| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2019/1766/Э |
| Дугаар | 1819 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Түмэн-Өлзий |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 1819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ганбаяр,
улсын яллагч Ч.Түмэн-Өлзий,
шүүгдэгч П.Б /өөрөө өөрийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан П.Б-т яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 06361 2569 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн П.Б, 1994 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Чин мэргэн хаш” ХХК-д бригадын ахлах ажилтай гэх, ам бүл 3, эхнэр, 1 хүүхдийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, Хилчин 1 дүгээр гудамж 11 тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй,
Шүүгдэгч П.Б нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хороололд иргэн Т.Мэндбаярыг нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч П.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хохирогч Т.Мэндбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажлаа хийж байгаад ажлын хөлснөөс болж манай компаний туслан гүйцэтгэгч талын компанийн ажилтан Билгүүнтэй цалингаас болж маргалдаад би цутгалт авсны дараа мөнгийг чинь гэрээний дагуу олгоно гэж хэлсэн чинь тэр залуу бид нар ажлаа дуусгасан мөнгөө авна гэж хэрүүл өдөж дайраад байсан. Тэгээд миний шаардлагыг ойлгож биелүүлэхгүй маргалдаж байгаад тэр Билгүүний эхнэр нь гэх эмэгтэй утсаа бичлэг хийхээр нь би уурлаад пизда чинь чи наад бичлэгээ боль гэж хэлсэн чинь Билгүүн уурлаад над руу дайраад цохих гэхээр нь би хоёр гарыг нь бариад авсан чинь намайг мөргөсөн...эхлээд Билгүүн гэх залуу миний уруул хэсэгт нэг удаа мөргөж цээж рүү гараараа нэг удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
Гэрч Б.Ганболд мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэгсэн Б уурлаад яахаараа миний эхнэрийг тэгж хэлж байдаг юм бид нар ажлынхаа хөлсийг авах гэж л ингэж байна шүү дээ гэсэн чинь Мэндбаяр чамд хамаа байхгүй гээд тэр хоёр заамдалцаж аваад цохилцсон...Мэндбаярын завьжнаас нь цус гарчихсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
Гэрч Д.Лхагвасүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...намайг захиалагч талын хүмүүсийг дуудаад ирэхэд Мэндбаяр контэйнер руугаа орчихсон. Тэгээд гарч ирэхгүй хэсэг байж байгаад гарч ирэхэд завьжнаас нь цус гарчихсан байсан Бын биед гэмтэл учирсан эсэхийг анзаараагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Гэрч И.Мөнх-Оргил мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Мэндбаяр тэр үед Быг цохиход манай нөхөр зөрүүлээд мөргөсөн чинь харуул ирж салгаад бас Мэндбаярын ажлын мужаанууд бууж ирсэн...Мэндбаярын завьжнаас жаахан цус гарсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/,
Яллагдагч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: "...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. Би урьд нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ үнэн зөв мэдүүлсэн тул урьдын өгсөн мэдүүлгээрээ явна. Нэмж ярих зүйлгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 43/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №12807 тоот дүгнэлтэд:
1. Т.Мэндбаярын биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд баруун 1 дүгээр шүдний эмтрэлт, сулрал, зүүн эгмэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хоёр ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. гэх дүгнэлт. /хх-ийн 24-25/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 32/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 31/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 30/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 29/ зэрэг нотлох баримтыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болно.
Шүүгдэгч П.Б нь 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Саруул” хороололд иргэн Т.Мэндбаярыг нүүрэн тус газарт нь мөргөж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь
Хохирогч Т.Мэндбаярын: “...би 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр ажлаа хийж байгаад ажлын хөлснөөс болж манай компаний туслан гүйцэтгэгч талын компанийн ажилтан Билгүүнтэй цалингаас болж маргалдаад би цутгалт авсны дараа мөнгийг чинь гэрээний дагуу олгоно гэж хэлсэн чинь тэр залуу бид нар ажлаа дуусгасан мөнгөө авна гэж хэрүүл өдөж дайраад байсан. Тэгээд миний шаардлагыг ойлгож биелүүлэхгүй маргалдаж байгаад тэр Билгүүний эхнэр нь гэх эмэгтэй утсаа бичлэг хийхээр нь би уурлаад пизда чинь чи наад бичлэгээ боль гэж хэлсэн чинь Билгүүн уурлаад над руу дайраад цохих гэхээр нь би хоёр гарыг нь бариад авсан чинь намайг мөргөсөн...эхлээд Билгүүн гэх залуу миний уруул хэсэгт нэг удаа мөргөж цээж рүү гараараа нэг удаа цохисон..." гэсэн мэдүүлэг, шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч П.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч П.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч Т.Мэндбаяр нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох нотлох баримт бүхий 158.000 төгрөгийг нэхэмжилсэн тул шүүгдэгч Т.Баас гаргуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч П.Б-т хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч П.Б-т нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж илэрхийлж, эвлэрсэн талаар баримтаар өгсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн болно. Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-т зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор төлөх үүрэг хүлээж байгааг шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид тайлбарласан бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг шийтгэх тогтоолд заах шаардлагагүй гэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. П.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар П.Б-ыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар П.Б нь торгох ялыг хуульд тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар П.Б-аас нийт 158.000 /нэг зуун тавин найман мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Т.Мэндбаярт олгосугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, П.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл П.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧТ.ШИНЭБАЯР