| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2019/0173/Э |
| Дугаар | 176 |
| Огноо | 2019-11-21 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | М.Ф |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 176
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,
нарийн бичгийн дарга К.Е,
улсын яллагч М.Ф,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И овогт О ын М т холбогдох 1913003440229 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1997 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Сагсай суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, И овгийн О ын М , регистрийн дугаар: БИ97000000.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч О.М нь Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багт Бүргэдийн баярын арга хэмжээний үеэр 2019 оны 10 дугаар сарын 06-ны шөнийн 02 цагийн орчим тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн Х.Б ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн хаалга онгорхой байсныг хараад жолооч талын суудалд байсан “Нuawei Ү6 /2019/” маркийн гар утсыг хулгайлан авч, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч О.М ээс мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, надад холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Хоёр: Эрүүгийн 1913003440229 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч буюу иргэний нэхэмжлэгч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...би 2019 оны 10 дугаар сарын 05-ны орой 23 цаг 30 минутын үед Бугат сумын бүргэдийн баяр болж байгаа өөрийнхөө машинтай очсон, яагаад очсон гэхээр найз охин Жанаргүл гэр бариад гуанз ажиллуулж байсан болохоор найз охинтой уулзахаар очсон. Бид машинд дарахаар машинаа халаагаад дулаацъя гэж машинтай тэр хавийг эргэж би өөрийнхөө гар утсаа Bluetooth-ээр машины хөгжимд холбож дуу сонсоод явж байх үед араас хүмүүс чулуу шидэх шиг болохоор нь зогсож, машинаас буусан чинь 3-4 залуу хүрч ирээд та нар морь үргээсэн гэж бид нартай хэрэлдэж маргалдсан, бид нар машинаас бүгдээрээ буугаад морь үргээгээгүй гэж хэрэлдэж байгаад машиндаа суусан чинь миний 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Мобикомоос лизингээр авсан “Нuawei Ү6 /2019/” маркийн гар утсаа хулгайд алдсан болохоор цагдаад хандсан, би хохирлоо бүрэн барагдуулж авсан, гомдол, санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-28 дугаар хуудас/
2. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-8 дугаар хуудас,
3. Хохирлын хэмжээг тогтоосон 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ- 719/004 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 32-34 дүгээр хуудас/,
4. Шүүгдэгч О.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...миний бие 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Бүргэдийн баярт оролцохоор Бугат сумын нутаг дэвсэгт өөрөө ганцаараа өөрийн морьтой очсон. Тэгээд өдөр нь тэмцээнд оролцсон ба орой тухайн газарт хонохоор болж, энд тэндээс ирсэн залуучуудтай танилцаж, ганц хоёр шил пиво ууж амрах гэж байхад шөнийн 02 цагийн үед нэг машин хурдтай явснаас болж бид нарын морь үргэсэн болохоор би хажуудаа байсан Е , Б , Б нарын хамт уг машины араас чулуу шидэхэд тухайн тээврийн хэрэгсэл зогссон.
Тэр үед уг машин дотроос нэг эрэгтэй, хоёр эмэгтэй, нийт гурван хүн бууж ирэхэд надтай хамт явж байсан Е , Б , Б нар тэд нартай хэрэлдэж маргалдаж байхад би машин дотор өөр хүн байгаа болов уу гээд онгорхой байсан жолооч талын хаалганд дөхөж ирж харахад машин дотор ямар нэгэн хүнгүй байсан бөгөөд жолоочийн суудлын дээр нь хавтгай дэлгэцтэй хар өнгийн гар утас байсан тул хэнд ч мэдэгдэхгүйгээр халаасандаа хийж аваад нөгөө хэдтэй очоод хэсэг хугацаа маргалдаж байгаад яваад өгсөн. Тэгээд маргааш өглөө нь уг гар утсыг үзэж шалгахад гадна талдаа гэртэй байсан ба унтраах гээд гэрийг нь авч үзэхэд хойд талд нь виза карт байсан. Тэгээд нэгэнт авсан юм чинь хэн нэгэн хүн мэдчих юм болов уу гэж айсандаа гэр, виза карт, сим картуудыг авч хаячихсан. Би тухайн өдөр бусдын гар утсыг хулгайлж авсандаа маш их гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/
5. Хохирогч Х.Б ын мөрдөн байцаалтын шатанд бичгээр гаргаж өгсөн: ...”Өлгий сумын 10 дугаар багийн иргэн Х.Б 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр гар утсаа алга болгож хуулийн байгууллагад өргөдөл гаргасан маань үнэн. Би гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан. Мөн М ээс 43250 төгрөгийг бэлэн бүрэн авсан. М бид хоёр хоорондоо эвлэрсэн ба ямар нэгэн маргаан байхгүй учраас хялбаршуулсан журмаар хурдан шийдвэрлэж өгнө үү гэх хүсэлт /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/,
6. О.М ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 43 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 45 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.М ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч О.М нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 02 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багт “Бүргэдийн баяр” арга хэмжээний дараа тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн Х.Б ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн хаалга онгорхой байсныг ашиглаж, жолооч талын суудалд байсан “Нuawei Ү6 /2019/” маркийн гар утсыг хулгайлан авч, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч, иргэний нэхэмжлэгч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон бичгээр гаргасан хүсэлт, “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээчин Ч.Ж , Ө.М нарын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн ТХҮ- 719/004 дугаартай шинжээчийн дүгнэлт, хохирогч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй, шүүх хуралдаанд шүүгдэгч О.М гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.М нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны шөнө 02 цагийн үед Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багт “Бүргэдийн баяр” арга хэмжээний дараа тус аймгийн Өлгий сумын 10 дугаар багийн иргэн Х.Б ын эзэмшлийн тээврийн хэрэгслийн хаалга онгорхой байсныг ашиглаж, жолооч талын суудалд байсан “Нuawei Ү6 /2019/” маркийн гар утсыг хулгайлан авч, бусдад 400.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, түүнийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч О.М ээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Иймд шүүгдэгч О.М ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.
Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлт гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч О.М ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Х.Б д 400.000 төгрөгийн бодит хохирол гарсан ба хохирогч Х.Б нь хулгайд алдсан гар утсаа мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн бүтэн хүлээн авч, 42.300 төгрөгийг төлүүлж авсан тул шүүгдэгч О.М бусдад төлөх төлбөргүй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч О.М т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч О.М нь хохирогч Х.Б тай сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 5/88 дугаартай саналд яллагдагч О.М т Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг яллагдагч О.М хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй, шүүхээс мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад О.М т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч О.М т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.
Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч О.М т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн хамт ирүүлсэн О.М ийн Е 0000000 дугаартай гадаад паспортыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч О.М т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч И овогт О ын М ийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М ийг хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч О.М т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч О.М т цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч О.М ийн Е 0000000 дугаартай гадаад паспортыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Х д даалгасугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч О.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.М т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т