Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 980

 

 

 

 

 

 

    2019       11          22                                    2019/ШЦТ/980

 

 

                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Одончимэг даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

          Улсын яллагч П.Бямбасүрэн,

          Шүүгдэгч Ц.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Цийн Ут холбогдох эрүүгийн 1909 02523 1255 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хоёр хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 26 дугаар гудамжны 64 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Цийн У /регистрийн дугаар УМ90031766/

          Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

          Шүүгдэгч Ц.У нь 2019 оны 06 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 26-нд шилжих шөнө 00 цагийн үед автомашинаар такси үйлчилгээ үзүүлж явахдаа Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт буусан хохирогч П.Ганбаатарын мартаж үлдээсэн гээгдэл эд хөрөнгө болох Honor /Хонор/ А7 загварын хар өнгийн гар утсыг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшиж 387000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Уийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсны улмаас бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, шүүгдэгч Ц.Ут холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, мөн хуулийн 17.5 дугаар зүйлийн 3-т зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналаа бичиж хэргийг шүүхэд ирүүлжээ.

 

          Шүүх шүүгдэгч Ц.Ут холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

          Шүүгдэгч Ц.У нь 2019 оны 06 дугаар сарын 25-наас 06 дугаар сарын 26-нд шилжих шөнө 00 цагийн үед автомашинаар такси үйлчилгээ үзүүлж явахдаа Сүхбаатар дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт буусан хохирогч П.Ганбаатарын мартаж үлдээсэн гээгдэл эд хөрөнгө болох Honor /Хонор/ А7 загварын хар өнгийн гар утсыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 387000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

 

Шүүгдэгч Ц.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Шүүх хуралдаанд нэмж мэдүүлэх зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлсэн. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Р.Ганбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр Дархан хот руу явахаар Драгон төв рүү очтол унаа олдоогүй тэгэхээр нь гэр лүүгээ харьж явж байгаад 2019 оны 06 дугаар сарын 26-ны 00 цагийн үед такси бариад Дархан руу явчихъя гэж бодоод Баянголд дүүргийн 18 дугаар хороо, 59 дүгээр байрны арын авто замд гар өргөж яваад цайвар өнгийн суудлын авто машин ирж зогсохоор нь Дархан  хот руу 60.000 төгрөгөөр явах уу гэтэл явна гэж хэлсэн. Тэгээд явж байтал арай өөр замаар яваад байхаар нь хаана явж байна буруу замаар яваад байгаа юм биш үү гэтэл 32 дээр явж байна гэж хэлэхээр нь би тэндээ буугаад үлдсэн тэгээд дүү Болдбаатар руу залгах санаатай утсаа үзтэл байхгүй байсан. Тэгээд хүний утсаар гуйгаад залгатал миний утас холбогдох боломжгүй байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-17 дугаар хуудас/

Гэрч М.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 25-ны орой 20 цаг өнгөрөөгөөд манай эхнэр У таксинд гарсан. Тэгээд 23 цаг өнгөрөөгөөд У над руу залгаад “би Дархан явчихаад ирэх үү” гэж хэлэхээр нь би “Дархан аймаг хол яваад хэрэггүй” гэж хэлэхэд “за за” гэж хэлээд утсаа салгасан. Тэгээд удалгүй гэртээ ирсэн. Маргааш өглөө нь би машинаа арчаад байж байтал жолоочийн эсрэг талын урд салон дээр хар өнгийн “Хонор” гэсэн бичигтэй гар утас байхаар нь гэр рүүгээ авч ороод эхнэрээсээ “энэ юун утас вэ” гэж асуухад эхнэр “өчигдөр оройны Дархан явна гэж байсан хүний утас юм шиг байна, мартаад буучихаж” гэж хэлсэн. Тэгээд тухайн гар утсыг цэнэглэхэд асахгүй байхаар нь гэртээ орхиод гэр бүлээрээ Төв аймгийн Баянчандмань сум руу явсан. Маргааш нь би ажилдаа явчихаад ирэхэд эхнэр “Хонор” нэртэй гар утсыг асаачихсан “кодтой юм байна” гэж хэлж байсан. Түүнээс хойш 5-7 хоногийн дараа манай эхнэр тухайн гар утасны кодыг гаргаад өөрийнхөө симийг хийсэн байсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 20 дугаар хуудас/

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 33-34 дүгээр хуудас/,

“Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний "...Honor А7 маркийн гар утас 387.000 төгрөг ...” гэх тайлан /хх-ийн 24-25 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Уийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... 2019 оны 06 дугаар сарын 25-ны орой 23 цаг өнгөрч байхад Модны 2-ын замаар би өөрийн лизингээр авсан 20-94 УБЛ улсын дугаартай, цагаан өнгийн Хонда Инсайт маркийн авто машинтайгаа явж байтал 50 орчим насны нэг танихгүй эрэгтэй хүн гар өргөхөөр нь хаашаа явах вэ гэж асуутал Дархан явна гэж хэлэхээр нь би тэр ахыг суулгасан. Тэр хүн жолоочийн хажуугийн урд сандал дээр суусан. Би шууд буцаж эргээд 32-ын тойргоор хойшоо 17 дугаар сургуулийн орчим явж байтал тэр ах “замдаа уух юм авах ёстой, пиво авчих уу” гэж хэлэхээр нь би “архи пиво ууж болохгүй, би согтуу хүн авч явахгүй” гэж хэлсэн. Гэтэл тэр ах машинаас бууж дэлгүүр орсон. Энэ үед би нөхөр Энхбаатарын гар утас руу залгаад “одоо Гүнтээр даваад Дархан руу явах гэж байна” гэж хэлсэн чинь өөдөөс “тэгж явдаггүй, тэглээ ч Дарханы зам хол, чи бараг маргааш өдөр ирнэ, зам бартаатай” гэж хэлээд загинасан. Би нөгөө ахад “Гүнтээр давдаггүй юм байна” гэхэд “угаасаа Гүнтээр давдаггүй, чи замаа мэддэггүй юм уу, ах нь 32-ын тойрогт айлд орох юм эндээ буулгачих” гэж хэлээд Сансар 32-ын дэлгүүрийн урд талын гудамжаар ороод буусан. Би тэр ахыг буулгачихаад шууд Сансарт байдаг гэр рүүгээ явсан. Тэгээд гэртээ унтаж амраад маргааш өглөө нь гэр бүлээрээ хөдөө явах гээд нөхөр машин арчиж байгаад урд талын тавиур дээрээс Хонор /Honor/ маркийн хар өнгөтэй гар утсыг олсон. Урьд оройны Дархан явах гэж байсан ахын утас байсан. Би уг гар утсыг аваад хартал цэнэг нь дуусчихсан байсан. Гэртээ утсыг үлдээчихээд нөхөр, хүүхдийн хамт хөдөө яваад орой нь ирсэн. Тэр утсыг асаахад кодтой байсан тул нэг их оролдоогүй. 7 хоногийн дараа уг гар утасны кодыг гаргая гэж бодоод Сансарт байрлах гар утасны засвар руу орж уулзаж утсыг үзүүлээд 15.000 төгрөгөөр кодыг гаргуулсан юм. Тэгээд Юнител болон Мобикомын сим картыг нь хаячихсан. Би тухайн гар утасны кодыг гаргуулчихад ерөнхийдөө хадгалсан. Гэхдээ хааяа гаргаж ирээд өөрийнхөө 90292215 гэх дугаартай сим картыг хийж ашигладаг байсан. Уг нь тэр ахыг өөрөө миний машины дугаараар эрж хайгаад намайг олж ирээд гар утсаа авчих юм болов уу гэж бодсон боловч ирж аваагүй. Би тухайн гар утсанд өөрийн сим картаа хийгээд ашиглачихсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Уийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41 дүгээр хуудас/, Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 42 дугаар хуудас/, гэрлэлт бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хавтас/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 45 дугаар хуудас/ болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд шүүгдэгчийн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

          Шүүгдэгч Ц.У нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч Ц.У нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокурорын яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 4-т заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагчид танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

         

          Иймд шүүх шүүгдэгч Ц.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар прокурорын гаргасан саналыг харгалзан шүүгдэгч Ц.Ут 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4. 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Цийн Уийг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Ут 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Ц.Ут шүүхээс оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг  3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Ц.У  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.

 

5. Шүүгдэгч Ц.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.            

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Ц.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                       

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ОДОНЧИМЭГ