Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 04 сарын 05 өдөр

Дугаар 29

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

 

Даргалагч

Ерөнхий шүүгч        Б.Батзориг

Шүүгчид                    Я.Туул

                                                                 Д.Буянжаргал

Оролцогчид:

Прокурор              Л.Энхтайван

Ялтны өмгөөлөгч А.Отгонбаяр

Хохирогч               Ж.Ганбат

Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхбат

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ш.Энхцэцэг

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж шийдвэрлэн, шүүх хуралдаанаас гаргасан 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Сэлэнгэ аймгийн Прокурорын  газраас Эрүүгийн  хуулийн  тусгай  ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн Цагаанчууд овогт Сэсээрийн Сүхбатад холбогдох эрүүгийн 201718000042 дугаартай, 148/2017/0023/Э индекстэй 1 хавтас хэргийг 2017 оны 03 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Д.Буянжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

     Биеийн байцаалт:

     Монгол Улсын иргэн, 1972 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, 44 настай, бүрэн  дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа валютын арилжаа эрхэлдэг, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг, 2 дугаар хэсгийн 2-р байрны 17 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Цагаанчууд овогт Сэсээрийн Сүхбат /РД: МЮ72081079/

 

   Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

   Шүүгдэгч С.Сүхбат нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р багт оршин суух Ж.Ганбатаас түүнд ОХУ-ын Улаан-Үдэ хотод 13.400 ам долларыг рублиэр солиулах гэж итгэмжлэн өгсөнийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

   Анхан шатны шүүх С.Сүхбатад холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хянан хэлэлцээд 22 дугаартай шийтгэх тогтоолоор:

               -Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4-р зүйлийн 4.1-д зааснаар Цагаанчууд овогт Сэсээрийн Сүхбатыг мөн хуулийн 152-р зүйлийн 152.1-д заасан “бусдын …итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших” гэмт хэрэгт гэм буруутайд тооцож,

               -Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар Цагаанчууд овогт Сэсээрийн Сүхбатыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.200.000 төгрөгөөр торгож шийтгэж,  

               -Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-д зааснаар шүүгдэгч торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар солихыг анхааруулж,

               -Шүүгдэгч С.Сүхбат нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг  тус тус дурьдаж,

               -Монгол Улсын Иргэний Хуулийн 497-р зүйлийн 497.1, 510-р зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Сүхбатаас 9.654.414 төгрөг гаргуулан Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6 дугаар баг 2 дугаар хэсэг 4 дүгээр байр 5 тоотод оршин суух хохирогч Чингис овогт Жанчивын Ганбатад /МН65080470/ олгож,  

               -Шүүгдэгч С.Сүхбатад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч А.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлага хангасангүй.

С.Сүхбат нь 2016 оны 07 дугаар сард Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт бусадтай зодолдож танхайрсан гэх гэмт хэрэгт шалгагдаж байх хугацаандаа  2017 оны 10 дугаар сарын 30-нд иргэн Ж.Ганбатаас 13.400$ /америк доллар/ үрэгдүүлсэн гэх хэрэгт холбогдон Сэлэнгэ Цагдаагийн газарт эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байсан байна. Гэтэл дээрх С.Сүхбатын үйлдсэн гэх 2 эрүүгийн хэргийг нэгтгэн шийдвэрлэх байтал тус тусад нь шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, С.Сүхбатад холбогдох эрүүгийн хэргийг нэгтгэсний эцэст шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна.

Анхан шатны шүүх уг хэргийг хянан шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьж, нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна гэжээ.

 

Ялтны өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.Сүхбатад холбогдох 2 хэргийг нэгтгэж шалгамаар байна. Иргэн Ж.Ганбат нь анхан шатны шүүх хурал, мөрдөн байцаалтын шат, өнөөдрийн хуралд өөр өөрөөр мэдүүлэг өгч байна. Иймд шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

 

Хохирогч Ж.Ганбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2 зүгээр танилууд байсан. Намайг явах гэж байхад С.Сүхбат та яваад ир би мөнгийг чинь аваад рубль болгож солиулаад байж байя гэхээр нь муу санаалаагүй үлдээгээд явсан. Намайг мөнгө үлдээнэ гэж бодоогүй байхад өөрөө үлдээчих гэж эхлэж хэлсэн гэв.

 

Хохирогчийн өмгөөлөгч А.Мөнхбат давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэргийн материалыг судлахад  С.МСүхбат нь Эрүүгийн хуулийн 152 дугаар зүйлд заасан гэмт хэргийн субъектын  шинжийг хангаагүй байна.  Шүүгдэгч та надад мөнгөө өг би солиулъя гэсэн нь залилангийн шинж байна. Энэ нь гэрч нарын мэдүүлгээр нотлогддог. Эрүүгийн хуулийн148 дугаар зүйлээр  шалгах нь зүйтэй.

С.Сүхбат өмнө нь танхайн гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шатанд явж байгаа. Шүүх энэ талаар шийдвэр гаргасны дараа гэм буруутай гэж үзнэ. Тухайн хэрэг нь хэрэг мөн биш талаар урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй тул гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор тайлбар, дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Тодорхойлох нь:

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас С.Сүхбат нь 2016 оны 10 дугаар сарын     30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р багт оршин суух Ж.Ганбатаас түүнд ОХУ-ын Улаан-Үдэ хотод 13.400 ам долларыг рублиэр солиулах гэж итгэмжлэн өгсөнийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татах тогтоол үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдөр хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд, 22 дугаартай шийтгэх тогтоолоор С.Сүхбатыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн    4.1-д зааснаар “бусдын …итгэмжлэн өгсөн эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, мөн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-д зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.200.000 төгрөгөөр торгож  шийдвэрлэжээ.

 

Ялтны өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан “…С.Сүхбатын үйлдсэн гэх 2 эрүүгийн хэргийг нэгтгэн шийдвэрлэх байтал тус тусад нь шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасныг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж, эрүүгийн хэргийг нэгтгэсний эцэст шийдвэрлэх нь зүйтэй” гэх давж заалдах гомдлын үндэслэлийн дагуу хэргийн материалыг бүхэлд нь шинжлэн судалбал:

Ялтан С.Сүхбат нь 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 6-р багт оршин суух Ж.Ганбатаас түүнд ОХУ-ын Улаан-Үдэ хотод 13.400 ам долларыг рублиэр солиулах гэж итгэмжлэн өгсөнийг завшиж үрэгдүүлсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн материалд авагдсан хохирогч Ж.Ганбатын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч М.Энхбат /хх-ийн 54-55-р хуудас/, Т.Дамбажамц /хх-ийн 56-57-р хуудас/, Г.Хасбазар /хх-ийн 58-59-р хуудас/ нарын мэдүүлгүүд, “Мобиком корпораци” ХХК-ийн ярианы дэлгэрэнгүй жагсаалт /хх-ийн 4-7-р хуудас/, дуудлага хийсэн жагсаалтуудад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 8-р хуудас/, Эрүүгийн  хэрэг үүсгэхээс татгалзсан материал /хх-ийн 11-26-р хуудас/, Дархан-Уул аймаг дахь Монгол банкны хэлтсээс ирүүлсэн А-60 дугаартай албан бичиг /хх-ийн 37-р тал/ болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 54 дүгээр зүйлийн 54.2 дахь хэсэгт “…Шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ…” гэж заасны дагуу ялтан С.Сүхбатын гэм буруугийн асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийж, хуульд заасан ялыг оногдуулсан байна.

 

Анхан шатны шүүхийн 22 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “…шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байна...” гэсэн хуулийн шаардлагыг хангасан  бөгөөд шүүх дээрх хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт “…шүүхэд хэрэг хэлэлцэх ажиллагаа нь зөвхөн шүүгдэгчийн хувьд, гагцхүү түүнийг шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор явагдана…” гэж заасны дагуу шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Түүнчлэн ялтан С.Сүхбат нь шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдвол Эрүүгийн хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-д заасан журмын дагуу ял оногдуулж болох ба энэ нь ялтны эрх зүйн байдлыг дордуулахгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтны өмгөөлөгч А.Отгонбаярын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 342 дугаар зүйлийн 342.1-д зааснаар давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                        Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД                           Я.ТУУЛ

                                                           Д.БУЯНЖАРГАЛ