Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 05 өдөр

Дугаар 52

 

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч  Б.Бадрахгэрэл даргалж,

Улсын яллагч Б.Оюунцэцэг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Н.Алтантуяа

           Хохирогч Г.Отгонжаргал

Шүүгдэгч М.Б   нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газраас шүүгдэгч  И  овогт М  гийн Б  т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж  хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 193700000047 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 08 дугаар сарын 02-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Ховд аймгийн Булган суманд 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, 28 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Булган сумын Баянгол багт оршин суух, РД:   , Их шар овогт М гийн Б  .

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

           Шүүгдэгч  М.Б    нь  Ховд аймгийн Булган сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт орших Бүрэнбулаг гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 22-ны орчимд хоо халзан, халзан зүсний баруун чих нь урдаасаа цөгрөг, зүүн чих нь урдаасаа он им тамгатай 2 тооны үхэр хотонд гүйж ирэхэд орон нутгийн захиргааны байгууллага болон Цагдаагийн хэлтэст бүртгүүлэлгүй маллаж байгаад бусдад худалдаж алдуул мал завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав.  Үүнд:

             Шүүгдэгч М.Б   шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ”... 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр манай үхэрт 2 үхэр нийлсэн байсан. Түүнээс хойш манай хотонд байгаад байсан. 2019 оны 02 сард цагаан сарын үеэр нэгийг нь Баян-өлгий аймаг руу танихгүй хүнд 300.000 төгрөгөөр зарсан. Нэг үхрийг нь Я.Отгонбаатар гэдэг хүнд 350.000 төгрөгөөр зарсан гэв.

         Хохирогч Г.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны зун Булган сумын Алагтолгой багийн нутаг Бумбат гэх газар зусаж байгаад 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр намаржаа руугаа нүүх гээд үхэр малаа цуглуулсан тэгтэл 4 тооны үхэр байхгүй байсан түүнээс хойш 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл эрж хайсан боловч үхрээ олж чадаагүй тэгээд намаржаа руугаа нүүсэн. Манай үхэр 2018 оны 08 сард алга болсон тухайн үед ойр хавийн хүмүүсээс асууж сурагласан боловч олдоогүй. 2019 оны 02 сард цагаан сарын дараа нэг үхэр нь ижилдээ хүрээд ирсэн байсан. Гэтэл нэг хүн миний худалдаж авсан үхэр байна гэж хэлсэн. Тэгээд Б   зарсан гэдгийг мэдээд энэ залууг танихгүй нутаг хол учраас уулзаж чадахгүй байсан. Нэг удаа архи уучихсан надтай уулзана гэхээр нь би уулзаагүй дараа уулзъя гэж хэлсэн. Түүнээс хойш энэ залуу надтай уулзаагүй. Тэгээд хохирлоо барагдуулж авахаар шүүхэд хандсан. Одоо бол Б  тай тохиролцсон. Орных нь тэр насны үхэр өгнө гэсэн. Хохирлоо барагдуулаад авчихвал өөр гомдол санал байхгүй ...” гэв.

             Шүүгдэгч М.Б  ын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний худалдсан үхрүүд хоо, халзан зүсний баруун чих нь урдаасаа цөгрөг, зүүн чих нь урдаасаа он, урдаасаа цөгрөг имтэй үхэрнүүд байсан” гэх мэдүүлэг

           Гэрч  Я.Отгонбаатарын  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  өгсөн “...2019 оны өвөл цагаан сарын өмнө санагдаж байна гэртээ байж байтал М гийн Залуухай гэх залуу ирээд та үхэр худалдж авах уу надад мөнгөний хэрэг гараад байна  нэг тооны гунан үхэр байна гэж хэлсэн, тэгээд би 250.000 төгрөгөөр авах болоод Залуухайг үхрээ аваад ир гэхээр 1-2 хоногийн дараа үхрээ авч ирээд манай хашаанд буулгаад мөнгийг нь өгсөн. Тэгээд 2-3 хоногийн дараа “Хөх-Үзүүр” гэх газар луу өөрийн эзэмшлийн үхэрнүүдтэй нийлүүлж төрсөн ах Батжавд маллуулсан. Тэгтэл 2019 оны хавар ах над руу яриад нөгөө үхэр чинь алдагдсан гэж хэлсэн. Тэрнээс хойш ах үхрийг хайж байгаад олсон, гэтэл Отгонжаргал гэх хүн манай алдагдсан үхэр байна гэхэд нь Залуухай руу ярихад хэд хоногийн дараа Залуухай надад 200.000 төгрөг өгсөн. Одоо би 50.000 төгрөг авах ёстой...” гэх мэдүүлэг

              Гэрч  Б.Бат-эрдэний  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд  өгсөн:  “2019 оны 06 дугаар  сарын 24-ний  өдөр өөрийн алдсан 7 тооны үхэр хайж явж байгаад  Отгонжаргал гэх хүнд байгаа  сураг гарахаар нь очоод уулзсан, тэр үед Отгонжаргал нь танай алдсан гэх  үхэрнүүд дотор манай алдсан 1 тооны үхэр энэ жилийн тугалаа гаргасан хамт явж байхаар нь ойр орчимын айлуудад хэлчихээд маллаж байгаа юм, та үхэрийг хаанаас авсан бэ гээд надаас асуухаар нь Булган сумын харьяат Тойчбай гэх хүнээс 2019 оны 05 дугаар  сарын 06-ны өдөр 7 тооны үхэр худалдан авсан  тэр үхэрүүдтэй хамт ирсэн талаар хэлсэн..” гэх мэдүүлэг

            Гэрч  У.Тойчбайгийн  хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2019 оны 05 дугаар  сарын эхээр би Булган сумын Бүрэнхайрхан багийн  нутаг дэвсгэрт ямааны ноолуур тушаах ажилтай сумын төвд явж байтал Бат- Эрдэнэ гэх зүс таних залуу над дээр ирээд үхэр зарах хүн байна уу амьдаар нь худалдаж авмаар байна гэж хэлсэн. Тухайн үед  надад мөнгөний  хэрэгцээ гарсан байсан учир өөрийн эзэмшлийн үхэрнээс зарах талаар өөрийнхөө Баянсудал багт байрлах гэрийг зааж өгсөн, гэртээ очоод байж байтал  Бат-Эрдэнэ нь цагаан өнгийн суудлын авто машинтай ирээд зарах гэж байгаа  үхэрнүүдийг үзэж 7 тооны үхэрийг нийт 2.300.000 төгрөгөөр авахаар болж тохирсон, тэгээд тэр өдрөө ачааны машинаар ирээд эхнэр, хадам ээж, жолооч  нарын хамт ачаад явсан. Тухайн 7 тооны үхэр нь миний өөрийн эзэмшлийн  үхэрнүүд байсан...” гэх мэдүүлэг,

             - эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоол

             - эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл

             - эд зүйлийн үнэлгээ

             - хохирлын тооцоо

             - ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг болно.

  Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хууль ёсны байх ба уг баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүйн дээр шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлсэн болно.

               Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудаар шүүгдэгч  М.Б   Ховд аймгийн Булган Баянгол багийн нутаг дэвсгэрт орших “Бүрэнбулаг” гэх газарт 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр хоо халзан, халзан зүсний баруун чих нь урдаасаа цөгрөг, зүүн чих нь урдаасаа он им тамгатай 2 тооны үхэр хотонд гүйж ирэхэд орон нутгийн захиргааны байгууллага болон Цагдаагийн хэлтэст бүртгүүлэлгүй маллаж байгаад бусдад худалдаж алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь гэрч Я.Отгонбаатар,  Б.Бат-эрдэнэ, У.Тойчбай,  хохирогч  Г.Отгонжаргал нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч  М.Б  ын  үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг бусдын алдуул малыг завшсан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзлээ.

Шүүгдэгч М.Б   нь мөрдөн байцаалтын шатанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргажээ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тусгай журмыг зөрчөөгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч М.Болбаатар нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн эзэмшилийн 2 тооны адуу, 84-38 ХОҮ улсын дугаартай Kia Bongo Frontier маркийн автомашин битүүмжилсэн  прокурорын тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Б   нь хохирогчид учруулсан гэм хорын хохирлыг арилгаагүй байх тул шүүгдэгчээс 1 тооны үхэр буюу 350.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Отгонжаргалд олгож шийдвэрлэв.

               Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.  Шүүгдэгч Их шар  овогт М гийн Б  ыг бусдын алдуул малыг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.        

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М. Б  ыг 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б  т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

                 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  М.Б   нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай. 

           5.  Шүүгдэгчийн эзэмшилийн 2 тооны адуу, 84-38 ХОҮ улсын дугаартай Kia Bongo Frontier маркийн автомашин битүүмжилсэн 55, 57 дугаартай прокурорын тогтоолуудыг хүчингүй болгож, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

           6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч М.Б  аас 1 тооны үхэр буюу 350000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Отгонжаргалд олгосугай.

              7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч М.Б  т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

               8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.