Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 37

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Иргэн М.М нэхэмжлэлтэй,

         Хариуцагч:  ******* сумын Засаг дарга, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ч.Б нарт  холбогдох ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд М.М ажиллаж байгаа бөгөөд, түүний ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлэх тухай сумын Засаг даргын 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хүсэлт нь хууль бус үндэслэлгүй болохыг тогтоож, М.М ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулж, сумын Засаг даргын 2017 оны 08 дугар сарын 08-ны өдрийн Б/10 дугаартай М.М-г албан тушаал бууруулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоолгох, ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал зэрэгт нөхөн бичилтийг хийхийг даалгах шаардлага бүхий  хэргийг 2017 оны 08 дугаар сарын  24-ний  өдөр шүүгч Б.Саранчимэгээс хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад, хянан хэлэлцэв.                                              

        Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, хариуцагч ******* сумын Засаг дарга Н.Ү, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бүрэнтогтох нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Монгол Улсын Дээд шүүхийн хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргаантай хэргийг  хянан шийдвэрлэхэд анхаарах асуудал гээд 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмж байгаа. Тухайн зөвлөмжид тухайн албан тушаалтны албан тушаалыг бууруулж өөр албан тушаалд томилсон шийдвэр гаргаж байгаа нь тухайн албан тушаалтныг ажлаас халсан шийдвэрт хамаарна гэж зөвлөсөн байгаа. Үүнээс харахад халаагүй гэх үндэслэл байхгүй. Учир нь: М.Мөөр албан тушаалд томилсон гэж байгаа ч ямар ажилд томилсон тэр талаар шийдвэр өнөөдрийг хүртэл гараагүй байгаа нь М.М нь 3 хүүхдээ ******* суманд үлдээчихээд Эрдэнэт аймагт очиж ажил хийж байгаа. Гэхдээ мэргэжлээрээ биш цайны газарт ажиллаж байгаа тэгэхээр ажлаас халсан гэдэг нь эндээс бүрэн харагдаж байна. Төрийн албаны тухай хууль болон     Хөдөлмөрийн тухай хуульд сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэдэг үндэслэлээр хүнийг ажлаас халах үндэслэл байдаггүй. Үнэхээр тэр шаардлагыг хангаагүй байсан бол анхнаасаа тухайн албан тушаалд томилох ёсгүй байсан. Өмнөх Засаг даргын шийдвэрийг хууль бус гэдгийг тогтоодог албан тушаалтан нь  дараагийн бүрэн эрхээ хэрэгжүүлж байгаа Засаг дарга биш. Хөдөлмөрийн тухай хуульд эмэгтэй хүний хөдөлмөр гэдгийг нарийвчлаад заасан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд жирэмсэн эмэгтэй, 3 хүртэл насны хүүхэдтэй эмэгтэй, өрх толгойлсон эцгийг ажлаас халахыг хориглох заалт байгаа. Энэ хориглох заалтад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4,  40.1.5 дахь заалт байгаа үүнээс өөрөөр 3 хүртэл насны хүүхэдтэй эмэгтэйг ажлаас халахыг хориглосон байгаа. Гэтэл М.М нь 3 хүртэл насны хүүхэдтэй, өрх толгойлсон ганц бие эмэгтэй байгаа. Төрийн албаны тухай хуулийн 1.2.3 дахь заалт үйл ажиллагааны үр дүн мэргэшлийн түвшин нь тухайн албан тушаалын эрхлэх шаардлагыг хангахгүй болсон гэж байгаа гэтэл өмнөх Засаг даргын шийдвэр хууль бус байсан гэдэг үндэслэлээр дараагийн Засаг дарга шийдвэр гаргаж байгаа нь өөрөө хууль бус байна гэж үзэж М.М гэдэг хүнийг ажлын байран дээр ажлаа хийж байхад нь ажлын байрыг нь зарласан албан бичгийг Төрийн албаны салбар зөвлөлд хүргүүлсэн уг албан бичиг, хоёрдугаарт тухайн албан бичгийн дагуу Төрийн албаны салбар зөвлөлөөс сонгон шалгаруулалт зарласан байгаа. Үүний дагуу тухайн ******* сумын Засаг даргын хүсэлтийг хууль бус болохыг тогтоолгох, Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтыг хүчингүй болгуулах гэсэн үндсэн шаардлага явж байсан. Нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээд ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн шаардлага тавьсан байгаа. М.М ажилд томилсон захирамжид сонгон шалгаруулалтын дүнг үндэслээд томилсон байгаа. Тэгээд ажлын байрандаа ажлаа хийж байх явцад сонгон шалгаруулалт явуулаагүй гэдэг үндэслэлээр сонгон шалгаруулалт  явуулах хүсэлтээ Төрийн албаны зөвлөл рүү явуулсан байдаг. Төрийн  албаны зөвлөлд өгсөн гомдол нь шийдэгдээгүй байхад сонгон шалгаруулалт нь явагдаад өнгөрсөн учир сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгох гэсэн хоёр шаардлага тавьсан. Шүүх дээр хэрэг хянан шийдвэрлэгдэх явцад ажлаас нь халсан. Ийм учраас ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах гэсэн шаардлага гаргасан байгаа. Төрийн албаны салбар зөвлөлөөс явуулсан шалгалтад тэнцээгүй хүмүүсийн материал ирсэн байгаа. Дипломын боловсролтой хүн тэнцэхгүй байсан юм бол яах гэж бүртгэсэн юм бэ? шаардлага хангахгүй бол тухайн удирдах албан тушаалд томилох ёсгүй байсан. 2013 онд шаардлагын хангаад ажилд томилогдсон байгаа тухайн үед үнэхээр шаардлагын хангаагүй байсан юм бол Төрийн албаны салбар зөвлөл юу хийж байсан юм бэ? 4 жилийн хугацаанд хууль бус хүн томилогдсон байхад Төрийн албаны салбар зөвлөл ямар ажил хийж байсан юм бэ? Энэ асуудал байхгүй байсаар өдийг хүрсэн байгаа. Өмнөх Засаг даргын хийж байсан ажлыг дараагийн Засаг дарга хууль бус болгож дүгнэдэг асуудлаа болих хэрэгтэй. Тухайн хууль бус зүйлийг төрийн байгууллага хийж байсан төрийн байгууллага ахнаасаа хуулийн дагуу ажлаа хийж байсан бол өнөөдөр ийм байдалд хүрэхгүй байсан. Анхнаасаа шаардлага хангасан хүнээ ажилд томилсон бол М гэдэг хүн 4 жилийн амьдралаа алдан ийм байдалд хүрэхгүй байсан. Ажилд авах үндэслэл шаардлагаа ажлаас халах шалтгаан болгоод байгаа нь хууль бус байна. Тухайн хүнийг сонгон шалгаруулалтад ороогүй гэдэг үндэслэлээр ажлаас халах зүйл заалт Төрийн албаны тухай хуульд байхгүй. Төрийн албаны зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сая хэллээ төрийн албанд анх орсон иргэнээс шалгалт авдаг. Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг ажилд авдаг нь өөрөө хууль бус. Шалгалтад бүртгэсэн бүртгэл хууль зөрчөөд байна гэсэн гомдол тухайн үед нь гарч байгаагүй. М.М ажилд томилсон нь хууль бус гэдэг шийдвэр ямар ч шүүхээс гараагүй байгаа. Өнөөдөр бид нүдээрээ хараад хууль бус эсэхийг тогтоодог бол шүүх гэж байгаад шаардлага байхгүй байх. Хууль бусыг тогтоодог нь төрийн албаны салбар зөвлөл бөгөөд Засаг дарга биш. Төрийн албаны зөвлөлийн журамд сонгон шалгаруулалт өгөлгүй төрийн албанд ажилд орсон хүнийг холбогдох хүнд нь хариуцлага тооцож байж дараа дараагийн журам яригдахаар байдаг. Гэтэл тэр хүнд хариуцлага тооцсон юм байхгүй. Тийм учраас М.М томилогдоод явж байгаа нь хууль бус гэдэг нь тогтоогдоогүй. Төрийн албаны зөвлөл тухай үед яагаад ажлаа хийгээгүй юм бэ? Сумуудад жил болгон очиж шалгалт хийдэг гэтэл тухайн хэрэг яагаад илрэлгүй 4 жил болсон юм бэ? Төрийн албаны тухай хуульд байгаа 41.1.1-д заасан байгаа гэтэл М.М авч ажиллуулсан хүн дээр ямар ч хариуцлага тооцоогүй байгаа. М.М соёлын төвийн эрхлэгчийн ажилд томилогдохдоо хууль зөрчсөн юм байна гэдэг албан ёсны шүүхийн шийдвэр гараагүй байгаа. Хууль бус эсэхийг тогтоодог эрх бүхий субъект нь  Засаг дарга биш тийм учраас өнөөдрийн шүүх хурал дээр М.М ажилд орохдоо хууль зөрчсөн эсэхэд дүгнэлт хийх ёсгүй.  Харин М.М ажлаас халсан нь үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх ёстой. Сул орон тоо гэсэн дүгнэлтийг хийх эрх бүхий албан тушаалтан нь Засаг дарга биш тиймээс нэгдүгээрт тухайн сонгон шалгаруулалтыг явуулсан санал нь хууль бус. Төрийн албаны шалгалт хууль бус. Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй гэж байна тэр талаар нотлох баримт гаргаж өгөөгүй байгаа. Ийм нөхцөл байдал байгаа учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж үзэж байна гэв. 

           Хариуцагч ******* сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа. Соёлын төвийн эрхлэгч М.М өмнө нь хууль бус томилгоотой байсан гэж үзэж байна. Төрийн албаны удирдах албан тушаалтан нь өмнө нь төрийн албаны сонгон шалгаруулалтад орж тэнцсэн байх ёстой байдаг. М.М хувьд тэнцсэн гэсэн нотлох баримт байхгүй байгаа. Тийм учраас тухайн орон тоог сул орон тоо гэж үзсэн. Мөн Төрийн албаны сонгон шалгаруулалтын баримтыг үзэхэд М.М соёлын төвийн эрхлэгчийн ажилд боловсролын шаардлага хангахгүй байна гэж үзсэн. Төрийн албаны шалгалтад авсан оноо нь босго оноонд хүрэхгүй байгаа талаар өгсөн бичиг байгаа. Удирдах албан тушаалд ажиллаж байгаа хүн бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй байх ёстой. Гэтэл М.М нь дипломын боловсролтой  хүн байгаа. Би хэлж байсан чи дипломын боловсролтой юм байна гэхэд би 2 удаа шалгалтад орсон сүүлийнх дээр нь тэнцсэн гэдэг. Гэтэл сүүлийн сонгон шалгаруулалтад Ссоёлын төвийн эрхлэгчээр томилно уу гэсэн 2011 оны 11 дүгээр сарын 04-ний бичиг байгаа.  Тэгээд 2011 оны 11 дүгээр сарын 15-ны дотор соёлын төвийн эрхлэгчээр томилсон шийдвэрээ явуулна уу гэсэн байдаг. Тэгтэл тухайн Засаг дарга нь томилоогүй байдаг. Оронд нь дуу хөгжмийн багш Ө гэдэг хүнийг томилж байгаад 2013 онд М.Мөнхцэцэгийг жинхэлсэн байдаг. Би 12 сард ажилдаа ороход М.М нь миний боловсролын зэрэг тэнцэхгүй байна гэж хэлээд хот явахад 1 дүгээр сард бакалаврын зэрэгт бүртгүүлсэн байсан. Бакалаврын зэрэгт цахимаар сурч байгаа гэсэн бичиг хийлгэж авсан байсан. Энэ хүнийг ажлаас халсан гэж байна би ажлаас халаагүй албан тушаал бууруулах арга хэмжээ авсан.  Б сонгон шалгаруулалтад ороод тэнцвэл энэ ажлаа хий тэнцэхгүй бол албан тушаал бууруулна гэсэн гэтэл би сонгон шалгаруулалтад орохгүй би энэ ажлаас өөр ажил хийхгүй гэсэн хариу өгсөн байгаа. Бид өмнөх хууль бус зүйлийг залруулахын тулд сонгон шалгаруулалт явуулах хүсэлтээ өгч зарлуулсан байгаа. М.Мсонгон шалгаруулалтад ороод тэнцчих тэгвэл ажлын байртай чинь юм ярихгүй гэдэг зүйл хэлсэн гэтэл сонгон шалгаруулалтад ороогүй байгаа.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ******* сумын Засаг дарга нь хуулийн дагуу соёлын төвийн эрхлэгчийг томилж чөлөөлөх эрхийн дагуу тухайн сумын соёлын төвийн эрхлэгч  нь хуулийн дагуу томилогдоогүй байхыг олж мэдсэн. Сумын Засаг дарга нь тухайн суманд сул орон тоо гарсан тохиолдолд Төрийн албаны салбар зөвлөлд орон тоо ирүүлдэг журамтай. ******* сумын Засаг дарга нь хуулийн дагуу сул орон тоог Төрийн албаны салбар зөвлөлд мэдэгдсэн гэж үзэж байна. Аймгийн төрийн албаны салбар зөвлөл ******* сумын Засаг даргын ирүүлсэн захиалгын дагуу сонгон шалгаруулалтыг зарлаж явуулсан. Ингэхдээ тухайн зарлал нь вэб сайтаар дамжин өгөгдсөн. Тухайн үед М.М нь сонгон шалгаруулалтад орох бүрэн боломжтой байсан. Төрийн үйлчилгээний удирдах албан тушаалд сонгон шалгаруулалтад тэнцсэн хүн сонгогдох ёстой байдаг. Гэтэл М.М нь сонгон шалгаруулалтад ороод тэнцээгүй байж удирдах албан тушаалд ажиллаж байсан. Төрийн албан хаагчийн нөөц гэж байдаггүй, сул орон тоо гарах бүрт сонгон шалгаруулалт явагдаж байх ёстой. ******* сумын Засаг дарга нь захиалга ирүүлэхдээ тавигдах шаардлагыг ажлын байрны тодорхойлолтод зааж өгсөн. М.М нь дипломын боловсролтой зохих удирдах албан тушаалыг эрхлэх шаардлага хангахгүй байгаа. Төрийн албаны салбар зөвлөлөөс зохион явуулсан шалгалт нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуульд төрийн албанд анх орох иргэн заавал төрийн албаны шалгалт өгч байж төрийн албанд ордог хуулийн зохицуулалттай мөн Төрийн албаны салбар зөвлөлийн журам байгаа. М.М нь нэгэнт төрийн албанд орох гэж байгаа бол хуульд заасан шаардлагыг хангах ёстой байгаа. Хууль бусаар ажилд томилогддог ийм асуудал байж болохгүй. М.М нь тухайн үед сонгон шалгаруулалтад орох боломжтой байсан боловч өөрөө ороогүй байгаа. Сонгон шалгаруулалтад ороод тэнцсэн гэдэг боловч нотлох баримт байхгүй байгаа. Иймээс Төрийн албаны тухай хууль болон холбогдох журам зөрчигдсөн гэж үзэж байна.

ҮНДЭСЛЭХ нь:

          Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын тайлбарт үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

         1.******* сумын Засаг даргын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах захиалга, ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд явуулсан сонгон шалгаруулалт үндэслэлгүй хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

           ******* сумын Соёлын төвийн эрхлэгч нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18-д зааснаар тухайн байгууллагын төсвийн талаар бүрэн эрхийг хэрэгжүүдэг төсвийн шууд захирагч бөгөөд төрийн үйлчилгээний удирдах албан тушаалтан юм. Сумын Соёлын төвийг эрхлэгчийг Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4-т Улсын болон бүс нутгийн, түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн соёлын байгууллагын дарга, захирлыг тухайн салбарын мэргэжилтэй, соёл, урлагийн байгууллагад 3-аас доошгүй жил ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас Төрийн албаны тухай хуулийн 17.1-д заасны дагуу сонгон шалгаруулж томилно, Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-т зааснаар албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд тухайн байгууллагад ажиллаж байгаа буюу төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингээр нь сонгон шалгаруулах замаар тухайн албан тушаалтныг томилохоор зохицуулсан байна.

           Сонгон шалгаруулалтыг зохион байгуулахад Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын дагуу хуульд өөрөөр заагаагүй бол төсвийн байгууллагын төсвийн шууд захирагч дарга, захирал, эрхлэгч болох төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулахтай холбогдсон харилцааг зохицуулахад энэхүү журмыг дагаж мөрдөхөөр байна. 

           Уг журмын 2.1 дэх хэсэгт Удирдах албан тушаалд томилогдох ажилтныг томилох эрх бүхий этгээд хууль тогтоомжид заасны дагуу сул орон тоо гарснаас хойш 14 хоногийн дотор тухайн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт Салбар зөвлөлд ...харъяаллын дагуу ирүүлэх, журмын 1.4.2-т Аймаг, нийслэл, сум дүүрэг дэх бусад байгууллага /хүн эмнэлэг, театр, чуулга, музей, соёлын төв, номын сан зэрэг бусад байгууллага/-ын дарга /захирал, эрхлэгч-ын албан тушаалд тохилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг тухайн аймаг, нийслэл дэх Салбар зөвлөл удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зохион байгуулна. 

          Тодруулбал ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байрыг нөхөх, уг албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах захиалгыг томилох эрх бүхий этгээд буюу ******* сумын Засаг дарга Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь Салбар зөвлөлд хүргүүлж аймаг дахь Салбар зөвлөл удирдах ажилтны ажлын байрны сонгон шалгаруулалтыг зохион байгуулахаар байна. 

           Хавтаст хэргийн материалд авагдсан ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд сонгон шалгаруулалт явуулсан тухай тэмдэглэл, шалгалтын материал, 2011, 2012 оны Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь Салбар зөвлөлийн удирдах ажилтны сонгон шалгаруулалт явуулсан 3 хавтас архивын материалд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээс үзэхэд М.М нь 2011 онд ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтад орж тэнцээгүй нь нотлогдож байна.

          ******* сумын Засаг даргад 2011 оны 10 дугаар сарын 04-ны өдөр “Танай сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байрны сонгон шалгаруулалтыг дахин явууллаа. Төрийн албаны салбар зөвлөлийн хурлаар сонгон шалтгаруулалтын дүнг хэлэлцээд Ц.С Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилуулахаар нэрийг нь дэвшүүлж байна” гэсэн 68 дугаар албан бичгийг Говь-Алтай аймаг дахь Салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга Х.М хүргүүлсэн боловч ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд дахин сонгон шалгаруулалт явуулсан байдал нь тогтоогдохгүй байна.  

           Иймд ******* сумын Засаг даргаас Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулах захиалга хүргүүлж, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь Салбар зөвлөл ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсаныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. 

          2. 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/10 дугаартай М.М албан тушаал бууруулах тухай захирамжийг хууль бус болохыг тогтоож М.М ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд тогтоож ажилгүй байсан хугацааны цалин нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалд холбогдох бичилтийг хийхийг даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

           ******* сумын Засаг дарга 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1, 23.1.2 дахь хэсгүүдэд заасныг үндэслэн Соёлын төвийн эрлэгч М.М үүрэгт ажлаас нь чөлөөлж албан тушаал бууруулсан байна. 

          Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал юм” гэсэн ерөнхий шаардлага, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 60 дугаар тогтоолоор Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 1.4.2, журмын 8.4-т “Сонгон шалгаруулалтад ороогүй иргэнийг удирдах албан тушаалд томилохгүй” гэж зааснаар байгууллагын төсвийн удирдлагыг хэрэгжүүлэх, удирдах албан тушаалтны хувьд Соёлын төвийн эрхлэгчийн албан тушаалд томилогдохдоо төрийн албан удирдах ажилтны сонгон шалгаруулалтанд орж, тэнцсэн байх шаардлгагыг хангасан байх ёстой. Энэ тохиолдолд нэхэмжлэгч уг шаардлагыг хангаагүй, удирдах ажилтны шалгалт өгөөгүй тул түүнийг Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоох нь хуулийн дээрх заалтад нийцэхгүй.

          Харин М.М 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар албан тушаал бууруулсан хэдий ч ямар ажил, албан тушаалд бууруулж томилсон нь тодорхой бус нэхэмжлэгч нь өнөөг хүртэл тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар “ажил олгогч нь жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эхийг аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсан болон энэ хуулийн 40.1.4, 40.1.5-д зааснаас бусад тохиолдолд ажлаас халахыг хориглох” гэж заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч М.М  нь 3 хүүхэдтэй өрх толгойлсон эмэгтэй, түүний  бага хүүхэд Э.Д нь 2015 оны 09 дүгээр сарын 28-нд төрсөн /төрсний бүртгэлийн лавлагаа/, М.М бага хүүхэд нь 3 нас хүрээгүй байхад 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Б/10 дугаар захирамжаар албан тушаал бууруулах нэрээр тодорхой эрхэлсэн ажилгүй болгож байгаа нь 3 хүртэлх насны хүүхэдтэй эхийн хөдөлмөрлөх эрхийг нь зөрчсөн гэж үзэхээр байна.  

          Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасны дагуу ******* сумын Засаг дарга Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх заатад нийцүүлэн М.М албан тушаал бууруулан зохих албан тушаад томилсон дахин шинэ акт гаргах хүртэл ******* сумын  Засаг даргын  2017 оны 08 дугаар сарын 08-ны Б/10 дугаар захирамжийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, хууль бус үйл ажиллагааны улмаас иргэнд учруулсан хохирлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар  2017 оны  08 дугаар сарын 08-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдөр буюу шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны 50 хоногийн олговор 1465650 төгрөгийг ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, уг олговороос эрүүл мэндийн даатгал, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг даалгаж шийдвэрлэлээ.

          Ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалаар баталсан Дундаж цалин хөлс тодорхойлох журмын 5 дугаар хэсэгт зааснаар хавтас хэргийн мартериалд авагдсан М.М нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2017 оны 1-3 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаанд дахь нийт сарын тоонд хувааж ажилтаны нэг сарын дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг, нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.7, 106.3.11, 106.3.13 дахь хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн  17.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4.18, Соёлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг даргын ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн сонгон шалгаруулалт явуулах захиалга, Төрийн албаны зөвлөлийн Говь-Алтай аймаг дахь Салбар зөвлөлийн ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажлын байранд сонгон шалгаруулалт явуулсаныг хууль бус болохыг тогтоох, М.М ******* сумын Соёлын төвийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дахь хэсэгт заасныг баримтлан хэргийн нөхцөл байдлыг тодруулж, дахин шинэ акт гаргахыг хариуцагч Говь-Алтай аймгийн ******* сумын  Засаг даргад даалгаж, сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны Б/10 дугаар захирамжийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд хариуцагч Говь-Алтай аймгийн ******* сумын Засаг дарга нэхэмжлэгч М.М зохих албан тушаалд томилсон шийдвэр гаргаагүй бол сумын Засаг даргын 2017 оны 08 дугаар сарын 08-ны Б/10 дугаар захирамж хүчингүй болохыг дурдсугай.

4. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1,  69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар М.М ажилгүй байсан 50 хоногийн цалин 1465650  /нэг сая дөрвөн зуун жаран таван мянга зургаан зуун тавин / төгрөгийг ******* сумын Засаг даргын Тамгын газраас гаргуулж, уг олговороос нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгохыг ******* сумын Засаг даргад даалгасугай. 

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

7. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.5-д заасны дагуу уг хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасан хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

8. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд, давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Э.ЗОЛБАДРАХ