бүлэг дотроо ойр зуурын нягтарч ажиллах талаар яриад байж байтал манай эгч намайг дуудсан. Хурал эхлэх болоогүй хурлын нарийн бичгийн дарга орж ирээгүй албан ёсоор хурал нээгээгүй байсан учир эгчийг дуудахаар гараад...тэгээд би явсан ... учир хуралд сууж амжаагүй”, хариуцагч Г.Б шүүх хуралдаанд “...Л.Э гэдэг хүнийг авчирч тэргүүлэгчдийн хуралдаанд суулгасан дараа нь гараад явсан байгаа. Монгол Ардын намын бүлгийнхэн өөрсдөө хуралд суудаггүй тэгээд манай намын бүлгийн гишүүнийг хурал таслуулсан” гэсэн тайлбар, төлөөлөгч Л.Э иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 3 дугаар хуралд суугаагүй 10 төлөөлөгч хуралдсан байгаа нь хуралдааны  явцыг гар утсаар бичсэн бичлэг  /бичлэг 108, 109, 114, 115/ зэргээр тогтоогдож байна. 

        Иймд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.7-т зааснаар тухайн хуралд нийт төлөөлөгчийн олонхи нь хүрэлцэн ирсэн гэж үзэх үндэслэлгүй мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг зөрчиж хуралдсан ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ний өдрийн 17, 19 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирлагын тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.7, 24 дүгээр зүйлийн 24.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Г, Ж.Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 06 дугаар сарын 30-ний 17, 19 дүгээр тогтоолуудыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч  нарт олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Э.ЗОЛБАДРАХ