| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1751 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 16.1.1., 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Ганбулган |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 1751
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч Б.Ганбулган,
Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Л.Б холбогдох эрүүгийн 1906 05868 2245 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1994 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд төрсөн, 25 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн тоотод оршин суух бүртгэлтэй, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , Л.Б .
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Б нь бусадтай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагаас 15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1в хэсгийн 2087 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж, Тайд нэртэй угаалгын нунтаг, ундаа, талх, жимс зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 34.700 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагаас 15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1в хэсгийн 2087 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 11 настай Б.Тулуйг “чаддаг юм бол энэ айлын цонхыг онгойлгочих” гэж хэлэн цонхыг онгойлгуулж, хамт нэвтрэн орж, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан
үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэв.
Мөн талуудын хүсэлтээр мөрдөн шалгах ажиллагаанд цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Алтанцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-15/, насанд хүрээгүй гэрч Б.Тулуйгийн өгсөн мэдүүлэг /хх-26/, “Тод Үнэлгээ” ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-28/, Л.Б яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-41-42/, шүүгдэгч Л.Б урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-59/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Л.Б нь бусадтай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагаас 15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, Улаанхуарангийн 1в хэсгийн 2087 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж, Тайд нэртэй угаалгын нунтаг, ундаа, талх, жимс зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 34.700 төгрөгийн хохирол учруулсан,
мөн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагаас 15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1в хэсгийн 2087 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 11 настай Б.Тулуйг “чаддаг юм бол энэ айлын цонхыг онгойлгочих” гэж хэлэн цонхыг онгойлгуулж, хамт нэвтрэн орж, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Алтанцэцэгийн өгсөн: “...Манай гэрт хулгай орсон. 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр 10:00 цагаас 18:00 цагийн хооронд манай эзгүй байсан. Гэртээ ирэхэд байшингийн урагшаа харсан вакум цонх онгорхой гэрээс жижиг сажиг эд зүйл хулгайд алдагдсан байсан. 3 кг-н Тайд нэртэй угаалгын нунтаг 20,000 төгрөгөөр авсан. Хөргөгчөөс талх, боорцог, ундаа, жимс гээд хүнсний зүйлүүд алдагдсан байна. Эдгээр хүнсний зүйлүүдийг 20.000 төгрөгөөр үнэлж байна. Өдрийн цагаар байнга хүнгүй байдаг. Манай урд айлд Сандагаа гээд эмэгтэй байдаг. Тэр л байж магадгүй. Манайд урд өмнө нь 2 удаа хулгай орж бас иймэрхүү жижиг сажиг хүнсний зүйлс алга болж байсан. Тэр үед уг эмэгтэй Сандагаа хулгайлсан байсан. Манай уг хаягт ирээд 5 жил болж байна. Манай урд талын хашаанд амьдардаг. Жаахан хүүхэдтэй манайхыг ирэхэд байсан айл арваад жил болж байгаа гэсэн...Манай байшинд орсон эмэгтэй надтай утсаар яриад миний хаан банкны 5076493536 гэсэн данс руу 40.000 төгрөг хийсэн. Надад учирсан хохирлыг барагдуулсан байгаа. Надад одоо ямар нэгэн санал хүсэлт алга. Би шүүх хуралд оролцохгүй байх хөдөө явж байгаа ирэх долоо хоногоос ирнэ. Тэр эмэгтэйд шүүх энэрэнгүй хандаасаа гэж хүсэж байна.” гэх мэдүүлэг /хх-12-13, 16-18/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Б.Тулуйгийн өгсөн: “...Өглөө би сэрээд найзуудтайгаа шийдэн дээр тоглож байхад Сандагаа эгч “намайг усанд яваад өг” гэхээр нь би усыг нь авч ирсэн. Тэгээд би хашаанд нь тоглож байгаад бөмбөгөө хойд айлын хашаа руу давуулчихсан юм. Тэгсэн эгч амбаар дээр гараад харж байсан. Намайг “даваад бөмбөгөө авчих” гэж хэлсэн. Тэгээд би хашаа давж бөмбөгөө авсан. Тэгсэн Сандагаа эгч намайг “чи цонх онгойлгож чадах уу, чаддаг юм бол тэр цонхыг онгойлгочих” гээд хойд байшинтай айлын урагшаа харсан цонх руу заасан. Тэгэхээр нь би очоод түлхсээр байгаад цонхыг нь онгойлгосон. Тэгсэн эгч бууж ирээд “өлсөөд байна” гээд тэр айл руу орсон. Намайг “ороод ир” гэхээр нь би дагаад орсон. Тэгээд эгч хөргөгчөөс нь талх, боорцог, ундаа, угаалгын нунтаг авсан. Хойд өрөө рүү нь ороод нэг шүүгээ онгойлгож үзээд байсан. Тэгээд бид 2 гараад Сандагаа эгч эхэлж хашаа даваад “энэнд боочих” гээд цагаан өнгийн шуудай өгсөн. Тэгээд би авсан эд зүйлийг нь тэр шуудайд ороогоод Сандагаа эгчид өгсөн. Тэгээд хашаа даваад байж байтал ээж дуудаад гэртээ харьсан. Би ямар нэгэн эд зүйл аваагүй. Зүгээр л Сандагаа эгчийг хараад зогсож байсан. Сандагаа эгч “чаддаг юм бол онгойлгоод өг” гээд байсан. Бас “өлсөөд байна” гээд идэж уух зүйл аваад байсан.” /хх-25-27/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Б яллагдагчаар өгсөн: “...2019 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр манай хажуу айлын 14-15 цагийн хооронд айлын хашааруу бөмбөг даваад орчихоор нь Тулуй гэх нөхрийн эгч буюу хадам эгчийн хүүхдийг хашааг нь давуулж оруулаад бөмбөгөө авахуулчхаад хашаанаас нь гарахаас өмнө Тулуйг “чаддаг юм бол энэ байшингийн вакум цонхыг онгойлгочих” гэж хэлээд онгойлгуулаад би өөрөө хашааг давж ороод онгойлгосон цонхоор ороод хөргөгч онгойлгоод дотор нь байсан. Атар талх 1 ширхэг, сүүт нэртэй боорцог 1 уут, ундаа 1 ширхэгийг аваад цаад өрөө рүү нь орсон. Гэхдээ юм аваагүй. Тэгээд гарах гэж байхад уут 3 кг боок байсныг аваад гарсан юм. Тэгээд буцаад хашаа давж гараад гэртээ ороод айлаас авсан эд зүйлсээ өөрийнхөө хүүхэдтэй Тулуйтай бид гурав талх, боорцог хоёрыг нь идсэн. Тэгээд тэр орой нь манай хажуу айлын хүн ирээд цагдаа дуудаад цагдаа нар манайд орж ирээд намайг барьсан. Тэгээд манай гэрээс боок, ундаа нь гарч ирсэн. Би зүгээр өлсөөд хажуу айлд хүн байхгүй байгааг мэдэж байсан болохоор Тулуйг оруулсан. Тулуйг бөмбөг авахуулахаар хашааг давуулсан юм. Тэгээд тэднийд хүн байхгүй гэдгийг мэдсэн учраас Тулуйг “цонхыг нь онгойлго” гэж хэлсэн чинь шууд цонхыг гараараа түлхэж байгаад сүүлд нь мөрөөрөө түлхээд онгойлгосон. Би цонхоор байшинд орсон чинь араас Тулуй дагаад ороод ирсэн. Тухайн үед хөргөгчийг би онгойлгосон. Тэндээс эд зүйл авахад Тулуй оролцоогүй хажууд зүгээр зогсож байсан. Намайг манай гэрийнхэн Сандгаа гэж дууддаг. Хөршүүд мөн адил намайг Сандагаа гэдэг. Би аль алийг нь хүлээн зөвшөөрч байна. Буруу зүйл хийсэндээ харамсаж байна. Би хохирлоо барагдуулсан. Би төрсөн ах Баасанхүү ахаасаа 40.000 төгрөг авч хажуу айлын Алтанцэцэгийн “Хаан” банкны 5076493536 гэсэн данс руу өөрийнхөө 5720791020 гэсэн данснаасаа шилжүүлсэн. Би өөрийн хийсэн хэрэгтэй гэмшиж байна. Мөн хохирлоо барагдуулсан дахин ийм зүйл хийхгүй. Миний хийсэн зүйл буруу гэдгийг ойлголоо.” /хх-41-42, 47-48/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-5, 4-10/,
"Тод Үнэлгээ" ХХК-ийн хөрөнгө үнэлгээний тайлан /хх-28/,
Нас тоолсон тухай тэмдэглэл /хх-61/,
Зарим яллагдагчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоол /хх-75/,
Шүүгдэгч Л.Б урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-59/ зэрэг болно.
Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар Л.Б нь бусадтай бүлэглэн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагаас 15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1в хэсгийн 2087 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж, Тайд нэртэй угаалгын нунтаг, ундаа, талх, жимс зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч, хулгайлах гэмт хэрэг үйлдэж, бусдад 34.700 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн 14 цагаас 15 цагийн хооронд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1в хэсгийн 2087 тоотод оршин суух иргэн Б.Алтанцэцэгийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор нэвтрэн орж хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ 11 настай Б.Тулуйг “чаддаг юм бол энэ айлын цонхыг онгойлгочих” гэж хэлэн цонхыг онгойлгуулж, хамт нэвтрэн орж, хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулсан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Алтанцэцэгийн нарын өгсөн мэдүүлэг, насанд хүрээгүй гэрч Б.Тулуйгийн өгсөн мэдүүлэг, Л.Б гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг, “Тод үнэлгээ” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан, мэдүүлгийг газар дээр тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд болон бусад хавтас хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд зэргээр нотлогдон тогтоосон байх тул шүүх дээрхи нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм. Хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн гэж бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахыг тулд эзэмшигч, өмчлөгчийн орон байранд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, цонх хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах, онгорхой байхад сэм орох, нуугдах зэрэг аргаар нэвтэрсэнийг ойлгоно.
Хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оруулах гэмт хэрэг нь хүүхдийн эрх, эрх чөлөө, хүмүүжил, төлөвшилд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Л.Б гэм буруу нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж, түүнд Эрүүгийн хуульд заасан ял шийтгэл оногдуулах нь хууль зүйн үндэслэлтэй.
Хохирогч Б.Алтанцэцэг нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул үүнийг шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд шүүхээс шүүгдэгч Ч Л.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан заасан хорих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх нь шудрага ёсны зарчимд нийцнэ.
Шүүхээс шүүгдэгч Л.Б ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Харин шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д тус тус зааснаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг хугацааг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Л.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д тус тус зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтов.
Шүүгдэгч Л.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Б г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “бүлэглэн хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,
Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д заасан “хүүхдийг гэмт хэрэг үйлдэхэд татан оролцуулсан” гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тус тус тооцсугай.
2. Л.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2-д зааснаар Л.Б Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нэмж нэгтгэж, нийт түүний
биечлэн эдлэх ялын хугацааг 2 жилийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар Л.Б оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, Л.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, Л.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Л.Б авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС