Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 149

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Х.Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга К.Е,

орчуулагч, хэлмэрч А.Е,

улсын яллагч Х.Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К ,

шүүгдэгч А.К  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Е  овогт А гийн К д холбогдох 1913002800195 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 04-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумд төрсөн, 34 настай, эмэгтэй, яс үндэс казах, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын 4 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Е  овогт А гийн К , РД:Б385000000.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

А.К  нөхөр нь М.Х ыг Ногооннуур сумын Улаанчулуу багийн зусланд өөрийн гэртээ 2019 оны 08 дугаар сарын 02-ноос 03-ны шилжих шөнийн 06 цагийн үед унтаж байхад түүний магнай хэсэгт явган сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.Шүүгдэгч А.К  мэдүүлэхдээ: Гэмт хэрэг үйлдсэн гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хоёр: Эрүүгийн 1913002800195 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1.Хохирогч М.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 03-ны 06 цагийн үед Ногооннуур сумын Улаан чулуу багийн нутаг дэвсгэрт байрлах зусланд гэртээ унтаж байхад эхнэр болох А  овогтой К  миний толгойн тус газар хатуу мохоо зүйлээр нэг удаа цохиход миний баруун талын хөмсөгний /магнай/хэсгээс их хэмжээний цус гарсан ба эхнэр А.К  гэрээс гарч, зугтаагаад яваад өгсөн,би “намайг алах гэж байна, туслаарай” гэж орилоход миний төрсөн ах болох М.М  ирж, намайг орноос босгож, хөрш Х.Ж , Е.Д  нарыг дуудсан. Мөн эмч нарыг дуудсан юм. ...Надад ямар нэгэн нэхэмжлэх зүйл байхгүй. Энэ хэргийн улмаас надад учирсан хохирол байхгүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12-18 дуугар хуудас/,

2.Шинжээч эмч, цагдаагийн ахлах дэслэгч Е.Б гийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр гаргасан 345 дугаартай: “...Иргэн М.Х ын биед тархи доргилт,баруун талыг хөмсөгний хэсэгт мэс заслын оёдол тавьсан зулгарсан шарх, баруун талын нүдний дээд доод зовхины хэсэгт хөх ягаан өнгийн, нүдний алимны салстад улаан ягаан өнгийн цус хуралт зэрэг гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-оос дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,

3.Баян-Өлгий аймгийн Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 17 дугаартай: “...А.К  нь хэрэг үйлдэх үед сэтгэцийн хувьд эрүүл.А.К  нь зөвөөр ойлгож, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай. А.К  нь сэтгэцийн хувьд эрүүл, хэрэг хүлээх чадвартай. А.К  нь өөрийн харсан, сонссон зүйлийг зөв ойлгож, зөвөөр илэрхийлэх чадвартай” гэх магадалгаа /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/,

4.2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр модон сандалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/,

5.Гэрч А.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...А.К  нь миний төрсөн дүү маань юм. А.К  нь М.А гийн 4 дэх хүүхэд болж мэндэлсэн ба Ногооннуур сумын бүрэн дунд сургуульд 8 дугаар анги хүртэл сурч төгссөн. Ам бүл 5,нөхөр 3 хүүхдийн хамт амьдардаг. Тодорхой эрхэлсэн ажилгүй, мал малладаг, өөрийн гэсэн эд хөрөнгө, мал, тээврийн хэрэгсэл байхгүй, нэн ядуу иргэн юм. А.К гийн зан байдлын хувьд даруухан, цайлган сэтгэлтэй, цэвэрч, хөдөлмөрч, архи, согтууруулах ундааны зүйл, тамхи хэрэглэдэггүй. М.Х  гэр бүлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, эхнэр болох А.К г цохиж, зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар надад харсан, сонссон, мэдсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,

6.Гэрч К.К ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 8дугаар сарын 03-ний өдөр өглөөний 06 цагийн үед Ногооннуур сумын 5 дугаар багийн иргэн М.Х  нь Ногооннуур сумын Хар магнай гэх газарт байрлах Ногооннуур сумын Нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн ирсэн. Иргэн М.Х  анх эмнэлэгт ирэхэд баруун нүдний дээд зовхи шалбарсан, цус гарсан байдалтай, ухаан санаа саруул, орчиндоо харьцаатай ирсэн. Тэгээд иргэн М.Х ын баруун нүдний дээд зовхинд 2 ширхэг мэс заслын оёдол тавьсан юм. Ногооннуур сумын 5 дугаар багийн иргэн М.Х ын баруун нүдний дээд зовхинд үүссэн шарх, хатуу мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой,шинэ гэмтэл байсан. Иргэн М.Х  нь яаг юу болсон талаар, ямар хүчин зүйлийн улмаас биедээ гэмтэл авсан талаар бидэнд хэлээгүй. Иргэн М.Х ын биед үзлэг хийхэд бусад газарт ил харагдах шарх, сорви байхгүй байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

7.Гэрч М.М ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 8дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 06 цагийн үед Ногооннуур сумын “Хар магнай” гэх зусланд Баян-Өлгий аймгийн Өлгий сум машинтай явах гэж байхад миний төрсөн дүү болох М.Х ын гэрээс “Үхлээ, үхлээ” гэсэн эрэгтэй хүний дуу гарсан. Би гүйгээд төрсөн дүү болох М.Х ын гэр руу ороход М.Х ын духны тус газраас их хэмжээний цус гарсан орон дээр сууж байсан. М.Х “миний толгойн тус газар эхнэр А.К  цохичихлоо” гэж хэлсэн. А.К  гэрээс гараад дээшээ зугтаагаад явсан”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,

8.Гэрч Е.Д ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2019 оны 8дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 06 цагийн үед хөрш М.М ын хамт Өлгий сум руу явах гэж байхад манай хөрш М.Х ын духны тус газраас цус гарсан байдалтай гэрт байсан. Гэрт эхнэр нь болох А.К  байгаагүй, М.Х ын толгойн тус газар цус гарсан орон дээр сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/,

9.Гэрч Х.Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...2019 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн өглөөний 06 цагийн үед Ногооннуур сумын “Хар магнай” гэх газар гэртээ унтаж байхад М.М ирж намайг сэрээсэн ба “М.Х ын толгойн тус газраас цус гараад тогтохгүй байна, чи эмч дуудаад өгөөч” гэж хэлсэн. Би эмч дуудсан ба эмч ирээд үзэж оёдол тавихгүй бол болохгүй юм байна гэж эмнэлэг руу аваад явсан юм. М.Х ын баруун талын хөмсөгний дээд талын хэсгээс их хэмжээний цус гарсан байдалтай гэртээ сууж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,

10. Шүүгдэгч А.К гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Би 2019 оны8 дугаар сарын 01-ний өдрийн 21 цагийн үед Ногооннуур сумын “Хар магнай” гэх зусланд өөрийн гэрт хоол хийж байхад миний нөхөр М.Х  намайг “чи муу гэрийн ажил хийдэггүй” гэж хэл амаар доромжилж улмаар гартаа мод барьж авч миний зүүн талын гуяны тус газар нэг удаа цохисон. Тухайн үед орой болчихсон учраас амарчихсан. Тэгээд 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр өглөөний 06 цагийн үед урьд өмнө нөхөр М.Х  намайг модоор цохисонд уурлаад, нөхөр М.Х  оронд унтаж байхад нь гэр дотор байсан жижиг модон сандлаар духны тус газар нэг удаа цохиж, гэрээс гараад зугтаагаад яваад өгсөн. Би нөхөр М.Х ыг урандаа духны тус газар 1 удаа модон сандлаар цохисноо хүлээн зөвшөөрч байна. Би нөхөр М.Х аас сайн дураараа уучлалт гуйж,бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн. Бид хоёр хамт амьдарч байгаа, хохирлын тал дээр ямар нэгэн маргаангүй тул уг хэргийн хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгсөн үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А.К гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч А.К  нь 2019 оны 8 дугаар сарын 03-ны өдөр 06 цагийн үед Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын нутаг дэвсгэрт гэртээ унтаж байсан нөхөр нь болох М.Х ын толгой тус газар сандлаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч М.Х ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 12-18 дуугар хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2019 оны 8 дугаар сарын05-ны өдөр гаргасан 345 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 19-23 дугаар хуудас/, Баян-Өлгий аймгийн Шүүх сэтгэц гэм судлалын 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 17дугаартай магадалгаа /хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/, 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр модон сандалд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 9-11 дүгээр хуудас/, гэрч Х.Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/, гэрч Е.Д йн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 42-43 дугаар хуудас/, гэрч М.М ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/, гэрч К.К ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/, гэрч А.О ийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/, шүүгдэгч А.К гийн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 52-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.К  нь өөрийн нөхөр болох М.Х  унтаж байхад түүний толгой хэсэгт явган сандлаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч А.К аас шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч А.К гийн гэм буруутай үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд, гэр бүлийн хүрээнд нөхөр болох М.Х ын толгой тус газар сандлаар цохисон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч А.К г гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь ахуйн шинжтэй хэрүүл маргаан нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж үзлээ.

 

2.Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч А.К гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Х ын эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрсэн бөгөөд хохирогчоос хохирол нэхэмжлээгүй байна.

 

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч А.К д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч А.К  нь хохирогч М.Х тай сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна. Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 5/76 дугаартай саналд яллагдагч А.К д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч А.К  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 86 дугаар хуудас/. Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасан журмыг зөрчөөгүй тул шүүхээс шүүгдэгч А.К д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А.К д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг барагдуулсан байдал, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, хөнгөрүүлэх нөхцөл байдалтай зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан торгох ялыг сонгон, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, 6 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлж дуусган, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч А.К  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдлыг, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан үзлээ. Шүүгдэгч нь урьд нь гэмт хэрэг үйлдэж байгаагүй болох нь цагдаагийн байгууллагын ял шийтгэлийг шалгасан хуудсаар нотлогдож байна.Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

 

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч А.К  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно.Шүүгдэгч А.К д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5 дугаар зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Е  овогт А гийн К г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.К г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.К д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сар буюу 180 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.К  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван таван) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч А.К  энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А.К гийн иргэний цахим үнэмлэхийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шилжүүлэхийг шүүгчийн туслах Т.Х д даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А.К д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А.К д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.Т