| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06480/И |
| Дугаар | 101/ШШ2016/05880 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 101/ШШ2016/05880
| 2016 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 101/ШШ2016/05880 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, 40и байр, 33 тоотод оршин суух Жанжаа хутагт овогот Логойгийн Ганбаатар /регистрийн дугаар ЦБ66040598/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо, “Американ дэнж” хотхоны 44-1 байр, 29 тоотод оршин суух Тайж овогт Баян-Очирын Эрхэмбаяр /регистрийн дугаар ОО83052675/-т холбогдох
“Орон сууц хөлслөх гэрээний төлбөр болон ашиглалтын зардал, эрэн сурвалжлуулах шүүхийн зардал, нийт 4,111,710 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цээсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Даваахишигмаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Ганбаатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Цээсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Л.Ганбаатар нь Б.Эрхэмбаяртай 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр орон сууц түрээслэх гэрээ байгуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 44-2 байр, 46 тоот хаягт орших 59 м.кв орон сууцны зориулалттай 2 өрөө байрыг сарын 500,000 төгрөгөөр 6 сарын хугацаатай хөлслүүлсэн. Байр хөлслөх гэрээ хийхээс өмнө буюу 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс Эрхэмбаяр нь тус байранд нүүр орж амьдарч эхэлсэн. 2015 оны 8, 9, 10 дугаар сарын түрээсийн төлбөр 1,500,000 төгрөгийг бэлнээр авсан.
Гэвч 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүртэл орон сууцыг суллаж, байрны түлхүүрийг надад өгөх хүртлэх хугацааны байрны төлбөрийг огт төлөлгүй өдий хүрсэн төдийгүй ашиглалтын зардал болох 791,510 төгрөгийг зохих байгууллагад нь төлөөгүй иргэн намайг хохироогоод байна. Эрхэмбаяр байр суллаж өгөх хүртлэх нийт 6 сар 15 хоногийн түрээсийн төлбөр болох 3,250,000 төгрөг төлөөгүй байна. Эрхэмбаяр түрээсийн төлбөрөө төлөлгүй алга болж, хаана байгаа нь мэдэгдэхгүй утсаа таслан алга болсноос болж, түүнийг шүүгчийн захирамжаар тахарын албаар эрэн сурвалжлуулж хаяг тогтоолгосон.
Иймд Б.Эрхэмбаяраас орон сууцны түрээсийн төлбөр 3,250,000 төгрөг, ашиглалтын зардал 791,510 төгрөг, эрэн сурвалжлуулах шүүхийн зардал 70,200 төгрөг, нийт 4,111,710 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Эрхэмбаяр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан хариу тайлбарыг бичгээр гаргаагүй болно.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Ганбаатар нь хариуцагч Б.Эрхэмбаярт холбогдуулан “орон сууц хөлсөлний төлбөр 3,250,000 төгрөг, ашиглалтын зардал 791,510 төгрөг, эрэн сурвалжлуулах шүүхийн зардал 70,200 төгрөг, нийт 4,111,710 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Б.Эрхэмбаяр нэхэмжлэлийн хувийг 2016 оны 8 дугаар сарын 02-ны өдөр гардан авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл татгалзсан хариу тайлбарыг шүүхээс тогтоосон хугацааны дотор шүүхэд гаргаагүй болно.
Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж, талуудад хурлын товыг хүргэсэн боловч хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.
Нэхэмжлэгч Л.Ганбаатар нь Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 44-2 байрны 46 тоот орон сууцыг хариуцагч Б.Эрхэмбаярт 6 сарын хугацаатай, сард 500,000 төгрөгөөр хөлслүүлэхээр талууд харилцан тохиролцож 2015 оны 8 дугаар сарын 23-ны өдөр орон сууц хөлслөх гэрээ байгуулжээ.
Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1.-д заасны дагуу орон сууц хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь сууцны зориулалттай байшин, сууц, орон сууцны өрөөг хөлслөгчийн эзэмшилд шилжүүлэх, хөлслөгч нь хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээх тул гэрээнд заасан хугацааны төлбөрийг хариуцагчаас гаргуулна.
Хөлслөгч тал Б.Эрхэмбаяр нь орон сууц хөлслөх гэрээний дагуу 2016 оны 8, 9, 10 дугаар сарын төлбөр 1,500,000 төгрөгийг хөлслүүлэгчид төлсөн тухай нэхэмжлэгчийн тайлбарыг хэрэгт ач холбогдолтой гэж үзэх бөгөөд гэрээний дагуу төлөх үлдэгдэл 1,500,000 төгрөгийг хариуцагч төлөх үүргээ гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Талуудын хооронд байгуулагдсан орон сууц хөлслөх гэрээний хугацаа сунгагдаагүйн дээр хариуцагч Б.Эрхэмбаяр нь нэхэмжлэлд дурдсанаар орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл орон сууцанд амьдарч байсан гэх нөхцөл байдал нотлох баримтаар нотлогдож тогтоогдоогүй тул орон сууц хөлслөх гэрээний хугацаа дууссанаас хойшхи хугацааны төлбөрийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Нэхэмжлэгч нь орон сууцны ашиглалтын зардал 791,510 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Мөн түүнчлэн, хариуцагчийг эрэн сурвалжлуулахад нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж нь шүүхээс хэрэг хянан шийдвэрлэхэд гарсан зардлыг нөхөн төлсөн төлбөр тул хариуцагчийн учруулсан хохиролд тооцох үндэслэлгүй байна.
Дээр дурдсан үндэслэлээр, хариуцагч Б.Эрхэмбаяраас орон сууц хөлслөх гэрээний үүрэгт 1,500,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Ганбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас орон сууц ашиглалтын зардал 791,510 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1-д зааснаар хариуцагч Б.Эрхэмбаяраас 1,500,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Ганбаатарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,611,710 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 80,737 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Эрхэмбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 38,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Ганбаатарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА