Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 11 өдөр

Дугаар 151

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

улсын яллагч М.Ф,

шүүгдэгч М.С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н  овгийн М ын С д холбогдох эрүүгийн 1913003310204 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 11-ний өдөр төрсөн, 21 настай,эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Кенжедара” ХХК-д нядлагч ажилтай, Өлгий сумын 7 дугаар баг буюу Хотгор багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н  овогт М ын С , регистрийн дугаар БЮ98000000.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч М.С  нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 23 цаг 30 минутын орчимд Өлгий сумын 11 дүгээр багт байрлалтай “Думан” баарны үүдэнд Өлгий сумын 13 дугаар багийн иргэн С.Ө ийг маргааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг. Шүүгдэгч М.С  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

 

Хоёр: Эрүүгийн 1913003310204 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч С.Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр 21 цаг 30 минутын үед найз болох Х ы хамт Думан баар руу очсон. Тэрээр бид хоёр дотогшоо орж хүн тус бүр нэг шил шар айраг уусан. Сууж байгаад улмаар 23 цаг 30 минутын үед Х бүжгийн талбай руу гарч бүжиглэж байхад үл таних 3 залуутай маргалдсан. Тухайн үед би ширээн дээр сууж байсан. Тухайн залуучууд Х ыг дагуулаад гадагшаа гарсан тул би араас нь дагаж гарсан ба тэдний хажууд очиж байхад жижиг биетэй нэг залуу бид нар руу дайрч дахин зодоон эхлэх гэж байхаар нь тухайн залууг бас нэг залуу барьж аваад явуулахгүй байсан. Тэрээр би тэдний хажууд очих гэж явж байхад Мари гэх охин намайг татаж аваад явж байхад жижиг биетэй залуу гүйж ирээд миний араас цохиж улмаар нүд руу нэг цохиж зодсон. Тэгээд миний хөмсөг хэсгээрээ 1 см орчим сэтэрч, цус гарсан. Тэгээд зодоон тарчихсан бөгөөд 1 цагийн үед эмнэлэгт очиж үзүүлэх гэж эмч нарыг хүлээгээд сууж байгаад эмч нар ирээгүй тул яваад өгсөн. Намайг цохиж хохирол учруулсан М.С  ажлын газарт ирээд надаас уучлалт гуйж эмчилгээний мөнгө гэж 400.000 төгрөг бэлнээр өгсөн. Би нэмж нэхэмжлэх зүйлгүй. М.С  надаас уучлалт гуйсан тул хоорондоо сайн дураараа эвлэрч ямар нэгэн маргаангүй болсон. Надад гомдол, санал байхгүй. Бид эвлэрсэн тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/,

2. Гэрч А.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Миний бие Думан баарны зүүн талд Нурым нэртэй дэлгүүрийг ажиллуулдаг бөгөөд манай дэлгүүрийн баруун хойд талд баригдаж байгаа барилгын компани инженер С.Ө  гэх залуу бид хоёр найзууд юм. Тэр өдөр буюу 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр С.Ө  ажлаасаа буугаад улмаар бид хоёр манай дэлгүүрт уулзаад 21 цаг 30 минутын орчимд Думан баар руу очсон.Тухайн бааранд орж нэг нэг шил шар айраг уугаад сууж байгаад улмаар 23 цагийн үед бүжиглэхээр тайз руу очиж бүжиглэж байхад миний хажууд бүжиглэж байсан нэг залуу намайг мөргөчихсөн. Тэрнээс болоод бид маргалдаад надад гадаа гараад уулзъя гэж татаад гаргасан. Тэгээд гадаа гарах үед тухайн залуучууд надтай маргалдаж над руу дайрч байхад Ө  хэзээ гарч ирснийг нь мэдэхгүй нэг мэдэхэд намайг татах үед над руу дайрч байсан нэг залуу Ө ийн баруун талын нүд руу цохиж авсан. Тэр үед Ө ийн хөмсөг нь сэтэрч цус гарчихсан ба тэд яваад өгсөн. Улмаар цусыг нь тогтоож хэсэг суугаад дараа нь баар руу орж Ө ийн хувцсыг аваад гарч ирээд эмнэлэг руу очиж 5 цагийн үед явсан. Эмнэлэгт эмч байхгүй гэж хүлээж байгаад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/,

3. Гэрч Р.М ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэгээд хүмүүс цуваад замын хажууд зогсож байсан 2 хүнийг чиглээд явж байхад С.Ө  ч гэсэн тийшээ явсныг нь хараад Ө ийн араас нь очиж чи битгий оч гэж дагуулаад баар руу орохоор явж байхад араас нь жижиг биетэй /замын хажууд нэг залуутай зууралдаж байсан/ залуу гүйж ирээд С.Ө ийн толгой хэсэг руу нэг удаа цохиж, дараа нь баруун талын нүд рүү нь цохисон. Тэгээд хүмүүс салгаж авсан ба С.Ө ийг зодсон залуу цаашаа яваад өгсөн. Ө ийн нүд руу гадаа жижиг биетэй залуу цохисноос болж хөмсөг нь сэтэрч, нүд нь хөхөрсөн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

4. Гэрч Б.Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэрээр удалгүй С.Ө  гэх залуу тэдний хажууд хүрч ирээд буцаж явж байхад С  үл таних залуугийн гараас мултарч гараад Ө ийн толгой руу нэг удаа цохиж дараа нь нүд,нүүр хэсэг руу нь 1-2 удаа цохих үед С.Ө ийн баруун талын хөмсөг нь сэтэрч цус гарчихсан. Тэгээд бид яваад өгсөн” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/,

5. Гэрч Ш.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Тэр үед С  миний гараас мултраад араас нь хүрч ирсэн гэх залуу буюу С.Ө ийн толгой руу цохиж, тонгойх үед нүд руу нь цохих үед бид очиж салгаж авсан. Тэр үед С.Ө ийн баруун талын хөмсөг нь сэтэрч цус гарчихсан. Тэгээд бид шууд гэр руу явсан" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/,

6. Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч эмч Б ын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 417 дугаартай: “Иргэн С.Ө ийн баруун талын нүдний дээд доод зовхи, зүүн талын бугалганы хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт,хөмсөгний хэсэгт язарсан шарх гэмт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,

7. Шүүгдэгч М.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Ж  намайг явуулахгүй байсан бөгөөд тэд хүрч ирэх үед би Ж ийн гараас мултраад гараад гүйж очиж ар талд нь зогсож байсан Ө ийн толгой руу нэг удаа цохих үед доошоо тонгойсон бөгөөд тэр үед баруун талын нүд руу нь гараараа нэг удаа цохиж зугтаасан. Х  Ж д өчигдөр Ө ийн хөмсөг нь сэтэрч, нүд нь хөхөрсөн байна, очиж уулзаарай гэж дагуулаад дэлгүүрийн хажууд баригдаж байсан барилга руу дагуулж очсон. Тэнд Ө тэй уулзах үед Ө ийн баруун талын хөмсөг нь сэтэрч, нүд нь хөхөрсөн байсан. Миний бие С.Ө ийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч харамсаж байна.Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. С.Ө  надаас эмчилгээний мөнгө гэж 400.000 төгрөг нэхэмжилсэн бөгөөд уг мөнгийг өөрийн ажилладаг “Кенжедара" ХХК-ны захирлаас цалингаа аваад өгч уучлалт гуйсан. С.Ө  намайг уучилсан тул хэргийг түргэн хугацаанд шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас/,

8. Шүүгдэгч М.С  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 39 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 435 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.С ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.С  нь 2019 оны 9 дүгээр сарын 28-ны шөнө 23 цаг 30 минутын үед Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багт байрлалтай “Думан” баарны үүдэнд иргэн С.Ө ийг маргааны улмаас зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтууд болох хохирогч С.Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 11-14 дүгээр хуудас/, гэрч А.Х ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 15-16 дугаар хуудас/, гэрч Р.М ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг / хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/, гэрч Б.Ж ы мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-20 дугаар хуудас/, гэрч Ш.Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-22 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээч эмч Б ын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн 417 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 26 дугаар хуудас/, шүүгдэгч М.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-34 дүгээр хуудас болон шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч М.С ийн гэм буруутай үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч М.С ийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч М.С  нь иргэн С.Ө ийг хэрүүл маргааны улмаас зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.С ээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Иймд шүүгдэгч М.С ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүхэд ирүүлсэн хэргийн хэмжээнд тус зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн зүй бус харилцаа нь энэ гэмт хэрэг гарахад шууд нөлөөлсөн гэж үзлээ.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч М.С ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С.Ө ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч М.С  нь хохирогч С.Ө тэй сайн дураараа эвлэрсэн, учруулсан хохирлын улмаас үүсэн үр дагавар буюу хор уршиг болох 400.000 төгрөгийг бүрэн төлж өгсөн байна.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч М.С т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч М.С  нь хохирогч С.Ө тэй сайн дураараа эвлэрч, хохирлыг төлж өгсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 5/77 дугаартай саналд яллагдагч М.С т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч М.С  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 52 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч М.С т холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол,хор уршгийг барагдуулахаа илэрхийлсэн байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 4 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч М.С  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч М.С  нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна. Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.С  нь цагдан хоригдсон хоноггүй,түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.

Шүүгдэгч М.С т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт шүүгдэгчийн хувийн бичиг баримтыг ирүүлээгүй болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл,36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н  овогт М ын С ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сар буюу 120 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М.С  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгчээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М.С т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд М.С т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Х.Т