| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чойжоогийн Баярцэнгэл |
| Хэргийн индекс | 131/2016/0470/И |
| Дугаар | 131/ШШ2016/00541 |
| Огноо | 2016-08-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 131/ШШ2016/00541
Баянхонгор аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Баярцэнгэл даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******гийн *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******ийн д холбогдох “Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 12.500.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хэргийг хянан хэлэлцлээ.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч , хариуцагч Н., түүний өмгөөлөгч , гэрч , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний төрсөн охин А. нь 2011 оны 07 дугаар сарын 20-ны өдөр хашаа байшинг Ц.д 18.000.000 төгрөгөөр худалдан 5.000.000 төгрөгийг бэлнээр өгсөн учраас би зөвшөөрсөн. Хөрөнгийн эзэмшигчийн хувьд хариуцаж нэхэмжлэл гаргаж байна. Шаардлагатай гэвэл миний охин А. Архангай аймагт амьдардаг гэрчийн мэдүүлэг авч болно. Хэрэв гэрчээр дуудаж оролцуулбал зардал мөнгийг хариуцагч Н. болон шүүхийн зардлаар ирүүлж болно гэжээ..
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би өөрийн хашаа байшинг 18.000.000 төгрөгөөр худалдсан одоо үлдэгдэл 12.500.000 төгрөгөө авах нэхэмжлэл гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна. Хариуцагч надтай эвлэрэх эсэх нь өөрийнх нь асуудал байх, хуулийн дагуу асуудлаа шийдвэрлүүлнэ. 2011 онд манай охин А. хариуцагчтай наймаа хийсэн юм. Тэгээд 18.000.000 төгрөгөөр тохиролцлоо гээд 5.500.000 төгрөгийг нь цувуулж авсан юм. Тооцоогоо дуусгаж байж бичиг баримтаа шилжүүлнэ гээд би бичиг баримтаа шилжүүлээгүй. Хашаа байшин маань тийм муу ч байшин хашаа байгаагүй, дэлгүүр хийдэг юм билүү гээд ард нь хаалга гаргаж, цонхыг янзалсан байсан. Уг нь бол анх орон сууц байсан, манайх худалдан аваад дэлгүүр болгох гэж байсан юм. Гэрээ хэлцэл хийгээгүй, мөнгөө итгэлцээд өгч авна гэж бодсон. Газрын хамт зарсан. Нэг амбаар байсныг би буулгаад авчихсан юм. Одоо 12.500.000 төгрөг нэхэмжилнэ. Би тэр хашаа байшинг Д. гэх хүнээс 10.000.000 төгрөгөөр худалдан авч байсан юм. Хамгийн арын хашаа байсан гэдэг нь худлаа тийм ч муу ашиггүй газарт байсан юм бишээ. Бид энэ асуудлаас болж их хохирч байна.. гэв.
Хариуцагч Н. нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 2011 оны 07 сарын 20-ны өдөр Эрдэнэмандал 2-р багийн 6-р гудамжны 15 тоот дахь хашаа байшинг /5х8 харьцаатай/ А.ээс анх 5.200.000 төгрөгөөр худалдан авсан билээ. хэлэхдээ “Ээж нь болох Д.******* гуайг хашаа байшинг зарахыг зөвшөөрсөн гэж хэлсэн. Ингэж худалдан авч байх үед надтай хамт манай цуглааны итгэгчид болох С., , Н. нар хамт байсан ба тэд энэ талаархи үнэнийг гэрчлэх болно. С. тэр үед ******* гуайтай утсаар ярьж та яг энэ хашаа байшинг зарах уу? Охин чинь бидэнд зарах гэж байна. Та зөвшөөрч байна уу гэж асуухад ******* гуай би зөвшөөрч байна. 5.200.000 төгрөг өгч болно гэж хэлсэн. Бид т “Танай хашаа байшин чинь банкны зээлийн барьцаанд байгаа бол бид авахгүй” гэсэн чинь иргэн бидний араас хар машинтай удаа дараалан ирж уулзан, хөөцөлдөж ирээд “Манай хашаа байшинг авчихаач ээ, надад мөнгөний хэрэг гараад байгаа юм” гэж хэд хэдэн удаа гуйж байсан. Намайг хашаа байшинг авч байх үед 2-6-15 дахь хашаа байшинг Хадгаламж банкны барьцаанд тавьсан байсан тул би 1.547.320 төгрөгийг тус банкинд төлж барьцаанаас нь чөлөөлж, үлдэгдэл 3.652.680 төгрөгийг иргэн А.ийн гарт бэлнээр тоолж өгч тооцоог бүрэн барагдуулсан. 2011 онд 5х8 харьцаатай хашаа 5-6 сая төгрөгийн ханштай л байсан. Иргэн А. надад зарах үедээ тус хашаа байшингийн эцсийн ба хамгийн дээд үнэ 5.2 сая төгрөг гэж хэлсэн болно. Ээж маань 5.2 сая төгрөгөөр зарахыг зөвшөөрсөн гэхэд нь би утсаар ээжтэй нь холбогдож ярилцаж үнээ тохиролцсон юм. Иргэн 2011 оны 07 сарын 20 нд надад хашаа байшингаа зарж байсан анхны өдөр 18 сая төгрөгөөр үнэлсэн гэсэн үг цухуйлгаач үгүй, хэлээч үгүй. Шүүхэд өгсөн нэхэмжлэлд бичсэн 18 сая төгрөгөөр үнэлсэн ба үлдэгдэл 12.500.000 төгрөгийн тухай яриаг би хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад гэвэл худалдан авсан анхны өдөр энэ их мөнгөний тухай бид огт ярилцаагүй. Гэрч нар ч гэрчилж чадна. Надад өгсөн нэхэмжлэл дээр худлаа бичиж өгсөн байна. 2011 оны зах зээлийн ханшны дагуу 2 тал тохиролцож төлбөрийг барагдуулж тооцоо хийж нотариатаар батлуулсан. Бид 20 гаруй хашаа байшинг зарын дагуу очиж үзэж, харж явж явж ийн өгсөн зарын дагуу очсон. 5.2 сая төгрөгөөр зарна гэсэн бид энэ үнийг төлж төлснөө МУ-ын нотариатаар батлуулсан. Улсын нотариатч Авид гуай ээс зарсныхаа дараа зарсан хашаа байшингийхаа талаар өөр ямар нэг буруу зөв гэсэн асуудал гаргахгүй биз дээ гэж асуусан. “Гарахгүй, юу ч гарахгүй, зүгээр асуудал байхгүй, ээж зөвшөөрсөн” гэж хэлж байсан. Худалдан авсан хашааны банз нь өмөрч унасан, ар урд хашаанууд нь яажийж жайжийсан байшингийн дээврээс дусаал их гоождог, засвар маш их хийх шаардлагатай байсан. Ийм байсан учраас бид энэ хашаа байшинг 2011-2016 оны хүртэл жил болгон засвар хийсэн, зарим засварыг бид цуглааны байр ямар байх шаардлагын дагуу хийсэн. Иргэн А. надаас 5.2 сая төгрөгөө авахаас өмнө надад 2-6-15 хашаа байшингийн Д.******* гэсэн нэртэй хашаа байшин ба газрын гэрчилгээний жинхэнэ хувийг өгсөн. Өгөх үедээ ээж хөдөөнөөс нэг орж ирэхээрээ таны нэр дээр шилжүүлж өгнө гэж олон удаа хойшлуулж цааргалсаар өнөөдрийг хүртэл сунгуулж шилжүүлж өгөхгүй байна. Эгч нь шилжүүлж өгнө завгүй байна би худлаа ярихгүй надад итгэж болно гэж хэлсэн. Ингээд ******* гуайн үгэнд би итгэж найдаж 5 жил өнгөрсөн байна. 2011 оны 08 сарын 20-нд ******* гуай надтай уулзах үедээ надаас 5.2 төгрөг дээрээ нэмж 500.000 төгрөг нэмээд өгчих гэж гуйхад нь би 300.000 төгрөг нэмж өгсөн Ингээд нийт 5.500.000 төгрөг өгсөн. Д.******* гуай надаас 300.000 төгрөг авах үедээ дахин мөнгө нэхэж авахгүй, гэрчилгээнүүдийг нь нэр дээр чинь яаралтай шилжүүлж өгнө гэсэн албан бичиг /2 талын гарын үсэг бичүүлж авсан/ 2014 оны 07 сард хүүдээ тэр бичгийг баталгаа болгон үзүүлнэ гэхээр нь би үзүүлэхээр өгсөн боловч *******гийн хүү нь уншиж байснаа цаашаа аваад тэр чигтээ алга болгосон гээд өгөөгүй. Бичгээ би авъя гээд удаа дараа нэхсэн боловч өгөөгүй. Иргэн А. анх ярихдаа 2-6-15 дахь түлшний амбаараа 5.2 сая төгрөгтөө оруулан бидэнд зарна гэж хэлсэн юм. Гэтэл аав Амгалансүрэн гуай 2011.09.04-нд буулгаж нураагаад ачаад аваад явсан. Бид 2-6-15 дахь хашаа байшинг Есүс Христийн цуглааны үйл ажиллагаа явуулах зорилготойгоор итгэлийн ахан дүүсийн хандив өргөл 5.500.000 төгрөг цугларсан байсан мөнгөөрөө худалдан авсан юм. Одоо 2-6-15 хашаа байшинд эд итгэдэг хүмүүс цуглааныхаа үйл ажиллагааг явуулдаг..гэжээ.
Хариуцагч Н. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Энэ хашаа байшинг 2011 оны 07 сард буюу Амгалансүрэнгийн охиноос 5.200.000 төгрөгөөр тохиролцон худалдан авсан. Худалдан авахад хүн амьдардаггүй, хуучирч муудсан, банкны барьцаанд тавьсан байсныг банкны барьцаанаас чөлөөлүүлж бид худалдан авсан. Анх худалдан авахад болон түүний ээж утсаар ярихдаа байшин, газрыг нэг завандаа өөрийн чинь нэр дээр шилжүүлж өгнө гэсэн боловч одоог хүртэл бичиг баримтыг шилжүүлээгүй байгаа. Бид худалдан авснаас хойш хашаа байшинд 2800.000 төгрөгийн засвар хийсэн. Цуглааны зориулалтаар худалдан авсан тул бас тэр зориулалтаар засварлаж хөрөнгө мөнгө их зарцуулсан. Мөн хүүхдийн тоглоомын талбай хийсэн ба нийт 9817200 төгрөгийн хөрөнгө зардал гаргаад байна. Иймд бид маш их хохиролтой байна. Хэрвээ бид энэ хашаа байшинг буцааж өгнө гэвэл 5.200.000 төгрөгийн алданги тооцож 15.000.000 төгрөг гаргуулах болно. Анх худалдан авахад хашааны урд талын нилээн олон банз нь алга болсон, хаалга нь эвдэрсэн байсан. Байшингийн дээврээс дусаал гоожсон нилээн завсар хийх шаардлагатай байшин байсан. анх хашаа байшинг худалдахдаа газрын болон байшингийн гэрчилгээг надад эх хувиар нь өгч “7 хоногийн дараа нэр дээр чинь шилжүүлнэ” гэсэн боловч одоо хүртэл нэр дээр шилжүүлж өгөөгүй байгаа. Худалдах худалдан авах гэрээг гэж хүнтэй хийсэн учир нь анх өөрөө манай ээж энэ хашаа байшинг зарахыг зөвшөөрсөн гээд ээж *******тай яриулсан. Тийм учраас хашаа байшингийн эзэн *******тай бус түүний охин тэй гэрээ хийсэн юм. Энэ хашаа байшингийн гэрчилгээ бол ******* гэж хүний нэр дээр байдаг юм. Би хашаа байшингийн гэрчилгээг нэр дээрээ шилжүүлэх гэсэн боловч заавал *******гийн зөвшөөрөл хэрэгтэй байгаа тул одоо болтол шилжүүлж чадаагүй байна. Тухайн үед дээрх орчмын хашаа байшин 4-6 сая төгрөгийн хооронд ханштай байсан. Анх нь 5800.000-с ярьж байж зарсан юм. Бид 5700.000 төгрөгөөр худалдан авсан. Одоо энэ байшинг Есүст итгэгчдийн цуглааны зориулалтаар ашиглаж , би өрөө бас амьдарч байгаа. Тухайн үеийн ханшний үнээр л бид худалдан авсан иймд бид одоо 1.000.000 төгрөг өгөөд тохиролцох боломжтой гэж бодож байна. Түүнээс өөрөөр тохиролцох боломжгүй..гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлага нь худалдах худалдан авах гэрээний үнийн зөрүү 12.500.000 төгрөг гаргуулах шаардлага гаргасан байсан. Түүнээс биш тэр үед хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулах шаардлага биш гэж ойлгосон. Тиймээс тэр үед хийсэн худалдах худалдан авах гэрээ одоогоор хүчин төгөлдөр байгаа гэж ойлгож байгаа. Иргэний хуулийн 43 дугаар зүйлд зааснаар ээж Энх-амгалан нь охин т утсаар ярьж өөрийн өмнөөс бусадтай худалдах худалдан авах гэрээ хийх эрхийг олгосон гэж ойлгож байгаа мөн худалдан авагч д энэ зөвшөөрлөө олгож өөрийн охинтой худалдах худалдан авах гэрээ хийхийг зөвшөөрсөн байна. Үүнээс үзвэл худалдах худалдан авах гэрээ хүчин төгөлдөр гэж ойлгогдож байна. Хөх толгойн 2-15 р гудамж бол хамгийн арын хашаа байшин, ямар нэг ашигтай байрлал байхгүй газар байсан. Энэ нөхцөл байдалтай уялдуулж тухайн үеийн зах зээлийн ханш нь 5-6 сая төгрөгийн ханштай байх үндэслэлтэй байна. Эндээс үзвэл нэхэмжлэгч 18 сая төгрөгөөр худалдсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү?гэв.
Шүүх хуралдаанд оролцсон гэрч тайлбартаа:
Би Есүс христийн цуглаанд явдаг итгэгч юм. Тухайн үед зарын дагуу сүмийн байр хайж явж байсан юм. Н.тай хамт явж байгаад Баянхонгор сумын 2-6-15 тоот хашаа байшинг А.ээс худалдан авах үед нотариатын газарт хамт байж таарсан юм. А. нь тухайн үед мөнгөний хэрэг гараад хашаа байшингаа зарж байгаа талаар ярьж байсан. Мөн өөрийн ээж Д.*******тай утсаар яриулж байсан. Тэд худалдан авах гэрээ хийхдээ 18.000.000 төгрөгөөр тохиролцож байгаа талаар би мэдэхгүй, 5200.000 төгрөгөөр худалдан авч байгаа гэж би ойлгосон..гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.******* нь Н.д холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүрэг 12.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Н. нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, гэрээний төлбөрийг бүрэн барагдуулсан гэж маргажаа.
Нэхэмжлэгч Д.******* нь 2011 оны 07 сарын 20-ны өдөр өөрийн охин А.ээр дамжуулан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2-6-15 тоотод байх хашаа байшингаа иргэн Н.д зарж худалдах, худалдан авах хэлцэл хийсэн болох нь нэхэмжлэл, зохигчдын тайлбар зэргээр тогтоогдож байна.
Худалдах худалдан авах гэрээний зүйл болох Баянхонгор сумын 2-6-15 тоотод байх газар, байшингийн өмчлөгч нь Д.*******гийн гэх боловч худалдах худалдан авах гэрээг түүний охин А. хийсэн болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна. Гэвч нэхэмжлэлийн шаардлага нь худалдах, худалдан авах гэрээний үүрэг болох гэрээний үнийн үлдэгдэл 12.500.000 төгрөг гаргуулахыг хүсэн шаардсан тул шүүх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэл эсэхийг авч хэлэлцэх шаардлагагүй байна.
Хариуцагчаас шүүхэд гаргаж өгсөн 2011 оны 07 сарын 20-ны өдрийн гэрээ хийсэн тухай баримтыг хянахад уг гэрээгээр нэг талаас худалдагч Д.*******гийн охин А., нөгөө талаас худалдан авагч Н. нар нь Баянхонгор сумын 2-6-15 тоотод байх гэрчилгээний дугаартай эрхийн улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар хашаа, 000021078 гэрчилгээний дугаартай, эрхийн улсын бүртгэлийн дугаартай хувийн сууцны барилгыг 5200.000 төгрөгөөр тохиролцон худалдан авч, үнийг бүрэн төлж барагдуулсан тухайгаа илэрхийлэн хоёр талаас гарын үсэгээ зурж нотариатын баталгаа хийлгэжээ.
Дээрх хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно”, 41 дүгээр зүйлийн 41.1-д “Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна” 42.1-д”Хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийнэ” гэсэн шаардлагуудыг хангасан байна. Нөгөө талаар уг гэрээ нь Иргэний хуульд заасан “Болзол тавьж хийсэн хэлцэл”, “хүчин төгөлдөр бус байх хэлцэл” зэрэг хэлцлийг хүчингүйд тооцож болох шинжийг агуулаагүй байна.
Нэхэмжлэгчээс уг газар, обьектыг 18.000.000 төгрөгөөр худалдаж, үлдэгдэл 12.500.000 төгрөгийг дараа авах нөхцөлтэйгээр хийсэн гэрээ гэж үзэх боломжгүй, энэ талаар гэрээнд тодорхой тусгасан нөхцөл, заалт байхгүй,
Түүнчлэн нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа охин А. нь Н.д уг хашаа байшинг 18.000.000 төгрөгөөр худалдсан болох, үнийн зөрүү 12.500.000 төгрөгийг дараа өгөхөөр тохиролцсон гэх боловч энэ талаар нотолсон нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, дээрх хэлцэл нь нотлогдож тогтоогдохгүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй” гэснээс үзвэл нэхэмжлэгч Д.******* нь өөрийн нэхэмжлэлийн шаардлагаа нотолж чадаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214950 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Баянхонгор сумын 2-6-15 тоот дахь хашаа, байшин худалдах худалдан авах гэрээний үүрэг 12.500.000 төгрөг гаргуулахыг хүссэн Д.*******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 ийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214950 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд талууд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3-т заасан 7 хоногийн хугацаа өнгөрмөгц 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЯРЦЭНГЭЛ