Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 172

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч М.Ф,

шүүгдэгчийн өмгөөлөгч Д.А ,

шүүгдэгч З.Б  нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Б д холбогдох 1913003660235 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Бугат сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ш овгийн З гийн Б , РД; БЮ87000000.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч З.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Аймике” хүнсний дэлгүүрийн урд талын явган хүний зам дээр газарт байсан Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн Б ын С ийн гээгдүүлсэн “Самсунг-эс 5” маркийн гар утсыг нь олж аваад бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч З.Б аас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913003660235 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 5, 10 дугаар хуудас/,

2. Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/,

3. Хохирогч Б.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...Би анх уг гар утсыг яг хэдэн сарын хэдний өдөр гээгдүүлсэн талаар сайн санахгүй байсан. Ямар ч байсан гадаа дулаахан байсан. Би тэр өдөр найз нарын хамт пиво ууж яваад гээгдүүлсэн байсан. Тэгээд эхэндээ би цагдаагийн байгууллагад бүртгүүлэхгүй гэж бодож байсан боловч, бүртгүүлэх юм бол гарах боломжтой юм байна гэхээр нь ирж бүртгүүлсэн.

...Би гээгдүүлсэн гар утсаа бүрэн бүтэн олж авсан. Хэн нэгэн хүнд ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/,

4. Гэрч Д.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ...би хадам аавын гэрт очоод Б аас чи гар утас олж аваад миний хүүхдийн нэр дээр дугаар авч ашигласан юм уу гэж асуухад Б  би олж аваад дугаар хийгээд барьж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

5. “Мөнх эстимейт” ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19/46 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

6. Шүүгдэгч З.Б ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ... Өөрийн 0000 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Өлгий сумын 4 дүгээр багт байдаг Жайна гэх бариач хүний гэрээс нэг хүн аваад Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэр “шар кран”-ны хажууд гэрт нь хүргэж өгчхөөд засмал замаар доошоо бууж ирж байх үед Өлгий сумын 9 дүгээр багт байрлах “Аймика” нэртэй хүнсний дэлгүүрийн урд талд засмал замын хажуугийн явган хүний замд хар өнгийн гар утас байсныг хараад өөрийн жолоодож явсан тээврийн хэрэгслийг замын хажуу талд гаргаж зогсоогоод өөрөө бууж очоод уг гар утсыг авч явсан.

Би хадлангаас ирээд Улаанбаатар хот руу явах болсон тул хэд хоногийн өмнө “Аймика” дэлгүүрийн урдаас олж авсан гар утсыг аваад явсан. Тэгээд Улаанбаатар хотод очсоны дараа уг гар утсыг янзлуулах гээд нэг засварын газарт аваачиж үзүүлэхэд зүв зүгээр байсан ба зөвхөн 20,000 төгрөг аваад нууц кодыг тайлж өгсөн. Тэгээд би уг гар утасны сим картыг авч хаяад өөрийн ******** тоот дугаартай сим картыг хийж нэг сар гаруй ашигласан. Нэг өдөр надад нэг үл таних дугаараас залгаж “та А50 маркийн гар утас ашиглаж байгаа юм байна, наад гар утсаа аваад цагдаагийн газарт хүрээд ир” гэж хэлсэн. Би бусдын гээгдүүлсэн гар утсыг олж аваад өөрөө ашигласан нь үнэн. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас/,

7. Шүүгдэгч З.Б ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

1.Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч З.Б  нь 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах “Аймике” хүнсний дэлгүүрийн урд талын явган хүний зам дээр байсан Өлгий сумын 11 дүгээр багийн иргэн Б ын С ийн гээгдүүлсэн “Самсунг-эс 5” маркийн гар утсыг нь олж аваад бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж, 650.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдсан Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 5, 10 дугаар хуудас/, Эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургууд /хавтаст хэргийн 7-9 дүгээр хуудас/, хохирогч Б.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-19 дүгээр хуудас/, гэрч Д.Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/, “Мөнх эстимейт” ХХК-ны 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 19/46 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дээр дурдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гээгдэл эд хөрөнгө завших гэдэг нь өмчлөгч, эзэмшигчийн болгоомжгүйгээс түүний хүсэл зоригоос үл хамааран хаягдаж орхисон, санамсаргүй хаягдсан эд хөрөнгийг авч ашигласан үйлдлийг ойлгоно. Шүүгдэгч З.Б  нь тухайн үед гээгдэл эд хөрөнгийг завшиж байгаа нь шууд санаатай үйлдэл байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч З.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргахгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүсэж мэтгэлцээгүй болно.  

Шүүгдэгч З.Б ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.С т 650.000 төгрөгийн хохирол учирсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч З.Б аас “Самсунг-эс 5” маркийн гар утсыг хохирогч Б.С т бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн тул бусдад төлөх төлбөргүй байна. 

3.Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч З.Б д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч хохирогчтой сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 5/86 дугаартай саналд яллагдагч З.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч З.Б  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 61 дүгээр хуудас/.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал эрүүгийн хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар бүрэн тогтоогдож байх тул З.Б д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ. 

 Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч З.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлын талаар.

Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Б д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж байгаагүй, шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт зэрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхээр шийдвэрлэв.

Мөн шүүгдэгч З.Б д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш овогт З ын Б ыг гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З.Б  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч З.Б д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, хохирогч Б.С т төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч З.Б ы иргэний цахим үнэмлэх, гадаад паспорт зэрийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Т.Х д даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хохирогч, шүүгдэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд З.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.Т