Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 08 сарын 15 өдөр

Дугаар 15

 

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс: 127/2017/0012/З

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Баясгалан би иргэн С.Ал-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох “...Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/03 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэлийн улмаас цалингаас суутгагдсан цалинг эргүүлэн олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч,
ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А тус шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ... Надад  Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/03 тоот тогтоолоор  сахилгын шийтгэл ногдуулж, цалинг 3 сарын хугацаатайгаар 20 % бууруулах арга хэмжээ авсан. Энэ тухай гомдлоо аймгийн Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлд гаргахад сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн дээрх тогтоолыг хүчингүй болгох тухай аймгийн Төрийн албаны салбар зөвлөлийн 2017 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн 40 дүгээр тогтоол гарсан. Гэтэл одоог хүртэл уг тогтоолыг биелүүлэхгүй байгаа болно. Иймд  Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/03 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэлийн улмаас цалингаас суутгагдсан цалинг эргүүлэн олгуулж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдааны өмнө нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээ байгуулжээ. Эвлэрлийн утга нь: Нэхэмжлэгч С.А би “Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/03 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэлийн улмаас цалингаас суутгагдсан цалинг эргүүлэн олгуулах тухай” нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
1. Нэхэмжлэгч С.А миний бие хариуцагч Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Цогбаттай, ...”Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/03 тоот тогтоолыг хүчингүй болгож” цалинтай холбоотой асуудлыг хоорондоо харилцан тохиролцон шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч, хариуцагч бид харилцан тохиролцон эвлэрч, маргаан бүхий асуудлыг шийдэж байгаа бөгөөд эрх, үүрэгтэйгээ сайн танилцсан болно. Иймд бидний эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Ал нь “...Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/03 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэлийн улмаас цалингаас суутгагдсан цалинг эргүүлэн олгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
 
Шүүх тухайн захиргааны хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзээд шүүх хуралдааныг 2017 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 15 цаг 00 минутанд товлон зарласан.
Шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч, хариуцагч нар нь харилцан ойлголцож маргаж буй асуудлаараа эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулан гарын үсэг зурж баталгаажуулан шүүхэд ирүүлжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т “.... нэхэмжлэгч нэхэмжлэлээ өөрчлөх, түүний шаардлагын хэмжээг ихэсгэх, эсхүл багасгах, нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзах, хариуцагчтай эвлэрэх эрхтэй" гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д “...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, эсхүл татгалзах эрхтэй” гэж тус тус заасан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нар  эвлэрлийн гэрээндээ:
Нэхэмжлэгч С.А миний бие хариуцагч Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Ц.Ц, ...”Жаргалтхаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/03 тоот тогтоолыг хүчингүй болгож,  цалинтай холбоотой асуудлыг хоорондоо харилцан тохиролцон шийдвэрлэж эвлэрч байна гэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4-т заасны дагуу “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно” гэж заасан.
Тухайн захиргааны хэргийн “нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь” тогтоогдож байх тул тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч, хариуцагч нарт тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, шүүхээс эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг тайлбарлан өгсөн болно.
     
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн С.Ал-ийн нэхэмжлэлтэй, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдох “...Тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/03 тоот тогтоолыг хүчингүй болгуулж, сахилгын шийтгэлийн улмаас цалингаас суутгагдсан цалинг эргүүлэн олгуулах тухай шаардага бүхий захиргааны хэргийн нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
    2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.А-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Жаргалтхаан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /дарга Ц.Ц-аас 35100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөг гаргуулан, нэхэмжлэгч С.Алтанцэцэгт олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                              Г.БАЯСГАЛАН