Улсын дээд шүүхийн Тогтоол

2025 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 2025/ХШТ/65

 

Р.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Д.Батбаатар, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-н өмгөөлөгч И.Оюунгэрэл, шүүгдэгч Р.Б-н өмгөөлөгч Ц.Ихбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаар шийтгэх тогтоол, Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалтай, Р.Б-д холбогдох 2428001400177 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ихбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод төрсөн, 45 настай, бүрэн дунд боловсролтой, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Өмнөговь аймгийн ... тоотод оршин суудаг, 2001 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 4-т зааснаар 3 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, Р.Б нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүдэд холбогджээ.

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Р.Б-ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар Р.Б-ийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 9 жилийн хугацаагаар хасаж, 3 жил 5 сарын хугацаагаар хорих ял, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан Р.Б-д оногдуулсан 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялд нэмж нэгтгэн Р.Б-ийн нийт эдлэх ялыг 3 жил 10 сарын хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Б-аас оршуулах зан үйл болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт нийт 103,770,832 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс зээлийн төлбөр 53,976,349 төгрөг, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн зөрүү сар бүр 308,000 төгрөг, бага насны хүүхэд асарсны төлбөр 4,664,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэсэн байна.

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчдийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасны дагуу дараах үндэслэлээр хяналтын журмаар гомдол гаргаж байна.

1.Анхан шатны шүүхээс миний үйлчлүүлэгч Р.Б-ийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэснийг өмгөөлөгчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хянан хэлэлцэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх”-ээр тодорхойлогдох болохыг хуульчлан заажээ. Мөн хуулийн 1.6 дугаар зүйлийн 1-д “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль ёсны болон хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хэм хэмжээнүүдийг тус тус хуульчлан заажээ. Гэм буруугийн зарчмыг хууль тогтоогчоос мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна”, мөн хуулийн 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол тухайн ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж тус тус хуульчилсан. Хавтаст хэргийн 43, 44 дүгээр хуудсанд авагдсан тэмдэглэл, гэрэл зураг нь нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журмыг зөрчсөн байна. Учир нь тэмдэглэлд хөндлөнгийн хоёр гэрч оролцуулаагүй ба тухайн ажиллагааны явц үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.5 дугаар зүйлийн 1.3-т “хохирогч нас барсан, эсхүл сэтгэцийн, эрүүл мэндийн шалтгаанаар өөрийн хүсэл сонирхлоо илэрхийлж чадахгүй тохиолдолд түүний төрсөн, үрчилж авсан эцэг, эх, эхнэр, нөхөр, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг” тогтооно гэж заасан. Гэтэл мөрдөгчийн зүгээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг тогтоохдоо амь хохирогчийн эхнэр бус, түүний эгчийг тогтоож мэдүүлэг авсан нь хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн үйлдэл болсон бөгөөд гэр бүл, төрөл садангийн хооронд эд хөрөнгийн маргаан хийгээд ашиг сонирхлын зөрчил үүсгэх нөхцөлийг бий болгосон.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өсвөр насны яллагдагчийн эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, түүнчлэн гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хүн, хуулийн этгээдийг иргэний хариуцагчаар татан оролцуулж болно” гэж хуульчилсан байна. Гэтэл уг эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар оролцвол зохих этгээдийг оролцуулаагүйгээр эцэслэн шийдвэрлэсэн нь хуулийн ноцтой зөрчил болсон.

4.Эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой талаар: Эрүүгийн хуулийн 1.2 дугаар зүйлд “Хууль ёсны зарчим”-ыг хуульчилсан байх бөгөөд уг зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хууль, Монгол Улсын хуулиар соёрхон баталсан, нэгдэн орсон олон улсын гэрээнд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтална”, мөн 5 дахь хэсэгт “Энэ хуулийн нэр томьёо, ухагдахууныг тайлбарлахад захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болно” гэж тус тус хуульчилсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд согтуурсан буюу мансуурсан этгээдийн согтуурлын зэргийг хэрхэн шалгах талаарх журамласан зохицуулалт байхгүй уг асуудлыг Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2016 оны А/108, А/131 тоот тушаалаар баталсан журмаар тогтоож байна. Уг журмын 1.6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасан. Энэ журам нь захиргааны хэм хэмжээний улсын нэгдсэн санд бүртгэгдсэн байх бөгөөд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байна. Анхан болон давж заалдах шатны шүүхээс дээрх захиргааны хэм хэмжээний актыг ашиглаагүй бөгөөд шүүхээс Эрүүгийн хуулийн 27 дугаар бүлгийн “Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг”-ийг хянан шийдвэрлэхэд дээрх захиргааны хэм хэмжээний актыг ашиглаж болох эсэх талаар хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна. Учир нь согтуурсан буюу мансуурсан гэх хууль зүйн ойлголтыг практик хэрэглээнд нэг мөр ойлгоход ач холбогдолтой юм.

Гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан гэм хорыг (хохирлыг бус) нэхэмжилсэн тохиолдолд Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож дүгнэлт гаргахаар хуульчилсан байх ба энэхүү зохицуулалт нь эрх олгосон бус үүрэг болгосон заалт байна. Дээрх хуулийн заалтад Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл буюу /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/ гэмт хэрэг хамаарч заавал шинжилгээ хийлгэх зохицуулалт тусгагдсан байхад анхан болон давж заалдах шатны шүүхээс уг хуулийг хэрэглээгүй, хэрэглэх шаардлагагүй гэж үзэж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзэж байна.

5.Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн талаар: Монгол Улсын дээд шүүхээс 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах нөхөн төлүүлэх, төлбөрийн жишиг аргачлалыг батлах тухай” тогтоолыг баталсан. Уг тогтоолын Ерөнхий зүйлд “Гэмт хэргийн улмаас хохирогч, хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүнд учирсан сэтгэцийн хор уршгийг арилгах нөхөн төлбөрийн хэмжээг шүүхээс тогтооход энэхүү жишиг аргачлалыг харгалзан үзнэ” гэж, мөн тогтоолын 3-т Нөхөн төлбөр тогтооход баримтлах зарчим, аргачлалын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлбөрийг хэмжээг ...шүүхээс тогтооно” гэж, 3.6-д “Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн гэмт хэргээс ...Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих (Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл) гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ” гэж тус тус тогтоосон. Уг эрүүгийн хэрэгт амь хохирогчийн гэр бүлийн гишүүдээс хэнийх нь сэтгэцэд гэм хор учирсан болохыг хүснэгтээр тогтоож, нөхөн төлбөрийн асуудлыг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэхээр тайлбарласан байхад анхан болон давж заалдах шатны шүүх дээрх тогтоолоос өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байна. Өөрөөр хэлбэл анхан болон давж заалдах шатны шүүхээс хохирол, сэтгэцэд учирсан хор уршиг, хор уршгийг арилгах нөхөн төлбөр гэх ойлголт, нэр томьёог зөв хэрэглээгүй дээрх Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэж тайлбарласан байна.

6.Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн эрүүгийн эрх зүйн шинж, онолын үндэслэл, хууль хэрэглээнээс дүгнэж үзэхэд миний үйлчлүүлэгч Р.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх, эсхүл анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэх үндэслэлтэй байна.

7.Миний үйлчлүүлэгч Р.Б-н согтуурсан гэх хууль зүйн үйл баримтыг мөрдөх байгууллага хөдөлшгүй нотлох баримтаар тогтоож чадаагүй, цуснаас дээж аваагүй, хөндлөнгийн 2 гэрч оролцуулаагүй болон үйл баримтыг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй зэрэг нь түүний үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчлэх боломжтой байна. Иймд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогчийн өмгөөлөгч И.Оюунгэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хоёр шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх агуулгаар, хэд хэдэн үндэслэлээр гомдол гаргасан байна. Тодруулбал, шүүгдэгчийн өмгөөлөгч тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоохдоо хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, дуу-дүрсний бичлэг хийгээгүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн гэж тайлбарлаж байна. Гэтэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Мөрдөгч гэмт хэрэг гарсан байдал, хэрэгт ач холбогдол бүхий бусад байдлыг тогтоох, тодруулах зорилгоор хүний бие, эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал, амьтан, хэрэг гарсан газарт үзлэг хийнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Үзлэг хийхэд байгаа зүйлийг тухайн хүний сайн дурын үндсэн дээр гаргуулан авах, эсхүл гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийж болно” гэж, мөн зүйлийн 5 дахь хэсэгт “Эд зүйл, баримт бичиг, ачаа тээш, мал, амьтан, тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд эзэмшигчийг байлцуулна. Эзэмшигчийг байлцуулах боломжгүй бол хөндлөнгийн хоёр гэрчийг байлцуулж, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ” гэж тус тус хуульчилсан. Шүүгдэгч Р.Б-ийн согтуурлын зэргийг тусгай багаж ашиглан шалгахад заавал хөндлөнгийн гэрч оролцуулж, дуу-дүрсний бичлэгээр баталгаажуулах хуулийн шаардлага байхгүй. Иймээс дээрх ажиллагааг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

Хоёрдугаарт, шүүгдэгчийн өмгөөлөгч “хэрэгт иргэний хариуцагчийг тогтоож, оролцуулаагүй” гэж тайлбарлаж байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “Хэн нэг этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй” гэж хуульчилсан. Шүүгдэгч нь тээврийн хэрэгслийг эзэмшигч, өмчлөгчөөс нь зөвшөөрөл авалгүйгээр дур мэдэн ашигласнаас үүдэж зам, тээврийн осол гарсан учир гэм хорын хохирол, хор уршгийг тээврийн хэрэгсэл жолоодож явсан жолооч хариуцна. Иймээс энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдаж, оролцох этгээд байхгүй гэж үзэж байна. Хоёр шатны шүүх энэ талаар хангалттай тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн.

Гуравдугаарт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн талаарх асуудал яригдаж байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийг буруу тогтоосон. Амь хохирогчийн эхнэр, хүүхэд нь байсаар байтал хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр эгчийг нь тогтоосон нь гэр бүлийн гишүүдийн хооронд ашиг сонирхлын зөрчил, маргаан үүсэх үндэслэлийг бий болгосон” гэж тайлбарлаж байна. Гэтэл өнөөдрийг хүртэл амь хохирогчийн гэр бүлийн гишүүдийн хооронд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн асуудлаар гаргасан гомдол, ашиг сонирхлын зөрчил байдаггүй, шат шатны шүүх хуралдаанд “бидний хооронд ашиг сонирхлын зөрчил байхгүй” гэдгээ илэрхийлж байсан. Иймээс уг асуудлыг шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хууль хэрэглээний зөрчил биш гэж үзэж байна.

Дөрөвдүгээрт, шүүгдэгчийн өмгөөлөгч “согтуурлын зэргийг заавал цусан дахь спиртийн агууламжаар тогтоохоор журамласан” гэж тайлбарлаж байна. Гэвч журмаас урьтаж хуулийг хэрэглэх учиртай. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үзлэг хийхэд байгаа зүйлийг тухайн хүний сайн дурын үндсэн дээр гаргуулан авах, эсхүл гадна талаас нь харах, гараар тэмтрэх, тусгай багаж ашиглах аргаар хийж болно” гэж заасан. Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдлын үндэслэл болсон “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 1.3-т “Согтууруулах ундааны зүйл, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зориулалтын багаж ашиглаж хувь хэмжээг тодорхойлох, эсхүл шүүх эмчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай эсэхийг зориулалтын тандагч багаж ашиглан тандалт хийж болно” гэж журамласан байна. Тэгэхээр зориулалтын багаж ашиглаж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалган тогтооход болохгүй зүйл байхгүй. Өөрөөр хэлбэл, согтуурлын зэргийг заавал цусан дахь спиртийн агууламжаар тогтоох шаардлагагүй. Мөн шүүгдэгч өөрөө “би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, өөрийн үйлдлээ хянах чадваргүй согтсон, тасарсан байсан” гэж мэдүүлсэн. Мөн түүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүмүүсийн гэрчийн мэдүүлгүүдээр шүүгдэгчийг хэр хэмжээний согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тэрээр хэр хэмжээний согтолттой байсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэдгийг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар шинжээчийн дүгнэлт гаргах ёстой байсан боловч шинжээчийн дүгнэлт гаргуулалгүйгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шүүгдэгчээс гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарлаж байна. Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т “Энэ хуулийн 40.1-д заасан дүгнэлт гаргах журмыг хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална” гэж заасан бөгөөд үүний дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайд нарын хамтран баталсан “Гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргах журам”-ын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж заасан. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д “Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж заасан байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 нь шүүхэд үүрэг болгосон заалт” гэж тайлбарлаж байна. Тэгвэл Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 ч мөн адил шүүхэд үүрэг болгосон заалт. Өөрөөр хэлбэл, шүүх тус хуулийн дагуу амь хохирогчийн гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг дээрх байдлаар тогтоох учиртай. Мөн хуулийн тус зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолын 3.3-т “Хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан гэм хорыг арилгах, нөхөн төлөх төлбөрийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 150 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр, эсхүл нас барсан хүний нас, хүн амын дундаж наслалтын зөрүүг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр үржүүлэн хохирогчид аль ашигтайгаар шүүхээс тогтооно” гэж, мөн тогтоолын 3.4-т “Энэ хэсгийн 3.3-т заасан хэмжээ нь хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн болон нөхнө төлбөрийн дээд хязгаар буюу “100 хувь” болно” гэж тус тус заасан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл 1-5 дугаар зэрэглэлээр тогтоогддог. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл хамгийн дээд хэмжээгээр буюу 5 дугаар зэрэглэлээр тогтоогдлоо гэхэд хүснэгтэд заасны дагуу 0-99 хувиар, нөхөн төлбөрийн хэмжээ нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 4,99-149 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтоогдоно. Хэрэв хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоовол Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгийг хэзээ, ямар тохиолдолд хэрэглэх нь ойлгомжгүй байна. Энэ талаар хууль хэрэглээний дүгнэлт гаргахыг хүсэж байна. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар хүн амьд явах эрхтэй. Хүний амь насыг юугаар ч үнэлж, нөхөн сэргээх боломжгүй. Хүний амь нас хохирсноор гэр бүлийн бүх гишүүд, төрөл, садны бүх хүмүүсийн сэтгэцэд хэзээ ч нөхөн сэргээгдэх боломжгүй гэм хор учирдаг. Энэ ч утгаар Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5 дахь хэсгийг хууль тогтоогчийн зүгээс хуульчилсан гэж үзэж байна. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, хоёр шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Прокурор А.Золзаяа хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Хоёр шатны шүүхээс шүүгдэгч Р.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй болжээ. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн гэрч оролцуулаагүй, согтуурлын зэргийг цусаар тогтоогоогүй зэргээр хуулийг ноцтой зөрчсөн талаар гомдол гаргадаг боловч хэрэгт авагдсан баримтаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдохгүй байна. Энэ талаар хоёр шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Харин хохирогчийн сэтгэцэд учирсан нөхөн төлбөрийг шүүгдэгчээс гаргуулан шийдвэрлэхдээ хуулийг хяналтын шатны шүүхээс тогтоосон практикаас өөрөөр тайлбарлан хэрэглэжээ. Сэтгэцэд учирсан хохирол нь нэг талаас анагаах ухааны ойлголт бөгөөд хүний сэтгэцийн үйл ажиллагаа, сэтгэл санааны байдалд учирсан эмгэг өөрчлөлтүүдийг оношилж, сэтгэцийн эмч, сэтгэл зүйч нарын үзлэг, шинжилгээгээр тогтоогддог. Нөгөө талаас тухайн хохирлыг нөхөн төлөх зардлыг мөнгөн дүнгээр тооцож олгох нь хууль зүйн ойлголт юм. Энэ хоёр шинжлэх ухааны огтлолцол дээр Эрүүгийн хууль, Иргэний хууль, Шүүх шинжилгээний тухай хууль болон холбогдох журамд үндэслэн шүүхээс шийдвэр гаргадаг. 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр батлагдсан Шүүх шинжилгээний тухай хуулийг хэрхэн ойлгож, хэрэглэх талаар хяналтын шатны шүүхээс хууль хэрэглээний практик тогтоосон байна. Хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршиг нь шүүгдэгч Р.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, заавал эрүүгийн хэрэгтэй хамтатган шийдвэрлэх шаардлагагүй байх тул хоёр шатны шүүхийн шийдвэрт хохирогч нь сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй гэсэн өөрчлөлт оруулан, бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Өмгөөлөгч Ц.Ихбаярын гаргасан гомдлыг үндэслэн Р.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчил тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

2.Хэргээс үзэхэд шүүгдэгч Р.Б нь 2024 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нутаг дэвсгэр, “Тэс Петролиум” ШТС-ын хойд талын замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а/-д заасныг зөрчин согтуугаар “Land cruiser 80” загварын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо мөн дүрмийн 12.3-т заасны дагуу “... хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох” арга хэмжээ аваагүйн улмаас явган зорчигч Х.Э-г мөргөж амь насыг нь хохироосон, мөн хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан болох нь хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар хоёр шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

3.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Р.Б-ийн гэм бурууг хянан хэлэлцээд түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон болон Эрүүгийн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэргийн шинжид нийцэж буй талаар хууль зүйн дүгнэлт, шийдэл гаргахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

4.Шүүгдэгч Р.Б-д оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, түүний хувийн байдалд тохирсон гэж хяналтын шатны шүүх үзэв.

5.Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ихбаяр нь хяналтын журмаар гаргасан гомдолдоо “... Р.Б-ийг согтуурсан гэдгийг хөдөлшгүй нотлох баримтаар тогтоож чадаагүй, цуснаас дээж аваагүй, хөндлөнгийн 2 гэрч оролцуулаагүй, дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлээгүй тул хэргийн зүйлчлэл, ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэжээ.

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэгт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэсэн аутентик тайлбар хийжээ. Үүнээс үзвэл тээврийн хэрэгслийн жолоочийн согтуурсан эсэхийг амьсгалаар болон цусаар тогтоох боломжтой бөгөөд эдгээрийн аль ч хэлбэрээр шалгасан үр дүн нь хүчинтэйд тооцогдохоор байна.

Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138,А/131 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-ын 1.6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасан нь дээрх хуулийн тайлбараас зөрүүтэй боловч хүчин чадлын хувьд хуулиас давсан үйлчлэл үзүүлэхгүй.

Мөн согтуурсан байдлыг зөвхөн цусаар тогтоохоор журамласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэгт заасан хэргийн бодит байдлыг тогтоохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авах, нотлох баримтыг тал бүрээс нь нягталж шалгах, талуудын мэтгэлцээнд үндэслэх зэрэг “хэргийн бодит байдлыг тогтоох” зарчмыг хязгаарласан агуулгатай байна.

Хэрэгт шүүгдэгч Р.Б-ийн согтуурлын зэргийг шалгахад амьсгал дахь спиртийн агууламж 2.62% гарсныг бэхжүүлсэн тэмдэглэл /Хэргийн 1 дүгээр хавтасны 42 дахь тал/, баталгаажуулсан гэрэл зургийн үзүүлэлт /Хэргийн 1 дүгээр хавтасны 43 дахь тал/, мөн шүүгдэгч нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн талаарх гэрч Э.Т /Хэргийн 1 дүгээр хавтасны 78-80 дахь тал/, О.Н /Хэргийн 1 дүгээр хавтасны 81-82 дахь тал/ нарын мэдүүлэг тус тус авагджээ. Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Прокурор, мөрдөгч нь хөндлөнгийн гэрч оролцуулахаар энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагааны явц, үр дүнг баталгаажуулахаар тухайн ажиллагаанд хоёроос доошгүй хөндлөнгийн гэрчийг оролцуулна”, 9.7 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол тухайн ажиллагааны явц, үр дүнг дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлнэ”, 28.2 дугаар зүйлийн 1.5-д “хөндлөнгийн гэрчтэй хийгдэх мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгийн гэрч оролцох боломжгүй бол” мөрдөн шалгах ажиллагааг гэрэл зураг, эсхүл дуу-дүрсний бичлэгээр бэхжүүлэхээр заажээ.

Хүний биед үзлэг хийх ажиллагаанд хөндлөнгийн гэрч заавал оролцуулахаар хуульд тусгайлан заагаагүй бөгөөд шүүгдэгч Р.Б-ийн согтуурлын зэргийг багажаар шалгахад 2.62 хувийн согтолтын үзүүлэлт заасныг гэрэл зургаар бэхжүүлэн хэрэгт хавсаргасан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, согтуурсан болохыг хөдөлшгүй баримтаар нотолж чадаагүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.

6.Харин шүүхүүд гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын асуудлаар шийдвэр гаргахдаа хууль хэрэглээний дараах алдааг гаргасан нь хяналтын шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцэх үндэслэл, шалтгаан болов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэлбэр, үндэслэл, журмыг хуулиар нарийвчлан тогтоосон ба үүнийг хэрэгжүүлэгч субъектүүд заавал дагаж мөрдөх үүрэгтэй. Хэрэв зөрчсөн бол шүүхээс хууль ёсны үндэслэлтэй шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөх тул уг алдааг заавал залруулж хүчингүй болгох учиртай.

Мөрдөгчийн эрх, үүргийг хуульд тодорхойлсны дотор сэтгэцийн хор уршгийн зэрэглэл тогтоох шинжээчийн дүгнэлттэй адилтгах эрх зүйн акт үйлдэх эрх олгогдоогүй байна.

Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг шинжилгээний байгууллага хийхээр хуульчилжээ.

Тухайлбал, дээрх хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заасан болно.

Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д “...энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ”, 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч ... танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заан тодорхойлжээ.

Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-н сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжилгээний байгууллага тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.

Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хийж гүйцэтгэсний эцэст хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэж шийтгэх тогтоол, магадлалын сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулсан хэсэгт өөрчлөлт оруулж, энэ талаарх нэхэмжлэлээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүхэд гаргах эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 185 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Р.Б-аас оршуулгын зардалд 4,770,832 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Х.Д-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хортой холбоотой бусад хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай” гэж өөрчилж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Шүүгдэгч Р.Б-ийн өмгөөлөгч Ц.Ихбаярын хяналтын журмаар гаргасан гомдлын “... сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр гаргуулсныг хүчингүй болгох ...” гэсэн хэсгийг хангаж, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                               Б.АМАРБАЯСГАЛАН

ШҮҮГЧИД                                                   Д.БАТБААТАР

Б.БАТЦЭРЭН

М.ПҮРЭВСҮРЭН

Б.ЦОГТ