| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мижиддоржийн Мөнхбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0864/Э |
| Дугаар | 882 |
| Огноо | 2019-09-06 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Р.Энх-Оюун |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 06 өдөр
Дугаар 882
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мөнхбаатар даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,
улсын яллагч Р.Энх-Оюун,
шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Р.Энх-Оюунаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Т-д холбогдох эрүүгийн ......................... дугаартай хэргийг 2018 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эх, 2 дүүгийн хамт .................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Ж.Т /РД:.................../
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед такси үйлчилгээнд явж байх үедээ автомашинд нь зорчиж явсан иргэн Т.Б-гээс “гар утсаар чинь ярьчхаад өгье” гэж хэлэн утсаар нь ярьж түүнийг утсаа нэхэхэд нь “гар утсыг чинь сандалны хажуугаар унагачихлаа, нэг мөсөн зогсож байгаад аваад өгье” гэж хэлэн хуурч зохиомол байдлыг зориудаар бий болгон Т.Б-г гэрийнхээ гадаа ирэхэд нь “би гар утсыг чинь унагасан газраасаа гэрэл тусгаж байгаад олоод байж байя, та мөнгөө аваад гараад ир” гэж хэлэн залилан мэхэлж түүнийг машинаас бууж Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо ................ тоотод байрлах хашааныхаа үүдээр орох үед нь машинаа асааж тухайн газраас зугтаж яван, бусдад 784,000 төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас: Хохирогч Т.Б-гийн мэдүүлэг /хх15/, гэрч Ж.Б-гийн мэдүүлэг /хх22/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд /хх4-10/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх24-25/, ялладагч Ж.Ты иргэний үнэмлэхийн лавлагаа /хх27/, ял шалгах хуудас /хх32/, шүүгдэгч Ж.Ты мэдүүлэг /хх46-47/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлуулсан болно.
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.
Нэг. Шүүгдэгч Ж.Т-г гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудын агуулга:
1. Хохирогч Т.Б-гийн “...Би 2019 оны 6 дугаар сарын 03-ны орой найзуудтайгаа нэг шил архи хувааж уучихаад харих гээд Баянгол дүүргийн Модны 2-н хороолол руу өгсдөг зам дээрээс гар өргөн такси барьж суугаад хороолол орчим явж байхад миний .............. дугаар луу манай эхнэр болох Б залгаад намайг хаана явж байгаа талаар асуухад би хороолол хүрч явна гэж хэлсэн. Тэгээд Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо 34-н гүүрний орчимд явж байтал миний сууж явсан таксины жолооч залуу надаас “ах утсаар чинь нэг яриад өгье” гэж хэлээд миний утсыг авсан. Тэгээд нэг дугаар луу залгаад “найз нь таксинд явж байна” гэж ярьж байгаад тасалсан. Яриад дуусчхаар нь би гар утсаа явъя гэхэд нөгөө жолооч “гар утсыг чинь сандалны хажуугаар унагачихлаа, нэг мөсөн зогсож байгаад аваад өгье” гэхээр нь би юм бодолгүй гэрээ зааж өгөөд хашааныхаа үүдэнд очсон. Тухайн үед надад бэлэн мөнгө байхгүй байсан учир гэр лүү орж эхнэрээс мөнгө авах гээд таксинаас буусан. Таксины жолооч “би гар утсыг чинь унагасан газраасаа гэрэл тусгаж байгаад олоод байж байя, та мөнгөө аваад гараад ир” гэхээр нь итгээд буусан. Тэгтэл намайг хашааны үүдээр яг ортол нөгөө такси яваад өгсөн. Эхнэр гэрийн гадаа үүдэнд зогсож байснаа нөгөө такси чинь яваад өглөө гэхээр нь би буцаад гараад гүйтэл алга болчихсон. ..би гар утсаа тухайн машинд явж байхдаа ашигласан бөгөөд эхнэртэйгээ утсаар ярьсан. Бас тухайн жолооч гуйхаар нь утсаа өгсөн...” гэх мэдүүлэг /хх15/
2. Гэрч Ж.Б-гийн “...Би 2019 оны 6 дугаар сарын 03-ны орой 21 цагаас 22 цагийн орчим нөхөр болох Б руу залгаад хаана явж байгаа талаар асуухад манай нөхөр утсаа өөрөө аваад “хөгшин нь таксинд суучихсан очиж байна, хороолол өнгөрөөд явж байна мөнгө бэлдээд байж бай” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгэхээр нь би таксины мөнгийг нь бэлдээд хашаан дотроо байшингийнхаа гадаа боржур дээр зогсоод хүлээж байтал утсаар ярьсанаас 15 минут орчмын дараа манай хашааны гадна машины гэрэл тусаад зогссон. Тэгээд тэр машинаас нөхөр Б бууж ирээд хашааны хаалга онгойлгоод орж иртэл тухайн такси нь шууд хөдлөөд яваад өгсөн. Тэгэхээр нь нөхөрт такси чинь яваад өгчихлөө мөнгөө өгчихсөн юм уу гэж асуутал манай нөхөр хүүе утас гээд эргээд гартал нөгөө такси нь булан тойроод алга болсон...” гэх мэдүүлэг /хх22/,
3. Таньж олуулаха ажиллагаа явуулсан тэмдэглэл, зурган үзүүлэлтүүд/хх4-10/,
4. Хөрөнгийн үнэлгээний 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн тайланд “...Huawei P20 lite маркийн утсыг 784.000 төгрөгөөр үнэлжээ...”. /24-25/
5. Ж.Ты яллагдагчаар өгсөн “...Миний бие 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр өөрийн эзэмшлийн “Банк бусаар лизингээр авсан” ...........УБЭ улсын дугаартай Приус-20 маркийн автомашинтай таксинд явж байхад орой 21 цагийн үед Баянгол дүүргийн 3, 4 дүгээр хорооллын голын зам дагуу Модны 2-н зам дээрээс нэг ах гар өргөж суусан. Тэр хүн Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооллын 34-н гүүрээр өгсөн гэрийнх нь гадаа очиход тэр ах “би гэрээсээ гялс мөнгө аваад гараад ирье. Чи наанаа машинаа эргүүлж бай” гэж хэлээд яваад хашааруугаа орсон. Тэгэхээр нь би машинаа эргүүлчхээд арын суудал руугаа харсан чинь тэр ах өөрийн гар утас, тэмдэглэлийн дэвтэр, цэнхэр өнгийн алчуур зэрэг эд зүйлсээ орхиод гарсан байсан. Тэрийг би хараад тэр ахыг хүлээлгүй гар утсыг нь аваад шууд яваад өгсөн. Гэтэл тэр өдрөөс хойш ойролцоогоор 7 хоногийн дараа над руу цагдаагаас залгасан. Би очиж болсон явдлын талаар мэдүүлсэн. ...Би тухайн үед автомашиныхаа лизинг төлөөгүй хугацаа хэтрүүлчихсэн мөнгө яаралтай олох хэрэг гараад байсан. Тэр үед бэлэн гар утас харагдахаар нь өр бодогдоод авчихъя гэж бодсон...” гэх хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх46-47/
Гэм буруугийн дүгнэлт: Шүүгдэгч Ж.Т:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд болон талуудын мэтгэлцээний хүрээнд дүгнэн үзэхэд 2019 оны 6 дугаар сарын 03-ны өдөр 21 цагийн үед шүүгдэгч Ж.Т нь хувиараа такси үйлчилгээнд явж байх үедээ хохирогч Т.Б-г Сонгинохайрхан дүүргийн 23 дугаар хороо ................ тоотод хүргэж өгсөн байна.
Ийнхүү хүргэж өгөхөөр явж байхдаа шүүгдэгч Ж.Т нь хохирогч Т.Б-д хандан “...гар утсаар чинь ярьчихаад өгье...” гэж хэлэн утсаар нь ярьсан, хохирогчийг утсаа авая гэхэд нь “...гар утсыг чинь суудлын хажуугаар унагачихлаа, нэг мөсөн зогсож байгаад аваад өгье...” гэж хэлсэн, гэрийнх нь гадаа очоод “...би гар утсыг чинь унагасан газраасаа гэрэл тусгаж байгаад олоод байж байя, та мөнгөө аваад гараад ир...” гэж хэлсэн, хохирогч Т.Б нь гэрээсээ такси үйлчилгээний мөнгө авчрахаар хашаа руугаа орсны дараа утсыг нь авч явсан болох нь хохирогч Т.Б-гийн мэдүүлэг, гэрч Ж.Б-гийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатан яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр нотлогдон тогтоогдож байна.
Тодруулбал: Шүүгдэгч Ж.Т нь хохирогч Т.Б-гээс гар утсыг нь хэрэглээд өгөхөөр гуйж авсан, утсыг ашиглан бусадтай холбоо барьсан, улмаар утсыг нь автомашины суудлын хажуугаар уначихлаа гэж зохиомол байдлыг зориудаар бий болгосон, хохирогчийг гэртээ ороод таксины хөлсөө төлөх мөнгө аваад ирэх хооронд гар утсыг нь олоод байж байя гэсэн итгэл төрүүлэн, хуурч, түүнийг орхиод явсан хооронд эд хөрөнгийг нь авч явсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Хохирогчийн гар утсаа ашиглахыг зөвшөөрөн өгсөн үйлдэл нь шүүгдэгчид буцаан өгнө гэдэгт нь итгэн, түр өгч байгаа хэлбэр бөгөөд харин шүүгдэгч нь утсыг нь суудлын хажуугаар унагаачихлаа, би хайгаалж олж байя гэсэн нь эд хөрөнгийг буцаан өгөхгүй байх санаа зорилго агуулан зохиомол байдлыг зориудаар болгон, хохирогчид итгэл төрүүлэн, хуурсан үндэслэл тогтоогдож байх тул залилах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Т нь гэм буруугийн санаатай хэлбэрээр шунахайн сэдэлтээр хохирогчийг хуурч, эд хөрөнгийг шилжүүлэн авч буйгаа мэдэж, хүсэж үйлдсэн гэж үзнэ.
Иймд улсын яллагчаас шүүгдэгч Ж.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох бусдын эд хөрөнгийг залилан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэсэн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчийг гэм буруутайд тооцон шийдвэрлэв.
Хохирол, хор уршиг-төлбөрийн тухайд:
Шүүгдэгч Ж.Т нь хохирогч Т.Б-д учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан, хохирогч нь хохирол, гомдол байхгүй /хх87/ гэсэн хүсэлтийг бичгээр бичиж хэрэгт хавсаргуулжээ.
Иймд шүүгдэгчийг нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт, саналыг гаргасан.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ж.Т-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нотлох баримт, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршиг, түүнийг нөхөн төлсөн байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзлээ.
Хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч Ж.Т нь хохирлыг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “...учруулсан хохирлыг төлсөн...” гэсэн нөхцөлийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцож, харин шүүгдэгчийн үйлдэлд мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч Ж.Т-г гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлын хувьд эрхэлсэн тодорхой ажил, тогтмол цалин орлогогүй зэргийг харгалзан, мөн улсын яллагчийн санал хэргийн нөхцөл байдлын хувьд тохирсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүх шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Т-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилан авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-г 300 /гурван зуун/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найм/ цагийг 1 /нэг/ хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогчид хохирол төлөгдсөн, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХБААТАР