Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 977

 

 

 

 

 

 

  

  2019          11          20                                 2019/ШЦТ/977

 

 

                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,

          Улсын яллагч Г.Цогтгэрэл,

          Шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогт Оийн Хд холбогдох эрүүгийн 1909 03947 1279 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл 2, эгчийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, Зүүн баян цагаан 11 дүгээр гудамж 4 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Х овогт Оийн Х /регистрийн дугаар:.................../

 

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч О.Х нь 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн ариун цэврийн өрөөнд иргэн Б.Отгонбаярыг “...хичээл хийхгүй байна...” гэж маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч О.Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч О.Хд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч О.Хд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч О.Х нь 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх Ухаан Технологийн их сургуулийн ариун цэврийн өрөөнд иргэн Б.Отгонбаярыг “...хичээл хийхгүй байна...” гэж маргалдаж нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

Шүүгдэгч О.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч Б.Отгонбаяр бие даалтад оролцоогүй. Түүнийг оролцохгүй болохоор нь 2 удаа шаардлага тавьсан. Гэвч гар утсаа оролдоод бас уурлангуйгаар намайг гарах уу гэж 2 удаа хэлэхээр нь алгадаж, амбаардсан...” гэв.

Хохирогч Б.Отгонбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр сургууль дээр физикийн хичээл орж байхад Х гэх хүүхэд намайг “хичээлээ хий” гэж хэлэхээр нь би “бүгдийг нь хийсэн” гэж хариулахад “хийснийг чинь харъя” гэхээр нь би үзүүлээгүй. Дараа нь лабораторын хичээл орж байхад байнга уурлаад байхаар нь “чи яагаад уурлаад байгаа юм” гэхэд “чи давраад байгаарай” гэж хэлсэн. Удалгүй Х ариун цэврийн өрөө рүү явахаар нь би араас нь ороод “чи юундаа уурлаад байгаа юм” гэсэн чинь шууд цээж рүү нэг удаа өшиглөсөн. Би цохих гэхэд гар хүрээгүй, харин О.Х гараараа хий саваад миний зүүн нүд рүү цохисон. Тэр үед Батсүрэн ариун цэврийн өрөөнд орж ирээд салгахад О.Х миний араас бөгс рүү нэг удаа өшиглөөд яваад өгсөн. Би О.Хы биед халдаагүй, цохих гэсэн боловч хий цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 06 дугаар хуудас/,

Гэрч Б.Батсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 10 минутын үед сургууль дээр физикийн хичээл орж байх үед Отгонбаяр хичээл хийхгүй байсан. Манай багийн ахлах О.Х “хичээлээ хий” гэж хэлэхэд Б.Отгонбаяр “чи юундаа уурлаад байгаа юм” гэж хэлсэн. О.Х “юу гэнээ” гэсэн чинь Б.Отгонбаяр “гарах уу” гэж хэлээд тэр 2 ангиас гараад явсан. Би нэг минутын дараа араас нь гараад хажууд байрлах ариун цэврийн өрөө рүү орсон чинь Б.Отгонбаяр нүүрээ дарсан, шалан дээр цус дуссан байсан. О.Х, Б.Отгонбаярын бөгс рүү нь нэг удаа өшиглөчихөөд гараад явсан. Б.Отгонбаярыг нүүрээ угааж байхад нь би “зүгээр үү” гэж асуусан чинь дуугарахгүй байхаар нь гараад явсан. Б.Отгонбаяр хичээл хийхгүй байснаас болж О.Х тэр хоёр мууцалдсан, өөр шалтгаан байхгүй...” гэх мэдүүлэг / хх-ийн 08 дугаар хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 12837 дугаартай:

“1. Б.Отгонбаярын биед зүүн нүдний доод зовхинд шарх, цус хуралт, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч О.Хы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”…2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 16 цаг 10 минутын үед сургууль дээр физикийн хичээл орж байхад Отгонбаяр гаднаас орж ирээд цаана суусан. Би хичээлээ хийж байгаад нэг харсан чинь Отгонбаяр өөр зүйл хийгээд сууж байсан. Физикийн хичээл дээр баг болж ажилладаг, би багийн ахлагч ба багийн гишүүддээ шаардлага тавих эрхтэй учир нь багийн бүх гишүүд багшид хийж байгаа хичээлээ шалгуулна, аль нэг гишүүн нь оноо авч чадахгүй бол баг тэр чигээрээ оноо авч чаддаггүй. Тийм учраас Б.Отгонбаярт хандаж “өөр зүйл хийхээ боль, хичээлээ хийгээч” гэж хэлэхэд “юун сүртэй юм” гэж хэлээд өөр зүйл дахин хийгээд байсан. Тэгэхээр нь “чи ямар хаашаа юм бэ, хичээлээ хийх ёстой биз дээ” гэж хэлээд би уурлахад өөдөөс харж байснаа “гарах уу хоёулаа” гэж хэлсэн. Би тэр үед хариу хэлээгүй хичээлээ хийгээд суусан. Тэгтэл дахиад “гаръя хоёулаа” гэж хэлэхээр нь би “ямар хаашаа юм бэ” гэж хэлээд гарсан. Гараад Отгонбаяртай цуг ариун цэврийн өрөө ороод “чи ер нь яах гээд байгаа юм бэ” гэж хэлээд зүүн хацар руу гараараа нэг удаа алгадсан. Тэгтэл хацраа дараад цааш эргээд доошоо тонгойхоор нь бөгс рүү нь нэг удаа амбаардсан /өшиглөсөн/. Хичээл хийхгүй байсан учраас л би алгадсан, өөр ямар нэгэн санаа, дарамтлах зорилго байгаагүй. Би төгсөх курс, дүн, оноо маш чухал учраас Б.Отгонбаярт “хичээлээ хий” гэсэн шаардлага тавьсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас/,

Шүүгдэгч О.Хы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 17 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлгүй тухай лавлагаа /хх-ийн 15 дугаар хавтас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 16 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 26 дугаар хуудас/, хохирогч Б.Отгонбаярын гаргасан хүсэлт /хх-ийн 28 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч О.Х нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч О.Х нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-т заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч О.Хд танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

          Шүүгдэгч О.Х нь хохирогч Б.Отгонбаярт 160 000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч Б.Отгонбаяр нь “О.Хтай эвлэрсэн, хохирлын хувьд маргаангүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

          Иймд шүүх шүүгдэгч О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч О.Хд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х овогт Оийн Хыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч О.Хд 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар О.Хд шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар О.Х  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч П.Хосбаяр нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.          

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ