| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2019/0879/Э |
| Дугаар | 892 |
| Огноо | 2019-11-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Сод-Эрдэнэ |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 20 өдөр
Дугаар 892
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Номинзул,
Улсын яллагч Б.Сод-Эрдэнэ,
Шүүгдэгч М.Г /өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Гд холбогдох эрүүгийн 1911 01924 1206 дугаартай хэргийг 2019 оны 11 сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Дорноговь аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хилийн цэргийн 0208 дугаар ангид Тусгай салбарын Хилчин спорт хорооны боксын тамирчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, 5 дугаар гудамжны 13 тоотод оршин суух, урьд л шийтгэлгүй, Бандгай овогт Мөнгөн-Эрдэний Гандулам /РД:ЕО94062410/
Шүүгдэгч М.Г нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ 2019 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Э.Золбоог архины мөнгө нэхэж улмаар зодож, эрүүл мэндэд нь баруун талын хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа. Үүнд:
Шүүгдэгч М.Гаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “..Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн нэмж мэдүүлэх зүйлгүй..” гэв.
Шүүгдэгч М.Гаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: /хх-34-35/ “..Би 2019 оны 7 дугаар сарын 17-ны орой 16 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах олон булагтай цэцэрлэгт хүрээлэнд танил Отгонбаяртай уулзаад машин дотор байсан Экс гэх нэртэй 0.5л савалгаатай архийг хүрээлэн дотор уучихаад юм яриад сууж байгаад орой 20 цагийн үед Отгонбаярыг гэрт нь хүргэж өгөхөөр явж байтал манай дүү нарийн найз Золбоо явж байхаар нь дуудаад машиндаа суулгаад хамт Отгонбаярыг гэрт нь хүргэж өгөөд Отгонбаярын хашаан дотор машинтайгаа зогсоод юм яриад зогсож байтал Отгонбаярын ах нь гарч ирээд Отгонбаярыг дуудаад Отгонбаяр гэрлүүгээ орсон. Тэгээд 23 цагийн үед Золбоо бид 2 доошоо явж байгаад би Золбоог ахдаа 1 тамхи, 1 пиво аваад өгчих маргаашнаас мөнгийн өгье гэтэл Золбоо за гээд бид 2 доошоо дэлгүүр явсан. Золбоо дэлгүүрээс 1 тамхи Сэнгүр гэх нэртэй 2.5л савалгаатай пиво авч ирсэн, тэгэхээр нь хоёулаа хамт хувааж ууя гэтэл Золбоо “би уухгүй” гэхээр нь “тэгвэл хамт хань болоод байж бай” гээд хамт тамхи татангаа юм яриад зогсож байтал Золбоо миний зэвүү хүргээд байсан, яг юунаас болсныг санахгүй байна. Тэгээд би Золбоогийн гэдэс рүү өвдөгдөөд нүүр лүү нь хэд цохисон чинь Золбоо зугтаагаад гэрлүүгээ явчихсан. Эдгээр гэмтлүүдийг учруулсанаа хүлээн зөвшөөрч байна. Би эмчилгээний зардалд нь 1.200.000 төгрөг, 2019 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр бэлнээр төлж уучлалт гуйсан..” гэсэн мэдүүлэг.
Хохирогч Э.Золбоогоос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-14-17х/ “..2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр ээжтэйгээ хамт явж байгаад би ээжээсээ салаад 19 дүгээр хороололд байрлах үсчинд ороод үсээ засуулчихаад орой 21 цаг өнгөөрөөгөөд 7 буудал дээр ирээд таньдаг ах Батхишиг ахтай тааралдаад намайг дээшээ гэррүүгээ явах гэж байгаа юм уу гээд намайг машиндаа суулгаад дээшээ яваад 17 дугаар хорооны урд байдаг гүүрэн дээр буугаад гүүр гараад гэррүүгээ алхаж байтал Гандулам намайг дуудаад чамтай ингэж таардаг юм байж гээд намайг машиндаа суу гэж хэлсэн. Би машиных нь урд буюу жолоочийн хажуу талын суудалд суусан тэгээд хойно нь Ондогоноо /Отгонбаяр/ гэх залуу сууж байсан. Би машинд нь суугаад эргээд хартал Отгонбаяр нь чи намайг таних уу гэж асуусан. Би танихгүй гэж хэлтэл одоо таньдаг болно гэж хэлээд машинтайгаа хөдлөөд Отгонбаяр гэх залуугийнх гэррүү нь явсан ... Би ээжтэйгээ яриад одоо очлоо гээд хэлчихсэн байгаа гэтэл, Өө жоохон байгаад ороо гээд Сурагчийн 44 дүгээр гудамжруу орсон. Тэгээд ганц юм нийлүүлээд авья чамд мөнгө байна уу гэсэн би тэр үед тэр хоёроос аймаар айсан байсан. би тэгээд надад мөнгө байхгүй гэтэл машинаас буугаад ир гээд ... Тэгээд би доошоо тонгойтол дээрээс цохиод унагааж байгаад өшиглөж, цохиж дэвсэлсэн. Тэгээд босоод ир гэж байгаад Гандулам миний толгойруу 7-8 удаа цохисон ... Гандулам эхлээд гэдэсрүү цохисон дараа нь хэн цохисоныг би мэдэхгүй байна. Намайг боссоны дараа Гандулам дахиад 7-8 удаа толгойруу цохисон..” гэх мэдүүлэг,
Гэрч Б.Отгонбаяраас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-20/ “..2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөр би найзуудтайгаа архи ууж явж байгаад би салаад явж байтал Тогоо /ГандуламЛтай тааралдаад машин нь суугаад нэг шил архи авчихсан байхаар нь би хамт талд нь ортол уучихаад байж байтал машин дотор Золбоо ороод ирсэн тэгээд Золбоо Тогоотой юм яриад байсан ба би өмнө.нь их уусан байсан болохоор юу ярьсаныг нь сайн санахгүй байна. Тэгээд би дээшээ харьлаа гэж хэлтэл Тогоо заза Оогий ахыг хүргээд өгье гээд бид 3 хамт манай ээжийн гэррүү буюу Зүрх уулруу явсан ... би Золбоогийн сууж байсан талын хаалгыг нээгээд заа орлоо болгоомжтой яваарй банди нараа гэж хэлсэн ба манай ээжийн дүү Ганхуяг ах, хүргэн ах Сүх-Очир ах нар гарч ирээд ор пизда минь гээд намайг загинаад тэгээд би гэррүүгээ орсон тэр 2 гараад явсан..” гэх мэдүүлэг,
Шинжээч эмч Т.Чимэд-Очироос мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-28/ “..хуухнаг гэдэг нь эрэгтэй хүний төмсөгний гадна талын уутыг хэлдэг бөгөөд дээрх гэмтэл нь нэг удаагийн цохилтоос болж үүсэх боломжтой..” гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн 8852 дугаартай дүгнэлтэнд: /хх-26х/ “..Э.Золбоогийн биед баруун талын хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, цээжний хэрхэрцгийн зөөлөн эдийн няцрал, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэг хамаарна..” гэх шинжээчийн дүгнэлт,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч М.Г нь 2019 оны 07 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Э.Золбоог архины мөнгө нэхэж улмаар зодож, түүний биед баруун талын хуухнагт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, тархи доргилт, цээжний хэрхэрцгийн зөөлөн эдийн няцрал, гэмтэл бүхий гэмтэл үүсгэжээ.
Энэ нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгчийн дээрхи үйлдлийн улмаас хохирогчид учруулсан гэмтлийг хөнгөн хохирол учирсан байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч хохирогчийг цохисон, үүний улмаас түүнд хөнгөн зэргийн гэмтэл учруулсан гэж улсын яллагчаас яллаж буй Эрүүгийн хуулийн зүйл заалт, гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд энэ нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч М.Гд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй бөгөөд хохирогч гомдол саналгүй, эд хөрөнгө нэхэмжлэхгүй гэжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Гаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд прокурор хүсэлтийг хүлээн авч тогтоол гаргасан байна. Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн явуулсан бөгөөд шүүгдэгч М.Гыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч М.Гд оногдуулсан дээрх ялыг шүүгдэгчийн хувийн байдал, өрхийн орлого, ам бүл зэргийг харгалзан шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгаж, шүүгдэгч М.Гд торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулав.
Шүүгдэгч М.Г нь хохирогчийн эмчилгээний зардалыг төлж барагдуулсан бөгөөд хохирогч Э.Золбоо нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй гэсэн тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч М.Г нь цагдан хоригдоогүй, түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бандгай овогт Мөнгөн-Эрдэний Гандуламыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Мөнгөн-Эдэний Гандуламыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Гд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд төлөхийг даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольдог болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч М.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, бусад эрхийг хязгаарлаагүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Гд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР