Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 168

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч Т.Б ,

иргэний нэхэмжлэгч З.С ,

шүүгдэгч Т.С  нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын ерөнхий прокуророос Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн И  овогт Т ын С д холбогдох 1913002900215 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумд төрсөн, 33 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Ногооннуур сумын  6 дугаар багт оршин суудаг, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, И  овогт Т ын С , РД: БЗ86000000.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

     Шүүгдэгч Т.С нь Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн “НИК” ХХК-ийн Ногооннуур сумын шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгчээр ажиллаж байхдаа 2017 оноос 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд итгэмжлэн хариуцуулсан шатахууны үнэ болох 15.477.622 төгрөгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Т.С аас мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна гэв.

2. Иргэний нэхэмжлэгч З.С ээс мэдүүлэхдээ: Энэ эрүүгийн хэрэгт намайг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон. Тооцоо нийлсэн актуудыг мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн. Т.С тай тухайн үед тооцоо нийлээд ийм мөнгө төгрөг байна хэмээн анхааруулж, сануулж холбогдох арга хэмжээг авч байсан. Зөрчлийг удаа дараа давтаад байхаар нь Т.С ыг ажлаас нь гаргаж, төлөх хугацаа өгсөн. Төлөхгүй байгаа болохоор нь цагдаагийн байгууллагад өгсөн. Одоо Т.С аас хохирол 371.000 төгрөгийг төлүүлж өгнө үү гэв.  

Хоёр: Эрүүгийн 1913002900215 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Иргэний нэхэмжлэгч 3.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие НИК ХХК-ны ахлах нягтлан бодогч ажилтай. Т.С д холбогдох хэрэгт байгууллагыг төлөөлөн иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Ногооннуур сумын НИК шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгчээр Т.С  нь 2003 оноос эхлэн ажиллаж байсан. Ингээд 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Т.С тай тооцоо нийлэхэд 6.400.336 төгрөгийн дутагдал гарсан. Тэгээд Т.С аас тодруулж асуухад аж ахуйн нэгж, хувь хүмүүс, байгууллагад зээлээр өгсөн, бензин шатахууны өр төлбөр бөгөөд үүнийг цуглуулж чадаагүй байгаа гэж хэлсэн. Тэгээд компани зүгээс уг өр төлбөрийг хурдан хугацаанд төлүүлэх арга хэмжээ авах талаар үүрэг өгсөн.

Дараа нь 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдөр Т.С тай тооцоо нийлэхэд 14.083.377  төгрөг буюу 6.400.336 төгрөгт нэмэгдэж, дутагдал гарсан. Тухайн үед мөн адил Т.С  нь байгууллага, аж ахуйн нэгж, хувь хүмүүст зээлээр өгсөн, бензин шатахууны мөнгийг авч чадаагүй гэж хэлсэн. Ингээд компани зүгээс Т.С д сануулж, хурдан хугацаанд өр төлбөрийг цуглуулж барагдуулахаар үүрэг өгсөн.

Дараа нь 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр тооцоо нийлэхэд 15.477.622 төгрөгийн дутагдал гарч, урьд гаргасан зөрчлийг давтсан болохоор цалингийн хувиар арга хэмжээ авч, дахиж өр төлбөрийг барагдуулахаар үүрэг өгсөн. Тэгээд дараа нь 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тооцоо нийлэхэд 15.477.622 төгрөгөөс 6.138.210 төгрөгийг барагдуулж, 9.339.412 төгрөгийн үлдэгдэл буюу дутагдалтай байсан. Тэгээд Т.С ы үйлдлийг шалгахад ашиглалын шинжтэй байсан бөгөөд аж ахуйн нэгж, хувь хүмүүсээс авах өр авлага байхгүй байсан тул ажлаас халсан ба үлдсэн мөнгийг хурдан хугацаанд төлж барагдуулах талаар шаардахад 5.467.000 төгрөгийг төлж барагдуулаад, 3.872.412 төгрөгийг төлөөгүй байсан ба уг мөнгөнөөс 2.265.000 төгрөгийг төлсөн.

Одоо 1.610.412 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Т.С тай 2017 оны 1 дүгээр сарын 02-ны өдөр эд хөрөнгийн бүрэн хариуцлагын тухай гэрээ байгуулсан. Уг гэрээнд байгууллагын эд хөрөнгийг С д итгэмжлэн хариуцуулсан байхад гэрээг зөрчиж удаа дараа дутагдал гаргаж, сахилгын шийтгэл авхуулсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37 дугаар хуудас/,

2. Гэрч Х.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2018 оноос 2019 оны хооронд Т.С аас зээлээр А-80 шатахуун аваад тухай бүрт нь өгдөг байсан. Заримдаа 50, 60, 100 литрээр шатахуун зээлээр аваад буцаагаад мөнгийг нь удаахгүйгээр өгөөд явдаг байсан. Одоогийн байдлаар бид хоёрын хооронд шатахууны тооцоо байхгүй” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 45 дугаар хуудас/,

3. Гэрч Х.Е  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие Ногооннуур сумын НИК-ийн шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан Т.С аас 2018 оны намар 9 дүгээр сарын дундуур 25 литр дизель түлш зээлээр аваад мөнгийг нь өгөөгүй байсан. Уг 25 литр шатахууны үнэ болох 55.000 төгрөгийг төлж өгнө” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,

4. Гэрч С.Т  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие Ногооннуур сумын НИК-ийн шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан Т.С аас 2018 оны 5 дугаар сард 10 литр бензин зээлээр авсан. Харин 15 литр бензин аваагүй. ...Маргааш 10 литр бензиний үнэ болох 19.800 төгрөгийг төлнө” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

5. Гэрч М.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие Ногооннуур сумын цэцэрлэгийн нягтлан бодогчоор ажилладаг. 160 литр А-80 бензиний үнэ 316.800 төгрөгийн хувьд НИК шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан Т.С  надад 2018 оны 9 дүгээр сард хэлж байсан. Танай цэцэрлэгийн шатахууны тооцоо гэж хэлсэн. Тэгээд би Т.С д хэрвээ цэцэрлэгтэй холбоотой шатахууны тооцоо байгаа бол эрхлэгчтэй тооцоо нийлээд надад хэлээрэй, тооцоо нийлсэн акт үйлдсэний дараа шатахууны үнийг дансанд чинь шилжүүлье гэж хэлсэн боловч С  дахиж холбогдоогүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48 дугаар хуудас/,

6. Гэрч П.Х ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Т.С  бид хоёрын хооронд бензин шатахууны тооцоо байхгүй. ...С ы баримтад бичүүлснээр 50 литр х 2200=110.0 төгрөгийн тооцоотой гэж худлаа бичүүлсэн байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/,

7. Гэрч Ш.Х мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт жолоочоор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарсан юм. С  бид хоёрын хооронд шатахуунтай холбоотой тооцоо байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

8. Гэрч М.Ш гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Т.С  нь Ногооннуур сумын НИК шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байхад 2018 оны 8 дугаар сард 10 литр А-80 бензин авсан. Мөнгийг өгч амжаагүй байгаа, 19.800 төгрөгийг төлөх болно. Харин би 15 литр бензин аваагүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,

9. Гэрч Б.Б  мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие 2018 оны 4 дүгээр сарын дундуур Ногооннуур сумын шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан Т.С аас зээлээр А-80 маркийн бензинийг 25.000 төгрөгөөр тааруулж аваад мөнгийг нь одоо хүртэл өгөөгүй байгаа, одоо уг мөнгийг төлж өгье. Т.С ы баримтад бичсэнээр 37 литр х 1980 = 73.260 төгрөгийн бензин аваагүй, худлаа бичсэн байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,

10. Гэрч Х.Б н мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие Ногооннуур сумын шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан Т.С аас 2018-2019 онд нэг ч удаа бензин шатахуун зээлээр авч байгаагүй. Бид хоёрын хооронд шатахуунтай холбоотой ямар ч тооцоо байхгүй, харин НИК-ээс бензин авах үед бэлэн мөнгө өгөөд авдаг байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 56 дугаар хуудас/,

11. Гэрч А.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие Ногооннуур сумын шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан Т.С аас 2018-2019 оны хооронд нэг ч удаа бензин шатахуун авч байгаагүй. Бид хоёрын хооронд шатахуунтай холбоотой ямар ч тооцоо байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 57 дугаар хуудас/,

12. Гэрч Т.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие Ногооннуур сумын шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан Т.С аас 2018 оны 8 дугаар сард 16 литр А-80 бензин зээлээр авсан үнэн, мөнгийг нь өгөөгүй байгаа, үнэ болох 31.680 төгрөгийг төлж өгөөд Т.С ыг хохиролгүй болгож өгнө” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58 дугаар хуудас/,

13. Гэрч Т.М ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие Ногооннуур сумын шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан дүү Т.С аас 2018 оны 3 дугаар сард 24,7 литр А-80 бензин авсан нь үнэн. Мөнгийг нь одоо хүртэл өгөөгүй байгаа. Өнөө маргаашдаа багтааж бензиний үнэ 49.000 төгрөгийг дүү Т.С ы дансанд тушааж баримтыг авчирч өгье” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59 дүгээр хуудас/,

14. Гэрч Х.М ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие Ногооннуур сумын шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан Т.С аас 2018 оны намар 10 дугаар сарын дундуур 6 литр А-80 бензин зээлээр авсан үнэн, мөнгийг нь өгөөгүй байгаа, уг 6 литр шатахуун үнэ 11.880 төгрөгийг одоо Т.С ы дансанд тушааж, баримтыг нь авчирч өгье” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 60 дугаар хуудас/,

15. Гэрч Б.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие Ногооннуур сумын шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан Т.С аас ямар ч шатахуун зээлээр аваагүй, авч байгаагүй. Бид хоёрын хооронд ямар ч тооцоо байхгүй, яагаад 33 литр бензиний үнэ 66.000 төгрөг гэж бичсэнийг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 62 дугаар хуудас/,

16. Гэрч Ж.Т ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2018 оны 4 дүгээр сард байх, сайн санахгүй байна Т.С  нь Ногооннуур сумын НИК ХХК-ны шатахуун түгээх станцын түгээгч, эрхлэгчээр ажиллаж байх хугацаанд 8 литр моторын тосыг зээлээр авсан. 1 литр тос 4,500 төгрөг байсан нийт 36.000 төгрөгийн өглөгтэй болно. 2019 оны 10 дугаар сарын 09-ний    өдөр төлж өгөх болно. Т.С  бид хоёрын хооронд өөр төлбөр тооцоо байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугаар хуудас/,

17. Гэрч Т.Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие 2018 оны 5 дугаар сарын эхээр Ногооннуур сумын шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан Т.С аас зээлээр А-80 маркийн 24,7 литр бензин аваад 5 дугаар сарын сүүлээр 49.000 төгрөгийг бэлэн өгсөн. Одоогийн байдлаар Т.С  бид хоёрын хооронд тооцоо байхгүй. Мөнгийг бүрэн төлсөн болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 64 дүгээр хуудас хуудас/,

18. Гэрч С.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2018 оны 6 дугаар сар хүртэл Ногооннуур сум        дахь Цагдаагийн тасагт тус сумын хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байсан. Т.С ыг Ногооннуур сумын НИК ХХК-ны шатахуун түгээх станцын түгээгч, эрхлэгчээр ажиллаж байсныг мэднэ. Тус сумын Тамгын газар нь НИК ХХК-ны түгээх станцаас шатахуун авах, гэрээтэй байсан ба албаны ажлаар хөдөө явах үед, тамгын газрын зөвшөөрлийн дагуу, шатахуун авдаг байсан. Шатахуун олгох баримтыг аваачиж өгөөд, шатахуунаа авдаг байсан. Холбогдох тооцоог Тамгын газраас хийдэг байсан. Харин хувь хүний хувьд Т.С аас зээлээр шатахуун авч байгаагүй. Бид хоёрын хооронд ямар нэгэн төлбөр тооцоо байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 67 дугаар хуудас/,

19. Гэрч Х.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие Ногооннуур сумын НИК-ийн шатахуун түгээх станцын түгээгчээр ажиллаж байсан Т.С аас зээлээр шатахуун авч байгаагүй. Бид хоёрын хооронд ямар нэгэн өр авлага байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,

20. НИК ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь Нефть хангамжийн салбарын санхүүгээс Т.С тай тооцоо нийлж баталгаажуулсан актууд /хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас/,

21. Шүүгдэгч Т.С ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2013 оны 1 дүгээр сараас эхлэн Баян-Өлгий аймаг дахь “НИК” ХХК-ны Ногооннуур сум дахь шатахуун түгээх станцад түгээгч, эрхлэгчээр томилогдон ажиллаж байгаад, 2018 оны 11 дүгээр сард ажлаас чөлөөлөгдсөн. Одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй байна. 2017 оноос 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл өөрийн хариуцлагагүй байдлаасаа болж, бензин шатахууныг замбараагүй зарцуулж, тооцоо хийгээгүйгээс болоод 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн НИК ХХК-ны тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан №11 тоот актаар 6.400.336 төгрөгийн шатахуун, 2018 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн №12 тоот актаар 14.083.337 төгрөгийн шатахуун, 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн №12 тоот актаар 15.477.622 төгрөгийн шатахуун, 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн №13 тоот актаар 9.339.412 төгрөгийн шатахуун, 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн №2 тоот актаар 3.872.412 төгрөгийн шатахууны тус тус дутагдал гарч, дээрх актуудыг би хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулсан.

Ингээд би нийт 15.477.622 төгрөгөөс 13.867.210 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд өнөөдрийн байдлаар 1.610.412 төгрөг үлдсэн. Үүнийг ойрын хугацаанд төлж барагдуулах болно. Би өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Үлдсэн хохирлыг барагдуулж өгөх болно.

Би тухайн бүр тооцоо хийгээгүйгээс, ямар нэгэн тооцоо баримтгүйгээр өдөр тутмын хэрэгцээ болон бусад гадны хүмүүст зээлээр бензин шатахуун өгөөд тооцоо нийлээгүйгээс ийм асуудал болсон. Өдөр тутам бага багаар бензин шатахуун хэрэглэсээр байгаад, үр дүн нь ийм болсон. Түүнээс биш бэлэн мөнгө завшаагүй. НИК ХХК нь надтай гэрээ байгуулж, шатахууныг итгэмжлэн хариуцуулж өгсөн нь үнэн. Харин би хариуцлага алдаж, тооцоогүй, замбараагүй байдлаас болж ийм асуудал үүсэж байна. Гэмшиж, учруулсан хохирлыг барагдуулж байна.  Жагсаалтад буй 27 хүнд зээлээр шатахуун олгосон талаар, надад ямар нэгэн баримт байхгүй. Би Есжан гэх хүнд /эхнэр нь Берикбол/ нэг машин өвс буулгаж өгсөн. Мөн Х  гэх хүнд бас өвс буулгаж өгч, борлуулж өгөхийг санал болгосон юм. Түүнээс биш шатахуун зараагүй. Дээрх хоёр хүнээс өвсний мөнгөө авах байсан. Тухайн үед би өөрөө машинаар, бензин хийж явсан болохоор явсан бензин үнийг дээрх хоёр хүнээс барагдуулж авахаар бичсэн юм. Би үлдсэн хохирлыг ойрын хугацаанд барагдуулах болно. Гэмшиж байна. Энэ дутагдлаасаа болж, ажлаас халагдсан. Би ойр зуурын хэрэглээнд, ийш тийшээ явах үед шатахуун авч хэрэглэдэг байсан. Тухай бүрт тооцоо хийхгүй, үргэлжлүүлж шатахуун аваад байсан болохоор дутаасан. Харин би борлуулсан шатахууны мөнгийг хувьдаа завшаагүй юм. Зөвхөн удаа дараа шатахуун аваад хэрэглээд байсан болохоор дутагдал гаргасан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас/,

     22. Т.С ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 78 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

     Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

     Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.С ы холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

     1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Т.С  нь НИК ХХК-ны Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн салбарын Ногооннуур сум дахь шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгчээр ажиллаж байхдаа 2017 оноос 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл итгэмжлэн хариуцуулсан шатахууны үнэ болох 15.477.622 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь иргэний нэхэмжлэгч 3.С , гэрч Х.О , Х.Е , С.Т , М.Т , П.Х , Ш.Х , М.Ш , Б.Б , Х.Б , А.Х , Т.А , Т.М , Х.М , Б.С , Ж.Т , Т.Е , С.Ж , Х.А  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, НИК ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь Нефть хангамжийн салбарын санхүүгээс Т.С тай тооцоо нийлж баталгаажуулсан актууд /хавтаст хэргийн 6-10 дугаар хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүх хуралдаанд талуудаас хэрэгт цугларсан нотлох баримтаас шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхгүй, нотлох баримтаас хасуулах талаар санал, хүсэлт гаргаагүй болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.С  нь Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн “НИК” ХХК-ийн Ногооннуур сумын шатахуун түгээх станцын эрхлэгч, түгээгчээр ажиллаж байхдаа 2017 оноос 2018 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл итгэмжлэн хариуцуулсан шатахууны үнэ болох 15.477.622 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон гэж үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Т.С аас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Иймд шүүгдэгч Т.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн амар хялбар аргаар мөнгө олох шунахайн сэдэлт нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Т.С  гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч “НИК” ХХК-ны Баян-Өлгий аймаг дахь салбарт нийт 15.477.622 төгрөгийн бодит хохирол гарсан ба үүнээс одоо 371.000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй байна.

Шүүхээс хэрэгт авагдсан тооцоо нийлсэн актууд болон иргэний нэхэмжлэгч З.С ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгч Т.С аас 371.000 төгрөгийг гаргуулан НИК ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн салбарт олгож шийдвэрлэв.  

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Т.С д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Т.С  нь хохирогч талтай сайн дураараа эвлэрч, хохирлын үлдэгдэл мөнгө болох 371.000 төгрөгийг төлж барагдуулахаа илэрхийлж баталгаа гаргаж, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 5/85 дугаартай саналд яллагдагч Т.С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Т.С  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 130 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй, шүүхээс мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад Т.С д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Т.С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Т.С  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Т.С  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Шүүгдэгч Т.С д  урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

1. Шүүгдэгч И  овогт Т ын С ыг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С ыг хоёр зуун дөчин цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.С  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Шүүгдэгч Т.С д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Ногооннуур сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан шүүгдэгч Т.С аас 371.000 төгрөг гаргуулан хохирогч “НИК” ХХК-ийн Баян-Өлгий аймаг дахь нефть хангамжийн салбарт олгосугай.

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Т.С д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, Т.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Т.С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.Т