Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2016/05919

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 101/ШШ2016/05919

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-48, Улаанбаатар-211238 хаягт оршин байрлах Капитал банк ХХК/хуулийн этгээдийн регистрийн дугаар 2556375/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороо, 13 дугаар хороолол, 22В байр хаягт оршин байрлах “Чин амин итгэл” ХХК /хуулийн этгээдийн регистрийн дугаар 5663814/-д холбогдох,  

 

Зээлийн гэрээний үүрэгт 369,322,468.36 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид Ж.Бүжидлхам, Г.Баттөгс, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мишээл нар оролцов.

 

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Бүжидлхам, Г.Баттөгс нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус банк нь “Чин амин итгэл” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр №316 тоот зээл барьцааны гэрээгээр 380,000,000 төгрөгийн зээлийг 96 сарын хугацаатай сарын 0,67 хувийн хүүтэй олгосон. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож Ү-2204029122 улсын бүртгэлийн дугаартай, 000098131 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ 22В тоот хаягт байршилтай, 357 м.кв талбайтай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, 6003/5023 нэгж талбарын дугаартай, №0285670 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Банязүрх дүүргийн 6 дугаар хороо, 22Б байрны хойно байрлах амины орон сууцны зориулалтаар эзэмших 115 м.кв талбайтай 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Ү-2205010069 улсын бүртгэлийн дугаартай, 000235626 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12 дугаар байрны 45 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зэргийг барьцаалсан.

Тус компанийн №316 тоот зээлийн гэрээний хугацаа 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдөр дуусна.

“Чин амин итгэл” ХХК нь өнөөдрийг хүртлэх хугацаанд №316 тоот зээлийн гэрээний төлбөрт 54,285,720 төгрөг, зээлийн хүү 51,731,838 төгрөг, нийт 106,017,558 төгрөг төлсөн байна.

Иймд “Чин амин итгэл” ХХК нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул нэг талын санаачлагаар зээлийн гэрээг цуцлан, үндсэн зээл 325,714,280 төгрөг, зээлийн хүү 36,340,156.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,268,031.39 төгрөг, нийт 369,322,468.36 төгрөгийг түүний барьцаа хөрөнгө болон бусад бүх хамааралтай үйл ажиллагааны орлогоос тус тус гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч “Чин амин итгэл” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл, эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Капитал банк нь хариуцагч “Чин амин итгэл” ХХК-д холбогдуулан, нэг талын санаачлагаар зээлийн гэрээг цуцлан, үндсэн зээл 325,714,280 төгрөг, зээлийн хүү 36,340,156.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,268,031.39 төгрөг, нийт 369,322,468.36 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хариуцагчийн төлөөлөгч, тус компанийн захирал М.Хатанбаатар нь 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр нэхэмжлэлийн хувийг гардан авсан боловч хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Шүүх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлд заасны дагуу шүүх хуралдааны бэлтгэлийг хангаж, талуудад хурлын товыг хүргэсэн боловч хариуцагчийн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Капитал банк нь “Чин амин итгэл” ХХК-тай 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдөр №316 дугаартай, Зээлийн болон барьцааны гэрээг байгуулж, 380,000,000 төгрөгийн зээлийг зээлдэгч “Чин амин итгэл” ХХК-д сарын 0,67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, 96 сарын хугацаатай зээлдүүлж, зээлдэгч нь зээлийн барьцаанд Ү-2204029122 улсын бүртгэлийн дугаартай, 000098131 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ 22В тоот хаягт байршилтай, 357 м.кв талбайтай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, 6003/5023 нэгж талбарын дугаартай, №0285670 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Банязүрх дүүргийн 6 дугаар хороо, 22Б байрны хойно байрлах амины орон сууцны зориулалтаар эзэмших 115 м.кв талбайтай 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Ү-2205010069 улсын бүртгэлийн дугаартай, 000235626 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12 дугаар байрны 45 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зэргийг барьцаалсан байна.

 

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1.-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заажээ.

 

Зээлдэгч “Чин амин итгэл” ХХК нь үндсэн зээлд 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд 54,285,720 төгрөг, зээлийн хүүнд 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл хугацаанд 51,731,838 төгрөг төлсөн байх бөгөөд банк шүүхэд нэхэмжлэл гаргах үед буюу 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 325,714,280 төгрөг, зээлийн хүү 36,340,156.97 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7,268,031.39 төгрөг, нийт 369,322,468.36 төгрөг төлөх өр төлбөртэй болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн “Чин амин итгэл” ХХК-ийн 200025490 тоот зээлийн дансны хуулгаар тогтоогдов.

 

Талуудын байгуулсан 2013 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн №316 дугаартай зээлийн гэрээний 3.16-д “Зээлдэгч нь гэрээнд заасан ерөнхий хугацаанд /хавсарлт01/-д заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүг төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй нөхцөлд зээл төлөгдөх ерөнхий болон хэсэгчилсэн хугацааны эцсийн өдрийн дараах өдрөөс төлбөр дутуу гүйцэтгэсэн зээлийн үлдэгдлээс үндсэн зээлийн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү тооцож, зээл төлөгдөж дуустал үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тус тус тооцож авна.” гэж заасан байна.

 

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1.-д тухайлан зааснаар, зээлдэгч “Чин амин итгэл” ХХК нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед тогтоогдсон тул гэрээнд заасны дагуу төлбөр төлөх хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүүг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Капитал банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Мөн түүнчлэн, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 174 дүгээр зүйлд заасны дагуу шаардлага гаргасан боловч үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана.” гэж заасан бөгөөд төлбөр төлөгч нь төлбөрөө сайн дураар төлөөгүй тохиолдолд зээлийн болон барьцааны гэрээнд тухайлан заасны дагуу барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1 дэх хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар, хариуцагч “Чин амин итгэл” ХХК-иас 369,322,468.36 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,004,562 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Чин амин итгэл” ХХК-иас улсын тэмдмэгтийн хураамжид 2,004,562 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Капитал банкинд олгосугай.

 

3. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан, хариуцагч “Чин амин итгэл” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн, барьцаа хөрөнгө болох Ү-2204029122 улсын бүртгэлийн дугаартай, 000098131 гэрчилгээний дугаартай, Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 13 дугаар хороолол /13373/ 22В тоот хаягт байршилтай, 357 м.кв талбайтай хоёр давхар үл хөдлөх хөрөнгө, 6003/5023 нэгж талбарын дугаартай, №0285670 гэрчилгээний дугаартай, Улаанбаатар хот, Банязүрх дүүргийн 6 дугаар хороо, 22Б байрны хойно байрлах амины орон сууцны зориулалтаар эзэмших 115 м.кв талбайтай 5 жилийн хугацаатай эзэмших эрхтэй газар, Ү-2205010069 улсын бүртгэлийн дугаартай, 000235626 гэрчилгээний дугаартай Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 12 дугаар байрны 45 тоот хаягт байршилтай 40 м.кв талбайтай, 3 өрөө орон сууц зэргийг тус тус албадан дуудлага худалдаанд оруулж, худалдсан үнийн дүнгээс 369.322.468636 төгрөгийг гаргуулж Капитал банкинд олгохыг Шүүхийн шийдвэр биелүүлэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА