Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 29 өдөр

Дугаар 890

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

улсын яллагч Б.Ундрах /томилолтоор/,

шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан /ШТЭД-2670/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Х.Анхцэцэгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Үйзэн овгийн Д.Д-т холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг 2019 оны 6 дугаар  сарын 20-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, боловсролгүй, мэргэжилгүй, “Төгс сансар” ХХК-д хамгаалалтын албанд ээлжийн дарга ажилтай, ам бүл 2, эхийн хамт ................... газарт хаягийн бүртгэлтэй боловч одоо ................. тоотод түр оршин суух, урьд

- Баянзүрх дүүргийн шүүхийн 512 дугаартай шийтгэх тогтоолоор 2009 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 01 сарын хорих ялаар шийтгэж, 2009 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-т оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас 3 жилийг өршөөж, 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдөр шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Д.Д /РД:...................../.

Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Шүүгдэгч Д.Д нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу гэх газарт С.Г-ийн толгойн тус газар чихрийн тавгаар, гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч С.Г-ийн мэдүүлэг /хх20-21, 97/, Шүүх шинжилгээ үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №3357 дугаартай дүгнэлт /хх30/, шинжээч эмч А.Амартүвшингийн мэдүүлэг /хх35/, гэрч Г.Т-ийн мэдүүлэг /хх100/, гэрч Г.Х-гийн мэдүүлэг /хх103/, гэрч П.Б-ийн мэдүүлэг /хх27/, шүүгдэгч Д.Д-ийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх45-46/, шүүгдэгчийн ажил байдлын тодорхойлолт /хх73/, хохирол төлсөн баримт /хх82/, гэрч Л.Д-гийн мэдүүлэг /хх107/, хохирогч С.Г-ийн хүсэлт /хх113/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Нэг. Шүүгдэгч Д.Д-ийг гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:

1. Хохирогч С.Г-ийн “...Би 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр зүс таних Д гэдэг залуу над руу утсаар яриад манайд хүрээд ирээч гэж хэлсэн. Би тэгээд гэрийг нь утсаар ярьж заалгаж очсон... Бид хоёр гэрт нь 1 шил архи уугаад байж байсан чинь хажуу айлын хүн гээд нэг хүүхэн орж ирсэн. Архи ууж байхдаа Д хажуу айлын хүүхэнтэй муудалцаад тэр хүүхний үснээс нь зулгаахаар нь би “чи одоо болиоч ээ” гэсэн чинь тэр хүүхэн гараад зугтаасан. Тэр үед Д ширээн дээр байсан шилэн тавгыг аваад миний толгой руу цохиод хагалсан би ухаан алдсан. Ухаан алдаад сэрсэн чинь надаас аймаар их цус гарсан Д би хүн алчихлаа гэж сандарсан байсан. Удаагүй дүү нь ирээд эмнэлэгт үзүүлэх гэж байсан тэгсэн Д би үзүүлнэ гээд дүүгээ явуулсан. Д надад эм тариа өгөөд гэртээ 2 хоног байлгасан. Би Д-ийн гэрээс гараад дүү Т-гийн гэрт очоод 2 хоноод бие өвдөөд эмнэлэгт үзүүлсэн чинь гавал тархины гэмтэлтэй байна гээд эмчилгээ хийлгэсэн...” гэсэн мэдүүлэг /хх20-21, 96/,

2. Гэрч Г.Т-ийн “...2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр нагац ах Г над руу согтуу яриад “ахыгаа ирээд аваач, ах нь хүнд зодуулчхаад хэвтэж байна” гээд өдөржин над руу яриад би орой нь 1 дүгээр хорооллын 32 дугаар байрны ард Гэндэн гэдэг айлд согтуу байж байсан. С.Г ах надад хэлэхдээ Д гэдэг хүнд баруун туруун гэдэг газар зодуулаад гэрт нь 2 хоноод, тэгээд Д ахаасаа мөнгө авч эмчилгээ хийж өгнө гэсэн гэж хэлсэн. ...Г ахын толгойны дагз нь хавдаад язарсан, нэг нүд нь хөхөрсөн байсан. ...Тухайн үед цагдаагаас 2 байцаагч Д гэдэг хүний гэрийн хаягийг нь олох хэрэгтэй байна гэхээр нь би С.Г ахаар заалгаж Баруун туруун гэх газарт очсон. Тэгээд  Эрдэнэчимэг гэдэг хүүхэнтэй уулзаад Д гэдэг хүний гэрийг заалгасан. Тухайн үед Эрдэнэчимэг гэдэг хүүхэн бага зэрэг архи уусан байдалтай байсан. Тэгээд болсон явдлын талаар ярихдаа Д, С.Г хоёр архи ууж байхдаа намайг дуудаад цуг архи уусан. Тэгээд Д намайг зодсон чирсэн гэж ярьж байсан. С.Г ах боль гээд салгасан чинь Д, Г ах хоёр муудалцаж байгаад ширээн дээр байсан чихрийн тавгаар толгой руу нь цохьсон, тэгээд зугтаасан чинь араас Д гарч ирээд намайг дарамталсан гэж Эрдэнэчимэг гэдэг хүн тодорхой хэлж байсан. Тэр хүн архи их уудаг бололтой туранхай биетэй гадаад Унгар, Чех өөрийгөө олон жил болсон гэсэн утгатай юм яриад байсан...” гэсэн мэдүүлэг /хх101-102/,

3. Гэрч Г.Х-гийн “...2018 оны 03 дугаар сарын 02-ны орой Т манай нөхрийн нагац ах Г-ийг манай гэрт авчирч ирсэн юм. Тэр үед С.Г ахын согтууруулах ундаа үнэртүүлсэн байдалтай, тэхдээ согтуу биш байсан. С.Г ахын нэг нүд хамартайгаа тэгширээд хавдсан толгойных нь ард дагз хэсгээс нь цус гараад хатсан байсан. С.Г ах шилээр цохиулсан гэж яриад байсан ба бие чинь зүгээр үү гэсэн чинь зүгээр байна гээд манайд хоносон. ...Маргааш өглөө нь сэрээгээд өвчин намдаагч эм өгөөд босгох гэсэн чинь босох байтугай нүдээ нээх ч чадалгүй болсон байсан. Тэгээд үдээс хойш хоол идэхгүй, дотор муухайраад, огиудас хүрээд байна гээд бие нь муудаад байхаар нь нөхөр Н-ын эгч Н рүү  утсаар ярьж дуудаад С.Г ахыг аваад хамт ГССҮТ-д очсон томографикийн зураг авахуул гээд зураг авахуулаад 20-30 минут хүлээж байгаад зурагны хариуг явсан чинь цус хуралт ихтэй олон гэмтэлтэй байна харвахад бэлэн болсон байна гэж хэлээд тэр орой нь шууд ГССҮТ-н гавал гэмтлийн тасагт хэвтэж эмчлүүлсэн. ГССҮТ-д 14 хоног хэвтэж эмчлүүлсэн. Надад бол хэнд зодуулснаа хэлээгүй. Тд зодсон хүнээ хэлсэн. Т сайн мэдэж байгаа. Тухайн үед Гэмтлийн эмнэлэгт очиход Г ахын бие муудсан байсан. Тэгээд би эмчид нь 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манайд зодуулсан байдалтай ирсэн гэж хэлсэн” гэсэн мэдүүлэг /хх104/,

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №3357 дугаартай дүгнэлтэд “...С.Г-ын бие дагз, зулайн ясны шугаман хугарал, самалдагийн хөндийн дээд ханын хугарал, духны хэсгийн тархины эдийн няцрал, дагзны хуйхны шарх, зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. С.Г-ийн дагз, зулайн ясны хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг, самалдаг ясны хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэг, бусад духны хэсгийн тархины эдийн няцрал, дагзны хуйхны шарх, зүүн нүдний зовхины цус хуралт нь хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...” гэжээ. /хх30/,

5. Шинжээч эмч А.Амартүвшингийн “...Гэмтэл нь 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үүссэн байх боломжтой байна. Нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх гэмтэл байна. Хэсэг газрын үзлэгээр дагзны хуйханд 2 хэсэг газар шархтай, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл, дагз зулай ясны шугаман хугарал, самалдаг ясны хугарал, духны тархины эдийн няцрал гэмтлүүд нь цохих, цохигдох, унах хүчний аль алинд үүсэх боломжтой. Нүүрэнд учирсан гэмтлүүд нь цохигдох үед үүсэх боломжтой. Унах үед үүсэх боломж багатай. Нүүрэн хэсэгт цохигдоод дагз хэсгээр унах үед дагзны гэмтэл болон тархины гэмтэл нь үүсэх боломжтой. Мөн толгойн ар хэсэг рүү хатуу биетээр цохигдох үед дагз тархины гэмтэл нь үүсгэгдэх боломжтой юм...” гэсэн мэдүүлэг /хх35-36/,

Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Д.Д.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж, гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч Д.Д нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан нь гэм буруугийн тал дээр маргаагүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр сууринаас оролцсон болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаас дүгнэн үзэхэд шүүгдэгч Д.Д нь 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун туруу гэх газарт хохирогч С.Г-ийн толгойн тус газар чихрийн тавгаар, гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь хохирогч С.Г-ийн “...Тэр үед Д ширээн дээр байсан шилэн тавгыг аваад миний толгой руу цохиод хагалсан би ухаан алдсан...” гэх мэдүүлэг, гэрч Г.Т-ийн “...Тэгээд Д намайг зодсон чирсэн гэж ярьж байсан. С.Г ах боль гээд салгасан чинь Д, Г ах хоёр муудалцаж байгаад ширээн дээр байсан чихрийн тавгаар толгой руу нь цохисон, тэгээд зугтаасан чинь араас Д гарч ирээд намайг дарамталсан гэж Эрдэнэчимэг гэдэг хүн тодорхой хэлж байсан...” гэх мэдүүлэг, шүүгдэгч Д.Д-ийн шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн  мэдүүлгүүдээр тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Д-ийг хохирогчийн толгойн тус газар чихрийн таваг болон гараараа цохисон хууль бус үйлдлийн улмаас хохирогч С.Г-ийн эрүүл мэндэд “...дагз, зулайн ясны шугаман хугарал, самалдагийн хөндийн дээд ханын хугарал, духны хэсгийн тархины эдийн няцрал, дагзны хуйхны шарх, зүүн нүдний зовхины цус хуралт...” бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан талаар шүүх эмнэлгийн шинжээч эмчийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн №3357 дугаартай дүгнэлтэд тодорхойлжээ. 

Шүүгдэгч Д.Д нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч С.Г-г зодож, эрүүл мэндэд нь хохирол, хор уршгийг хүсэж учруулсан гэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулахаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч дээрх зүйл, хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирол, хор уршиг-хохирол төлбөрийн талаар: 

Шүүгдэгч Д.Д нь хохирогч С.Г-д 1.000.000 төгрөг төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, түүний гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нотариатаар гэрчлүүлсэн хүсэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Д.Д нь шүүхийн энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин хохирогч С.Г-ийн эрүүл мэндэд дагз, зулайн ясны хугарал бүхий “хүнд” хохирол учирсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хор уршиг бүрэн арилсан гэж үзэх боломжгүй тул, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг Иргэний хуулийн 228, 497, 505 дугаар зүйлд заасны дагуу Иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зөв гэж үзлээ.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор тогтоох дүгнэлт, саналыг гаргасан болно.

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Баярбаясгалангаас шүүгдэгч Д.Д нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, сонголттой байдлаар торгох ял оногдуулах боломжтой байх тул 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, оногдуулсан ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой байдлаар тогтоох саналтай байна гэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүгдэгч Д.Д-ийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг “...гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх...” заасан бөгөөд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагын санал харгалзан шүүгдэгч Д.Д-ийг нийгмээс тусгаарлахгүйгээр хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч Д.Д-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтой байхаар тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ийг 10.000 /арван мянган/ нэгж буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д нь торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөх боломжтойгоор биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шүүгдэгч Д.Д хохирогчид 1.000.000 төгрөг төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч С.Г нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хорын асуудлаар цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний хэргийн шүүхийн журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

                          

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             М.МӨНХБААТАР