Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 979

 

 

 

 

 

 

   2019        11           21                                 2019/ШЦТ/979

 

 

                     М УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

               Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Аззаяа,           

              Улсын яллагч Г.Цогтгэрэл,

               Шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,         

 

              Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М овогт Цгийн Аод холбогдох эрүүгийн 1909 03687 1103 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

              Шүүгдэгчийн биеийн байцаалт:

              М Улсын иргэн, 1992 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежер мэргэжилтэй, хувиараа вэб сайт хөгжүүлэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхэд, ах нарын хамт Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 8 дугаар байрны 25 тоотод оршин суудаг гэх, ял шийтгэлгүй, М овогт Цгийн А /регистрийн дугаар ТГ92052013/

 

              Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

              Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Репаблек” баарны гадна 2019 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө иргэн Б.Оршихтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар толгойн тус газарт нь гартаа барьж байсан пивоны шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Ц.Аод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-д зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

            Шүүх шүүгдэгч Ц.Аод холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Шүүгдэгч Ц.А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Репаблек” баарны гадна 2019 оны 09 дүгээр сарын 21-ээс 22-нд шилжих шөнө иргэн Б.Оршихтой үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар толгойн тус газарт нь гартаа барьж байсан пивоны шилэн аягаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

           

            Шүүгдэгч Ц.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

            Хохирогч Б.Оршихын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө найз Анхбаяр, Бат-Амгалан, Энхмандах, Энхжаргал нарын хамт Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо Хүнсний 50 дугаар дэлгүүрийн зүүн талын “Ребаплек” бааранд суусан. Бид нарыг тус баарнаас гарч ирэх үед Энхжаргал гэх эмэгтэйн салсан нөхөр Ц.А гэх залуу хүрч ирээд бид нарыг хэл амаар доромжлоод байсан. Бид маргалдаад би А руу дөхөөд очиход Ц.А гартаа пиво барьсан ба тус пивоны шилээр миний толгой руу цохисон. Ц.А бид хоёрын дундуур Анхбаяр ороод “одоо боль” гэж хэлэхэд Ц.А миний толгойг цохиод, Анхбаяр Ц.Аын гартаа барьж үлдсэн шилэн аягыг тавиулах гэж байгаад гараа зүсүүлсэн юм. А миний толгойг цохисон шилэндээ өөрийнхөө гарыг зүсчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/,

 

            Гэрч Ч.Анхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 22-ны 00 цаг 20 минутын үед миний бие ажлынхаа гадаа тамхи татах гээд гарахад манай Орших гэх найз хүнтэй муудалцаад байж байхыг харсан. Үл таних эрэгтэй манай найзыг юу болсныг нь сайн мэдэхгүй байна, манай найзыг ууж байсан пивоныхаа синжтэй аягаар толгойных нь баруун хэсэг рүү цохисон. Би салгах гээд очтол тухайн үл таних эрэгтэй аяганы хагархай синжээрээ миний хуруу хэсэгт зүсчихээр нь чи яаж байгаа юм бэ гэж асуухад намайг гайхаж харсан. Цагдаагийн байгууллагын 102 дугаарын утсанд дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 05 дугаар хуудас/,

 

          Гэрч Т.Энхжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө би найз Энхмандахтай уулзаад байж байхад Энхмандахын арван жилийн найз гээд Орших гэх залуу ирсэн. Тэр залуу ирээд Энхмандахтай юм яриад суусан. Бид нар Хүнсний 50 дугаар дэлгүүрийн хажуугийн “Репаблек” нэртэй газарт суусан юм. Оршихыг ирэхээс өмнө нь би Атой тэр газарт тааралдаж, тэр үед ганц нэг юм яриад салсан. Тэгээд Энхмандах бид хоёр гараад явах гэхэд үүдэнд Орших найзуудтайгаа уулзаад зогсож байсан. А, Энхмандах бид хоёрын араас гарч ирээд Оршихтой таараад юм яриад байсан. Нэг харахад А бакалтай пиво барьчихсан байсан юм. Орших, А хоёр хоёулаа согтуу байсан болохоор хоорондоо юм ярьж байгаад гэнэт харилцан цохилсон байх. Миний харсанаар Оршихыг А гараа далайж байгаад цохьсон юм шиг харагдсан. Гэнэт Оршихын толгойноос нь цус гарсан. Орших, А хоёрыг салгах гэж Оршихын нэг найз нь тэр хоёрын дундуур нь ороод Аын барьсан пивоны бакалны хагархайд гараа зүссэн юм шиг байсан. Тэгээд манай найз Болор гэх эмэгтэй цагдаад дуудлага өгсөн байсан. А, Орших хоёрыг салгах гээд очиход хэн хэн нь цус болчихсон байсан. Тэр хоёрыг салгах гэж байсан Оршихын найзаас нь бас цус гарч байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 11499 дугаартай

“1. Б.Оршихын биед баруун шанаанд шарх, баруун сарвуунд зулгаралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь ирмэгтэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алталтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой.” гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Ц.Аын мөрдөн байцаалтын ажиллагаанд яллагдагчаар өгсөн: ”…Би 2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 00 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороо хүнсний 50 дугаар дэлгүүрийн хажуу талын “Репаблек” нэртэй лоунжид зүс таних Мандах нэртэй ахтай тааралдаад хамт сууж байх үед хамт амьдрахгүй байгаа эхнэр Энхжаргалтай нэг эмэгтэй найз, 3 залуугийн хамт тэнд хамт сууцгааж тааралдсан. Би тухайн үед эхнэртэйгээ хэрэлдэж маргалдаагүй. Харин хамт явж байсан Орших гэх залууд хандаж та нар миний эхнэртэй хамт явж байна шүү? Та нар зөв харилцаарай гэж хэлсэн. Тэнд байсан эмэгтэйд хандаж та нарын ингэж гадуур явдагаас болоод манай амьдрал салж байгаа шүү гэж анхааруулж хэлсэн. Тэгээд би “Репаблек”-ийн үүдний тамхины хэсэг дээр тамхи татангаа гартаа 0,5 литрийн пивоны шилэн аяга /бакал/-тай  пиво уугаад зогсож байхад миний араас Орших гэх залуу орилоод ирэхээр нь би тэр залуутай зууралдахад тэр залуугийн толгой миний пивоны шилэн аягыг цохигдож миний барьж байсан пивоны шилан аяга /бакал/ хагарсан. Намайг хагарсан пивоны шилэн аягаа /бакал/ бариад зогсож байх үед Орших, бид хоёрын дундуур Анхбаяр гэх Оршихын найз нь гүйж орж ирээд Орших, бид хоёрыг салгах гэж байгаад хагарсан пивоны бакаланд гараа зүссэн. Би пивоны бакалаа бариад тэр залууг ална, шулна гэж танхайрсан асуудал байхгүй. Анхбаяр өөрөө миний барьсан пивоны шилэн аяганы хагархайг тавиулах гэж байгаад гараа зүссэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 дүгээр хуудас/,

 

            Шүүгдэгч Ц.Аын оршин суугаа газрын тодорхойлолт /хх-ийн 44 дүгээр хуудас/, Шинжлэх Ухаан, Техникийн Их сургуулийн Бизнесийн ахисан түвшний сургуулийн 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17 тоот албан бичиг /хх-ийн 45 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/, хохирогч Б.Оршихын гаргасан хүсэлт /хх-ийн 51 дүгээр хуудас/, шүүгдэгч Ц.Аын хэргийг хялбаршуулсан журмаар явуулах тухай хүсэлт /хх-ийн 53 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан буюу хүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

            Шүүгдэгч Ц.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ц.А  нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-т заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ц.Аод танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

            Иймд шүүх шүүгдэгч Ц.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Ц.Аод 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч М овогт Цгийн Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

              2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Ц.Аод 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар Ц.Аод шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

            5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.А нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

 

            6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

            8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ