Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 1793

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                    

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,

          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,

          Улсын яллагч Б.Ганбулган,

         Шүүгдэгч Ц.Г , түүний өмгөөлөгч О.Баяржаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Ц.Г д холбогдох эрүүгийн 1906 03738 2138 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1972 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Ховд аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн   тоотод оршин суух бүртгэлтэй,  гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар  , Ц.Г .

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр, 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадын 49 дүгээр гудамжны 744-11а тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Энхцэцэгт байнга агсам, согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Г  мэдүүлэхдээ: “...Би эхнэртэйгээ хамт 6 жил амьдарч байна. Эхнэр маань олон хоног ажилтай байдгаас үл ойлголцол үүсдэг. Би архи их уудаггүй жоохон уухаараа согтдог. Согтохоороо Ц.Энхцэцэгийг хэл амаар доромжлоод гараад явчихдаг. Гэртээ хонодоггүй. Тэгээд хэдэн сар байж байгаад эвлэрдэг. Бид санхүүгийн байдал болон ажлаас болж муудалцдаг. Би охиноо хардаг ажилгүй тул намайг ажилгүй гэж загнадаг...Би бүх буруугаа хүлээж гэмшиж байна. Цаашид ийм зүйл үйлдэл гаргахгүй гэв.

 

        Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Ц.Энхцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-67-68/, гэрч Б.Мягмарын өгсөн мэдүүлэг /хх-13/, аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-82/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ /хх-87-91/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 475 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай захирамж /хх-46/, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1536 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай захирамж /хх-48/, Ц.Г гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-71-72, 97/, шүүгдэгч Ц.Г гийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-84/, шинээр хохирогчийн гаргасан хүсэлт, цэцэрлэгийн тодорхойлолт 2 хуудас, нийт 3 хуудас зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Ц.Г  нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдөр, 2019 оны 2 дугаар сарын 24-ний өдөр, 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдөр, 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадын 49 дүгээр гудамжны 744-11а тоотод буюу өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр Ц.Энхцэцэгт байнга агсам, согтуу тавьж, харгис хэрцгий харьцаж, догшин авирлаж, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

         Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Энхцэцэгийн өгсөн: “...Би ажилтай явж байгаад 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа бууж гэртээ ирсэн юм. Намайг гэрт ирэхэд манай нөхөр Ц.Г  нь архи уусан, согтуу манай охин Эрхсарантай хамт байж байсан. Тэгээд намайг “янхан, гичийн, банзал” гэх мэтээр хэл амаар доромжлоод байсан. Тэгээд оймсноосоо хутга гаргаж “цагдаад дуудвал чамайг тэр цагдаатай чинь хамт ална” гээд байхаар би айгаад цагдаад дуудлага өгсөн юм. 2019 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ц.Г  намайг цохиж зодоогүй. Өмнө нь ч гэсэн цохиж зодож байгаагүй. Ц.Г  нь архи уухаараа намайг хэл амаар доромжлоод байдаг юм. Бид хоёрт гэрлэлтийн баталгаа байхгүй дундаасаа 1 охинтой. Ц.Г  нь өмнө нь 2 удаа баривчилгаанд явж байсан. Ц.Г  нь сардаа 1-2 удаа архи уудаг. Архи уух болгондоо намайг хэл амаар доромжилдог. Надад ямар нэгэн санал гомдол байхгүй...2019 оны 5 дугаар сарын 27ны өдөр 18:00 цагийн үед гэртэй ирэхэд нөхөр Ц.Г  гэртэй согтуу байсан. Тэгээд бид хоёр жаахан маргалдаж муудалцахад Ц.Г  намайг “муу янхан гичий” гэх мэтээр харааж хоолой боохоор нь би цагдаа дуудлага өгтөл гараад явчихсан. Тэгээд удалгүй буцаж ирээд гэрээс багаж аваад гараад явсан. Намайг цохиж зодож байгаагүй. Архи уухаараа хэл амаар доромжлоод байдаг юм. Тухайн өдрөөс хойш хэд хоногийн дараа дахиж согтуу агсам тавиад гэрээс гарч яваад буцаж ирээгүй. Одоо хаана байгааг нь мэдэхгүй байна. Би Гандаваад хуулийн дагуу арга хэмжээ авахуулмаар байна.” /хх-10, 67-68/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Б.Мягмарын өгсөн: “...Би 2019 оны 1 дүгээр

сараас хойш Баянзүрх дүүргийн 9 дүгээр хорооны хэсгийн байцаагчаар томилогдон ажиллаж байна. Би Ц.Г г сайн мэднэ. Ц.Г  нь байнга архи ууж ар гэртэй эхнэртэй агсам тавьдаг хүн байгаа юм. Ц.Г  нь манай хорооны гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгчийн судалгаанд бүртгэгдсэн байгаа. Би Ц.Г г 2019 оны 5 дугаар сард баривчилгаанд явуулж байсан. Архины эмчилгээнд хамрагдуулж байгаагүй.” /хх-13/ гэх мэдүүлэг,

 

          Мөрдөн шалгах ажиллагаанд Ц.Г гийн гэрч, яллагдагчаар өгсөн: “...Би дээрх ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө нь гэрчийн мэдүүлэг өгөхдөө тухайн үед болсон зүйлсийг бүгдийг нь үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа болохоор дахин энэ талаар мэдүүлэх шаардлагагүй., Надад өмнө нь өгсөн мэдүүлэгтэй нэмж ярих зүйл байхгүй. Би хийсэн хэрэгтэй их гэмшиж байна.” /хх-23, 79/ гэх мэдүүлэг,

 

Аюулын зэргийн үнэлгээ /хх-28

Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт /хх-87-91/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн 475 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай захирамж /хх-46/,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1536 дугаартай зөрчлийн шийтгэл оногдуулах тухай захирамж /хх-48/,

Шүүгдэгч Ц.Г гийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-84/ зэрэг болно.

 

           Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэдгээ өөрөө хүлээсэн, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, мөн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэрүүд зэргээр тогтоосон байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, гэр бүлийн ашиг сонирхолд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Байнга харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 6.3-д заасан 3 ба түүүнээс дээш удаа үйлдсэнийг ойлгоно. Тухайлбал хүний амь нас, эрүү мэндэд гэм хор учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүй хийсэн, хүний хүсэл зоригийн эсрэг тодорхой үйлдэл, эсхүл хийхгүй байхыг албадах, үл хайхрах, гүтгэх, мөрдөн мөшгих, заналхийлэх, бусадтай харилцахыг хязгаарлах, гутаан доромжлох болон бусад хэлбэрээр сэтгэл санааны шаналал үүсгэх зэргийг ойлгоно.

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ц.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Г г “гэр бүлийн хамаарал бүхий хүнтэй харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан” буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч Ц.Энхцэцэг нь гомдол саналгүй гэдгээ илэрхийлсэн байх тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцсон

бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүх шүүгдэгч Ц.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

 

            Шүүхээс шүүгдэгч Ц.Г д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Г  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Ц.Г г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан гэр бүлийн хамаарал бүхий хүнтэй харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Ц.Г г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

                                                                                                                                                      

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар Ц.Г  нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Ц.Г  нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба Ц.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

     7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Ц.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

             

                                    ДАРГАЛАГЧ,

                                   ШҮҮГЧ                                Э.ЧИНГИС