| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 2418000000323 |
| Дугаар | 2025/ХШТ/68 |
| Огноо | 2025-05-14 |
| Зүйл хэсэг | 27.10.3., 27.10.4.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 2025/ХШТ/68
А.Н, Ш.Д нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Д.Батбаатар, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М, түүний өмгөөлөгч Х.Даваахүү, шүүгдэгч А.Н-н өмгөөлөгч Ж.Уранчимэг, С.Чинбат, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Далайцэрэн нарыг оролцуулан хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 421 дүгээр шийтгэх тогтоол, Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 08 дугаар магадлалтай А.Н, Ш.Д нарт холбогдох 2418000000323 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, С.Чинбат нарын гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Пүрэвсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
1.Монгол Улсын иргэн, Ховд аймгийн .... суманд төрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, А.Н,
2.Монгол Улсын иргэн, Дархан-Уул аймгийн ... суманд төрсөн, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Ш.Д
Шүүгдэгч А.Н нь 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн а/ дахь хэсгийг зөрчиж согтуугаар ... улсын дугаартай Toyota prius-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэр, “Номин” худалдааны төвийн хажуугийн замд уулзвар нэвтрэхдээ мөн дүрмийн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж хурдаа хасаагүйн улмаас Ш.Д жолоодож явсан ... улсын дугаартай Toyota prius-41 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, гарцаар зам хөндлөн гарахаар хүлээж зогссон явган зорчигч Ш.Н-г дайрч амь насыг нь хохироосон гэмт хэрэгт,
Шүүгдэгч Ш.Д нь тухайн өдөр ... улсын дугаартай Toyota prius-41 загварын тээврийн хэрэгслийг жолоодон “Номин” худалдааны төвийн хажуугийн замд уулзвар нэвтрэхдээ Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.4-д “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө”, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчиж чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүйн улмаас А.Н-ийн жолоодож явсан ... улсын дугаартай Toyota prius-20 загварын тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, гарцаар зам гарахаар хүлээж зогссон явган зорчигч Ш.Н-ийн амь насыг хохироосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч А.Н-г согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, шүүгдэгч Ш.Д-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар шүүгдэгч А.Н-ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан шүүгдэгч Ш.Д-д мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5-д зааснаар шүүгдэгч Ш.Д-д тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах буюу шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн дотор хохирлыг төлж барагдуулах үүрэг хүлээлгэх, оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус авч,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар шүүгдэгч Ш.Даваадоржоос 24,500,000 төгрөг, шүүгдэгч А.Н-гаас 49,500,000 төгрөгийг тус тус гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн цалин гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, 50,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Ш.Д нь 2025 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн дотор 24,500,000 төгрөгийг төлөхөө илэрхийлж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчтэй эвлэрсэн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.
Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А.Н хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийтгэх тогтоол, магадлалаар надад 3 жил хорих ял шийтгэснийг эс зөвшөөрч, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэх үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
1.Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид талийгаачийн оршуулгын зардалд 7,000,000 төгрөг төлсөн бөгөөд баримтыг хэрэгт хавсаргасан болно. Гэтэл давж заалдах шатны шүүх А.Н надад Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэнд гомдолтой байна. Мөн давж заалдах шатны шүүх хурлын дараа шийдвэрээ танилцуулахдаа А.Н нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэх боломжгүй гэж үзлээ гэж дүгнэсэн атлаа магадлалын 10 дугаар хуудсанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ч дээрх хуулийг хэрэглэх боломжгүй гэж ойлгомжгүй эргэлзээтэй дүгнэлт хийсэн. (Энэ нь давж заалдах шатны шүүхийн шийдвэр сонсгосны дараа дүгнэлт хийсэн хэсэгт бичигдсэн байгаа болно)
3.Миний согтолтын зэргийг шүүхийн шинжилгээний төвийн шинжээч эмч 0,5 хувийн согтолттой байсан гэж дүгнэсэн. Огт архи уудаггүй би урд өдөр нь 3 лааз пиво уусан байсан учраас тэгж гарсан байх. Түүнээс биш осол гарсан өдөр би огт архи, пиво хэрэглээгүй учир нөхцөл байдлыг хянах, мэдрэх чадвартай явж байсан. Цаашид гарах хохирлыг нөхөн төлнө гэдгээ илэрхийлж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, надад оногдуулсан 3 жилийн хорих ялыг Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг хэрэглэн хөнгөрүүлж өгөхийг хичээнгүйлэн хүсье гэжээ.
Шүүгдэгч А.Н-н өмгөөлөгч С.Чинбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Шийтгэх тогтоолоор А.Н-г 3 жилийн хорих ялаар шийтгэж, 49,500,000 төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгохоор шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх хэвээр үлдээснийг эс зөвшөөрч, хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоолоос өөрөөр хэрэглэсэн гэж үзэж дараах гомдлыг гаргаж байна.
1.Шүүгдэгч А.Н-н зүгээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрдөг. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М-д талийгаач Ш.Н-н оршуулгын зардалд 7,000,000 төгрөг нөхөн төлсөн.
2.Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан.
3.Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн ... 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, ...,-д заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” зааж өгсөн бөгөөд мөн зүйлийн 40.3-т заасны дагуу хууль зүйн болон эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулагдсан болно.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт, түүнтэй адилтгах хүснэгтээр зэрэглэл тогтоох ажиллагааг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хууль болон журмаар зохицуулсан бөгөөд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М болон түүний гэр бүлийн гишүүдээс хэнийх нь сэтгэцэд уг гэмт хэргийн улмаас сэтгэцийн гэм хор учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй байхад гэмт хэргийн хохирол бус “хор уршиг”-ийг шүүгдэгч А.Н-гаас мөнгөн хэлбэрээр буюу 49,500,000 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Хэрвээ хяналтын шатны шүүх тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзвэл үүнтэй холбоотойгоор давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 9 дэх заалтын А.Н-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасан хуулийн урьдчилсан нөхцөлүүд хангагдаж, шүүгдэгч А.Н-д оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарах бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М нь хор уршгийн асуудлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэх боломжтой болно.
Шүүгдэгч А.Н нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдсон.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж заасан байна.
Шүүгдэгч А.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг баримтлан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч А.Н-д 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, мөн 9 дэх заалтын А.Н-д холбогдох хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах шатны шүүхийн шүүгч тусгай санал гаргасныг анхааралдаа авахыг хүсье гэв.
Шүүгдэгч А.Н-н өмгөөлөгч Ж.Уранчимэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.
1.Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид уг хэргийг шийдвэрлэхдээ санал зөрөлдөж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан үндэслэлээр тусгай санал гаргасан болно.
2.Магадлалын 11 дүгээр хуудсанд шүүгдэгч А.Н нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3, 12.1-д заасан заалтыг зөрчсөн гэж прокурорын яллах дүгнэлтэд огт байхгүй зүйл заалтаар буруутгасан. Яллах дүгнэлтэд зөвхөн Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а, 12.3 дахь заалтыг зөрчсөн гэж прокурор яллах үндэслэлээ болгосон.
Үүний улмаас зам тээврийн осол гаргаж, явган зорчигч Ш.Нацагийн амь насыг хохироосон болох нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.С-дын өгсөн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хяналтын камерын бичлэг зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон талаар дүгнэсэн. Гэтэл шинжээч С.С нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ “Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т “Жолооч ногоон гэрлээр зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийшээ эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалттай. Дүрс бичлэгээс харахад А.Н-н саарал өнгийн приус 20 маркийн тээврийн хэрэгсэл уулзварыг хойноос урагш чиглэлтэй чигээрээ нэвтэрч байгаа тул зүүн гар тийш эргэх үйлдэл хийж байгаа Д-ийн приус 41 маркийн тээврийн хэрэгслээс уулзварыг түрүүлж нэвтрэх давуу эрхтэй. Өөрөөр хэлбэл приус 41 машины жолооч Д уулзварыг нэвтэрч хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлэхийн тулд А.Н-д буюу приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөх ёстой” гэж мэдүүлсэн.
Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч С.С нь мэдүүлэхдээ “Тухайн осол болсон гол шалтгаан нөхцөлийг хар приус 41 машины жолооч шүүгдэгч Д-ийн буруутай үйлдлийн улмаас болсон” гэж мэдүүлсэн бөгөөд хот дотор 60 км/цагийн хурдтай явахыг Замын хөдөлгөөний дүрмээр зөвшөөрсөн тул А.Н-г хурд хэтрүүлсэн, хурдтай явж байсан гэж дүгнэх боломжгүй гэж мэдүүлсэн нь шүүх хуралдааны тэмдэглэлд авагдсан байгаа болно.
Мөн приус 41 загварын тээврийн хэрэгслийн жолооч шүүгдэгч Д нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “би Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй бол уг осол гарахгүй байсан, миний буруу” гэж мэдүүлсэн.
3.Прокурорын яллах дүгнэлтийн 2 дугаар хуудаст “яллагдагч Ш.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн 15.4, 12.3 дахь заалтыг тус тус зөрчиж, А.Н-н жолоодож явсан приус 20 тээврийн хэрэгслийг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас зам гарахаар зогсож байсан Ш.Н-н амь нас хохирсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна” гэж зөв дүгнэсэн атлаа А.Н-г тухайн осолд давхар буруутай гэж огт үндэслэлгүйгээр ялласанд гомдолтой байна.
Харин амь хохирогчийн амь насаа алдсан гол шалтгаан нөхцөл нь приус 41 машины жолооч Д-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 15.4, 12.3-т заасныг зөрчиж замын хөдөлгөөнд оролцож, А.Н-н жолоодож явсан машины зүүн талын хоёр хаалганы дунд хэсэг рүү мөргөсний улмаас А.Н-н машин нь шидэгдэж, амь хохирогчийн амь насанд хүрсэн нь шүүгдэгч Ш.Д буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд энэ нь А.Н-д огт хамааралгүй ба тэдгээр нөхцөл байдлуудыг харгалзан үзэлгүйгээр А.Н-д ял халдаасан нь бодит үнэнд нийцэхгүй байна. Өөрөөр хэлбэл, А.Н нь приус 41 машинд мөргүүлсний улмаас уг осол гарсан болохоос 2 машин мөргөлдсөний улмаас осол гараагүй болно.
Гол замаар зөвшөөрөгдсөн ногоон гэрэл дохиогоор давуу эрхтэй, Замын хөдөлгөөний дүрэмд заасан зөвшөөрөгдсөн хурдаар явж байхдаа мөргүүлсэн жолооч А.Н-г буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, түүний үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Даваахүү хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгатай танилцлаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Уранчимэг үйлчлүүлэгчтэйгээ ижил байр суурьтай байх ёстой. Гэтэл тэрээр үйлчлүүлэгчээсээ зөрүүтэй өөрийн байр суурийг зөвтгөх гэсэн тайлбар хэлж байна. Түүний энэ тайлбар үндэслэлгүй. Нэгэнт хүний эрх ашгийг хамгаалж байгаа бол үйлчлүүлэгчийнхээ саналыг сонсох ёстой. Хоёрдугаарт, шүүгдэгчийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг зөрчлийн шинжтэй гэж байна. Гэтэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийн улмаас учирсан хохирол уршиг нь зөрчилд хамаарахгүй, эрдэнэт хүний амь нас хохирсон. Иймээс шүүгдэгчийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон асуудлыг зөрчлийн хэрэг гэж үзэх үндэслэлгүй. Хоёр жолоочийн буруутай үйлдлээс болж зам тээврийн осол гарсан. Өмгөөлөгч Ж.Уранчимэгийн дурдсан камерын бичлэгт хийсэн шинжээчийн дүгнэлтээр гэм буруугийн асуудлыг шийдэхээс гадна хэргийн үйл баримт байгаа. Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлыг “Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу заавал шинжилгээ хийлгэх шаардлагатай” гэж тайлбарласан. Анхан шатын шүүх хуралдаан 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр болсон. Энэ үед гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хохиролтой холбоотой асуудлыг Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолын дагуу шийдвэрлэж байсан. Тус тогтоолд жишиг аргачлалыг шинжээчийн дүгнэлттэй адилтган зохицуулсан. Иймээс шүүх Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хохирлыг шийдвэрлэсэн нь ямар нэгэн хууль зөрчөөгүй. Харин 2025 он гарснаар гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийг заавал шинжилгээгээр тогтоохоор практикт тогтсон гэдгийг хэлэх нь зүйтэй. Осол гарахад хохирогчийн буруутай үйлдэл нөлөөлөөгүй. Явган хүний гарц дээр зогсож байхад 2 машин мөргөлдөж, улмаар хохирогчийн амь нас хохирсон учраас хоёр шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны гэж үзэх үндэслэлтэй. Шүүгдэгч А.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа өөрөө хүлээн зөвшөөрсөн. Иймд хоёр шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлтэй холбоотой асуудал яригдаж байна. Нэгдүгээрт, гэм буруугаа хүлээн зөвшөөрөх, хоёрдугаарт, хохирол бүрэн барагдсан байх гэх шаардлага дээрх хуулийн зохицуулалтын хүрээнд тавигддаг. Эдгээр нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүдийг хууль зүйн үндэслэлтэй, шударга ёсны зарчимд нийцсэн гэж үзэж байна. Хэдийгээр А.Н нь өөрийн гэм буруугаа хүлээж байгаа боловч бичгээр гаргасан гомдолдоо “шинжээч эмч намайг 0,5 промилийн согтолттой гэж дүгнэсэн ч би нөхцөл байдлаа хянан мэдрэх, биеэ хянах чадвартай байсан” гэж дурдсаныг бидний зүгээс түүнийг гэм буруугаа ухамсарлаагүй гэж үзэж байгаа. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар “урьд өдрийн уусан архины нөлөө гараагүй” гэж тайлбарласан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэжээ. Гэтэл шүүгдэгч “би өөрийгөө хянах чадвартай байсан” гэж гомдол гаргасанд үнэхээр гомдолтой байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбат амь хохирогчийн гэр бүлийнхний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгох хүсэлт гаргаж, “Улсын дээд шүүхийн Нийт шүүгчийн хуралдааны 25 дугаар тогтоолын дагуу шүүх шинжилгээний байгууллагаар тогтооно” гэж тайлбарлаж байна. Тус тогтоолд үндэслэж Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарын хамтран баталсан журмын 2.5-д “Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас хүн нас барсан бол хохирогчоор тогтоогдсон гэр бүлийн гишүүний сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5-д заасны дагуу арилгана” гэж заасан. Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийг Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.5-д заасны дагуу шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгчийн өмгөөлөгч “А.Н хохирогчийн ар гэрт 7,000,000 төгрөг өгсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасны дагуу шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгнө үү” гэж тайлбарлаж байна. Гэтэл бидэнд өгсөн 7,000,000 төгрөг нь оршуулгын зардал байсан. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-ыг хэрэглэх үндэслэлгүй. Өмгөөлөгч Х.Даваахүү “хохирлыг бүрэн барагдуулсан, нөхөн төлсөн тохиолдолд дээрх хуулийн зохицуулалтыг хэрэглэх боломжтой” гэж тайлбарласан. Иймээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Амь хохирогчийн ар гэрийн зүгээс “прокурорын гаргасан ялын саналыг биш Монгол Улсын шүүхээс оногдуулсан ялыг хүлээн зөвшөөрнө” гэж хүсэл зоригоо илэрхийлсэн. Бид шүүгдэгчид энэрэнгүй хандсан. Энэ гэмт хэрэгт 2 шүүгдэгч холбогдсон. Нэг нь гэм буруугаа хүлээж, “хохирлоо бүрэн барагдуулна” гэсэн. Мөн тэрээр өрх толгойлсон 2 хүүхэдтэй эцэг байсан учраас бид “шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэж хүсэлт гаргасан. Шүүгдэгч А.Н-н хувьд, прокуророос 5 жилийн хугацаагаар хорих ялын санал гаргасан. Бид Монгол Улсын шүүхээс гарсан шийдвэрийг хүндэтгэх үүднээс шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг хүлээн зөвшөөрсөн. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Прокурор Г.Эрдэнэ хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүгдэгч А.Н, Ш.Д нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтуудыг зөрчиж осол гаргасны улмаас хүний амь насыг хохироосон болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна.
Хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлуудаас өмгөөлөгч Ж.Уранчимэгийн шүүгдэгч А.Н-г гэм буруугүй гэж үзсэн, түүний согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлөөгүй гэж гэм буруугийн асуудлаар маргасан учраас уг гомдолтой холбоотой тайлбар хэлэх нь зүйтэй. Ногоон гэрэл нь жолоочид хөдөлгөөн хийхийг нь зөвшөөрдөг боловч хөдөлгөөнд аюулгүй байдлыг хангаж оролцох үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Шүүгдэгч А.Н нь уулзварт нэвтрэхээр ойртож байхдаа тээврийн хэрэгслийн хурдыг хасаагүй, дөрвөн зам огтлолцсон уулзварын бүс дотор тээврийн хэрэгслийг зогсоох боломжгүй хурдтай буюу хурдыг тохируулж яваагүй болох нь замын хяналтын камерын бичлэгээс харагдаж байна.
Шүүгдэгч нь тухайн ослыг гаргахдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь тухайн нөхцөлд хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдэрч хурдаа хасах, шаардлагатай үед зогсоох зэрэг үүргээ биелүүлээгүйтэй шууд холбоотой, осол гаргах үндсэн шалтгаан нөхцөл болжээ. Иймд өмгөөлөгч Ж.Уранчимэгийн гомдол үндэслэлгүй байна.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан. Гэтэл энэхүү хэрэгт шинжилгээ хийгдээгүй тул сэтгэцийн гэм хорын нөхөн төлбөрийг тооцож, шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Улмаар шийтгэх тогтоолын 6 дахь заалтад шүүгдэгч Ш.Д-оос сэтгэцийн гэм хорын нөхөн төлбөрийн үлдэх хэсгийг төлөх буюу хохирол төлөх үүрэг хүлээлгэж шийдвэрлэсэн.
Иймд шийтгэх тогтоолын 6, 9 дэх заалтын холбогдох хэсгийг хүчингүй болгож, сэтгэцийн гэм хорын нөхөн төлбөрийг нэхэмжлэх эрхийг оролцогчид нээлттэй үлдээн, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэж байна гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.“Хууль хэрэглээний зөрүү байгаа эсэх” асуудлаар шүүгдэгч А.Н болон түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг, С.Чинбат нарын гаргасан гомдлыг үндэслэн А.Н, Ш.Д нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
2.Мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
3.Хэргээс үзэхэд 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ш.Д нь ... улсын дугаартай, Toyota prius-41 загварын тээврийн хэрэгслийг жолоодон Дархан-Уул аймгийн Дархан сумын нутаг дэвсгэр, “Номин” худалдааны төвийн хажуугийн замд, гэрэл дохио бүхий уулзвар нэвтрэхдээ өөдөөс чигээрээ явсан А.Н-н тээврийн хэрэгсэлд зам тавьж өгөөгүй, А.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ ...улсын дугаартай, Toyota prius-20 загварын тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, зөвшөөрсөн гэрэл дохиогоор уулзвар нэвтрэхдээ хурдаа хасаагүйн улмаас Ш.Д жолоодож явсан тээврийн хэрэгсэлд мөргүүлж, цаана гарцаар зам хөндлөн гарахаар гэрэл дохио хүлээн зогссон явган зорчигч Ш.Н-г дайрч амь насыг нь хохироосон хэргийн үйл баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх зөрүүгүй тогтоожээ.
4.Уг зам тээврийн осол гарахад шүүгдэгч Ш.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.4-т “Жолооч ногоон гэрэл дохиогоор зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэж заасныг, шүүгдэгч А.Н-н хувьд мөн дүрмийн 3.7-ын а/-д “... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ыг хориглосон заалтыг, 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж заасныг, тэдний хэн аль нь хөдөлгөөнд аюул саад бий болохыг мэдсэн, мэдэх боломжтой үед тээврийн хэрэгслийн хурдыг хасах, зогсоох арга хэмжээг урьдчилж аваагүй зэргээр дүрмийн 12.3-т заасныг зөрчсөн талаар давж заалдах шатны шүүхээс хийсэн дүгнэлт, шийдэл нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан замын хөдөлгөөний зохицуулалт нь тээврийн хэрэгслийн хурдыг дүрмээр тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр, мөн замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний эрчим, үзэгдэх орчин, тээврийн хэрэгслийн онцлог зэргийг харгалзан тохирсон хурдыг сонгож явахыг жолоочид үүрэг болгожээ. Үүнээс үзвэл жолооч дан ганц зөвшөөрсөн хурдаар замын хөдөлгөөнд оролцох ёстой гэж шүүгдэгч, өмгөөлөгч нар үзэж буй нь хэт өрөөсгөл ойлголт бөгөөд тухайн орчин нөхцөлдөө хурдаа тохируулах үүргийг давхар хүлээх ёстойг анхаарах нь зүйтэй.
Шүүгдэгч А.Н нь зөвшөөрсөн гэрэл дохиог баримтлан түрүүлж уулзвар нэвтрэх эрхтэй ч аюул, ослоос урьдчилан сэргийлэх үүргээс чөлөөлөгдөхгүй. Тэрээр согтуугаар /амьсгалаар 1,45 хувь, цусанд 0,5 хувийн спиртийн агууламж илэрсэн/ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцсон ба уулзвар нэвтрэхдээ хурдаа хасаагүй болох нь замын хяналтын камерын бичлэгээр хөдөлбөргүй тогтоогджээ. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч, тээврийн хэрэгслүүд олноор нэвтрэх олон замын уулзвар гэдгийг мэдсээр байж уг замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийн хурдыг тохируулаагүй буюу хурдаа хасалгүй уулзвар нэвтэрсэн байх тул Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлийн а/, 12.1, 12.3 дугаар зүйлд заасныг тус тус зөрчсөн гэм буруутай гэж үзэх үндэслэлтэй юм.
5.Прокуророос хэргийг зүйлчлэн ирүүлэхдээ Замын хөдөлгөөний дүрмийн 12.1 дүгээр зүйлийг дурдаагүй хэдий ч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих буюу эш татсан диспозицтэй гэмт хэргийн зүйлчлэлийн тухайд шүүхээс хууль зүйн дүгнэлт хийхдээ салбарын хууль тогтоомжийн зөв хэрэглээг тогтоох, хэргийн үйл баримттай уялдуулан зөв тайлбарлан хэрэглэх үүргийн дагуу шийдвэр гаргасныг хэрэг хянан шийдвэрлэх хэмжээ хязгаараас хэтэрсэн гэж үзэхгүй.
Иймд өмгөөлөгч Ж.Уранчимэгээс гаргасан “... Шинжээчийн дүгнэлтээр 0.5% промилийн спирт илэрсэн нь Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээх үндэслэл болно. Гол замаар, зөвшөөрөгдсөн ногоон гэрэл дохиогоор давуу эрхтэй, дүрмээр зөвшөөрөгдсөн хурдаар явж байхдаа мөргүүлсэн жолооч А.Н-г буруутай гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн агуулга бүхий гомдлыг хангах боломжгүй байна.
6.Шүүхээс шүүгдэгч Ш.Даваадоржид Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг баримтлан, 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч А.Н-г Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 10 жилийн хугацаагаар хасаж, 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүгдэгч нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь тэдний гэм буруугийн хэлбэр, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, нийгмийн хор аюулын шинж чанарт тохирсон гэж хяналтын шатны шүүх дүгнэв.
7.Шүүгдэгч А.Н нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасны дагуу ялыг хөнгөрүүлэх талаар гомдол гаргажээ.
Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл /Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх/-ийн 1-д “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж... болно” гэжээ.
Уг зохицуулалт нь шүүхэд үүрэг болгосон бус, эрх олгосон хэм хэмжээ бөгөөд тухайн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал нь хуулийг хэрэглэх үндсэн нөхцөл нь байна.
Эрүүгийн эрх зүйн онол, хууль хэрэглээний жишигт “гэм буруугаа хүлээн зөвшөөрөх” гэдэгт шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэнээ сайн дураараа хүлээн зөвшөөрч, учирсан хохирол, хор уршиг, тэдгээрийн шинж чанар, хэр хэмжээ, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байхыг ойлгоно.
Шүүхээс А.Н-н үйлдэлд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаад, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял шийтгэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд тэрээр гомдолдоо “... шинжээчийн дүгнэлтээр 0,5 хувийн спиртийн агууламж илэрсэн нь өмнөх орой уусан пивотой холбоотой бөгөөд тухайн өдөр өөрийн үйлдлээ хянах чадвартай байсан. Гол замаар зөвшөөрсөн гэрлээр, зөвшөөрсөн хурдаар явж байхад приус 41 автомашин ирж мөргөсөн ...” гэж гэм буруугийн талаар маргаж байх тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх нөхцөл, шаардлага хангагдаагүй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг ойлгоно” гэж заасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.
8.Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэргүүдийн хувьд хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шинжилгээний байгууллага тогтоож, дүгнэлт гаргахаар хуульчилсан байна.
Мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-т заасны дагуу Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тоот тушаалаар хамтран баталсан журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ. Энэ заалтад зааснаас бусад Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг шүүх шинжилгээний байгууллага тогтооно” гэжээ.
Шүүгдэгч А.Н, Ш.Д нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх бөгөөд мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ хийгдээгүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн гэм хорын хохиролд 99,000,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй бөгөөд давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Иймд хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох ажиллагааг дээр дурдсан хууль тогтоомжийн хүрээнд хийж гүйцэтгэсний эцэст хохирлын нөхөн төлбөрийн асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх үзэж шийтгэх тогтоол, магадлалын сэтгэцэд учирсан хор уршгийг гаргуулсан хэсэгт өөрчлөлт оруулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч нараас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, А.Н-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах талаар өмгөөлөгч Ж.Уранчимэгийн, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх талаар шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч С.Чинбатын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгохоор тогтов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 421 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 9 дэх заалтыг “Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч М.М нь гэмт хэргийн улмаас учирсан эдийн бус гэм хортой холбоотой нэхэмжлэлээ иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй” гэж өөрчилж, 6 дахь заалтаас “... 24,500,000 төгрөгийг ...” гэсэн хэсгийг хүчингүй болгож, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Чинбатын хяналтын журмаар гаргасан гомдлын “... сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөр гаргуулсныг хүчингүй болгох ...” гэсэн хэсгийг хангаж, бусад хэсгийг болон шүүгдэгч А.Н, түүний өмгөөлөгч Ж.Уранчимэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ