Завхан аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 105

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Боржигон овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж, Нарийн бичгийн дарга Алаг адуун овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч Баяжих овогт Батжаргалын Одонтуяа Шүүгдэгч Боржигон овогт М-н Мө- Шүүгдэгчийн өмгөөлөгч Нурин овогт Ванчингийн Содномцэрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Мө-д холбогдох 1923001280083 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Завхан аймгийн Отгон сумд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4 эхнэр хүүхдүүдийн хамт, Завхан аймгийн Отгон сумд оршин суух хаягтай боловч Завхан аймгийн Махны үйлдвэрт жижүүр ажилтай, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогтой М-н Мө- /Регистрийн дугаар: ИЙ*********/

Шүүгдэгч М.Мө- 2018 оны 04, 05 дугаар сар 2019 оны 01, 04, 06 дугаар сард эхнэр Д.Ёндонжамцыг байнга зодож харгис хэрцгий харьцсан буюу Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Боржигон овогт М-н Мө- нь 2019 оны 01 дүгээр сард, 04 дүгээр сард, 06 дугаар сарын 19-нд Завхан аймгийн Отгон сумын төвд байх гэртээ эхнэр Д.Ёндонжамцыг цохиж зодсон, гэрийнхээ эд зүйлийг гэмтээн харгис хэрцгий харьцсан хэргийн үйл баримт нь тухайн цаг хугацаанд М.Мө-д зодуулсан талаараа мэдүүлсэн хохирогч Д.Ёндонжамцын “...2019 оны 01 дүгээр сард шөнө архи ууж орж ирээд үснээс зулгаасан. Миний хөлнөөс чирээд гутлын цахилгаан эвдэрч байсан. Миний бага охин Санчирмаа хүнд хэлэх гээд гэрээсээ гараад гүйсэн чинь Мө- хойноос гарч яваад хөл гар хоёроос нь өргөж гэрт оруулж ирээд гэрийн шалан дээр шидсэн юм. “2019 оны 04 дүгээр сарын яг хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Миний толгой руу гараараа цохиод 2-3 өдөр толгой өвдөөд байхаар нь толгой барьдаг хүнээр толгойгоо бариулаад зүгээр болсон. Тэгж цохиулсаны улмаас миний нүүрний зүүн талд бага зэргийн хөхөрчихсөн байсан. “2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр гэртээ байж байхад гаднаас согтуу орж ирээд гэрийнхээ эд зүйлийг эвдэж хэмхэлсэн. Намайг ус авдаг саваар 2 удаа цохьсон.... Нэхэмжлэх зүйл гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг, хохирогчийг өөрийнх нь хажууд зодсон талаар мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч С.Пүрэвлхамын “... 2019 оны 04 дүгээр сард Ёндонжамц эгчийн толгой руу нь Мө- ах гараа атгаж байгаад цохьсон. 2019 оны 01 дүгээр сард бас үснээс нь нь зулгаагаад үс нь гэрт туг тугаараа уначихсан байсныг нь би шүүрдэж авч байсан санагдаж байна. 2019 оны 04 дүгээр сард Санчирмааг цамцнаас нь бариад том өрөөний ширдэг дээр шидсэн...” гэсэн мэдүүлгээр болон мөрдөн байцаалтын шатанд М.Мө-ийн мэдүүлсэн “...Би 2019 оны 01, 04 дүгээр сард болсон асуудлын талаар сайн санахгүй байна. Мөн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдөр архи уучихсан их согтуу байсан болохоор ямар үйл явдал болсон талаар мэдэхгүй байгаа. Дараа нь зөрчлийн хэрэгтэй танилцаад гарын үсэг зурах гэж байхдаа л гэр орноо буулгасан юм байна эхнэртэйгээ хэрүүл маргаан болсон юм байна гэж мэдсэн. Гэрийн үүдэнд байдаг ус авдаг усны шар сав миний буулгасан, унагаасан зуух яндангийн тэнд байж байсан. Өөр бусдаар ямар үйл явдал болсныг нь санахгүй байна... сарыг нь сайн санахгүй байгаа юм. Гэртээ харих гээд явж байсан чинь танихгүй хүний машинаас манай эхнэр согтуу буугаад ирэхээр нь баруун гараараа нэг удаа цохьсон билүү түлхээд унагаасан билүү тэрийг сайн санахгүй байна. Энэ болсон асуудлыг л 2019 оны 04 дүгээр сард зодож цохьсон гэж хэлж яриад байгаан байлгүй... Би хөдөө Лхагважав гэдэг хүнтэй 10-д хоног малын тарилга хийж яваад гэртээ ирсэн чинь эхнэр намайг хараад уурласан янзтай байсан. Би хөдөөнөөс ирэхдээ архи дарс огт уугаагүй эрүүл саруул гэртээ орсон. Ороод толгойгоо угаая гээд түмпэн сав болсон чинь л хамаг юмаа цааш нааш болгоод уурлаад зайл гээд хөөгөөд байсан. Тэгээд би толгойгоо угаачихаад нүүр өгөхгүй болохоор нь гадагшаа гараад архи уусан. Хоол унд идэж уугаагүй болохоор их амархан согтчихсон байх энэ байдлаас болоод гэртээ орж ирээд агсан тавьж асуудал гаргасан байх...” гэсэн мэдүүлгээр тус тус нотлогдож байна. Улсын яллагч М.Мө-ийг 2018 оны 04, 05 дугаар сард эхнэр Д.Ёндонжамцыг зодсон гэж яллаж байгаа ч түүний энэ үйлдэл нотлогдохгүй байна гэж үзлээ. Учир нь гэрч С.Пүрэвлхам “2018 онд архи ууж орж ирчихээд бүгдийг нь буудаж ална гэж байсан” гэж мэдүүлдэг боловч түүний энэ мэдүүлэг хохирогч Д.Ёндонжамцын “ 2018 оны 04, 05 сард цохиж зодож байсан мөн гэр бүлийн хүчирхийлэл дунд байлгасан зүйл байхгүй...” гэсэн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Д.Ёндонжамц М.Мө- нар нь 2008 оны 08 дугаар сарын 18-ны өдөр гэр бүл болж эрх бүхий байгууллагад гэрлэлтээ бүртгүүлсэн нь 0089415 дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байх тул тэднийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээд гэж үзнэ. М.Мө- нь 2019 онд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга буюу 3 удаа зодсон нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй гэж шүүх үзлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг, нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг нь гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг байнга зодсон, харгис хэрцгий харьсан, догшин авирласан шинжтэй байхаар хуульд зохицуулсан ба байнга гэдэг ойлголт нь тодорхой нэг хохирогчийн эсрэг чиглэсэн хэвшмэл маягтай, гурав буюу түүнээс дээш удаа бие махбодийн, сэтгэл санааны, эдийн засгийн хүчирхийлэл үйлдсэн байхыг ойлгоно. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учраагүй боловч Д.Ёндонжамцын халдашгүй байдлыг зөрчиж 2019 оны 01 дүгээр сард, 04 дүгээр сард, мөн оны 06 дугаар сарын 19-нд зодсон нь дээрх гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Д.Ёндонжамцыг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодож харгис хэрцгий харьцсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Шүүгдэгчээс хохирогч хохирол нэхэмжлээгүй байна. Шүүх М.Мө-ийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. шүүгдэгч М.Мө- эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн гэмшиж байгаа, хохирогчтой эвлэрсэн болох нь шүүгдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогчийн шүүхэд гаргасан хүсэлтээр тогтоогдож байна. Хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж үүрэг хүлээлгэх болон эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авах нь авч шийдвэрлэв. Хохирогч шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй учир түүний эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1.Шүүгдэгч Боржигон овогт М-н Мө-ийг Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцаж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Монгол улсын Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан М.Мө-д Эрүүгийн хуулийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар М.Мө- нь тэнссэн хугацаанд оршин суух газар ажлаа өөрчлөх зорчих явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүрэг, тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Мө-д мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгчид өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

6. Шүүгдэгчийн улсын дугааргүй улаан шаргал өнгийн мотоциклийг битүүмжилсэн прокурорын 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 5/46 дугаартай тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн цахим үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурьдсугай. 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ