| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/08287/И |
| Дугаар | 101/ШШ2016/06190 |
| Огноо | 2016-10-13 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 101/ШШ2016/06190
| 2016 оны 10 сарын 13 өдөр | Дугаар 101/ШШ2016/06190 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Д.Золзаяа, Л.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, Колонк 1 дүгээр гудамж, 2 тоот хаягт оршин суух, Жаргал овогт Бямбадоржийн Мөнх /РД:ОК90082310/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 21 дүгээр хороо, Жамсран уулын 2 дугаар гудамж, 2261а тоотод оршин суух, Боржигон овогт Оюуны Өлзийбаяр /РД:ФВ71051811/-т холбогдох,
Гэм хорын хохирол 1,565,000 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Мөнх, хариуцагч О.Өлзийбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ундрах нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би, 2016 оны 5 дугаар сарын 01-ний 00 цаг 20 минутын үед Субару импреза маркийн 63-89 УБВ дугаартай суудлын машинаар Хан-Уул дүүргийн Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварын гэрлэн дохион дээр зогсож байх үед Тоёота приус-10 маркийн 07-83 УНЧ улсын дугаартай машины жолооч О.Өлзийбаяр нь согтуу явж байхдаа ухран ирж миний машины урдаас мөргөсөн. Түүнээс буруутай үйлдэл Замын цагдаагийн газрын хэргийн газарт хийсэн актаар тогтоогдож байгаа. Тухайн ослын үед 63-89 УБВ импреза машиныг Г.Золбаяр /Б.Мөнхийн нагац ах/ барьж явсан болно. Хохирлын хэмжээ бага тул эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж энэ тухай прокурорын мэдэгдэл ирсэн. Миний машинд “Капитал эстимэйт” ХХК-ийн үнэлгээгээр 1,263,000 төгрөгийн хохирол учирсан. Бид ярьж тохирон О.Өлзийбаяр нь учруулсан хохирлоо бүрэн барагдуулна гэсэн боловч одоог хүртэл барагдуулаагүй байна. Би уг машинаар оройн цагаар таксины үйлчилгээнд явж өдөрт 15,000-25,000 төгрөгийн орлого олдог байсан.
Иймд хариуцагч О.Өлзийбаяраас машинд учруулсан хохирол болох 1,263,000 төгрөг, тухайн ослоос хойш гарсан зардал нотариат 2,000 төгрөг, өдөрт олох 20,000 төгрөгийг 15 хоногоор тооцож, 300,000 төгрөг, нийт 1,565,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч О.Өлзийбаяр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Өдөрт олох байсан орлого 300,000 төгрөг нь үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч Б.Мөнх гэгч нь оройн цагаар такси үйлчилгээнд явж 15,000-25,000 төгрөгийн орлого олдог байсан эсэх нь эрэгт авагдсанаар тодорхой бус. Хэрэв Б.Мөнх нь тус машинаар таксинд явдаг тухайн үйлчилгээгээрээ 15,000-25,000 төгрөг олдог бол хуульд зааснаар орлогын албан татвар төлдөг эсэх тухай орлого тайлагнадаг байсан эсэхийг заавал тогтоох шаардлагатай. Осол гардаг өдөр Б.Мөнх тухайн автомашиныг жолоодож яваагүй.
Б.Мөнхийн машинд миний зүгээс 1,263,000 төгрөгийн хохирол учруулсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй.
Б.Мөнх нь тус автомашиныг үнэлгээний газар очиж үнэлүүлэхэд тухайн үнэлгээний газрын үнэлгээг зөвшөөрөхгүй Капитал эстимэйт гэдэг үнэлгээний газраар 1,263,000 төгрөгийн үнэлгээ гаргуулсан. Үнэлгээг гаргахад урд байсан гэмтлийг давхар үнэлүүлж байсан. Би тухайн үед осол гарахад согтолт ихтэй байсан. Ухарч тус машиныг гэмтээсэн гэхэд итгэхгүй байгаа юм. Тухайн үед миний өөрийн машин урд тал нь их гэмтсэн байсан. Ухарч очиж гэмтээсэн гэхэд миний машин ард талдаа гэмтэл, зураас ч байхгүй байсан. Ер нь тухайн машин урд суурь гэмтэлтэй байсан нь гэрэл дохионы тэнд зузаан замаск, будагтай байсан. Иймээс би машиныг мөргөсөн ч 1,263,000 төгрөгийн хохирол учрахаар байгаагүй учраас тус хохирол нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Бас тус үнэлгээг дахин гаргуулах хүсэлтэй байна.
Осол болоод үнэлгээний газар орсон. Урд гэрэл хагарсан байсан. Усны сав хагарсан, буфер нь замасктай байсан. Бүх зүйл нь элэгдсэн байсан. Үнэлгээгээр бүх зүйлээ шинээр авхуулахаар үнэлүүлсэн. Миний машины мөргөсөн хэсэг зүгээр байгаа. Их гэрэл хагарсныг бол хүлээн зөвшөөрнө. Би машиныхаа урд талаар шон мөргөсөн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Мөнх нь хариуцагч О.Өлзийбаярт холбогдуулан, зам тээврийн ослын улмаас учирсан гэм хорын хохирол 1,565,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хариуцагч О.Өлзийбаяр нь 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 00 цаг 20 минутын үед Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, Зайсангийн гудамж замд Тоёота приус-10 маркийн 07,83 УНЧ улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Замхын хөдөлгөөний дүрмийн 7.17-дахь заалт “Бусдын хөдөлгөөнд саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй.” гэснийг зөрчиж Г.Золбаяр жолоочтой, Субару импреза маркийн, 63-89 УБВ дугаартай машинтай мөргөлдөж зам тээврийн осол гаргасан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан, Замын цагдаагийн газрын 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зэргээр тогтоогдож байна.
Дээрх зам тээврийн ослын улмаас Субару импреза маркийн, 63-89 УБВ дугаартай автомашинд 1,263,000 төгрөгийн хохирол учирсан, уг автомашины өмчлөгч Жаргал овогт Бямбадоржийн Мөнх /РД:ОК90082310/ мөн болох нь хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, “Капитал Эстимэйт” ХХК-ийн үйлдсэн 2016 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1632 дугаартай “Автомашин техникийн үнэлгээний тайлан” зэргээр тогтоогдож байх тул нэхэмжлэгч Б.Мөнх нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлыг буруутай этгээдээс гаргуулахаар шаардах эрхтэй.
Нэхэмжлэгч Б.Мөнхийн өмчлөлийн, 63-89 УБВ улсын дугаартай, Субару импреза маркийн автомашинд учирсан эвдрэл, хохирлын хэмжээг тогтоосон “Капитал эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайланг үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй тул дахин үнэлгээ гаргуулах тухай хариуцагч О.Өлзийбаярын тайлбар, хүсэлтийг хангах боломжгүй юм.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул автомашинд учирсан эвдрэл, хохирлыг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Харин нэхэмжлэгч Б.Мөнх нь 300,000 төгрөгийн ашиг олох байсан, нотариатын үйлчилгээнд 2,000 төгрөгийн зардал гаргасан гэж үзэх үндэслэл нотлогдож тогтоогдоогүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иймд хариуцагч О.Өлзийбаяраас 1,263,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Мөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дах хэсэг, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч О.Өлзийбаяраас 1,263,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхөд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 302,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 39,990 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Өлзийбаяраас улсын тэмдэгтийн хураамжид 34,862 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Мөнхөд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД Д.ЗОЛЗАЯА
Л.ЭНХЖАРГАЛ