Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 79

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж, Нарийн бичгийн дарга овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч овогт Батжаргалын Одонтуяа Шүүгдэгч Манхин овогт Б-гийн Бо- Шүүгдэгчийн өмгөөлөгч Нирун овогт Ванчингийн Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж Завхан аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Манхин овогт Б-гийн Бо-т холбогдох 1923000890064 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Завхан аймгийн Яруу суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 2 эхнэрийн хамт Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Б-булаг багт оршин суудаг урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Манхин овогт Б-гийн Бо-, Регистрийн дугаар: ИХ******

Шүүгдэгч Б-гийн Бо- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Бо- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн орчим Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт багийн нутаг 1-4 тоотод байрлах Г.Баярбатын орон сууцны цонхны салхивч /поорчик/-оор орж 4.8 кг ноолуур, шинэ гэрийн цагаан бүрээс хулгайлсан хэргийн үйл баримт нь эд зүйлээ хулгайд алдсан талаар мэдүүлсэн хохирогч Г.Баярбатын “...Би 2019 оны 04 дүгээр сарын 23-ны орчим ямаагаа самнаж дуусаад ...нийт 104 кг ноолуур сумын төвд өөрийн гэртээ аваачсан. Тэгээд 05 дугаар сарын 09-нөөс 10-ны хооронд гэрт байсан ноолуурнаас жижиг уутанд байсан 4.8 кг ноолуур, 6 ханатай гэрийн шинэ цагаан бүрээс алга болсон байсан. Би 05 дугаар сарын 10-ны өдөр хөдөөнөөс сумын төвд байх гэртээ ирэхэд байшингийн урд талын цонхны жижиг поорчик, хойд талын ноолуур байсан өрөөний цонхны жижиг поорчик онгорхой байхаар нь эд зүйлсээ үзэхэд 4.8 кг ноолуур гэрийн цагаан бүрээс зэрэг эд зүйлс алга болсон байсан. Цагаан өнгийн ногоон бичигтэй 25 кг-ын жижиг ууттай ноолуур байсан. Гэрийн цагаан бүрээс нь цулгуй өнгөгүй гялгар ууттай байсан...” гэсэн мэдүүлэг, Алдагдсан ноолуур болон монгол гэрийн цагаан бүрээсийн талаар мэдүүлсэн гэрч Н.Баасанбатын “...2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр намайг гудамжинд дэлгүүрийн үүдэнд явж байхад Бо- шуудайтай ноолуур гэрийн цагаан бүрээс 2 үүрчихсэн явж байгаад надтай тааралдаад үүнийг танайд тавьчихъя орой ирээд авъя гэхээр нь би тэг гэж хэлээд бид 2 манайх руу очсон юм. Тэгээд тэр орой нь Бо- намайг та энийг тушаагаад өгчих гэхээр нь би Хуягаа гэдэг айлд тушааж мөнгийг нь Бо-т авч өгсөн юм. ...Цагаан бүрээс нь гялгар ууттай, ноолуур нь 25 кг-ын жижиг ууттай байсан. Цагаан бүрээсээ аймгаас 100.000 төгрөгөөр худалдаж авсан гэж байсан харин ноолуурын талаар юм яриагүй би ч асуугаагүй. ... Гэрийн бүрээсээ зарна гэхээр нь хэд юм бэ гэж асуусан чинь 100.000 төгрөг гэхээр нь би аваагүй юм. ... ганцаараа согтуу ирсэн. ... 4.8 кг ноолуур байсан би түүнийг Хуягаа гэдэг хүнд 480.000 төгрөгөнд тушааж мөнгийг нь Бо-т өөрт нь өгсөн. Ноолуур 1 кг нь зуун мянган төгрөгний үнэтэй байсан ...” гэсэн мэдүүлэг, Н.Баасанбатын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ш.Батхуягийн “...Н.Баасанбат надад 4.8 кг орчим ноолуур өгсөн. Үүнийг би 1 кг-ийг нь 100.000 /нэг зуун мянга/ төгрөг буюу тэр үеийн ноолуурын ханш унасан үеийн ханшаар авч 480.000 төгрөгийг Баасанбатад тоолж өгсөн ... Баасанбат ноолуур тушаахаас өмнө над дээр ирж ноолуур тушаах гэсэн юм гэхээр нь би аваагүй юм. Бас гялгар уутанд хийсэн гэрийн цагаан бүрээс зарна та авчих гээд явж байсан ...” гэсэн мэдүүлэг, Б.Бо-ын хэргээ хүлээн мэдүүлсэн “ ...2019 оны 05 дугаар сарын 19-ний өдөр 17 цагийн үед би Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт баг буюу сумын төвийн орон сууцны хэсэгт байрлах хадам аав Гомбосүрэнгийн байшинд орж тэрэн дотор байгаа өөрийнхөө ноолуурнаас авах санаатай байшин нь эзэнгүй байхаар нь модны саравчаар нь дамжиж урд талын цонхны поорчигийг нь гараараа түлхсэн чинь онгойсон. Тэгэхээр нь би нөгөө поорчикоор нь байшин дотор ороод 25 кг жижиг цагаан өнгийн өнгө нь бага зэрэг хэртэж боролсон ууттай, уутны тал ямааны ноолуур, мөн гялгар ууттай гэрийн цагаан бүрээс хоёрыг байшин дотроос аваад байшингийн хойд талын цонхны поорчикоор нь гараад явсан. Явахдаа байшингийн цонхнуудыг бүгдийг нь хаачихаад явсан. Тэгээд Баасанбат гудамжинд таараад Баасанбатын гэрт очсон. Тэгээд Баасанбатын гэрт нөгөө ноолуур, цагаан бүрээс хоёроо үлдээчихээд Баасанбатыг ноолуурыг зараад өгөөрэй гэсэн. Баасанбат миний ноолуурыг зарчихлаа гээд мөнгийг нь надад өгсөн. Би ноолуурыг мөнгийг аваад, цагаан бүрээсээ Баасанбатын амбаарт үлдээгээд явсан. ... Би тухайн үед архи уучихсан нилээн согтуу явж байсан. ... Би өөрийнхөө ноолуурыг 25 кг цагаан өнгийн гялгар гурилын ууттай 6.8 кг ноолуур байсныг мэдэж байсан. ... 40000-50000 төгрөгийг дэлгүүрт өрөндөө өгсөн. Бусдаар нь архи дарс авч уугаад л дууссан. Яг хэдэн төгрөгний ноолуур тушаасныг сайн санахгүй байна. Баасанбат ноолуурын үнэ гээд мөнгө атгаж өгөхөөр нь тоололгүй аваад үрээд дууссан. Хохирлоо өөрийнхөө ноолуурыг тушаагаад төлчихсөн. Хохирол гомдолгүй болгосон...” гэсэн мэдүүлэг болон 2019 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт 2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогджээ. Шүүгдэгч Б.Болбаатарын үйлдлийн улмаас хохирогч Г.Баярбатад 550000 төгрөгийн хохирол учирсан болох нь алдагдсан 4.8 кг ноолуур, монгол гэрийн цагаан бүрээсний үнэлгээг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.Содномцэрэн “...Бо-ыг бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн гэдэгт маргахгүй байна. Харин хохирогч Г.Баярбатын гэрт байсан ноолууранд Бо-ын ноолуур хадгалагдаж байсан, ууттай ноолуурт ямар нэг тэмдэг тэмдэглэгээ байгаагүй өөрийнхөө ноолуурыг авсан учир ноолуур хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн дүгнэлтийг гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргаж байгаа ч түүний дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Учир нь шүүгдэгч Б.Бо- хууль бусаар бусдын орон байрны цонхны салхивчаар орж хохирогч Г.Баярбатын 4.8 кг ууттай ноолуурыг авсан, уг байранд байсан ууттай ноолуурууд тэмдэг тэмдэглэгээтэй байсан нь хохирогчийн “... Би өөрөө ноолуураа хиллээд уутны амыг хар өнгийн даавуугаар уяад, хажуу бөөрөн дээр нь улаан өнгийн балаар 4.8 кг гээд биччихсэн 20 кг-ын цагаан будааны даргар хатуу цагаан өнгийн ууттай ноолуур байсан. Харин Б-аа эгчийн ноолуур хажуу талд нь 25 кг-ын гурилын цагаан ууттай амыг нь шар өнгийн бүсээр уясан 6.8 кг гээд улаан өнгийн балаар биччихсэн ноолуур байсан. ...миний алдсан ноолуур бол уутандаа тал чихэгдсэн байсан. Б-аагийн ноолуур уут дүүрэн байсан. Мөн уутны ам боосон даавууны өнгө ноолуур хийсэн уут зэргээрээ ялгаатай байсан... гэсэн мэдүүлэг болон гэрч Н.Баасанбатын “2019 оны 05 дугаар сарын 10-ны өдөр намайг ...дэлгүүрийн үүдэнд явж байхад Бо- шуудайтай ноолуур гэрийн цагаан бүрээс 2 үүрчихсэн явж байгаад надтай тааралдаад ...Тэгээд тэр орой нь Бо- намайг та энийг тушаагаад өгчих гэхээр нь би Хуягаа гэдэг айлд тушааж мөнгийг нь Бо-т авч өгсөн юм. ...Цагаан бүрээс нь гялгар ууттай, ноолуур нь 25 кг-ын жижиг ууттай байсан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Батхуягын “...Н.Баасанбат надад 4.8 кг орчим ноолуур өгсөн...”гэсэн мэдүүлгээр нотлогдсон бөгөөд өмгөөлөгчийн дээрх дүгнэлтийн үндэслэл үгүйсгэгдэн няцаагдаж байна. Гэрчүүд, хохирогч нар мэдүүлгийнхээ эх сурвалжийг тодорхой заасан, тэдний мэдүүлгүүд нь хохирогч Г.Баярбатад учирсан хохирол, шүүгдэгчийн дээрх үйлдэлтэй шалтгаант холбоотой болохыг нотолж байгаа, энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн,хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримтууд байх тул шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийдвэрийнхээ үндэслэл болгов. Шүүгдэгч Б.Бо-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар давхар нотлогдсон бөгөөд хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн болно. Ийнхүү шүүгдэгч Б.Бо-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 17 цагийн орчим Завхан аймгийн Цагаанхайрхан сумын Агьт багийн нутаг 1-4 тоотод байрлах Г.Баярбатын орон сууцны цонхны салхивч /поорчик/-оор хууль бусаар нэвтэрч 4.8 кг ноолуур, монгол гэрийн шинэ цагаан бүрээс хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр заасан бөгөөд шүүгдэгч Б.Бо-ын үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу гэмт хэргийн хүнд ангилалд хамаарч байна. Шүүгдэгч Б.Бо- нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд хохирогч Г.Баярбатад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн болохыг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Бо-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хохирогч Г.Баярбатад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөлд байдалд авч үзэж, хуульд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна гэж үзлээ. Шүүгдэгч Б.Бо- нь хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг хэрэглэх боломжтой гэж үзлээ. Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм хэргийн улмаас учруулсан хохирол, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Хэрэгт эд мөрийн баримтаар монгол гэрийн шинэ цагаан бүрээс хураагдсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Баярбатад хүлээлгэн өгсөн болохыг дурдаж, түүнээс гаргуулах хохирол төлбөргүй, шүүгдэгчийн хувьд ногдох хөрөнгөнөөс 1.200.000 /нэг сая хоёр зуу/ төгрөгний үнэ бүхий “20 ширхэг эм ямаа” битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, шүүгдэгч Б.Бо- нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбарыг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3, 1.4, 1.5, 1.8 дахь хэсэг, 36.8 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Манхин овогт Б-гийн Бо-ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан буюу хохирогч Г.Баярбатын орон байранд хууль бусаар нэвтэрч 4.8 кг ноолуур, монгол гэрийн шинэ цагаан бүрээс хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар Манхин овогт Б-гийн Бо-т 01/нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Манхин овогт Б-гийн Бо-т ногдуулсан 01/нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4.Шүүгдэгч Б.Бо-т 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьсугай.

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан монгол гэрийн шинэ цагаан бүрээсийг хохирогчид хүлээлгэн өгсөн, шүүгдэгч Б.Бо-ын үйлдлийн улмаас хохирогч Г.Баярбатад учирсан хохирол бүрэн төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

6.Шүүгдэгч Б.Бо-т хувьд ногдох хөрөнгөнөөс 1.200.000 /нэг сая хоёр зуу/ төгрөгийн үнэ бүхий “20 ширхэг эм ямаа” битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7.Шүүгдэгч Б.Бо- энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний хуулбарыг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9.Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА